Хүүхдийг сэтгэл хөдлөлөө удирдахад сургах, элдэв муу зуршил, донтолтоос хол байлгах гол арга бясалгал гэдгийг хөгжингүй орнуудын сургуулиуд аль хэдийнэ анзаарч мэдрээд сургалтын хөтөлбөртөө бясалгалыг багтааж эхэлсэн жишээ олон бий. Тэдгээр сургуулийн нэг нь АНУ дахь Балтимор хотын Роберт Колманы бага сургууль. Тэд сахилгагүйтсэн сурагчдаа шийтгэхийн оронд бясалгал хийлгэж эхэлсэн нь маш эерэг үр дүнд хүргэжээ.
Их Британийн 300 гаруй сургууль хичээлийн хөтөлбөртөө бясалгалыг албан ёсоор багтаасны цаана ч ийм учир бий. Найман хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдож буй тус улсын хувьд бясалгалын хөтөлбөрийг хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Манай улсын сургалтын системд Англи шиг хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарсан нийтийг хамарсан бясалгалын хөтөлбөр байдаггүй ч Випашяна бясалгалын төв хүүхдийн бясалгалын хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй хүүхдийн бясалгалын талаар ярилцлаа.
-Танай төв хүүхдийн бясалгалын хөтөлбөртэй. Хүүхдүүд бясалгана гэхээр зарим хүн гайхаж мэдэх юм. Зайлшгүй шалтгаан байна уу?
-Байлгүй яахав. Хүүхэд нас сайхан, инээгээд гүйж байгаа тэдэнд ямар асуудал байхав гэж хардаг хүмүүс олон. Тийм биш л дээ. Хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Бүгд асуудалтай. Сэтгэлийн хир, таагүй мэдрэмж бүр багаас хуримтлагдаж эхэлдэг. Цэцэрлэгт гүйж яваа нөхөр ангийнхаа охинд дурлалаа, гэтэл өнөөх нь тоодоггүй. Энэ асуудал шүү дээ, тэр жаахан хүүд.
Багшдаа загнуулаад хямарна, ангийнхаа хөвгүүдэд зодуулаад уйлна. Ийм маягаар сэтгэлийн стресс эхэлдэг. Хүүхдээ ийм үг сонсоод тайвшруулж тайтгаруулдаг аав, ээж цөөн. Ажил ихтэй учраас сонсохоос төвөгшөөдөг. Ийм дэмий юм ярихаар хичээлээ хий гэж загнаад өнгөрдөг. Ингэж явсаар жаахан томроод ирэхээрээ хүүхэд чимээгүй болчихдог. “Манай хүү багадаа жигтэйхэн сэргэлэн байсан чинь одоо бүр таг дуугүй болчихсон” гэж ярьдаг даа. Энэ бол асуудал, аюул. Сэтгэлийн стресс нь хуримтлагдсаар яваад хэн ч тоохгүйг мэдрээд хувиа бодоод эхэлдэг. Эцэст нь өсвөр насандаа ч юм уу тэсэрдэг. Тэсрэхээрээ тамхи татна, архи ууна, бүр даамжирвал гэмт хэрэгт орооцолддог. Хүүхдээ ийм асуудалд оруулахгүйн тулд аврах арга бий. Хүүхдийн бясалгал хичээллүүлдэг нь ийм учиртай.
Мэдээж арав хоногоор орохгүй. Тодорхой цагуудын бясалгал бий. Анхаарал төвлөрлийн бясалгал зааж өгдөг юм. Бид хүүхдэд ямар ч шашин гэхгүйгээр гуравхан зүйл зааж өгдөг. Ёс суртахууны таван зарчим хэлж өгнө. Хэлэхээр хүүхэд маш сайн ойлгож, их гоё хүлээж авдаг. Хэлэхээр болохгүй гэж ойлгоод буруу зам руу ордоггүй. Хоёр дахь нь анхаарал төвлөрүүлэх бясалгал, гурав дахь нь бусдыг хайрлах энэрэх сэтгэлийг хөгжүүлэх арга. Хүүхэд аливааг сэтгэлээсээ хийдэг учраас маш өндөр үр дүнтэй байдаг.
-Бясалгал хийхээр хүүхдийн сурлагад сайнаар нөлөөлдөг гэсэн мэдээлэл уншсан юм байна. Хэр бодитой мэдээлэл вэ?
-Бодитой мэдээлэл. Анхаарал төвлөрөл сайжрахаар хүүхдийн сурлага сайжирдаг.
-Хүүхдээ бясалгалд хамруулъя гэвэл хаана хандах вэ?
-Одоогоор тодорхой сургууль, цэцэрлэгүүдэд хязгаарлагдмал хүрээнд хийж байна. Хөтөлбөр боловсруулж, салбарын яамтай ярьж байгаад нийслэлийн бүх сургуулийн хэмжээнд явуулахаар бодол бий. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх санаа шоронд бясалгал явуулах үед төрсөн л дөө. Тэнд дандаа залуус байна. 6000 хүний 90 орчим хувь нь залуус гээд бод доо. Хүүхэд насанд нь анзаараагүйгээс л үүдсэн хэрэг.
-Дэлхийн улс орнууд хүүхдийн бясалгалд анхаарч эхэлсэн нь цаанаа ийм учиртай байх нь?
-Өнөөгийн энэ стресс ихтэй нийгэмд том хүмүүс сэтгэлийн хямралд автаж байгаатай адил бидний үр хүүхэд ч мөн сэтгэлийн их хямралтай амьдарч байна л даа. Дэлхий даяар энэхүү стрэсс хямралыг ангаахын тулд бясалгалд олноор суралцах болсон. Насанд хүрэгсэд бясалгалд хамрагдахаас гадна орчин үед дэлхийн хөгжингүй орнуудын сургуулиудад хүүхдийн бясалгалыг өргөнөөр зохион байгуулж эхэлсэн жишээ олон бий. Дахиад хэлэхэд монгол орны ирээдүй болсон хүүхдүүдийгээ бага наснаас нь бясалгалд системтэй, бодлоготой хамруулж, ирээдүйд улс орноо авч явах хүүхэд багачуудаа стресс хямралгүй тайван амгалан амьдарч чаддаг болгох шаардлага үүсч байна. Үүний тулд манай төв дэлхийн 120 гаруй орон дахь Випашяна бясалгалын төвүүдээр дамжин тухайн орны хүүхдүүдэд өргөнөөр хүрч буй хүүхдийн бясалгал Анапанаг Монголын хүүхэд багачуудад зориулан явуулж эхлээд байгаа юм.
-Анапана гэж ямар бясалгал болох талаар тайлбарлаж өгөөч?
-Анапана гэдэг нь хамраар орж гарах амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлэх маш амар хялбар арга текник. Энэ бясалгалын хүрээнд хүүхдүүдэд гурван зүйлийг зааж сургадаг талаар би танд сая ярьсан. Ярьснаа дэлгэрүүлж, тодорхой тайлбарлая. Нэгдүгээрт бясалгал эхлэхээс өмнө хүүхдүүдэд амьтны амь хөнөөхгүй байх, худал ярихгүй байх, хулгай хийхгүй байх, архи тамхи зэрэг мансууруулах зүйл хэрэглэхгүй байх зэрэг ёс суртахууны таван зарчимыг даган мөрдөж байх тухай таниулж ойлгуулдаг. Ингэснээр тухайн хүүхэд багаасаа ёс суртахуунтай байх хэрэгтэйг ойлгож, цаашид зөв хүн болж хүмүүжихэд тусаа өгнө. Үүний дараа бид анхаарлаа төвлөрүүлж сурах Анапана бясалгалын аргыг зааж сургадаг. Нэг өдрийн хүүхдийн бясалгалд Анапана бясалгалын тус бүрдээ 25-27 минутын урттай таван хичээл заадаг юм.
Энэ таван удаагийн сургалт нь эхэндээ 10 минут орчим тайлбар айлдвартай, 10-17 минут орчим бясалгалын дасгалтайгаар үргэлжилдэг. Сургалт бүр дундаа 10 минут орчмын завсарлагатай байдаг. Энэ үеэр хүүхдүүдтэй хүүхдийн бясалгалын багш нар тулж ажиллан заавар зөвлөмж өгдөг. Бясалгалын төгсгөлд бид хүүхдүүдэд бясалгал хийгээд амар амгаланг мэдэрсэн тэр сайхан сэтгэлээ бусадтай хуваалцах энэрэнгүй нинж бясалгалын аргыг зааж өгдөг юм. Бясалгал хийгээд сэтгэл амгалан болсон хүүхдүүд өөрийн аав ээж, ах эгч дүү нар хийгээд найз нөхөд, сургуулийн хүүхдүүд багш нар хийгээд дэлхийн бүх хүмүүсийг амар амгалан болоосой хэмээн энэрэнгүй сэтгэлийг үүсгэн бясалгадаг. Ингэснээр тухайн хүүхэд багаасаа өөрийгөө хайрлахаас гадна бусдыг ч энэрэн хайрлах сэтгэлтэй нэгэн болон хүмүүжих эерэг талтай.
-Энэ бясалгалыг хийснээр хүүхдэд өөр ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Анапана бясалгалыг хийснээр тухайн хүүхэд сэтгэлээ төвлөрүүлж удирдаж сурахаас гадна сэтгэлээ тайтгаруулж, стрэсс хямралаас салах арганд суралцдаг. Сэтгэлээ төвлөрүүлж сурсан хүүхэд хичээлдээ анхаарлаа хандуулж сурсанаар сурлага сайжирч, багаасаа төлөв даруу, тайван амгалан хүн болон хүмүүжих суурь тавигддаг.
За ингээд Монголын ирээдүйг бясалгал нэрээр ХИНДИ шашинтан болгож байгаам даа. хойшид гарах үр дагаврыг боддоггүй Монголчууд……………………………….Бодлогогүй Монголчууд………………………….