2024-11-22, Баасан
-12 C
Ulaanbaatar

Цэнхэр лед гэрлийг бүтээсэн Нобелийн шагналтны 8 тайлбар

2014 онд физикийн салбараас Нобелийн шагнал хүртсэн Амано Хироши доктор. Амано доктор нөхдийн хамт цэнхэр лед гэрэл зохион бүтээснээр бидний хэрэглээ болсон гар утас, таблетууд, болон хавтгай дэлгэц, гэрлийн лампууд өнөөдрийн түвшинд хүрсэн юм. Тэрээр Нобелийн шагнал авах болсондоо итгэлгүй нэлээд хэд хонож байж. Энэ тухайгаа “Шагнал авснаа онгоцоор нисч байхдаа мэдсэн. Франкфуртын нисэх буудалд онгоц хүлээнгээ мэйлээ шалгахад “Баяр хүргэе” гэсэн олон мэйл ирчихэж. Баяр хүргэсэн шалтгаан нь байгаагүй учраас “Спам мэйл байна” гэж бодов. Дараагийн сэлгэн суусан “Lyon” онгоцны буудалд сурвалжлагч нар олноор ирсэн байсан тул Нобелийн шагнал авах болсноо мэдсэн юм. Тэр үед Нагояагийн их сургуульд хэвлэлийн бага хурал болжээ. Их сургуульдаа хаашаа явж байгаагаа мэдэгдэх учиртай. Тухайн үед хэт яарснаасаа болоод хаашаа явахаа хэлэхээ мартчихаж. Тэгээд Нобелийн шагналтан нь эзгүй үед хэвлэлийн хурал болжээ. Уулзалтуудаа цуцлаад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө. Баасан гарагт Япондоо буцсан. Бямба гарагт шавийнхаа хуримд очихоор төлөвлөсөн байсан тул оролцлоо. Энэ өдрийг хүртэл Нобелийн шагналын сангийнхантай холбоо тогтоож амжаагүй. Мэйлээ шалгатал Нобелийн шагналын сангаас “Маш олон удаа тан руу мэйл болон утсаар хандсан ч хариу өгсөнгүй. Энэ маягаар долоо хоног өнгөрвөл шагналыг цуцлах магадлалтай гэсэн мэйл ирсэн байв. Санаа зовоод утсаар ярих гэтэл холбогдож чадаагүй тул “Яах вэ” гэж сандарсан. Яавал дээр вэ гэдгээ удалгүй ойлголоо. Бүтэн сайн өдөр байсан юм чинь аргагүй шүү дээ. Дараагийн өдөр нь ахин утасдлаа. Дахиад холбогдохгүй болохоор нь сандарч эхлэв. Гэтэл Швед, Япон цагийн зөрүүтэйг саналаа. Орой нь тэдэнтэй холбогдож санаа амарсан. Шагналаа нэг өдөр очоод л авчихдаг юм байх гэж төсөөлж байсан ч Нобелийн шагналын долоо хоног гэж байдгийг мэдсэн юм. Долоо хоногийн турш маш олон үйл ажиллагаанд оролцдог юм байна лээ” хэмээн дурссан нь бий. Түүний “Лед гэрлээр дэлхийг гэрэлтүүлэх нь” лекцээс найман эшлэл түүснээ хүргэе.

  • Гэрэлтүүлэг бол дөрвөн үеийг дамжсан. Лед гэрэл дөрөвдүгээр үед багтана. Нэгдүгээр үе нь гал. Энэ бол химийн урвалыг ашигласан гэрэлтүүлэг гэж болно. Хоёрдугаар үед улайсдаг гэрэл орно. Гуравдугаар үе нь өдрийн гэрэл. Өдрийн гэрэл бол энергийн түвшинг ашигласан квант механизмын онол оролцсон эд. Нэг дутагдал нь шилэн хоолой, мөнгөн усны хийг ашиглах шаардлагатай. Байгальд хөнөөлгүй, мөнгөн усны хий биш хатуу биетээс шууд гэрэлтдэг дөрөвдүгээр үеийн лед гэрэл нь давуу тал ихтэй юм. Хамгийн түрүүнд бүтээгдэхүүн болгон гаргаж авсан нь улаан өнгийн лед гэрэл байдаг. 1962 онд эрдэмтэд улаан, 1974 онд ногоон өнгийн лед гэрэл гаргаж чадсан. Харин 1970 он хүртэл хөх лед гэрлийг хэн ч хийж чадалгүй орхигдсон байлаа.
  • Дөрөвдүгээр курст орохын өмнө дипломын ажлын сэдвийг сонгохдоо олон сэдэв дундаас галийн нитридэд суурилсан хөх өнгийн лед гэрэл гэдгийг сонгосон юм. Тухайн үед Билл Гейтс “Майкрософт” компаниа байгуулж, “Apple”-ийг Стив Жобс эхлүүлж байсан цаг үе. Тэр үед компьютерийг хувь хүний түвшинд хэрэглэх боломж бий болсон юм. Компьютерийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байлаа, би. Тэр үеийн компьютерийн дэлгэц бараан, зуйван байсан. Цахилгаан эрчим хүч ихээр хэрэглэдэг, нүсэр эд байв. Хэрэв хөх өнгийн лед гэрэл хийж чадвал аль хэдийнэ нээгдсэн улаан, ногоон лед гэрлийг нэмээд гурван өнгө нийлснээр бүх өнгийг гарган нимгэн дэлгэцийг хийх боломжтой л гэж төсөөлж байсан. Тийм учраас ийм сэдэв сонгосон хэрэг. Миний төрсөн нутгийн Kenjiro Ta­kayanagi гэж профессор телевизийн дамжуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн хүн. Маш алдартай багш байв. Миний сонгосон ажил амжилтад хүрвэл энэ багшийг давах юм байна гэж бодсон. Иймэрхүү бодолтойгоор хөх өнгийн лед гэрлийг бүтээхээр ажиллаж байв.
  • Миний багш Акасаки өмнө нь хөх өнгийн гэрлийн туршилт хийж байсан. Ажиллаж байсан компани нь үүнээс цааш хөх гэрлийн туршилт хийхгүй гэсэн болохоор Нагояагийн их сургуульд үргэлжлүүлэн судалгаа хийхээр ирсэн юм. Багш хуучин аргыг хэрэглэлгүйгээр шинэ аргаар ажиллах бодолтой байлаа. Оюутан бидний хувьд шинэ аргын тухай мэдэхгүй байсан. Багш ч оюутнууд ч шинэ аргын тухай мэдэхгүй болохоор чөлөөтэй туршилт судалгаа хийж байлаа. Туршилтыг хийх багажийг худалдаж авбал барагцаагаар зуун сая иен шаардлагатай. Тухайн үед Акасаки багшийн лабораторийн жилийн төсөв гурван сая иен байсан юм. Тийм учраас оюутнууд бид шаардлагатай багажаа өөрсдөө зохион бүтээхээр шийдсэн. Халаахын тулд ороомог шаардлагатай байдаг. Ороомог үнэтэй учраас бид өөрсдөө зэс утас олж ороож байлаа. Ийм байдлаар бүгдийг гараар хийсэн. Дэлхийд хаана ч байхгүй ганцхан багаж л даа, тэр төхөөрөмж. Энэ төхөөрөмжөөр мянга гаруй туршилт хийсэн.
  • Дэлхийд нэртэй эрдэмтэд 1970-аад онд зэрэг зэрэг ажиллаад амжилтад хүрч чадаагүй талстыг ургуулах ажлыг туршлагагүй оюутнууд амархан хийчих боломжгүй. Магистрын сүүлийн жил Саваки багшийн семинар дээрээ ярьж байсан тайлбаруудыг эргэж санангаа туршилтдаа зөвлөмжийг нь тусгаж ажилласны дүнд тухайн үед дэлхийд хаана ч байгаагүй цэвэрхэн талстыг ургуулж чадсан юм. Үүний дараагийн алхмаа хийхэд Японы Шинжлэх ухаан технологийн сангийн Akio Shida гуай бидний ололт амжилтыг олж харж, судалгааны ажлын мөнгийг тусгаж өгснөөр ажил сайн явсан. Шинэ төрлийн талст ургуулах төхөөрөмжийг энэ мөнгөөр авч чадсан. Тухайн үед Shida гуай их сургуулийг хувийн компаниудтай хамтарч ажиллахыг дэмжиж байлаа. Зөвхөн их сургууль хийж байсан бол энэ ажил ийм өргөн хүрээнд дэлгэрэхгүй байсан болов уу.
  • Докторын ажлын эхний гурван жилд амжилтад хүрч чадаагүй. Японы боловсролын системд туслах багшаар ажиллахын тулд докторын зэрэг хамгаалах шаардлагатай байдаг. Тухайн үед доктор болж чадаагүй ч Акасаки багш туслах багшаар авч байлаа. Ажиллангаа судалгаагаа үргэлжлүүлэх боломжтой болсон. Туслах багш болчихоод сурах бичиг, ном уншиж байгаад ногоон өнгийн лед гэрлийн асуудалтай таарсан. Өнөөг хүртэл хагас дамжуулагчийг бүтээхэд цайрыг ашиглаж ирсэн. Гэтэл магни байж болох юм гэдгийг эндээс мэдсэн л дээ. Тэгээд өмнө нь юун дээр алдаж байснаа ухаарлаа. 29 настайдаа пи төрлийн хагас дамжуулагчийг бүтээх ажил амжилттай болсон юм.
  • Оюутан байхдаа зурагтын дэлгэцийг бүтээхээр мөрөөдөж байсан. 1996 онд Ничиа компани маш сонирхолтой үзэгдлийг олж гаргасан юм. Энгийн хөх өнгийн лед гэрэл байна. Цагаан өнгийн лед гэрэл улаан хөх, ногоон гурван өнгийг нийлүүлж гардаг гэж ихэнх хүмүүс бодож байгаа байх аа. Тэгэхээр гадуур зарагдаж байгаа цагаан лед гэрэл ихэвчлэн шар өнгийн ялтасны цаанаас хөх өнгийн лед гэрэл тусгаснаар цагаан өнгө гэрэлтдэг хэлбэрийг өргөн ашигладаг юм. Ногоон, улаан лед гэрэл ашиглан цагаан өнгө гаргах боломжгүй. Цэнхэр өнгийн лед гэрлээр зөвхөн цагаан өнгө үүсгэх боломжтой. Хэрэв гурван гэрэл гурвуулаа шаардлагатай бол маш их эрчим хүч зарцуулагдана. Лед гэрэл ганц бол үүсгүүр нь ганц байхад хангалттай. Маш хямд өртгөөр цагаан гэрэл буюу гэрэлтүүлэг бий болгох боломж ингэж үүссэн юм. Цахилгаанаас гэрэл үүсгэж байгаа ашигт үйлийн коэфициент нь улайсдаг чийдэнгээс арав дахин, өдрийн гэрлээс хоёр дахин бага юм. АНУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан мэдээгээр 2030 он гэхэд тус улс дахь нийт гэрэлтүүлгийн дөрөвний гурав нь лед гэрэл байх болно гэж таамаглаж байна.
  • Лед гэрлийг Нагояагийн их сургууль дээр харилцаа холбооны чиглэлээр ашиглахаар ажиллаж байна. Японд ихэнх замын хөдөлгөөний гэрлэн дохио лед болсон. Яваандаа лед гэрлэн замын гэрэлтүүлгийг харилцаа холбооны чиглэлээр ашиглах боломжтой. Маш олон лед гэрэл ашигладаг учраас өндөр багтаамжтай харилцааг үүсгэх ирээдүйтэй. 4K түвшний орчин үеийн телевизийн өндөр нягтаршилтай 1,5 цагийн видео файлыг хэдхэн хоромд татах боломж бий. Та бүхэн бүгдээрээ Wi fi хэрэглэдэг. Энэ маань өөрөө гэрэл учраас яваандаа Li fi гэж цаашдаа дэлгэрэх байх аа.
  • Хүнсний ногоо ургахад шаардлагатай гэрэл бол улаан, ногоон байдаг. Улаан, ногоон өнгийн лед гэрлийг ашиглаад, нарны тусгал муутай газар ч хүнсний ногоо тариалах боломжтой байдаг. Японд орчин үеийн электрон төхөөрөмж хийдэг компаниуд одоо бол хүнсний ногоо тарьж ургуулж ашиг олж байна. Дараагийн жишээ усны асуудал. Цэвэр ус хэрэглэж чадахгүй хүмүүс өнөө хэр олон байна. Олон хүн ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд амьдарч чаддаггүй. Усыг цэвэршүүлэхэд хөх өнгийн лед гэрлийг ашиглаж, хэт ягаан туяаны цэвэршүүлэх төхөөрөмжийг бий болгохоор ажиллаж байна. 1997 оноос эхэлсэн энэ ажил маш их хугацаа шаардлаа. Одоо бид усанд байгаа вирусийг устгах боломжтой болсон. Ахуйн хэрэглээний усны шугаман дээр цэвэрлэх төхөөрөмжийг шууд угсрах юм.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img