2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

ИШДОРЖИЙН ЦЭРЭНЖАМЦ: Арван тавтай хөвгүүн би Дорнын найрагчийн өрөөнд шүлгээ уншиж байлаа

Төв цэнгэлдэхэд Мөөеө аварга, Баянаа аварга нар ханхайтал орж ирээд зүлэг ногоон дэвжээгээ тойроход үзэгчдийн сэтгэл булгилан догдолж, цаанаа л нэг тааламжтай аадар шаагих мэт алга ташин угтдаг. “Жижиг” Сүхбат аварга барилдахгүй ч гэлээ гандмал хүрэн тэрлэгтэйгээ орж ирэхэд олон түмэн уухайлан “хайр зарладаг”. Түүн лүгээ адил “Болор цом” болоход уран элэглэгч И.Цэрэнжамц гуайг алтан тайзнаа гарч уран шогоо хэлэхгүй бол үзэгчид цаанаа л нэг намдуухан намуухан байдаг. Монголын элэглэлийн нэрт мастер, соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Ишдоржийн Цэрэнжамцтай уулзаж хөөрөлдөж байснаа хүргэе.

-“Болор цом”-д таныг л элэглэл уншихгүй бол давсгүй хоол шиг санагдаад байдаг. Та элэглэл уншихдаа өөрөө огтхон ч инээхгүй атал үзэгчдийн элэг хөшчих гээд байдаг?

-Хошин шог зохиолчид тайзан дээр шүлгээ уншина гэдэг чинь үндсэн ажлаа хийж байна гэсэн үг. Ажлаа хийж байхдаа, барилгачин туйпуу өрж байхдаа, оёдолчин хувцас урлаж байхдаа тачигнатал хөхрөөд байдаггүй биз дээ. Тэрэнтэй л адил шог зохиолч хүн өөрөө инээх учир байхгүй. Хэрвээ үзэгчдийг дагаад инээчихвэл бараак (гологдол) гаргаж байна аа гэсэн үг. Шог зохиолч хүн үзэгч олон түмнийг анзаарч аль хэсэг дээр их инээж байна вэ гэдгийг мэдэрч байх ёстой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бүтээлийг хянаж байх учиртай.

-Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсөн 1945 он Монголын их утга зохиолд Бавуугийн Лхагвасүрэн, Балжирын Догмид, Дөнгөтийн Цоодол зэрэг олон сайхан уран бүтээлчдийг төрүүлж өгсөн байдаг. Та дөчин таван оныхонтой л яах аргагүй дөрөө харшсан онжав нь мөн дөө?

-Би их утга зохиолд орохын тухайд эднээс арай эрт хөл тавьсан хүн шүү дээ. Санхүүгийн техникумд сурч байхдаа арван тавхан настай хөвгүүн би дорнын их найрагч Бэгзийн Явуухулантай уулзаж, өрөөнд нь шүлгээ уншиж байв даа. Цоодол, Лхагвасүрэн нар сураггүй байсан тэртээх зууны жаран нэгэн оны юмыг чамд ярьж байна шүү. Хэдий ийм эрт хөл тавьсан ч санхүү бүртгэлийн ажил хийгээд утга зохиолоосоо нэг хэсэг хөндийрчихсөн юм. Ахин эргэж бичиж эхлэх үед Явуу найрагч яруу найргийн секцийн эрхлэгчийн ажлаа Дэндэвийн Пүрэвдорж гуайд өгчихсөн учир би дараагийн үеийн Зундуйн Дорж, Бямбажавын Хүрэлбаатар нартай нэгэн цаг үед харьяалагдах болсон хэрэг.

Би дөчин таван оны тахиа жилийн хавар төрсөн юм билээ. Ээж минь надад “Чи төрөөд гэрт багтахгүй, ямаа ишиглээд хотонд багтахгүй байсан. Миний хүү зуны эхэн сард төрсөн шүү” гэж захисан. Тэрийг нь хөөгөөд үзэхээр ихрийн ордод төрсөн байдаг. Ихрийн ордоо үхрийнх гэж их андуурч явсан. Тэр үеийн сүрхий тэмдэглэлт өдрөөр төрсөн өдрийг минь аваад паспорт дээр бичүүлчихгүй юу. Одоо бодоход тавдугаар сарын 13 хавьцаа юм билээ. Тэгээд өөртөө зориулж

“Их дэлгүүрийг их орос гэж эндүүрчээ.
Путин болох будаа!
Ихрийн ордоо үхрийн орд гэж андуурчээ.
Пушкин болох ч будаа” гэж бичсэн. Пушкин ихрийн орд юм билээ, уг нь.

-Явуухулан гуай дээр “арван таван наст капитан” шүлгүүд барьж очив уу?

-Тэр үеийн Зохиолчдын хороо Засгийн газрын ордон дотор байсан юм. Ордон руу ордог пропускийн товчоо Үндэсний түүхийн музейн байранд байдаг байсан. Оюутан хүүхдийн хувцас хунар харчихаад пропуск бичиж өгөхгүй шүү дээ. Жаран хоёр онд Зохиолчдын хороо Улсын мөрдөн байцаах газрын байранд ороход Явуу дээр орж шүлгээ уншиж өгч байлаа. Цав цагаан костюмтай, цав цагаан царайтай залуу “Илиада”, “Одессей”-г оросоор уншаад сууж байсан. Арын хананд нь Пушкины жигтэйхэн гоё том зураг өлгөөтэй. Нутаг ус, сургууль асуулаа. Завханых, Санхүүгийн техникумд сурдгаа хэллээ. Шүлгээ унштал сайн ч гэж хэлээгүй, муу ч гээгүй, бичээд бай л гэсэн. Долоо хоног шүлгээ завсар зайгүй бичээд ирж уншина.

Тэр үед хэн хэн Явууд шүлгээ уншиж байв гэхээр Ш.Сүрэнжав Их сургуулийн оюутан, П.Пүрэвсүрэн Улсын багшийн дээд сургуулийн түүх-газар зүйн ангийн оюутан, Ш.Дулмаа Эвлэлийн төв хорооны ажилтан, соёлын гавьяат болдог П.Сандуйжав, яруу найрагч Еэгийн Чулуун, сүүлд орчуулга хөөгөөд явчихсан сайн шүлэгтэй Батцэнгэлийн Бямбажав бид уншдаг байлаа.

Явуухулан Нийслэлийн залуу зохиолчдын нэгдлийг байгуулахад нэг номерт намайг бүртгэж авсан байдаг. Хоёр номерт Б.Бямбажав, гуравт Ш.Сүрэнжав бичигдсэн. Явуухулангийн нэгдлийн бүр анхных нь гишүүн би юм шүү. Явуугийн нэгдлийнхнээс 1963 онд Сүрэнжав, банхар Пүүжээ, Жамцын Шагдар гурвын ном шалгаран хэвлэгдэж байлаа. Тэр үед Данзаннямын Шагдарсүрэн л номоо гаргасан байсан.

-Дараагийн үеийнхэнтэйгээ дахин утга зохиолд орж ирсэн түүхээ хуваалцаач?

-З.Дорж, Б.Хүрэлбаатар, Ламжавын Лувсандорж эд нарын үе л дээ. Тэдэнтэйгээ шүлэг зохиолоо уншина. Би дээшээ ч үерхэнэ, доод үеийнхэнтэйгээ ч нөхөрлөнө. Тэгэхээр нэлээд чөлөөтэй цыган байгаа биз. Миний анхны “Цэнхэр агь” түүвэр бараг наяад оны өмнөхөн хэвлэгдсэн юм шүү. Пүрэвдорж найрагч миний тэр номыг үзчихээд “Чи ер нь хошин шог руу орвол яасан юм бэ” гэснээр хошин талыг бариад явчихсан юм. Б.Лхагвасүрэн, Л.Лувсандорж нар цойлон гарч ирээд “Ер нь би яруу найргийн бичлэгийн хувьд жаахан хуучиндуу юм уу даа” гэж өөрийгөө ч голж байсан. Ингэж л хошин тал руугаа орсон доо.

-“Болор цом” гучин хэдэн жил болоход та хэдэн удаа элэглэл уншсан байх юм?

-Тийм ч олон уншаагүй дээ. Арваад жил л уншсан байх. Пүрэвдорж гуай анх зохион байгуулахад уншиж байсан.

-Таны цээжинд олон сайхан элэглэл бэлэн зэхээний л байж байгаа даа?

-Элэглэл хийнэ гэдэг тийм амар ч юм биш. Пунцагийн Бадарчийг гэхэд бүтэн хоёр хоног дагаж явж байж элэглэл бичиж байлаа. Тэр хүнийхээ зан араншинг ажиглаж, зохиолын онгодлог чанар, зохиолын өөг нарийн анзаарч, сэтгэлгээний ямар эгзэгтэй байдал байна вэ, тэр бүхнийг анхаарна даа.

Бадарчийгаа хоёр өдөр дагасных

“Эхнэр бид хоёрын хуримын хос бөгж алтан эрдэнэ
Эхний номын авсан шагнал мөнгөн эрдэнэ
Идээ будаанд гэрэлтэх хамар шүрэн эрдэнэ
Энх хил дээр зүүсэн погоон номин эрдэнэ
Эрдэнэсантаас сурвалжилсан бүсгүй Оюун-Эрдэнэ
Эрээн зангианы шармал хавчаар зэс эрдэнэ
Эцсийн хоёр араа хүртэл ган эрдэнэ
Эрхэм найрагчийн зоосон толгой сувд эрдэнэ
Энэ биеэрээ Бадарч есөн эрдэнэ” гэж бичсэн. Эх бүтээлээр нь хийхээс гадна хүний үйлдлээр элэглэл хийж болно.

-Бүтээлээр нь элэглэл хийхээс гадна хүний үйлдлээр хийж болно гэлээ. Та нэг сайхан жишээ хэлээч?

-Би нэгэнтээ Сүрэнжавыг
“Ном уншихдаа цагаан шилээ зүүдэг
Номер цоллохдоо ягаан шилээ зүүдэг
Нойрноос сэрэхдээ ногоон шилээ зүүдэг” гэчихгүй юу.

-Сүрэнжав гуай жигтэйхэн их уурлав уу?

-Юундаа уурлахав. Харин ч хариу барьж
“Дагз нь үсээ барихаа байсан
Давсаг нь шээсээ барихаа байсан
Данс нь балансаа барихаа байсан” гэж явуулсан. Элэглэл гэдэг чинь ийм л лүдийн юм байгаа юм даа. Ер нь тэгээд хошин шог чинь давсан ухаан байгаа юм.

И.Цэрэнжамц-Давс шиг гашуун ухаарал гэсэн үг үү?

-Давс шиг биш л дээ хө. Хүнийг давах ухаан байхгүй юу. Дутуудуулаад шидчихвэл юу ч болохгүй. Доромж юм уу, гүтгэлэг болчихно. Хүний доог болно.

-Харин одооны элэглэл уншаад байгаа нөхөд та нарыг ердөө гүйцэхгүй санагдаад байдаг юм?

-Одоо элэглэл уншиж байгаа хүн байна уу. Би сайн мэдэхгүй юм. Орост дээр үед Иванов гэж сүрхий шогч байсан. Элэглэл чинь тодорхой нэг бүтээл дээр л төрдөг төрөл юм даа. Тэрнээс манайхан чинь хажуугаас нь хараад нөхөрсөг шог хийгээд байх юм.

Жишээ нь, Бавуугийн Лхагвасүрэнгийн “Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүн ээ би.
Аманд багтдаг байсан хөөрхөн хөл нь
Алтан дэлхийг онож ядан дэнчигнэнэ” гэдэг шүлэг байдаг даа. Яг энэ шүлэгт л элэглэл хийх ёстой юм. Би энэ шүлэгт элэглэл хийлээ гэж бодъё.
“Амрагаа би согтуу явахыг үзлээ, азгүй хүн ээ би.
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Аугаа орчлонг онож чадахгүй дэнчигнэнэ” Амрагийн хөл аманд багтана гэдэг чинь хөлийг нь мөөм шиг хөхдөг байх нь байна шүү дээ. (инээв)
“Залуу насны хань ижлийн дундуур
Завсар оруулахгүй гэж ам өгсөн чамайг
Бүдрэхдээ бүдрэх хорвоогийн жамд
Бүртийтэл орхих сэтгэл надад байгаагүй.
Ах нь дүүгээ согтуу явахыг хараад
Арилжааны банк дампуурах шиг уйтай” Одоо мань эр зай бариад эхэлж байгаа биз. Түрүүн “Амрагаа” гэж байснаа одоо “Ах нь дүүгээ…” гээд сэтгэл нь холдоод явчихаж байна шүү дээ.

“Ахыгаа чи саятан гэж бодов уу
Салахгүй юунд утасдаад байна.
Чи бид хоёр бие биедээ өргүй шүү
Тэгэхэд нэг уулзсанаа харин ах нь хэзээ ч мартахгүй ээ” Эх зохиол дээрээ “Аавыгаа чи хоёр болгон харж байгаа

Нэг нь үхэхэд нөгөө нь үлдэх юм шиг санаж байгаа” гэдэг биз дээ. Энийг л элэглэл гээд байгаа юм. Элэглэлээс гадна нийтийн хэрэглээнд, нийгэмд зориулсан хошигнол гэж байна.

-За, тэрнээсээ ганц нэгийг хэлээч?

-“Утас дуугарвал нохой нь авдаг
Ус гоожвол муур нь хаадаг
Авгай нь дуншихад хөрш нь өвддөг
Америк ер нь сонин орон”. Мөн биз. Би “Уран шор” уншъя л даа.

-“Уран шог” уншъя гэж үү?

-Уран шор юм л даа хө. Би удахгүй мянган бадаг “Уран шор” хэмээх номоо гаргах гээд бэлдээд байгаа юм. Дөрвөн мянган мөр шүлэглэсэн уран шор байх нь байна ш дээ.

“Мөнгөтэй боссын мяраалаг эхнэр
Морь унаж турахаар шийджээ.
Арван хил хасаж туржээ
Авгай биш морь туржээ” Энэ бол цагаахан инээдийг сонсогч, үзэгчид хайрлах хөнгөхөөн шог юм.

“Гуранз олширч, билүү цөөрсөөр
Гудамж олширч, талбай цөөрсөөр
Гуя олширч, тахиа цөөрсөөр
Гуанз олширч, нохой цөөрсөөр” гэхэд нийгмийн үзэгдлийг л хөнгөхөөн шордоод чимхчихэж байгаа юм.

-Ёоё, элэг хөшлөө. Та нээрээ баллана шүү?

-Чи ийм юм сонссон уу. “Авгай нь нөхрөө өглөө загнаад
Атар талх аваад ир гэжээ.
Архичин нөхөр нь дэлгүүрт ороод
“АПУ-гийн талх авъя” гэжээ.

-Дэндэвийн Пүрэвдорж багшийнхаа шүлэг зохиолд элэглэл хийв үү?

-“Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алаг нүдэн бүсгүйн
Шивээс алагласан бугуйн дээр
Ангирын бяцхан дэгдээхэй
Үхэтхийн ойчих тойром дээр
Алтны уурхайн сэглэсэн
Амьгүй зэгэл шороон дээр
Аавын мөнгөн хазаарын
Амгай шаргих зуузай дээр
Аймаг сумаараа талцсан
Айлын найрын дэмбээн дээр
Алиахан саарлыг сандаачсан
Хип хопын булгиан дээр
Ард түмнийг гундаасан
Авлигач ноёдын булхай дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичихээс ичнэ би” гэж “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ, би” шүлэгт нь элэглэл хийсэн.

-Нэг бүрийн элэглэлээс гадна нийтийн гал тогоонд зориулсан бүтээлээсээ сонирхуулаач?

-“Шаравын Сүрэнжав хөдөлмөрийн баатар болж мэднэ
Шар Мягмарсүрэн хөдөлмөрийн гавьяа зүүж мэднэ
Шагдарсүрэнгийн Цогтод хөшөө дурсгал босгож мэднэ
Шагдарын Дулмаа хөдөлгөөнт дасгал зааж мэднэ
Юм ер нь юу ч болж мэднэ.

Эвсэл намууд нүүрснээс шингэн гаргаж мэднэ
Эрдэмтэн докторууд нүднээс цахилгаан гаргаж мэднэ
Элбэгдорж НҮБ-ын ерөнхий болж мэднэ
Илжиг төрийн сүлдэн дотор давхиж мэднэ
Юм ер нь юу ч болж мэднэ

Бавуугийн Лхагвасүрэнд Нобелийн шагнал дурсгаж мэднэ
Балжирын Догмидод Лхамноржмаа дурлаж мэднэ
Бадарч Монголын төрөөс авсан шагналдаа уйлж мэднэ
Бавуудорж Монголын их амар амгаланд уурлаж мэднэ
Юм ер нь юу ч болж мэднэ

Бал дарга тэнгэрээс амилж ардчиллынхныг сандаргаж мэднэ
Балбар тэндээс асаж Ай.Төмөр-Очирыг шанаадаж мэднэ
Богдын хатад Цагаатгалын комиссоос нөхөн төлбөр нэхэж мэднэ
Бортолгой Чойбалсангийн хөшөөг авахаар хөөцөлдөж мэднэ
Бэтгэртлээ санасан өлсгөлөнгөө талбай дахин зарлаж мэднэ
Бизнес хөөж ямаачин болохоор тэмээчин Галсан хөдөөлж мэднэ
Юм ер нь юу ч болж мэднэ

Ариунаа дэлхийн бүх хүүхдүүдэд дуулаад
Хоолойгоо нөхөртөө тушааж мэднэ
Амай дэлхийн бүх улсыг тойроод
Хоёр хөлөө музейд өгч мэднэ
Явуухулан хэрвээ үсээ урт ургуулсан бол
Яг Христ шиг харагдаж мэднэ
Яруу найрагч Цоодолын Хулан
Явуугийн хулан байсан янцгааж шүлгээ уншиж мэднэ
Юм ер нь юу ч болж мэднэ

Украин Оростой нийлж мэднэ
Урд хөрш манайхтай нэгдэж мэднэ
Умард Солонгос Америкийг дэлсэж мэднэ
“Утгын чимэг” “Болор цом”-ыг дэглэж мэднэ

Юм ер нь юу ч болж мэднэ”

Энэ бол нийгмийн гал тогоонд зориулсан нийтийн элэглэл юм. “Болор цом”-ын эзэн яруу найрагч, манай “тороосон толгойт” Баттөрийн Мягмаржавын
“Мэлмэрээ нуурын хөвөөнд нь
Миний л ээжий суугаа даа
Нутаг, ээжээ санаад байнаа
Нулимсаа нуугаад уйлах уу даа” гээд дуу байдаг даа.

-Өөрийн эрхгүй аялагдаад ирдэг их сайхан дуу шүү?

-Энэ дууг гэхэд
“Мэлмэрээ нуурын хөвөөнд
Мягмаржав найрагч суугаа даа
Мэндийг нь эрсэн ээжийгээ танихгүй
Мөн чиг их уугаа даа” гэхэд хөөрхөн элэглэл болчихож байгаа биз. (И.Цэрэнжамц гуай өөртөө их таашаалтайгаар дуулж өгөв. сур) Хүн болгон мэддэг маш сайн шүлгээс элэглэл аяндаа төрдөг.

-Та “Уран шор” номынхоо шог бадгуудаас дуудаач?

-“Хулан, илжиг хоёрын
Худаг нэг байдаггүй
Хутга, хийл хоёрын
Хуй нэг байдаггүй”,

“Идэж барахгүй малтай
Исгэрч барахгүй талтай
Инээж барахгүй баяруудтай
Итгэж болохгүй намуудтай”,

“Яавал тань шиг ухаантай болох вэ гэж
Яамны хүн их эрдэмтнээс асуужээ.
Хариу зөвлөгөөг Ринчен гуай өгчээ

“Хамгийн гол нь тэнэгээ сайн нуу”,

“Мөнгөтэй болгон босс болжээ
Мөөмтэй бүхэн мисс болжээ
Мөгөөрстэй бүхэн гавьяат болжээ
Мөрдэстэй болгон генерал болжээ”,

“Засгийн газар Наран улсаас
Зээл тусламж зөндөө гуйсан
Үзэглэх гэрээндээ гарын үсэг зурахдаа
Үзгэндээ черниль бас гуйсан”,

“Эрдэм мэдлэг хэрвээ
Бэлгийн замаар халддаг бол
Энэ хорвоогийн хамгийн ухаантнууд
Биеэ үнэлэгчид байх байсан”,

“Эхнэртэй хүний хамгийн хэцүү нь
Эмэгтэй хүнийг хувцаслах
Эхнэргүй хүний хамгийн хэцүү нь
Эмэгтэй хүний хувцсыг тайлах” гэх мэтээр “Уран шор” хэмээх арван дөрвөн хэвлэлийн хуудас номоо бэлдээд сууж байна.

Энд нэг зүйл хэлэхэд одооны хүүхдүүд афоризмд онч үг гэсэн шал дэмий нэр томьёо өгөөд байх юм. Монгол хэлэнд цэцэн үг, мэргэн үг гэсэн сайхан нэршил байна шүү дээ. Миний эдгээр үгс бол шор үг юм. “Толгойн эм ашигтай зүйл. Толгойн эм байгаагүй бол толгойтой гэдгээ хүмүүс мэдэхгүй байх байсан” гэсэн үгэнд ямар цэцэн үг байна. Ямар мэргэн үг байна. Шордсон үг байгаа биз дээ. “Хүн гэдэг ичгүүргүй амьтан. Дүүжлэхэд хүртэл хэлээ гаргана” гэдэг афоризм чинь шордсон үг байгаа биз дээ.

-Олны танил улстөрчдийг шордож шогловол юу гэмээр байх юм бэ?

-“Очирбат Ерөнхийлөгчийг саяхан
Байгалийн музейгээс гарч явахад
Ойроос харсан хоёр оюутан
Бар явж байна гээд зугтаажээ”

-Очирбат гуайн царай нь ч барархуу юм, Монгол Улсыг Азийн бар болгоно гэсэнтэй нь дүйж л байна даа. Багабанди гуайг тэгвэл та нэг хэлээч?

-“Баянхонгорын Шаргалжуутад
Багабанди даргыг амрах сургаар
Барын бамбар нь айсуй гэж
Баахан амрагчийг үргээжээ” гэж байгаа юм.

Очирбат бар болсон юм чинь дараагийнх нь Ерөнхийлөгч бамбар болох нь тодорхой биз дээ.
“Хувьсгалт нэрнээсээ ичсэн шиг
Хуншгүй юм алга
Хундагаар сүү амсах шиг
Худлаа юм алга”.

Хошин шог гэдэг чинь хэт ихэсгэсэн юм уу, хэт багасгасан үнэнийг л хэлж байгаа юм. Дурангийн хардаг талаас биш нөгөө талаар нь аливаа юмыг харахтай ижил зүйл.

“Элбэгдорж Ерөнхийлөгчийн заалтан дор
Бүрэн эрхт улс минь байгаа
Эрдэнэчимэг гишүүний зуултан дор
Бүх Монголын тамхичид байгаа
Эрхэм Ерөнхий сайдын зандралтан дор
Эдийн засгийн хямрал байгаа” гэх мэтээр зөндөө олныг ярьж болох байна.

Үзэгчид гэдэг талбай дээр хүн өшиглөхөөр уурладаг атлаа тайзан дээр хүн өшиглөхөөр инээгээд байдаг их гэнэн улс. Тэгэхээр инээлгэх урлагийн орчныг бүрдүүлэх чухал.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img