Б.ЛХАГВАСҮРЭН: ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ НҮДЭНД ХЭД ХОНОГ Ч ГЭСЭН ХАРАГДАХ САН ГЭЖ ЗАЛБИРЧ БАЙНА
2018 оны зун.
-Таны бие тэнхээ данги уу. Ямаршуухан зусаж байна даа?
-Уг нь би орон гаран, хүмүүсийн дунд гэр, хотын дунд зусдаг сан. Энэ зун би орон дээрээ зусаж байна. Айхтар хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэж тав зургаан сар хэвтлээ. Одоо зургаа дахь сар руугаа орж байна. Хүнд ийм нэг хэцүү жил байх юм. Миний том хүү хоёр жилийн өмнө тархинд нь цус харвасан юм. Одоогоос долоо найм хоногийн өмнө дахин харваад гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байна.
-Таны ууган хүү чинь Равжаа ах бил үү?
-Равжаа. Хүүхдүүдийн минь хамгийн том нь, жаран хоёр оны хүүхэд шүү дээ. За, тэгээд Хасар маань Францт нурууны мэс засал хийлгээд өөдтэй болсонгүй. Уул усныхаа дунд гуравдахь хагалгаагаа хийлгэе гээд нутагтаа ирсэн. Наадмын дараа хагалгаанд орно доо. Нугас нь сүрхий дарагдсан юм гэсэн, хоёр ч газар. Хүнд л хагалгаа юм шиг байна. (Хөхүүлж бүгшүүлэн удтал ханиав. Л.Б)
-Хэцүү ч юм аа даа?
-Тэгээд өвчинд жаахан ээрэгдээд сууж байна. Ийм жил хүний амьдралд зөндөө байдаг даа. Хүмүүст тохиолдож л байдаг эд. Гэхдээ хүндхэн л юм байна. Би нэг л юмыг их жигшдэг хүн.
-Юуг тэр билээ?
-Хүн үрийнхээ ард ордгийг л би их жигшдэг. Болж л өгвөл өмнө нь явах юм сан, жамаараа. Үр хүүхдээ өвдөөд, үхэж үрэгдэхийг харвал миний хорвоод амьдарсан минь ямар ч үнэгүй болно гэж боддог. Тэгээд сэтгэл санаа тавгүй, ядарч л байна даа, яахав. Олны буянд, Монголын төр түмний буянд ямар ч байсан би Монголын ард түмний хайрыг унаж зугтан, үхлээс жаахан зуларчихлаа. Миний өвчин бол эдгэх өвчин биш ээ. Бүүр ор сураггүй ханиад шиг эдгэчих өвчин биш. Зүгээр л хүмүүсийн дунд би баймаар байна. Хүүхдүүдийнхээ дэргэд хэд хоног ч гэсэн баймаар байна.
-Байлгүй яах вэ, ах минь. Сэтгэлээ тэгтлээ чилээж яанам?
-Тэр хугацааг л сунгаасай гэж залбирч байх юм. Өвчтэй байхад минь Монголын төр, ард түмэн минь хачин их тусалсан. Би ер нь надад ямар хэмжээний хайртайг энэ их ард түмнээс шалгалт авчих шиг боллоо.
-Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх хүртэл таныг Солонгост эмнэлэгт хэвтэж байхад тань цэцэгтэй эргэж байсан даа?
-Хэдэн сайдтайгаа очиж эргэсэн. Би яахав, У.Хүрэлсүхийн зохиож байгаа, эрхэлж байгаа ажлууд, энэ шийдэмгий, зоримог, хүмүүсийн хүсэж хүлээсэн санал бодолд ойрхон юм сэдэж чадаж байгаад нь хайртай байгаа. Их зөв байна даа гэж дуртай байгаа. Намайг ингээд ярихаар чинь зэрэг “Засгийн газраас мөнгө төгрөг өгч тусалсан болохоор долигонож байна” гэж бодоцгооно. Тийм биш. Хүрэлсүхийн надад үзүүлсэн тэр хайр бол ард түмэндээ үзүүлэх хайрын нэг жишиг нь. Тэрнээс Лхагвасүрэн олноос онцгой болоод надад тийм хайр үзүүлж байгаа юм биш. Хүрэлсүхийг би сайхан сэтгэлтэйд нь, иргэндээ хүнлэг хандаж чадаж байгаад нь баярлаж байгаа. Тэр Ерөнхий сайд болсноосоо хойш муу хэлэхээр юм хийсэнгүй шүү дээ.
-Тэр ч таны л бодол байх л даа?
-Аятайхан, аятайхан юм л чихэнд дуулдах юм. Одооноос ямар болох юм. Нэг хэсэг нь авч хаяна, нэг хэсэг нь үлдээнэ гээд эхлэх байлгүй дээ, одоо. Хүн чинь ямар хүнийг ажил хийлгэх биш. Монголчууд минь ээ, монголчуудыг чихийг нь ховгүй, нүдийг нь гуниггүй, хутгаж үймүүлээд байлгүй, сайн муу яриад байхгүй мөрөөрөө байгаад өгөөч гэж гуймаар байдаг юм.
-Та өмнөхөөсөө нэлээд жин хаяж, бас ядранги харагдаж байна шүү?
-Би гучин дөрвөн килограмм турсан. Ерэн дөрвөн килотой байсан чинь одоо жаран кило болсон.
-Өвдөж зовох нь гайгүй юу?
-Байхгүй. Ходоодоо авахуулчихсан, арван хоёр нугалаа гэдэс, нарийн гэдэснээсээ авахуулсан. Ер нь энэ цээжин дотор гэдэсний төрлийн юм бага үлдсэн л дээ. Ингэж авахуулаад, хоол унданд ороод тонжирсон улс байна аа. Цаг хугацаа ордог гэнэ. Зөндөө эмчилгээ хийлгэдэг гэнэ. Хэдэн жил үр хүүхдэдээ харагдаад явж байхыг л хүсэж байна.
-Хоолны дэглэмийг ч нарийн чанд барих юм байна даа?
-Маш чанд нарийн барьж байгаа. Гүйцэд бол болохгүй. Хоолыг сайн зажлах хэрэгтэй юм байна. Би эрүүл байхдаа ч үхэх гэж байгаа юм шиг их иддэг хүн биш шүү дээ. Жоохон амттай юм идчихнэ. Архи уугаад, согтоод, ходоодоо эргэтэл бөөлжиж байсан өдөр байхгүй. Яахаараа ч миний ходоод өвддөг юм. Тэгсэн их сонин юм байна.
-Юу нь сонин байна?
-Ходоод бол зүрхнээс илүү мэдрэмхий эрхтэн гэж намайг эмчилж байсан солонгос эмч хэллээ. “Хамгийн их мэдрэмхий эрхтэн бол ходоод байдаг юм. Таны ходоод өвддөг чинь стресснийх. Ядарсных. Бүх л сэтгэл зовнилоос болж байгаа юм. Та ходоодыг амьгүй юм шиг ойлгодог. Яруу найрагч та нар бол дандаа зүрх л бичдэг дээ” гээд инээж байна лээ.
-Монголчуудын маань ходоодны аюулт өвчин усны зэвээс ч юм уу, шалтгаалдаггүй байгаа. Солонгос эмч нар юу гэж байх юм?
-Солонгосууд чинь “Хөгжил дэвшлээс хүн өвчин олно” гэж ярьдаггүй улс шүү дээ. Монголчуудын эрүүл байдаг нэг шалтаг нь дэндүү сайхан эрүүл юм хэрэглэдэг. Бид зэвтэй ус уулаа, уулаа гэхэд мянгаад жилийн түүхтэй Европын хотуудын ус шиг ус уугаагүй байх аа, явж явж. Ядарлаа ядарлаа гэхэд Парисын ус шиг ус уугаагүй байх. Нью-Йоркийн ус шиг ус уугаагүй байх гэж би бодож байгаа. Миний эх орон бол ариун, бүүр цаагуураа ариудсан газар юм. Хүндээ ээлтэй байгаа нь, хүүхэд нь өсөж байгаа нь, хүн нь бядтай, бяртай байгаа нь, барагтай өвчнийг эсэргүүцэж өндийж байгаа энэ тэрийг харахад гайхалтай. Хүн ер нь явж явж ийм сайхан орныг онож төрнө гэдэг ёстой том хувь заяа юм байна.
Эцсийн эцэст монгол хүн болж төрсөндөө хязгааргүй баярлаж байгаа. “Зиндаа” сэтгүүлийн нэг дугаар сая надад зориулагдаж гарсан л даа. Би тэр сэтгүүл дээр “Ямар азаар би Монголоо онож төрөв өө” гэсэн гарчигтай их том ярилцлага өгсөн. Монголыг онож төрнө гэдэг хэр баргийн хүнд заяадаг тавилан биш. Тэрийгээ ойлгож амьдармаар байна. Ээ, мөн сайхан даа.
-Яруу найрагч, зохиолч хүнээс ч уран бүтээл хийж байна уу гэж асуухаас л аргагүй байдаг даа?
-Хийнэ ээ. Ядраад байх юм. Дөрөв таван хуудас юм биччихээр гар өвдөөд, толгой чилээрхэж өвдөөд байх юм. Аргагүй л цаагуураа ядарч байна. Хоол бага идэхээр тэнхээ суухгүй байна. Би өдөрт хэдэн халбага тунгалаг шөл, дунд шаазангийн ёроолоор нэг бантан, малын сархинагтай гурилтай жаахан шөл идэх юм. Яах вэ, болж байна. Малын сархинаг хүний биед их сайн юм гэнэ. Тэр бүрий олдохгүй. Сархинагийг хичнээн буцалгасан ч тос гарахгүй юм. Хичнээн удаан чанасан ч зөөлөрдөггүй, ямар ч мундаг эрхтэн юм бэ. Би сархинагтай шөл уугаад бүр сурчихлаа.
-Цоохор сархинаг уу, салбантай сархинаг уу?
-Аль нь ч байсан сайн. “Сархинаг сайн” гэж хүн болгон хэлнэ. Болж өгвөл баастай нь идээрэй гэнэ.
-Тээр. Тэрэнд нь эм байдаг байх нь?
-Хэн мэдэх вэ, хөөрхий минь. Ямар гээч юмаа хураадаг эрхтэн юм. Тийм л юм идээд сурчих янзтай. Бидний ярвайдаг юм бүхэн ядрахын цагт эм болно гэж бодож байсангүй. Хүүхэд байхад ээж минь сархинаг сайхан цэвэрлээд ногоо хөшиглөж, бууз шиг дунд нь хийгээд хоёр амыг нь хөвөрдөөд чанаад өгдөг байсан. Тэр нь ч нандин гэж юу гэхэв. Тэгж л нэг ганц хоёр иднэ үү гэхээс тэгтлээ идэж ч явсан биш. Эрхэлж иднэ үү гэхээс эмнүүлж идэж явсангүй. Идэх юм бүхэн минь дэргэд байсныг одоо л ойлголоо.
-Гэртээ та түрдэг тэрэгтэй яваад байна уу?
-Тийм, энэ түрдэг дугуйтай юмтай явчихна.
-Тоормоз энэ тэртэй их сүрхий эд юм аа?
-Аа, энийг солонгос эмнэлэг өгсөн юм. “Энийг түрээд явж бай. Их хөдөл” гэдэг юм. Хөдлөхгүй бол загнаад байдаг.
-Хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг нэг үг байдаг даа, тээ?
-Мэдэхгүй, хөдөлгөөн л их хэрэгтэй гээд хөдөлж байна даа.
-Уран бүтээл гэснээ яриа маань хадуурчихсан байна шүү?
-Хийж байгаа. Ердөө наадам өнгөрөөгөөд номоо хэвлэлд шилжүүлнэ. Хийдгээ хийж номоороо л амьдрахгүй бол яаж амьдрах билээ. Энэ Зайсангийн байрыг “Жаахан нар, салхитай юм” гэж муусайн хүүхдүүд минь гурав дөрвөн жилийн өр тавьж авлаа. Ийм өвчтэй хүн чинь “Юмыг яаж мэдэх вэ” гэдэг үүднээс бодсоноо жаахан ч гэсэн бичиж үлдээх ёстой ёо доо. Би тэр шаардлагыг их чухалчилж байгаа. “Их гэрийн хаяанд хэвтсэн нохойн улиан” гэж дурсамжийн номоо нухаж байна. Үхэхээсээ өмнө хэлэх үгээ хэлж байж үхнэ ээ. Тэрнээс би хэн нь мэдэгдэхгүй, муу хэлье гэсэн хүнд муу хэлүүлээд, магтъя гэсэнд магтуулаад зүгээр нэг дуусмааргүй байна.
Б.ЛХАГВАСҮРЭН: ДЭЭД ЗЭРГИЙН ХҮН ЧАНАР, УУРАГ ТАРХИТАЙ ХҮМҮҮСИЙГ ТҮҮХ АВЧ ҮЛДДЭГ
2018 оны 7 дугаар сар.
-Тантай сайхан хөөрөлдөе гэхэд “Би улстөржмөөр байна” гэж байсан даа?
-Эрдэнэтийн 49 хувь гэж их ярьж байна. Би үүнийг бодож байгаа. Би ч бас улстөрд байсан, хааяа хариуцлагатай ажил хийсэн хүн. Ард хүний нүдээр харж, монгол хүний ухаанаар бодоход Эрдэнэтийн 49 хувийг шийдэж чадахгүй шаагилдаад ядаад байхаар зүйл биш шиг санагдах юм. Эрдэнэтийг би ч “Минийх” гэж хэлэх эрхтэй. Манай хажуу айлын хөгшин ч хэлэх эрхтэй. Тэр битгий хэл Монголд төрсөн хот манадаг нохой хүртэл “Минийх” гэж хуцахад буруудахгүй.
Эрдэнэт ч биш эрдэнэсийн бүх ордыг. “Миний юм, манай юм” гэж боддог Монголын хэдэн залуус хуруу хумсаа хуйхалж байгаад хэдэн төгрөг цуглуулаад 49 хувийг нутагтаа аваад ирж. Энэ чинь гэр дотроо хийсэн наймаа юм гэвэл аавдаа хэлээгүй наймаа, улс дотроо хийсэн наймаа юм бол төрдөө хэлээгүй л арилжаа байхгүй юу. Төгс шалтаг нь энэ. Энийг л Ц.Нямдорж яриад байгаа юм. Нямдорж бол төрт ёсыг л сахиж яриад байгаа. Хувьд өгөхгүй гэж байгаа юм бол төрөөс мөнгө гаргаад улсад авчих хэрэгтэй шүү дээ.
Хэдэн жилдээ хүүхдүүдэд өртэй л байна биз, цувуулаад л өгчихнө биз. Ингээд шийдчих юман дээр чинь л Нямдорж руу дайраад байх шаардлага юу байна. Нямдоржийг гоочилж болно. Нямдоржийн байж байгаа нь улиг юм шиг санагдаж болно. Шударга ёс хуучрахгүй шүү дээ. Тэгэхээр Нямдорж хуучрахгүй гэсэн үг. Нямдоржийн бодож санаж яваа нь хэзээ ч хуучрахгүй. Би Нямдоржид хайртай. УИХ-д дөрвөн жил нэг ширээнд цуг суусан. Хэзээ, юунд гомдож, юунд баярладаг, юуг өөнтөглөдөг, юуг магтдаг, бүгдийг нь нэвт мэднэ. Тийм болохоор Нямдоржийг би өмөөрдөг. “Түрээсийн байранд байдаг” гээд Нямдоржийг гоочлоод л байх юм. Түрээсийн байранд байгаа Нямдоржийг АТГ-т өгч байгаа юм бол хөдөөнөөс ирж байшин түрээсэлж байгаа муусайн оюутнуудыг АТГ-т өгөх хэрэгтэй ш дээ. Тэгээд шалгахгүй юу. Энэнтэй адил эд нар өрөвдмөөр юм яриад байгаа байхгүй юу.
-Таны хайртай Ц.Нямдоржийг чинь “Шударга дүр эсгэдэг, хонины нэхий нөмөрсөн чоно” маягийн хүн гэх хэсэг ч байдаг л юм билээ дээ?
-Аа худлаа худлаа. Тийм хүн биш. Би Нямдоржийг яагаад өмөөрөөд байна гэхээр өдий дайны төрөөр явсан хүн чинь амьдралынхаа хэрэглээний дайны юмыг эдэлж болно оо доо. Илүүд нэг их үхэж алдан шунахгүй байх. Нямдоржийн нэгэн гайхамшигтай чанар нь хүүхдэдээ л хайртай хүн. Үхэн хатан үрээ хайрлаж чаддаг хүн. Үрээ хайрлаж чаддаг хүн үрийнхээ өмнө нэр хугарах, үрээ хэл амтай хорвоод үлдээх, үр дээрээ сүүдэр тусгаж үхэхийг цээрлэдэг ш дээ. Тэрийгээ мэдэх хүн. Тийм болохоор би өмөөрөнгүй ярьж байгаа юм.
-Та бас намуудын тухай ярина гэсэн дээ?
-Сая АН “49 хувь дээр 51 хувийг нэмээд зуун хувь идэх нь” гэж байна лээ. Тэд өөрсдөө иддэг. Бүгдээрээ л хувааж идсэн. Эрдэнэтийн идээнээс амсаагүй хүн байна гэхээр инээд хүрээд байх юм. Аливаа нэгэн тойруу замаар, улсын төсөвт орсон мөнгө нь хүн бүхэнд талх, будаа болж очиж байгаа. МАН, АН энэ хоёр нам нэр хүндийн хувьд, бодлого, төгс шийдэл, эр зоригийн хувьд, ард түмэндээ эх нь юм шиг зөөлөн сэтгэл гаргаагүйн хувьд, ухаалаг, эрдэмлэг, гэгээн байгаагүйн хувьд шившиг боллоо.
-Хоёулаа юу?
-Тийм. Хоёулаа хэрэггүй. Би шулуухан хэлэхэд Монголын ард түмэнд нам хэрэггүй болж. Ариун нэг сэжүүр ч алга. Тэгэхээр чинь хүн биширч, шүтдэг юм уу. Шилийн хулгайч айлын уяан дээр ирчихээд хүүхдийнх нь толгойг илээд, үнсээд мордоход айлынхан “Энэ хулгайч юм” гэж хэлдэггүй шүү дээ. Тэгж хэлэхээс цээрлэдэг юм. Хүний үр хайрлах тэнхэлтэй хүнийг “Хулгайч” гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээд бод доо, монголчууд ямар өргөн дэлгэр ухааны улс байна.
Би бүр энэ намуудад дургүй хүрээд байдаг юм. Ярьж байгаа юм нь дандаа дэвшүүлэх, эсвэл буулгах. Бүүр нураах. Эсвэл солих. Ийм юман дээр л маргаад байх юм. Монгол орны хөгжлийн чиг баримжаа, ирээдүйн төлөөлөл, төсөөллийг сольж бод л доо. Тэрний төлөө хэрэлд л дээ.
-Зөвхөн албан тушаалын төлөө алалдаж, сандал ширээгээ л булаалдаж тэмцэлдэх юм даа?
-Албан тушаалыг зарна. Мөнгөөр худалдаад авчихсан ажлыг хэн сэтгэлээсээ хийх юм бэ. Авлига өгөөд, мөнгөөр худалдаад авчихсан юм чинь татах тамхи л гэсэн үг ш дээ. Үхтлээ зүтгэж, оюун тархиа барж, төр түмэндээ танигдаж гарч ирсэн сэхээтнүүд бол омог бардам ажлаа хийж болж байна.
-Тийм чадварлаг мэргэжилтнүүдээ сонгуулийн дараа л өвдөглөөд хаячих юм байна шүү дээ?
-Нөгөө гайтай намын харьяалал тэр. Нэг намд дандаа сайн нь цуглаад, нөгөөд дандаа новш нь чихнэ гэж байдаг юм уу. Тийм юм ерөөс байхгүй. Тэгж ярих юм бол намын харьяалал дотор байгаа хүн тухайн намд байгаа оюунлаг, ухаалаг, эрдэмтэй, ажлаа хийж чадаж байгаа хүмүүсээ аль ч нам хайрлах ёстой. Хүнийг хайрлана гэдэг чинь Монголыг хайрлахын нэг шалтаг шүү дээ. Хүн хүнээ хайрлахгүй бол Монголыг хайрлаж байгаа гэж худлаа хашхираад нэмэр байхгүй. Монгол хүнийг хайрла. Монгол цусыг хайрлаагүй, өмөөрөөгүй байж Монголыг би хайрлаж байна гэж худлаа хашхираад яах юм. Ийм хөөсрөл хэрэггүй.
Бид чинь нэг цусны улс шүү дээ. Цусаа өмөөрч чадахгүй, цусыг нь гартал доромжлоод, муу хэлээд сууж байх юм. Амны алдас шиг муухай юм хаа байна. Үгүйдээ соёлтой ярьж болно оо доо. Соёл гэж эд нар солиордог. Соёл гэдгийг монголчууд жудаг гэдэг. Жудагтай, ахан дүүстэй улс шүү дээ. Монголчуудын хүн чанар, эр зориг, бие бялдрын сайхан, эрээ цээргүй, гүдэсхэн, сайхан сэтгэлтэйг нь магтаж дуурайдаг бөхчүүд яаж байна.
-Ээ мэдэхгүй, гэдсэндээ хөлөө жийлцээд байх шиг л байх юм?
-Инээдтэй байгаа байхгүй юу. Монгол эр хүний дуурайллууд ийм өрөвдмөөр, ичмээр байсан юм уу. Бөх барилдана гэдэг чинь тархи барилдахыг хэлдэг юм. Бие барилддаггүй юм шүү дээ. Бөхчүүд Монгол бөхийн өргөө гэдэг бөөрөнхий бялуу шиг хэлбэртэй байшингаас болж хуваагдаад байгаа юм аа даа. Тэгж ярих юм бол төсөв хүрэлцэхгүй байхад үхтлээ гүйж хөөцөлдөн байж босгосон Соёлын яамны орлогч сайд П.Даваасамбуугийн нэрэмжит Монгол бөхийн өргөө гэж байх ёстой юм. Өнөөдөр яагаад энэ тоорт шиг байшинг эд нар идэх гээд байгаа юм. Эд нарт бай мөрий, ашиг дутаа юу. Монголын ард түмний хайр дутаа юу.
-Харин ч торгоны дээдийг өмсөж, тэрэгний дээдийг унаа байлгүй?
-Монголчууд бөх түрүүлэхэд юугаа ч хайрлахгүй байхад энэ бөх нар даанч дээ. Үгүй тэгээд, Их хурлын гишүүд, зарим компанийн эзэд жижигхэн спортын төрлийн холбоодын дарга болох дуртай юм. Сэтэр зүүж олон хадагтай хуц ухна шиг болох гээд байх юм. Ямар хэрэг байна. Эдэнд юу дутаав. Их хурлын гишүүнд юу дутчихаад жижиг холбооны дарга болох гээд байдаг юм.
Монголын шилдэг акул компанийн захиралд юу дутлаа гэж тэр байшинг булаацалддаг юм. Дунд нь байж байгаа улсыг хар. Өдөржингөө нэгийгээ оршуулж уйлчихаад орой нь хэрэлдэж байгаа юм. Бөх хүн тийм байсан юм уу. Ядахнаа гурав хонуулж болдог байгаа даа. Монголчууд өнгөрснийхөө хойноос дөчин ес хоногт ам муруйдаггүй, зул тасалдаггүй шүү дээ. Тэгсэн чинь дөрвөн цаг ч бололгүй очоод хэрэлдчихдэг. Ертөнцийг мөнхийн юм шиг уучлалтай хандах аваргууд ханхайгаад сууж байх байтал ийм хутгуур болоод явж байх нь дэндүү гунигтай.
-Монгол наадмын зүүний манлай Мөөеө аваргыг уначихангуут л энэ бөхчүүд хагаралдаад уналаа гэж олон түмэн ярих юм?
-Зангарагтай, ухаантай хүн байлаа. Би хар нялхдаа нэг суманд өссөн. Надаас гурав ангийн ах. Их гэгээтэй хүн. Бөх хүнд хоёр гэгээ байдаг юм. Зодог шуудгаа өмсчихөөд байхад нь эс болгоноос нь гэрэл гардаг. Мэхээ хийгээд, барилдаад эхлэхээр дотроос нь гэрэл гардаг. Ийм хоёр гэрлийн зохицолтой хүн бол Мөнхбат аварга байсан. Нас барсан өдөр нь би өөрөө очиж чадахгүй юм чинь харууслын үг фейсбүүкт бичлээ л дээ.
-За юу гэсэн үг бичив?
-“Бадын гол нулимсаар урсаж, Батхаан уул чулуугаар мэгшиж байна” гэж бичсэн. Дэндүү ухаантай хүн байсан. Ухаанаа бүүр бодож байж олохоор их сонин хэлнэ. Шатар сайхан тоглоно. Намайг “Бавуугийн садга” гэдэг байлаа. “Бавуугийн садга миний охидод өгсөн захиаг уншсаар байгаад яруу найрагч болсон юм” гэж номондоо бичээд, телевизээр яриад баллана аа, цаадах чинь. “Миний дүү” л гэнэ. Нэг л удаа намайг п…. гэсэн юм.
-Амных нь уншлага байсан юм биш үү?
-Уншлага ч яахав, хэлэхгүй хүндээ хэлдэггүй юм. Хоёулаа “Найман гишүүн төгөлдөр цай”-ны рекламанд их хүйтэн идэр есөөр явж Чойрын наад талд орсон бууртай тэмээний хажууд зураг авахууллаа. “Ах нь бол чамайг бодохноо таван Д-тэй, би нимгэвтрийг нь өмсье” гээд өгсөн хувцсыг нь өмслөө. Үдшийн хүүш болчихлоо. Хүйтрээд ирсэн чинь бээрээд.
Би “Цайны шилбэ босоод сайхан жил болох нь ээ” гэсэн чинь бээрчихсэн, нус нулимс нь гоожчихсон, нөгөө таван Д-тэй хүн чинь бүр үрчийсэн шар юм болчихсон “Чухам аа чухам” л гэх юм. “Эжий санагдмаар цай байна” гэхээр л “Чухам аа чухам” л гэх юм. Тэгэхээр нь би инээчихгүй юү. Үхтлээ инээгээд, нүүрээ малгайгаараа дараад элэг хөшчихсөн чинь “Үхсэндээ инээгээд байгаа п…. вэ” гэж намайг аашилсан. Нэг удаа л тэгж айхтар уурласан. (инээв. Л.Б) Тэр дурсамж одоо надад чихэр шиг санагддаг.
-Та төрийн тухай, төрт ёсыг алдуулахгүйн тухай их бодож, туурвидаг хүн дээ?
-Төрд тархи л ажиллана. Төр бол хүний оюун санааны чадавх, хүн чанар хоёрыг их голдог. Дээд зэргийн хүн чанартай, дээд зэргийн уураг тархитай хүмүүсийг түүх авч үлддэг. Эд нар түүхийн өмнө өнөөдөр муу юм хийж байвал хожим Монголын түүх хонзонгоо авах шиг авна. Түүхийн хонзонгийн өмнө хэдэн үе үржээд ч өөрчлөгдөхгүй. Үүнийг л гашуунаар бод гэж хэлмээр байна.
-Христээс Иуда урвадаг шиг урвагчид ч их байх юм даа?
-Урвагчид яах вэ дээ. Урвана л гээд байх юм. Урваж байгаа нь их сонин ш дээ. Албан тушаалын төлөө урвана, ашигтай газар руу урвана. Ямар хөөрхөн гээч. (Гашуунаар жуумалзасхийв. Л.Б) Энэ чинь соргог бэлчээрт отроор нүүж байгаа нүүдэл биш шүү дээ. Үхсэн хойноо ч урвах бол доо. Өөдтэй ч урваж чадахгүй байна. Амиа хорлотлоо, алуултлаа урваж чадахгүй, зүгээр л золбин урваад энд тэнд далиганаа л, амьтан долоогоод л, эсвэл хазаад л, дунд нь шалчиганаад л, тэнэгтээд л, өөрсдийгөө өмөөрөөд л, таашаалаараа бүлэг бүлэг болж, хэсэг хэсгээрээ бөөгнөчихсөн. Бие биенийгээ аятайхан үг хэлэхээр л дагаад явчихна. Өвс дагаж мал амьдарна, үг дагаж хүн амьдрахгүй. Энийг би хар үсгээр бичээсэй гэж бодож байна. Үг дагаж хүн амьдрахгүй.
-Өөрийн гэсэн толгойтой бай л гэсэн үг дээ?
-Хүн өөрийн гэсэн толгойтой юм чинь үг дагаж амьдарч яах юм. Монгол хүн бол хүн төрөлхтнөөс илүү тархитай, илүү бие бялдартай, илүү сайхан сэтгэлтэй, илүү хүнлэг, илүү түүхтэй бодьгал шүү дээ.
-Үг дагаж амьдарч болохгүй гэхээр бага хаадын үе шиг болчих юм бол уу?
-Аа худлаа. Чингис хааны маань үр сад хэзээ эвдэрснийг хэн харчихаав. Солиор гэж хэлнэ. Арабын түүхчдийг унш, үгүйдээ Рашид-ад-Диний “Судрын чуулган” уншчих гэж хэлье. “Акбар Моголан” гэж мундаг ном гарлаа. Тэнд Хүлэг хааныг нас барахад очиж байсан хаад, очоод ярьж байсан бүхнийг бичсэн байгаа. Яаж ч муудалцсан хаад том хуралдай зарлахад дайсагнасан байсан ч ирнэ. Үгүй тэр чинь их өвгийнх нь ором нь байж байгаа юм чинь яахав. Үхсэндээ бага хаад эвдрэлцлээ гэдэг юм. Хараагүй байж, мэдээгүй байж. Гадны хүний харж байгаа нүд чинь монгол хүний Монголоо харж байгаа нүд биш шүү дээ. Дотор нүд биш.
Хүнд дотор нүд, гадар нүд гэж хоёр юм байна. Гадар мэдрэмжийн сургаар Монголын түүхийг хэрвээ ойлгох гэж оролдвол дэндүү алдас болно. Би Монголын түүхийн сэдвээр өчнөөн жүжиг бичсэн. Би одоо ч бичнэ, амьд байвал. Тулуйгаар “Хаан золиос” гэж нэг сайхан жүжиг хийнэ. Бичиж байгаа. Удахгүй дуусгана. Хийх шиг хийнэ. Монголын хаад чинь тийм хагаралтай байгаагүй. Үхсэн, эдний байгаа байдал Монголын түүхтэй адилхан биш байна.
-Пунцагийн Бадарч ахтай саяхан уулзахад таны тухай яриад л их үгүйлж байх шиг байсан шүү?
-Хөөрхий дөө, мөрөөрөө амьтан. Би Зохиолчдын хороонд “Утга зохиол” сонинд зураач байхдаа Монголын тэр үеийн зохиолчдынхоо номын бараг бүх хавтсыг зурсан. Л.Лувсандоржийн ном, Д.Урианхайн “Хүн танаа”, Бадарч гуайн “Есөн эрдэнийн орон”, Т.Очирхүүгийн “Алтайн унага” гээд захаас нь дурдаад байвал олон. Номын зургаар хүүхдүүдээ тэжээдэг байлаа. Үхсэн хүн зурна.
Би чинь зураач байсан ухаантай ш дээ. Зохиолчдынхоо номын дээлийг оёж өгч байсаан. Оёдолчин байлаа. Бадарчийн “Морьд” номыг нь их уншина. “Хэрлэн гэж шүлгээр эхэлнэ. “Нар тосон мэлтэлзэх мөнгөн цартай ус минь Найр наадмын түрүүнд таван түрлэг дуулал минь Надад өвөг эцгийн минь ярьсан цуутайхан домог минь Намуухнаар цав цагаан цахлай наадах ус минь…” гээд бүүр цээжилчихсэн. Үнэн юм энгийн мөртлөө сэтгэлд бууж байгаа нь сайхан. Болчихмоор ч юм шиг, хэн ч биччихмээр ч юм шиг. Сайн юм их хялбархан сонсогддог юм шүү дээ. “Загал” гэдэг дуулийг нь би тооно.
Тэр их гоё. “Одод шиг олон ижил дундаа Саран шиг содон морь минь” гэж байгаа юм. Тэгээд нөгөө морь нь гүйгээд ирдэг юм, эргээд. Эргээд гүйгээд ирэхээр нь “Хүний ногтонд эрдэнэт толгойг нь өргөхөд Хүн шиг болсон загалыгаа би уйлав уу даа гэж харсан” гэж байгаа юм. Яая, тэгээд ирэхээр л сэтгэл нэг өөрийн эрхгүй огшоод ирнэ дээ. Тэр чинь их сайхан шатлалтай, драмтай. Төгсгөлд нь “Дахиад би загалыгаа гүйгээд ирвэл түрийнээсээ урт цагаан гаанс, адуунаасаа дөрвөн залуу морь өгнө” гэж дуусдаг байхгүй юу. Монгол хүнд чинь нэг ийм ааг ханхалсан юм хэрэгтэй байна ш дээ. Бадарч гуайдаа би их хайртай. Одоо ная гарчихаж байгаа л даа.
“Монголын уран зохиолын таван хуруу” гэж Лувсандамбын Дашням, Д.Урианхай, Д.Батбаяр, Ж.Лхагва бид чинь “Дөмөн” хамтлагийнхан. Хамгийн бага нь би юм. Одоо бид уран зохиолын хөгшчүүл боллоо доо. Буурал оргилууд гэх нь ч юу юм, ямар ч байсан буурал толгод боллоо.
-Би ч та нарыгаа “сэтгэл оюуны гэрэлт сүмбэрүүд” гэж л боддог доо?
-Чи ч утга зохиолын ахмад буурлууд биднийгээ рестораны нэмэгдэлтэй магтах юм даа. (хоёул инээлдэв) Бид ийм сайхан юм сонсож, хууртаж байгаад үхмээр байна. Тэрнээс би “Сүмбэр” гэж айлгаад давхихгүй шүү дээ. Би та нараасаа ийм үг сонсохоор “Миний хойч үе надад хайртай байна” гэж баярлана аа даа. Энэ урмыг яах юм бэ, та нар.
-Зохиолчдоос ойрд эргэж ирэв үү?
-Ирэлгүй яахав. Урианхай гэхэд хоёр хоногийн өмнө ирээд явсан. Байнга ирнэ. “Найз аа, бид хэд чинь хагас зуун жил үерхжээ” гэж байна лээ. Жаран долоон оноос хойш үерхсэн байна. Тавин нэгэн жил болчихож. Би чинь их догшин ш дээ, ааштай. Тэр муутайгаа ам муруйж ч үзсэнгүй. Тэгэхдээ манай “Дөмөн”-гийнхөн намайг их эрхлүүлнэ ээ. “Лхагвасүрэн ирээгүй найр найр биш” энэ тэр гээд л. Их хөөрхөн онгирооно. Их сайхан юм, найз нөхөдтэй байх. Дашням маань хүлээнэ. Лхагваа маань байхгүй.
-Дашням ахтай саяхан уулзахад та нарыгаа бас яриад л байсан?
-Бид сайхан үерхсэн. Гэр бүлийн найзууд. Хүүхдүүдээ дундаа хийж зулж унтаад л. Ингэж насыг барлаа. Ямар ч байсан сайхан эх оронтой, сайн аав эжийтэй, сайн найз нөхдийн дунд хорвоог барж байна даа. Энэн шиг том аз байдаг юм уу, үгүй юу. Би хүн өсгөх л гэж, хүүхдүүдээ өлсгөхгүй гэж л зүтгэсэн хүн байгаа юм. Жоохон авьяас надад байгаа бол Монголын ард түмэнд юм хийгээд өгчих юм сан гэж бодох юм. Бодож байгаа. Хийсээн. Гэхдээ хүн ер нь бодсоноо хийж бардаггүй юм байна. Бодсоноо баралгүй үхдэг юм байна. Цуглуулсанаа идэлгүй үхдэггүй юм байна. Цуглуулсанаа идэж барж болох байх. Сэтгэл, бодол хоёр хүнээс ямар их урд явдаг гээч.
-Арлааны Эрдэнэ-Очир маань мөн ч залуухан буцлаа даа?
-Зохиолчдын хорооны дарга байхдаа УБДС-д оруулсан миний 13 хүүхдийн нэг. Эрдэнэ-Очирт бол зохиолч хүнд байх ёстой бүх элемент байдаг. Зохиолч хүнд байх ёстой хошин чанар, уянгын чанар, зоримог шийдмэг чанар, энхрий нялуун чанар, онол бодролын мөн чанар бүгд л түүнд байсан.
-Хөөдөөгийн Эрдэнэбаатар маань ч бас л…
-Хамгийн сүүлд М.Отгонбаяртай орж ирээд “Ном аваад явна шүү, ах аа” гээд явсан юм. Ирэлгүй явчихсан байсан. Ховдод очиход надаас салахгүй. Явуугийн дөрвөн номерын модны дэргэд Баасан бидний авахуулсан зураг зөндөө байдаг юм. Хөөдөөгийн Эрдэнэбаатарт орчлонгоос нууж хадгалсан юм цээж, тархи хоёрт нь нэг ч байхгүй. Цайлган, байгаагаараа, их тодорхой хүн шүү дээ. Уулзуут л уншиж болох, бариут л дуустал уншмаар ном шиг хүү байсан даа. Их галтай цогтой, бадрангуй сайхан яруу найрагч хорвоогоос ингээд явчих юм даа.
-За тийм байжээ, хөөрхий…
-Эцэст би баярласнаа хэлье. Ярьсныг минь унших хүнд баярлахаас гадна намайг яриулсан чамд илүү их баярлах ёстой. Ард түмэн, бид хоёрын дунд зууч болсны чинь төлөө, өөрийн чинь ярилцлагыг ард түмэн дуртай уншдагийн төлөө дүүдээ маш их баярлалаа.
Б.ЛХАГВАСҮРЭН: МОНГОЛ ГЭДЭГ ЧИНЬ ДЭЛХИЙН УХААНЫ ИХ САВ, ТЭНГЭРИЙН ХАМГААЛАЛТТАЙ АРД ТҮМЭН
2019.01.31
… Их найрагч эдүгээ үзгээ ч, утсаа ч даахаа больж дэмий л адар ширтэн хэвтэх болсноо уйтайхан хүүрнэнэ. Ерэн дөрвөн килограмм жинтэй байсан тэрээр одоо дөчин есөн кг болтлоо хөнгөрчээ. “Боржгоны бор тал”-аа хүнгэнүүлэн уншдаг аргил баргил хоолой нь сөөж, цээжний гүнээс бүгтхэн авиа л оволзсон амьсгааг нь давж ядан сонстоно. Хэдий тэрээр хэвтэрт, хүний гарт орсон ч чонын зурагтай оймс өмссөн хөлөө харуулж “Ах нь оймсоор гангарах дуртай. Америкаас захиалж авчруулсан юм. Надад ерөнхийлөгч Трампын зурагтай оймс хүртэл бий” гэж гэргий Баасангаа дуудан шүүгээнээсээ гаргаж үзүүлэх нь гоё сайханд сэтгэл тавьдаг яруу найрагч гэнэн араншингийнх нь илрэл гэлтэй. Одоогоос хэд хоногийн өмнө эргэж очиход ярих ч тэнхээгүй байсан тэрээр хоёр хоногийн өмнө “Үйлийн үрээ эдэлж буй ах нь сүүлийн ярилцлагаа чамд өгмөөр байна” хэмээн өчсөн сөн. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр айсуй цагийн эрхээр илааршин тэнхрээсэй билээ дээ!
-Лхагваа ах минь бие лагшин тунгалаг уу?
-Яахав, билэг бодож сайн л гэхээс цаашгүй боллоо доо, муу ах нь. Зарим хүн “Их өвдөх юм уу” гэж асуух юм. Өвчин гэдэг асуусан, асуугаагүй бэрх эд юм. Ах нь орчлонгийн сайн, муу бүхнийг л үзэж тууллаа. Одоо их зовохгүйхэн шиг л үхэхээс сайхан юм алга. Ээ, мөн ч хэцүү юм аа. Өвдөх нь л хэцүү болохоос ухаан санаа харин тунгалаг л байна даа.
-Таныг би Монгол төрийн дархлааг тархиа гашилтал боддог төрийн хар хүн гэж боддог. Нөгөөтэйгүүр ертөнцийн жамыг нэтэд ухаарч гэгээрсэн бодлын тунгалаг далай гэж төсөөлдөг юм…
-Цэнгэл ээ, энэ дээр чинь, бидний дээр, бидний сэтгэлийн дээр, бидний хүндэтгэлийн дээр, бидний хайрын дээр байгаа төрийн дээдэс нь яагаад байгаа юм бэ. Чингис хааныг авч хаях гээд байгаа юм уу, Чингисийн хөшөөг авч хаях гээд байгаа юм уу. Их олон гэр бариад Чингисийн их хуралдай хийх гээд байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ яаж байгаа юм бол. Энэ юуны шалтгаар ингээд байна. Хэвтэрт байгаа хүний хувьд чамаас би асууж байна.
-Төр ч бас хямралтай л байх шиг юм байна шүү дээ. УИХ-ын даргаа огцруулчихна гэхээр “Үндсэн хууль” зөрчих ч юм шиг л зүйл сонстох юм?
-Тэр хууль чинь том хууль шүү дээ. Ганцхан би ч батлалцсан юм биш. Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль даа. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа юу?
-Хүчинтэй байгаа…
-Аан. Би бодож байна. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа цагт ажлаа хаяад өрөөндөө түгжээд суучихдаг, гараад хаячихаад явдаг хүнийг шийтгэж болдоггүй юм уу?
-За, наадахь чинь ёстой дүүгийнх нь эрх мэдэл байтугай бодол ч хүрэхгүй зүйл байна даа?
-Яахаараа шийтгэж болдоггүй билээ. Би үүнд маш их дургүй хүрч байна. Би юу ойлгож байна вэ гэхээр Монголд дээдэст зориулсан зүйл ангитай хууль, доодос бидэнд үйлчилдэг хууль гэсэн хоёр хууль байдаг юм байна. Улсын их хурлын дарга яагаад “Хөдөлмөрийн хууль”-нд захирагдаж болдоггүй юм. Маш их чухал цаг үед уршигтайгаар ажлаа хаялаа шүү дээ. Би дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд ажлаа хаяж байна гэж амьд байх түүхэндээ сонсоогүй. “Хөдөлмөрийн хууль” яахаараа УИХ-ын даргад хамаагүй байгаа юм бэ.
Мань мэт хэрвээ М.Энхболд шиг ингэж ажлаа тасалсан бол хэдийнэ ажилгүй болоод сэргийлэх юм уу, шоронд хагас нь яваад, мань мэтийн оронд дээдсүүдийн хамаатны хүн ирээд ажлаа авчихсан явж байгаа. Улс буй цагт, төр буй цагт том толгойтой дээдсийг цаазлахад том илд, жижиг улсыг цаазлахад тонгорог хэрэгтэй гэсэн зааг байхгүй. Тийм ялгалгүй байж байж дагавар хуулиуд, бусад хуулиуд жигд хэрэгждэг. Энэ Их хурлын ажлаа хийдэг цаглабаруудыг хар. Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар яоьдаг.
Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан.
-Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг төр ч бас толгойноосоо өтдөг байх шүү?
-Нэг хүн ажлаа хаясныг шийдчих хууль Монголд байхгүй юу. Байгаа шүү дээ. Би нэг монгол үгэнд их дургүй хүрч байгаа.
-Ямар үгэнд таагүй хандах болов?
-Олон намаас бүрдэл болдог парламентын засаглалтай оронд олонх, цөөнх гэдэг бол хонины ээлж шиг зүйл байгаа юм. Ээлжилж төр барьдаг. Гэтэл яахаараа нэгийг нь сөрөг хүчин гэж нэрлэдэг юм. Сөрөг гэдэг энэ нэр томъёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхснийх нь сөрөг хүчин байх юм.
Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий. Цөөнх, олонх хоёр бол бие биеэ мохоож, ирлэж байдаг билүү хутга хоёр. Мохсноо ирлэж, буруудсанаа зөвтгөж байж нэг зорилгын доор нэгддэг. Монголын парламент Монголын төлөө нэгдсэн парламент. Нэг нам нь Хөхдэй мэргэн одноос ирсэн юм шиг, нөгөө нь Монголыг тохинуулах гэж үүрийн гялаанаас ирсэн юм шиг ярвайсан улс. Цөөнх олонхиос илүү сэтгэх, олонх цөөнхөөс илүү сэтгэх тал байдаг.
Гэхдээ олонхийн дарангуйлал парламентад байж болдоггүй. Сонгуульд цөөнх, олонх сонгогдсны дараагаар даруй Монгол Улсын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийг маш хянамгайгаар харж, маш сонор соргогоор тусгаж, нийлсэн нэгдсэн мөрийн хөтөлбөр рүүгээ зүтгэх ёстой байхгүй юу. Тэгж байж хоёр намын зорилго биелэх ёстой.
Би зөвхөн хоёр намын хэмжээнд ярьж байна л даа. Хэдэн нам ч гарсан ийм л байх учиртай. Тиймээс сөрөг хүчин гэдэг үгийг дахиж битгий дурдаасай гэж бодох юм. Сөрөг гэхээр тэнэгүүд нь үг л хэлбэл ярзганаад байна, алдааг нь л түүх ёстой бид нар гэж үзээд байх юм. Эд нар номын залруулга биш. Хоёулаа залруулга мөн. Хоёулаа ном мөн. Хоёулаа чиглэл мөн, хоёулаа бодлого мөн.
-Хоёр тусдаа нам битгий хэл нам дотроо эрх мэдлийн төлөө алалцаад л байх улс юм байна шүү дээ?
-Урьд нь алдаж оноод, ажлаа өгсөн хүмүүс өнөөдрийн буруудаж зөвдөж байгаа хүмүүсийн алдаан дээр ямар их сайхан хурц нүдтэй болж, ямар сайхан хурц үгтэй болж шүүмжилж чадаж байна аа. Би энийг монгол төрийн хүн чанар алга болж гэж бодож байгаа. Өөрснөө чадаагүй байж дараачийн хүмүүсийн алдаа гаргасан дээр ирж хашгирч байгааг нь хараач.
Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм. Бид нар энэнээс сайн байсан, бидний алдаа жижиг байсан, бидний алдаа зөв байсан гэх гээд байгаа юм уу. Яах гээд байгаа юм. Явж явж монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно гэж боддог болчихоо вэ. Муу хэлж байгаа, хэлүүлж байгаа хоёр хоёулаа адгийн юмнууд байдаг юм шүү дээ. Хоёулаа адилхан гутдаг. Хоёр улс дайтахад ялах гэж нэг нь доройтоод, ялагдахгүй гэж нэг нь доройтоод ядуурдаг юм. Ялалт, ялагдал гэж байдаггүй юм. Бахаа ханатал ялах тийм ойлголт орчлонд байхгүй. Бүгд хохирол бөгөөд сургамж л болж л дуусдаг.
Тэгэхээр эд нар ингэтлээ их тэрсэлдэж байдгаа болиосой. Хүний мууг ярихаар сайн хүн болно гэж яаж бодож чадаж байна аа. Хүн хүнээс урт сүүдэртэй байж хүний богинохон сүүдрийг харсан байж болно. Ийм тохиолдол зөндөө. Энэ зангаа л байчихаасай. Эд нар чинь уг нь хүн юм шүү дээ. Ариун юм үлдэхээ байлаа. Бие биеэ ухалцаад байвал гэргий нь, хамаатан нь, үр хүүхэд нь гээд бузар булайд оролцоогүй нэг ч амьтан алга. Ариун хүнгүй эх орон боллоо. Болиоч дээ. Тэнэг байна тэнэг байна гэхэд даанч дээ гэж би харамсаж байна. Монгол төрийн мөн чанар, монгол хүний хүн чанар, монгол хүний хүн хүндээ хандах мөн чанар алга боллоо.
Монголд харь гарагаас ирсэн юм шиг намууд бий болж, нэг их сэтгэдэггүй юм сэтгэдэг юм шиг олон өнцгийн болсон болоогүй юм цуглуулж ярьдаг хүмүүс олширч намууд байгуулж эхэлсэн. Намууд Монголын ард түмнийг ёстой нэг хэрчиж, хувааж, хагалсан. Ашгүй дээ. Би энэ намуудад баяр хүргэе гэж бодож байгаа.
-Ард түмнийг хагалган бутаргасан нөхдөд яахаараа баяр хүргэдэг билээ?
-Намын тэргүүн та нар Монголын ард түмнийг хуваах гэсэн, үндэсний эв нягтралыг эвдэх гэсэн, монгол сэтгэлийн нэгдэл, чин сэтгэлийн бөөгнөрлийг хагалах гэсэн санаандаа хүрлээ. Та нарын намуудын мөрийн хөтөлбөр их амжилттай биеллээ. Одоо бүр газар бууж, газрын татах хүчинд орж хоёр хүн ч биентэйгээ таарахаа байлаа. Та нар эх орондоо ингэж дайсагнадаггүй юм. Та нарын хагалгаж бутаргаж байгаа зүй бус үзэгдэл хэтэрсэн гэж хэлэхэд багадна. Нэг биеийг ч хоёр хуваах шахаж байгаа чинь одоо болсон.
-Дээдсийн ёс жудаг ч өдрөөс өдөрт л муудсаар байх юм даа, хөөрхий…
-С.Жавхлан гишүүн УИХ-ын индэр дээрээс “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэж хэлж байхыг сонслоо. Ганцаараа үлдэх нь л дээ. Монголчууд нэг сандал дээрээс хүнийг хөөх нь битгий хэл хүнийг гар гэж хэлдэггүй юм шүү дээ. Энэ монгол жудаг. Магадгүй, Их хурлын даргын асуудлыг шийдэж чадахгүй байгаа чинь тэр монгол жудаг үйлчилж байж болох үндэстэй. Энэний дундуур манай залуу улстөрчдийн сэтгэл хөдлөл, гэнэн сэтгэл дэндүү гэнэн байна.
Сонгуулийн үеэр баганан дээр хадчихсан зураг нь урагдаа л, салхинд пар пар гээд дэрвээд байгаа юм шиг дүр л нүдэнд харагдаад байх юм. С.Жавхлан улаан малгайтай орос чихрийн цаас шиг юм суучихаад ингэж хэлэх, эсвэл ташуур барьж давхих нэг л зохимжгүй байна. Нэг их Монголоо боддог хүн болж жүжиглэнэ. Монгол цусыг ингэж сүржигнэж, ярьж хамгаалдаггүй юм. Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй.
Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн. Үл ойлгогч, юм бага уншсан улсууд “Еэ мөн сайхан юм хэлж байна” гэж хөөрөгдөөд байх юм. Үгүй энэ чинь ингэж амны алдас хийж яаж болох юм бэ. Хөдөө жаахан байхад нэг залуухан хүн хоёр хөгшинд ирж агсам тавиад, элдэв долоон юм донгосоод байлаа.
Өвгөн дуугарахгүй л байлаа. Хөдөөний буурлууд чинь ухаантай шүү дээ. Уул шиг юм сууж сууж “Борог нүдэлж, бор шувуу жиргээгүй байхад битгий хуц” гэнгүүт нөгөө агсам чинь дуугарч чадахаа байгаад гараад явсан. Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье. Юухан хээхэн болгонд улс төрийг хэрэглэж, юм болгон дээр “Монгол, Монгол” гэж хашгирснаар Монгол бөхөждөггүй юм. Хорвоод дэмий дэмий буруу ойлгодог хүн зөндөө бий.
Тэгээд нэг нь “Монголын төлөө үгүй мөн сайхан сэтгэлээ зориулж байгаа хүн” гээд хөөргөнө. Энэ салхилаад байгаа улсаас яг харийн овоо хараан дээр очиж зогсож чадах хүн хэд бол доо. Эх орныг бүхий л бие, сэтгэл, мах цусаа өгч, хэдэн үеийнхэн өчнөөн амьдралаа өгч хамгаалдаг юм. Энэ бидний доор гишгээд байгаа алт эрдэнэс чинь өвгөд дээдэс минь арьсаа хуулж бүтээж үлдээсэн, цусаа асгаж гагнасан, бидэнд тавьсан хоол. Хойч үедээ үүцэлсэн юм. Тэгэхэд солиорцгоогоод байх юм. Болиоч дээ. Даанч дээ, та нар. Би бол юм мэдэхгүй ухаан мунхаг хүн. Хүн болгон юм мэддэг болчихсон, нэг юм ярихаар л өөдөөс дэмийрцгээгээд. Уншсан юм байхгүй, гэгээрсэн юм байхгүй.
Уншсан номоо худлаа ярина. Хүн уншсан юмаа ярьж байна гээд миний уншсан юмыг худлаа яриад байхад би дургүй хүрдэг. Хүн ил ч, далд ч үнэн байх ёстой. Тиймээс гэгээрээч ээ гэж энэ парламентынханд хэлье. Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойшхи адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа. Би чамаас нэг юм асууя. Тангараг гэж юу юм бэ?
-Хэлсэндээ эзэн болох юм бол уу даа?
-Наадах чинь тийм нялх юм биш. Монголын иргэн байх уу, үгүй юу гэдгээ өргөдөг тангараг. Тугаа духандаа хүргэж байгаад баахан юм тангарагладаг. “Төрдөө өргөсөн тангаргаа няцвал би тэгнэ, ингэнэ” гэсэн бараг намайг алаарай гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга болоод Их хурлын зарим гишүүд төрд өргөсөн тангарагаасаа няцлаа. Ард түмэн тэнэг юм гэж бодоод түмний өмнө няцаж болдог байж. Төрийн өмнө ам алдаж, тангараг няцсан хүнийг төрт ёсны эртний түүхтэй Монгол яаж залхаадаг байлаа.
-Мохируулдаг л байсан байх даа?
-Үгүй тэр ёс тэгээд хаа байна. Чингис хаан алтан бүсээ хүзүүндээ өлгөж байгаад Бурхан Халдунд тангараг өргөдөг байсан. Тангарагтаа уултайгаа элбэж, тэнгэртэйгээ элбэж байгаад хүрэх шиг хүрсэн. Одоо үед эд нарт ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Тангаргийн тухай нэг ч ярихгүй. Төрийн тангаргаас няцаад байна шүү дээ. Төрөөс урваад байна шүү дээ. (Найрагч судас нь гүрийж яс арьс болсон хоёр гараа тэнгэр өөд сарвалзуулан дуугаа жаахан өндөрсгөв. сур) Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа. Тангараг няцсан хүнд арга хэмжээ авах зүйл анги алга уу. Өөрийнх нь өргөсөн тангараг дотор зүйл анги нь байгаа шүү дээ.
Төрийн тангараг няцсан хүнийг яадаг юм бэ, амьд ахуйд минь сэжүүрийг нь ч болтугай харуулаач гэж төрөөс гуймаар байна. Юунд ч дийлддэггүй тэнэгүүдээр Монгол Улс дүүрэх ёсгүй. Монгол бол дэлхийн ухааны их том сав. Энэ сав ариун байх ёстой. Би Монголын ард түмний өмнө хойд насандаа төлж барахгүй өртэй. Үүнийгээ би мэднэ. Хамгийн сүүлд амьд хүний хувьд ганцхан юм гуйхад үнэн үг хэлсний минь төлөө “Тэр муу өвгөн үхээсэй” гэж битгий зүхээд байгаарай. Над дээр үг овоолох газар байхгүй шороо овоолох л газар байгаа шүү!