Энэ хорвоо дээрх хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс бол хүүхдийн зохиолчид. Хүүхэд хэмээх тэр гэгээн тунгалаг, ариун нандин ертөнцийг үгийн шидээр хөглөж, үзгийн үзүүрээр амилуулахад авьяас, ухаан, сэтгэл, хүн чанар аль аль нь чухал. Тийм л сайхан чанаруудыг нэвт шингээсэн хүмүүсийн нэг хүүхдийн зохиолч Бумангийн Гонгорын тухай бяцхан уншигчдынх нь хамт эргэн дурсахыг зорилоо. Тэрээр
“Хорол дугуй нарны доохно
Холбоо хурга шиг толгодын дээхнэ
Хонио би хариулж явна
Холын холыг хараачилж явна
Айлын гэр уулын бэлд
Ааруулын дугуй шиг цайрна
Аргалын утаа нь дээшээ
Алд хадаг шиг намирна…”
хэмээн бичсэн шигээ өөрөө ч гэсэн хурга, тугал, ботго тором хариулж өссөн малчин ардын хүү байв. Тиймээс Б.Гонгор зохиолчийн бүтээлүүд монгол ахуй, малчин ардын аж амьдрал, нүүдэлчдийн сэтгэлгээтэй салшгүй холбоотой.
“Монголын уран зохиолын дээжис” 108 ботид багтсан
“Улаан ногттой тормоо сөглөв
Угалзан хээтэй тохшоо тохов
Урт сологтой ташуураа барив
Уран бөхний нь хооронд тухлав
Тормон шар минь хөөг хөөг
Тонгочвол тонгоч сөөг сөөг”
хэмээсэн үгтэй “Хөөг хөөг, сөөг сөөг” шүлгийг нь бяцхан хүүхдүүд өнөө ч гэсэн уншиж, монгол ахуй, малч ухааны царааг таньж нээсээр байна. Б.Гонгор зохиолчийн шүлгүүд энгийн нэгэн ахуйн дүрслэл биш, хөгжил хөдөлгөөн, хэмнэл айзам, дотоод өрнөлтэй байдгаараа онцлог. Ногт, тохош, ташуурын солог байтугай ботго, тугалыг ялгахаа больсон хот суурин газрын хүүхдүүдэд дээр эш татсан “Хөөг хөөг, сөөг сөөг” шүлгийг нь уншуулах аваас малч ухааны захтай, монгол сэтгэлгээний бэлтэй болохсон.
Хүүхдийн зохиолч Б.Гонгор, хүүхдийн зохиолч Надмидын хамт
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, хүүхдийн зохиолч Б.Гонгор 1949 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Хүрэн дэл хэмээх газарт төржээ. Тэрээр 1970-1972 онд Баянцагаан суманд хөдөлмөрийн багш, 1982 он хүртэл Заг суманд монгол хэлний багшаар ажиллаж байгаад 1982 онд УБДС-д элсэн орж 1986 онд төгсөөд Бөмбөгөр суманд хичээлийн эрхлэгчээр ажилласан байна.
Үүний зэрэгцээ Баянхонгор аймгийн Залуу зохиолчдын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж, олон авьяастны олмыг чангалж, уран бүтээлийн замд дөрөөнд нь сүү дусаан үдсэн гэдэг. Мөн тэрээр Баянхонгор аймгийн Ардчилсан холбооны анхны даргаар ажиллаж шинэ цагийн салхийг урин дуудалцсан бөгөөд “Цагаан лавай” сониныг эрхлэн гаргаж байжээ.
Бурууд нүд хурц, шулуун шударга зантай, үнэн үгтэй нэгэн байсны хувьд Б.Гонгор зохиолч хүүхдийн зохиолоос гадна нийгмийнхээ болж бүтэхгүйг шүүмжилсэн шог шүлгүүд олныг бичсэн байна. Эдгээр шүлгийг нь түүний хүү сэтгүүлч, орчуулагч Г.Идэрхангай эмхэтгэн “Хүнийг бүү зовоо” нэртэй бие даасан ном болгон саяхан уншигчдын гар дээр тавиад байгаа билээ.
Б.Гонгор нь 1975 оноос хүүхдийн уран зохиол оролдож “Шинэ сурагчийн үг” /1977/, “Хөөг хөөг, сөөг сөөг” /1982/, “Алаг чулуутай нутаг” /1989/ зэрэг хүүхдийн шүлгийн номууд хэвлүүлжээ.
Түүнчлэн “Цог”, “Монголын эмэгтэйчүүд”, “Залгамжлагч”, ”Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн”, ”Лениний зам” зэрэг төв орон нутгийн сонин сэтгүүлд хүүхдийн зохиолууд нь хэвлэгдэн, шог зохиолууд нь “Тоншуул” сэтгүүлд нийтлэгдэж Хонгор нутгийн Гонгор зохиолчийг олноо таниулсан байна. Мөн “Бөмбөр”, “Баянбайдраг” түүвэрт түүний бүтээлүүд багтсан юм.
Хүүхдийн зохиолч Б.Гонгорын бүтээлүүд
“…Жигүүртэй найзууд зэллээд айсуй
Жигдхэн эрэмбээр зээглээд айсуй
Жилийн газраас дуулаад айсуй
Жимбүүр бүрээ шиг дуугараад айсуй”
“Хөнгөн, сорхон болжмор
Хөөрөн тойрон жиргэнэ
Хөхрөн тунарах тэнгэрт
Хөөцөлдөн тоглон эргэнэ”
“Хүүхэд бидэн шиг эвтэй
Хөөрхөн ч жаахан ч шувуу яа.
Хүний л нялх үрс шиг
Хөгжүүн ч цовоо ч шувуу яа”
“Гэнэн цоохор эрвээхий
Гэрэл тойрон эргээхий
Гэрт гадаа дэрвээхий
Гэм хоргүй дэргээхий”
гэх мэт гэрэл гэгээтэй уран цэцэн дүрслэл, хэмнэл хөдөлгөөн бүхий шүлгүүдээрээ тэр хүүхэд багачуудын сэтгэлд мөнхөрсөн шигээ хүүхдийн зохиолч нөхдийнхөө дунд хөдөлмөрч чанар, эгэл энгүүн төрх, авьяас билгээрээ дурсагдан үлдсэн байна.
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог Б.Гонгорын уран бүтээлийн тухай “Гонгорын шүлгээс амьдралын хэмнэл, хөгжил, хөдөлгөөн харагдаж, айзам хөгжим сонсогддог” хэмээн үнэлсэн нь бий. МЗЭ-ийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор, судлаач Д.Хүү “Хөөг хөөг, сөөг сөөг” шүлэг нь тэмээний хөдөлгөөнт, уншуут хүүхэд аяндаа өөртөө тааруулаад дуулдаг, дахилтуудыг бүжгийн хэлбэрт оруулж болдог онцлогтой шүлэг. 1980-аад онд хүүхдийн зохиолд “хөгжил, хөдөлгөөн” гэдэг зүйл орж ирсэн. Ингэх нь ч хүүхдэд илүү хүрч байсан агаад Б.Гонгор л үүнийг шүлгээрээ илэрхийлж чадсан юм” хэмээн онцолжээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды “Уран бүтээл хийж явна гэдэг тэнгэрлэг сайхан үйлс. Билиг авьяас төгөлдөр олон хүнтэй танилцуулж, сайхан найз нөхөдтэй болгодог. Би 1980 оны эхээр Баянхонгор аймгийн Б.Гонгор гэдэг залуугийн “Хөөг хөөг, сөөг сөөг” номонд чимэг зураг зурснаар түүнтэй танилцаж билээ. Түүний бодож санаж явдаг зүйл миний санаатай нийлж байсан болохоор бид хоёр хоромхон зуур танилцаж уран бүтээлийн анд нөхөд болцгоосон билээ” хэмээн дурссан нь бий. “Хөөг хөөг,сөөг сөөг” бол Б.Гонгор зохиолчийн анхны ном нь байсан бөгөөд.номын зураг сэтгэлд нь хүрч их л баярласан гэдэг.
Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч Д.Давааням ийн дурсчээ. “Б.Гонгор зохиолч бид хоёр нэг өдөр хээр хөдөө тааваараа зугаалж, хэн хэнийхээ шүлэг зохиолыг сонсон суухдаа зөөлөн биш хорвоогоос төдөлгүй явахаа зөн билгээрээ мэдэрч байсан юм шиг л “С.Надмид, Ж.Дашдондог, та нар гээд л сайхан хүмүүстэй танилцлаа. Энэ маань надад эрхмийн дээд завшаан болсон юм. Хүний нас даанч богинохон ажээ. Амжиж жаал зуул юм хийхийг бодно. Өрсөх л хэрэгтэй” гэж гүнээ санаа алдаж байсан нь одоо хир миний сэтгэлээс огт гарахгүй юм. Дэлгэрхэн дэлхийд Б.Гонгор маань дэндүү богинохон хугацаанд бууж үдлээд буцсан хэдий ч түүний шүлгүүд Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолд сор болж содон гэрэлтэж байна. Ийм авьяас төгөлдөр хүн зуун жилд дахин давтагдах болов уу… Монголын минь заяа мэдэж дээ” хэмээн бичжээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн нэрт зохиолч С.Надмид бол Б.Гонгор зохиолчийн багш нь. Тэрээр шавийнхаа тухай “Тод дүрсэлгээтэй, хөгжим, хөдөлгөөнтэй анхны шүлгүүд нь санаанд үлджээ. Хорь гаруй жилийн өмнө намхан бор залуу анхны шүлгүүдээ “Пионерийн үнэн” сонин, “Залгамжлагч” сэтгүүлд авчирч өгч, захидлаар илгээж, түүнийг нь бид олзуурхан нийтэлдэг байсан. Б.Гонгорын шүлгүүд үнэхээрийн хүүхэд шиг хөөрхөн, ихэнхдээ танин мэдүүлэх, ухааруулах чиглэлтэй болой. Урлахын хувьд үг бүрийг нягтлан айхавтар онож шигтгэдэг, үгийн хөгжимлөг чанарыг гойд анхаардаг нь манай Ж.Дашдондогтой төсөө бүхийсэн” хэмээн халуун дотноор дурсан бичсэн байдаг.
Үгийг хөгжим, хэмнэл, өнгөтэй болгож чаддаг учраас түүний шүлгүүд бусдаас ялгарч, тэр хэрээрээ багачуудын сэтгэлд хүрдэг байв. Тиймээс түүнийг хүүхдийн ертөнцийн хөгжимчин гэж нэрлэмээр санагддаг. Говь хангайн хонгор нутгаараа овоглон, хүүхдийн ертөнцөд гэгээхэн амьдарсан Бумангийн Гонгор зохиолч бүтээл туурвил, шүлэг найргуудаараа бяцхан уншигчдын зүрх сэтгэлд амьдарсаар байна.
Яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр