2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

А.Идэрбат: Социализм бол “эмэгтэйлэг” нийгэм байсан, тэр нийгмийн улбаа арилаагүй байна

Манай сайт сошиалд, нийгэмд нөлөөлөгч залуустай цувралаар ярилцаж буй. Ээлжит зочин маань Apex Capital компанийн үүсгэн байгуулагчдын нэг, AvtaМata хөрөнгө оруулалтын аппликейшны үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулалтын зөвлөх, контент бүтээгч, номын зохиогч А.Идэрбат. Түүний facebook хуудас гэхэд 320 мянга гаруй дагагчтай. Ярилцлагын зочин маань сүүлийн 3 жилийн хугацаанд 1500 орчим контент бэлтгэжээ. Бидний ярилцлага түүний “Чиний ёс суртахуун, үнэт зүйлс бүхэлдээ бузартсан” гарчигтай нэгэн контентоос эхлэлтэйгээр нийгмийн үнэт зүйл, ёс суртахууны талаар өрнөсөн юм.

-Чамайг Герман улсад сурч боловсрол эзэмшсэн гэж сонсосон. Хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-1991оноос Германд сурч байгаад 2009 онд Монголдоо буцаж ирсэн. АНУ-д мөн нэг семистер сурсан. Тэнд байхдаа бараг л нэг ч монгол хүн таньдаггүй байсан. Учир нь ээж маань “монгол хүмүүс архи уудаг, мөнгө зээлдэг, зээлсэн мөнгөө буцааж өгдөггүй, хов жив, хэрүүлийн чанартай зүйл их ярьдаг тул харьцаад байх нэг их хэрэгггүй” гэж хэлдэг байсан юм. Ээжийн зөв байсан. Монголдоо ирсэн. Надаас мөнгө зээлсэн хүмүүс буцааж өгөөгүй. Баасан гаригийн орой бүр тасартлаа уудаг хүмүүс угтсан. Тасартлаа ууж байгаа гадаад хүнийг би хувьдаа огт харж байгаагүй.

Харин миний Монголд ирээд уулзсан хэд хэдэн монгол хүн тасартлаа ууж, ширээн дээрээ унтаад , сэрээд буцаж ууж байгааг хараад “шок”-нд орж байлаа. Миний хувьд business culture чиглэлээр суралцсан ч мэдлэг эзэмшиж төгссөн гэж боддоггүй. Хэзээ ч, хаана ч ашиглахгүй баахан онолуудтай л төгссөн Сургуулийг “хоосон толгой”-той л төгссөн дөө.

-Сошиал хуудастаа чи саяхан манай нийгмийн үнэт зүйл, ёс суртахууны талаар бичсэн байсан нь өөртэй чинь ярилцлага хийх сонирхлыг татсан. “Манай нийгмийн үнэт зүйл бузартсан” гэж хэлсэн байсан. Яагаад ингэж хэлэх болов?

-Өдөр бүр нүдэнд илт харагдаж байгаа шүү дээ. Хялбар, хурдан, амархан, гялалзуулья, зохицуулчихъя. Хэрэгтэй юм бол авилгаар, хэрэггүй ч гэсэн авилгаар зохицуулах гээд үзье гэнэ. Ёндоо, урамшуулал, мөнгө унагаая, мөнгө зохицуулъя гэх мэт үгс манай үгсийн санд хэдийн нэвтэрсэн. Засгийн газрын нэг сайд байя гэж бодъё. Салбарын сайд гэдэг бол номер 3,4 дэх асуудал. Номер нэг дэх асуудал бол олон жил намын пирамидаар дээш авирцгаасан явдал. Дээш авирах нь бөгс долоох, гутлын ул долоохоос авхуулаад таатай биш. “За даргаа” гэдэг үгийг үргэлж хэлнэ. Буруу зүйл харсан ч цааш харна. Энэ маягаар үргэлж хичээнэ.

Ажиглах юм бол Монголын Засгийн газрын амьдрах хугацаа маш богинохон. Ерөнхий сайд маш удаан хугацаанд эрх барихыг анх удаагаа л бид харж байна. Өмнө нь дандаа л “араас нь хутгалаад” унагаачихна. Түүхийг нь харах юм бол Ерөнхий сайдынх нь дундаж наслалт хоёр жил. Үүнийг хүн бүр л мэддэг. Намынхаа пирамидаар дээшээ тасралтгүй 16 жил “бөгс долооё” гэж бодоход үр дүнгээ хүртэх хугацаа хоёрхон жил. Тасалбар авахын тулд маш олон жилийг зарцуулсан тул хоёр жилийн хугацаанд төлбөрөө буцаагаад нөхөж авах гэж улайрна. Ингээд харах юм бол асуудлыг шийдэхгүйгээр намдаачихъя, гялалзуулчихья, аргалчихъя гэх мэтчилэн урт хугацааны зүйлс бидэнд ерөөсөө ч байхгүй.

-Манай нийгэм бүх түвшинд үнэт зүйлгүй болжээ гэвэл чи санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Хоёр, гуравдугаар ангийн хүүхдүүд хүртэл “шилдэг сурагч” өргөмжлөл авахын тулд 10 мянган төгрөгөөс авхуулаад мөнгө өгч авалцдаг гээд чи бод доо. Дүнг нь онц гаргуулахын тулд эцэг, эхчүүд нь багш нарынх нь араас явж байх жишээтэй. Багаасаа дээшээгээ “бузартсан” л нийгэм харагдаж байна.

-Бид ёс суртахуунаа сайжруулах тал дээр яг яаж анхаарах ёстой юм бол?

-Бид ёс суртахуунаа 100 гаруй жилийн өмнө устгачихсан. Лам нарыгаа устгаж үгүй хийсэн. Орос, Хятадууд ч мөн ялгаагүй. Хойд амьдралд ерөөсөө итгэдэггүй. Энэ амьдралдаа бид бүгдийг бүтээнэ гэж боддог.

Ямар улс орнууд хамгийн их тансагладаг юм бэ гээд харахаар үндсэн ёс суртахуунаа устгасан улс орнууд л байдаг. Социалист, коммунист намын хөдөлгөөнүүдийн дээр ганцхан нам гэдэг зүйл л байсан. Тэдний дээр ямар нэгэн шашин, дүрэм байгаагүй. Дайсан гараад ирвэл устгах ёстой. Таалагдахгүй зүйл гараад ирвэл шоронд хийнэ гэх мэтчилэнгээр шийдэж ирсэн. Хойд амьдрал гэж байхгүй юм чинь, там гэж байхгүй юм чинь энэ амьдралдаа би бүх зүйлийг хийж болно гэж бодоцгоодог.

Намын дарга нгэх хүн нь бараг бурханы дайтай нөлөө хүндтэй болчихсон. Мао, Сталин нь бараг хүн шиг байхаа болиод хэдэн зуун саяар нь хүмүүсийг алсан шүү дээ. Гэвч улс оронд нь ёс суртахуун гэж зүйл байхгүй болохоор тэд дураараа аашлагчид болсон. Хэрэв ёс суртахуун гэж зүйл байсан бол тэднийг чөтгөр юм байна гэдгийг олж хараад хэн нэг нь гарч ирж тэр хүмүүсийг холдуулах байсан. Манай Монгол Улс үүнтэй ялгаагүй болчихоод байна л даа, харамсалтай нь.

Компьютерийн системээр ярих юм бол бид форматлагдсан. Социалист нийгмийн шашин нь худлаа байж таарсан. Эмэгтэйчүүдийг би энэ яриагаар шүүмжлэх гээгүй юм шүү. Чи ажлын байрандаа, орон сууцандаа бүү санаа зов гэсэн. Хоёр хүйсийн хувьд харвал халамж гэдэг бол ээж, хариуцлага бол аав талдаа шүү дээ. Энэ утгаараа социализм бол эмэгтэйлэг нийгэм байсан.

Юундаа ч битгий санаа зов. Ажлын байрандаа бүтээмж гаргах эсэхэд санаа зовох ч хэрэггүй гэнэ. Социалист нийгэмд та санаачлагатай байх юм бол өөрийгөө зовооно гэсэн үг. Илүү хөдөлмөрлөөд ч үр шимээ авах боломжгүй. Бүх зүйл тэгш адил байх ёстой тул чи бусдаас илүү гарч болохгүй. Иймээс хүн гэдэг амьтны эсрэг дүрмээр маш олон жил явсан.

Социализм нурсны дараа бие дааж чаддаг хүмүүс маш цөөхөн тул манай улс маш их тусламж, хандивыг гадаадаас авдаг “гуйлгачин улс” болсон. Германаас Монголд ирэхдээ гайхсан зүйлийн нэг нь эрчүүдийн PC тоглоомонд донтсон байдал, өдөр бүрийн архидалт байсан. Цөөхөн эрэгтэй биш бүр маш олон эрчүүд ийм асуудалтай нь тод анзаарагдсан. Тэд ажлын байргүй, бүтээмжгүй мөртлөө үргэлж архины мөнгөтэй… Ерөнхийд нь харах юм бол энэ бүгд “эмэгтэй нийгэм”-ийн шийтгэл. Одоо ч гэсэн хэвээрээ… Ийм эрэгтэйчүүдтэй нийгэмд жинхэнэ эр хүмүүс дутаж байгаа шүү дээ. Гэр бүл салалт, “онцгүй аав”, “алга болсон аав”… Нөгөө талаасаа энэ улс ямар олон гайхалтай хөдөлмөрч эмэгтэйчүүдтэй юм бэ.

Таванбогд группт ажиллаж байхад бүтээмжтэй ажлын байруудын ихэнх нь эмэгтэйчүүд байсан. Маш олон эмэгтэй захирлууд, ажлыг нугалдаг хүмүүс нь эмэгтэйчүүд. “Том толгой”-той, их зантай, өөрийгөө хөгжүүлдэггүй хүмүүс нь эрчүүд. Эмэгтэйчүүд угаасаа халамж өгч, хайрлах дуртай.

Тиймээс тэр 20-30 настай эрчүүд PC тоглоом тоглох дуртай байгаа юм. Ард нь түүнийг өрөвдөөд халамжлаад явдаг эмэгтэй байдаг учраас тэр. Энэ мэтчилэн бид социализмаас эхлээд “эмэгтэйлэг нийгэм”-ийг эхлүүлсэн. Одоо ч тэр нь үргэлжлээд явж байна. Ямар нэгэн асуудал гарах л юм бол бид талбай дээр очоод мөнгө гуйдаг. Сонгууль болоход халамж амладаг. Гаднын улс орноор явахдаа ч тэндээс эндээс тусламж олж ирлээ гэх зэргээр л ярьдаг.

А.Идэрбат-Бидний ярилцлагыг яг энэ хүртэл уншиж буй уншигчид “за арай ч хэтрүүлж ярьж байна даа. Үнэт зүйлгүй бол яаж өдийг хүртэл бид явж ирдэг юм бэ, бүгдээрээ ёс суртахуунгүй байна гэж юу байх вэ дээ…” гэх зэргээр чиний яриаг хэтрүүлэг гэж харж байж болох юм. Ингэж бодож байгаа хүмүүст дахиад нэг тодорхой жишээ ярьж болох уу?

-Дэлгүүрийн кассанд, АТМ-д дугаарлаж чаддаггүй, автомашины зам дээр соёлтой явж чаддаггүй, гудамжинд алхахдаа зүгээр л нусаа эрээ, цээргүй нийж чаддаг. Асуудал гарах юм бол ганданд очоод ном уншуулдаг. Бурханд авилга санал болгож байна гэсэн үг шүү дээ. Гэсэн мөртлөө өөр рүүгээ хэзээ ч хардаггүй. Баахан мөнгөтэй ч, их зантай. Юу ч бүтээгээгүй мөртлөө “чи хэн бэ” гэдэг асуултыг нэг нэгэндээ тавиад хүүхэд маягаараа явж л байдаг. Цааш нь үргэлжлүүлэх үү?

-Цааш нь өөр хүмүүс үргэлжлүүлэг. Ингээд зогсъё.

-Бүгд ийм биш л дээ. Ёс суртахуунтай хэсэг нь ч бий. Гэхдээ ихэвчлэн жүжиг өрнөж байна даа, манай нийгэмд. Дээлээ өмсөөд сайхан мэдээ бэлдчихнэ. Дараа долоо хоногт нь гудамжиндаа гараад “п”-гээ хэлээд шүлсээ хаяад явдаг хүмүүс хаа сайгүй. Мөнгөтэй болсон ч тэр эмчилгээ болохгүй, тэрэндээ ханахгүй. Машин, байраараа гайхуулна. “Чи бол хүн биш би бол илүү хүн” гэх мэтчилэн хандлага хөвөрнө. Энэ мэтээр яривал сүүлдээ өөрөө ядармаар.

-Чи сошиал хуудастаа “залуу хүмүүс бол эсэргүүцэгч, угаасаа тэгдэг ч ёстой. Харин 50, 60 настанууд бол зууралдаад салж өгдөггүй хэв маягтай.” гэж бичсэн байсан. Зууралдах тухайд улстөрч, дарга нарын жишээ нь дээр тайлбарласан байсан.

-Залуучуудад алдах зүйл байхгүй. Талбайн “Ажлаа хий” жагсаал дээр орилоод явж байсан нь хэн байсан бэ гээд харах юм бол залуус л байсан.

-Тийм шүү. “Нүүрсний хулгайчидтай” тэмцэх жагсаалд ихэнх нь л залуус харагдсан.

-“Ажлаа хий” арай өөр жагсаал байсан.

-Тийм байсан бил үү?

-Нийгмийн санах чадвар муу байгаа биз? Ямар луйвар нь байсан эсэхийг ялгаж санахдаа муу. Залууст угаасаа алдах зүйл байхгүй. Тэд хүсэл мөрөөдөлтэй. Тэд тоглоомынхоо талбайг эзлэх ёстой. Тоглоомын талбайтай болсныхоо дараа түүнийгээ хамгаална. Энэ бол амьтны ертөнцөд ч харагдаж буй, бидэн дээр ч харагдаж байгаа зүйл.

-Ямар ч нэртэй, ямар ч луйврын эсрэг жагсаал болсон ихэнх эсэргүүцэгч нь залуус байдаг. Гэхдээ тэдэнд хамгаалах хангалттай үнэт зүйл байхгүйгээс болоод ч тэр үү, үнэт зүйлээ ойлгоогүй, олоогүй болоод ч тэр үү эсэргүүцэл, тэмцэл нь 2-3 хоногийн үр дүнгүй жагсаалаар төгсөх үзэгдэл ажиглагддаг…?

-Циклтэй л холбоотой. Нийгмийн бухимдал бага багаар нэмэгдэж л байна. Улстөрчдийн хувьд түүнийг нь хараад “Баларч байна. Чи хөгшөөн талбай дээр гараад хэдэн амлалт өгчих өө” гээд л намдаах гэж оролдоно. Ерөнхийлөгч бас ордон руугаа явдаг замаа хаасан байсан тийм ээ (инээв).

Хэзээ нэгэн цагт сав нь дүүрэх байх. Сав дүүрэх гэж бас уддаг. Залуусын буруу гэж би ерөөсөө ч хэлэхгүй. Массын сэтгэлзүй “хөөсрөх” цаг нь ирдэг. Жишээлбэл, 1991 онд Тянмяны талбай дээр юу боллоо? Монголд мөн л нийгмийн сав нь дүүрэхэд маш удаан хугацаа шаардагдсан. 1940-өөд оноос эхлээд 1991 он хүртэл урт хугацаа үргэлжилсэн. Тэгээд 1991 оноос эхлээд л залуу оюутнууд Ц.Элбэгдоржоос эхлээд С.Зориг гэх мэт залуус бослого гаргаад хувьсгал болсон. Тийм цаг үе нь одоо арай ирээгүй байна.

-Тэдгээр залуус бол үнэт зүйлтэйгээр эсэргүүцсэн юм шиг санагддаг…?

-Тийм. Тэд маш гоё үнэт зүйлтэй байсан. Барууны ном уншсан залуус байсан.

-Тэд цалин нэмэхийн төлөө жагсаагүй…

-Тийм. Тэд ядаж л Ницше уншсан залуус байсан, бас өндөр ёс суртахуунтай. Харин сайд болоод ирмэгцээ “өө, мөнгө гэдэг зүйл бас байна ш дээ” гээд л ерөнхийдөө “бузартсан” л даа. Гэхдээ тэр систем нь тэр чигтээ аюултай.

-“Гучин гэр бүл”гэдэг шиг уг нь манай нийгэмд үгээ хэлдэг, өндөр оролцоотой байгаасай гэмээр 30 залуу гараад ирвэл өөр дөө гэж боддог. Шинэ үеийн, оюунлаг, бусдадаа нөлөөлөхүйц тийм залуус уг нь байна. Тэр залуус чиний хэлдэгээр үнэт зүйлгүй, ёс суртахуунаа алдсан нийгмийн төлөө талбай дээр гарч жагсахгүй нь бас бодитой үнэн. Жишээлбэл, чи талбай дээр гарч ямар нэгэн жагсаал, цуглаанд оролцож байв уу?

-Ажигласан. Гэхдээ урд нь гарч зогсох тэмцэл бол хийгээгүй.

-Яагаад?

-Би тэр хөдөлгөөнүүдийн үндсэн суурь зорилгыг яг сайн ойлгоогүй. Шууд хэлэхэд би тийм залуу хүмүүсийн нэг биш. Ядаргаатай юм нь юу юм бэ гэвэл би “алдах юм”-тай. Өнгөрсөн 12 жил маш их хөдөлмөрлөсөн. Тэгээд “алдах юм”-тай болсон. Бослого хийж байгаа залуус “алдах юм”-тай ч, цаана эь компани, гэр бүл, мөнгө хөрөнгө гэсэн зүйл байхгүй. Тиймээс би нөгөө “зууралддаг” хэсэг рүү хувирч эхэлж байгаа гэх юм уу. Тэгээд ч одоохондоо цаг үе нь биш.

Цаг нь ирэхээр нь миний үнэт зүйл, характер шалгагдах байх. Алдах зүйлсээ тэр “мөрийтэй тоглоом”-нд тавих нь уу, үгүй юу би ч бас өөрийгөө хармаар байна. Хулчгартаа худалч болох уу эсвэл тухайн үедээ баатар болох уу мэдэхгүй байна. Сав нь дүүрч, цаг нь ирэхээр цусанд мэдрэгддэг байх аа. Тийм цаг үе ирвэл би ч гэсэн өөрийгөө хармаар байна.

-Энэ ярилцлагаараа нийгмийг ч, хүмүүсийг ч үнэт зүйлгүй байгаа тухай ярилцлаа. Хүн ч, нийгэм ч үнэт зүйлгүй болсон бол түүнийгээ хайх хэрэгтэй болно. Тэгтэл чи “өөрийгөө хайж олно гэдэг шиг худал зүйл байдаггүй шүү” гээд бас бичсэн байсан.

-Тийм. Өөрийгөө бүтээх ёстой.

-Тэгвэл чинийхээр бид өөрсдийн үнэт зүйл, ёс суртахуунаа бүтээх хэрэгтэй гэж үү?

-Тийм. Гэхдээ шинжлэх ухаан дээр үндэслэсэн ёс суртахуун угаасаа хол явахгүй. Барууныхан дээр одоо яг харагдаж байгаа үзэгдэл. Ижил хүйстэн, трансжендерүүдийг заавал оруулах ёстой гэнэ. АНУ гэсэн зүйл байхгүй хүн бүрт нээлттэй гэнэ. Эдийн засгийн систем дээр ч тодорхой биш. Ажлын байран дээр гэхэд ази хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг. Хувь хүн өөрийн ёс суртахуунаа олох тухайд дотор чинь угаасаа хоосон. Арван найман настай хүний дотор бүр ч хоосон. Бүтээсэн зүйл байхгүй Монголдоо муу аавтай, мундаг ээжтэй гэр бүлийнхэндээ эрхэлчихсэн, зовлонгийн амтыг мэдрээгүй тийм хүмүүс өөрийгөө бүтээнэ гэж угаасаа байхгүй. Урагшаа гарч байлдааны талбар руу орж байж л сонголтоо хийнэ. Амьдрал ном журмаараа урсаад явж байгаа үед үнэт зүйлээ олно гэж бас байхгүй.

-Аз жаргалтайгаар амжилтад хүрнэ гэж байдаггүй гэж үү?
You sent

-Аз жаргал гэдэг ганц хором. Маш хурдан хийсээд явчихдаг. Би өөрөө шашинлаг хүн биш гэхдээ Библи дээр диваажингийн тухай бичсэнийг уншсан. Хүмүүстэй ярилцаж байхдаа “хөөе чи, үхээд биш одоо шууд диваажин руу явах уу” гэхэд ихэнх хүмүүс зөвшөөрч байсан. Диваажин дотор бүх мөрөөдөл чинь шууд л биелнэ. Тэрбум төгрөг, сая доллартай болмоор байвал шууд л тэнгэрээс унаад ирчихдэг. Ингээд харах юм бол би хувьдаа диваажинд 5-6 хоноод уйдаж эхэлнэ.

Гэдсээ дүүргэсэн арслан шиг толгойгоо ажиллуулах шаардлаггүй хэвтээд л байх хэрэгтэй болно. Гэвч бидний бие махбодь угаасаа тэгэх чадваргүй. Диваажинд очоод хүслээ биелүүлж эхэлбэл солиорч эхэлнэ. Миний таамгаар би бол нэг сарын дараа гэхэд бүх туршиж үзэх боломжтой хар тамхи, архи дарс бүгдийг нь туршиж үзээд хагас жилийн дараа диваажиндаа амиа хорлох гэж оролдох байх аа. Тийм учраас яг юу хүсч байгаагаа сайн бодоорой. Библид бас сонирхолтой санагдсан нэг зүйл байсан.

Бурхан диваажинг бүтээснийхээ дараа диваажин дотор нэг могой байршуулсан. Гэнэт тэнд уйдаж үхэж, амиа хорлох гэж байсан Идэрбат гэнэт тэр могойтой тэмцэлдэж эхэлж байгаа юм. Тэгээд тэр диваажин утга учиртай болж эхэлнэ. Тиймээс зовлон, маргаан, шийдэж чадахгүй зүйлс, айдсын цаана утга учир байдаг. Үргэлж шүү. Аз жаргал хэзээ мэдрэгдсэн юм бэ гээд бодоход асуудал шийдсэний дараа, чадахгүй зүйлээ чадсаны дараа л бид сайхан мэдрэмж авдаг. Бидний суурь программ энэ шүү дээ. Харин хүмүүс үүний эсрэг байхыг хүсдэг. Хөнгөн, хийсвэр өссөн хүүхдүүд “хоосон”, “сүнсгүй” байдаг. Одоо дээрээс нь сэтгэлзүйн асуудлууд нэмэгдэж байна. Сурах сургуулийг нь ээж нь сонгоод өгчихдөг.

Саяхан хүүгээсээ сонссон нэг жишээ гэвэл ангийнх нь хүүхдийн гэрийн даалгаврыг ээж, аав нь хийж өгдөг юм байна. Тийм хүүхдүүд 18 нас хүрээд их сургуульд ороход ч аав, ээж нь араас нь бүх зүйлийг нь хийж өгөөд нэг ч удаа тодорхойгүй нөхцөл байдалд орж үзээгүй хүн яаж шинэ ажлын байран дээр гарах юм бэ? “Би хүүхдээ юугаар ч дутаахгүй” гэж өсгөсөн ээж энэ зорилгоо амжилттай биелүүлж чадах юм бол хүүхэд нь тэгээд л “дуусаа…” Зайсан хавиар дүүрэн ийм хүүхдүүд. Хүүхдээ юугаар ч дутаахгүй гэдэг нь цаанаа хүүхдийнхээ шаардлагуудыг хулгай хийж байгаа гэсэн үг. Хөдөлмөрлөх, унаад буцаад босож ирэх, урт хугацаандаа сэтгэх, шинээр сэтгэх, зах зээлд өрсөлдөх, тэмцэх гээд энэ бүгдийг нь дээрэмдэж байгаа хэрэг. Тийм иргэнийг бүтээмээр байгаа юм бол амжилт хүсье л гэе дээ.

-Харин ч юмтай хангалуун өсөх ёстой, “дутуугийн комплекс”-той хүн гээд л нэгнээ шүүмжилдэг шүү дээ, бид?

-Байр нь ааваасаа, машин нь ээжээсээ, цалингийн зээл авахаар нь бас л ээж нь төлдөг. Эмээ, өвөө дээрээ эрхэлж очдог, хувцсаа угааж чаддаггүй хүүхэдтэй байснаас жаахан дутуугийн комплекстой байх нь хамаагүй дээр. Тэр дутуугийн комплексийг хурц өгөх шаардлагагүй. Сургууль руу нь уранхай хувцастай явуулаарай гэж хэлээгүй. Насанд нь таарсан сорилтууд олон бий. Найман настай хүүхдийг “чи өөрөө өндөгөө шараад, өдрийн хоолоо өөрөө хийгээрэй” гэх зэргээр сорилтуудыг өгөх хэрэгтэй.

Би 11 настай хүүхдээ өглөө сэрээчихээд аав нь ахиад 15 минут унтлаа, чи өөрөө өглөөний болон авч явах өдрийн хоолоо хийгээд дууссаны дараа намайг сэрээгээрэй, тэгэхээр чинь явья гэдэг. Би хүүгээ компанидаа хүртэл ажиллуулдаг. Арван найман нас хүртэл нь хагарах, эвдрэх эмзэг өндөг шиг хандахгүй гэж боддог.

-Бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийг бид өөрсдөө үйлдвэрлээд байна гэж үү?

-Яг үнэн. Тэд хаана хүрэх нь тодорхой. Хулчгар, өөртөө итгэлгүй хүмүүс нийгэмд гарч ирнэ.

-Ийм төрлийн хүмүүсээс нөгөө үнэт зүйл, ёс суртахууныг хүлээх нь 2023 дахь асуудал болох уу?

-Ёс суртахуун байхгүй шүү дээ. Алдаа хийх юм бол ээж намайг өмөөрнө. Би алдаа хийх юм бол минийх биш тэр хүний алдаа. Яамдуудад даргын “шахааны хүүхдүүд” гэж байдаг даа. Юу ч хийж чадахгүй. Ганц чаддаг зүйл нь том эго, их зан. Тиймэрхүү хүмүүсээр л нийгмээ дүүргэнэ. Тэд дээшээгээ бол маш найрсаг хандахаа мэднэ. Өөрөөсөө доош хүмүүс рүү бол шүлсээ хаяж гутлаа шиднэ дээ. Ийм л ёс суртахуунтай хүмүүсийг бид бүтээж байна. Баяр хүргье гэж хэлмээр байна.

-Одоо тэгвэл залууст эерэг талаас нь мотиваци өгөөч гэж хүсмээр байна. 18 түүнээс дээш насны залуусын хувьд тэгвэл нийгэмд өөрийгөө бүтээхийн тулд тэгвэл юунаас эхлэх ёстой вэ?

-18 наснаасаа өмнө сонголтоо хийх хэрэгтэй. Сонголтоо бас өөрчилж болно. “Сонголтоо зөв хиймээр байна, амархан хиймээр байна” гэж солиорох хэрэггүй. Ирээдүй гэдэг угаасаа биш, харанхуй өрөө, тунель шүү дээ. Би чиний тунелийг гэрэлтүүлнэ гэж угаасаа байхгүй. Сонголтоо өөрөө хий. Хоёр настай хүүхдэд бид бурхан юм шиг ханддаг.

Найман настай хүүхдэд зан чанар нь харагдаад эхэлнэ. Харин 18 настай хүүхдэд бид арай өөрөөр хандаж эхэлдэг. Тэр 18 настай хүүхэд өдөржингөө PC тоглож байгаа бол ирээдүйтэйгээ хэлцэл хийхгүй байна гэсэн үг. Сонголтоо хийхгүй байгаа хэрэг. Сонголт хийнэ гэдэг хийх зүйлээ олохыг хэлнэ. Өөрийн бүх потенциалаа түүндээ зориулж бусдыг нь хаяж байна. Майкл Жордон 36 нас хүртлээ идэх хоолоо хийж чаддаггүй хүн байсан. Учир нь тэр өдөржингөө ганц л зүйлийг хийсэн. Бусад хийж болох бүх зүйлсийг орхисон. Сонголт бол энэ.

25-30 настай эрэгтэйчүүд PC тоглож байгаа бол хүүхэд насны потенциалаараа сонголтоо хийгээгүй байгаагийн л илрэл. Сонголт юу ч байж болно. Шинэ эдийн засаг гээд ярихад бүүмер шиг сонсогдож байж магадгүй. Контент, youtube,интернэт байна. Тоглоом тоглодог контент бүтээгээд мөнгө олж болж байна. Зүгээр л гэрээ цэвэрлэж байгаагаа харуулдаг Японы 8 сая дагагчтай суваг бий. Өөрийн тэжээж буй амьтны тухай ч контент хийж болж байна. Миний хэлэх гэж байгаа зүйл бол 30-40 жилийн өмнө хийх зүйл хязгаарлагдмал байсан бол одоо бол юу ч хийж болдог цаг үед бид амьдарч байна. Осоржамаа байсан ч, трансжендер Солонго байсан ч баяжчих боломж байна. Мөнгө ярьсан Идэрбат болоод баяжчихаж болж байна.

Зөв хүмүүсийн нүдэнд харагддаг контент хийгээд л болчихож байна. Өмнө ярьсанчлан буруу сонголтын өртөг улам буурч байна. Миний амьдралын хувьд өмнө нь хийж байсан сонголтууд хэзээ ч бүтэлгүйтээгүй. Төлөвлөж, мөрөөдсөн зүйл хэзээ ч явдаггүй ч оролдож хийж үзсэн бүхэн буцаад үр шимээ өгч байсан. Залууст хандаж хэлэхэд сонголтоо хий гэмээр байна. Гэхдээ гурван сарын дараа үр дүнгээ үзэхийг хүлээх хэрэггүй. Бүх зүйлд 6-8 жил тэр замаараа алхаж байж далайцтай үр дүн гарч ирдэг.

-Яаж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ гэдэг асуулт чамд зөндөө ирдэг байх. Хамгийн чухал зөвлөгөө нь юу вэ?

-Урлагийн хүмүүсийг харах юм бол аз жаргалтай байхын тулд санхүүгийн эрх чөлөө хэрэггүй. Хүний л сонголт. Миний хувьд бол мөнгө чухал. Хүн бүрийн сонголтоос шалтгаална. Гол нь сонголтоо жинхнээсээ хийгээрэй гэж хэлнэ. Маш олон хулчгар лүүзерүүд “мөнгө тийм чухал биш ш дээ” гэдэг юм. Тэгж хэлж байгаа хүмүүст би окау, тэгвэл энэ миний дансны дугаар шүү, үлдсэн мөнгөө над рууявуулчихаарай гэж хэлдэг. Тэд чимээгүй болчихдог. Үүгээрээ битгий ийм худалч байгаарай гэж хэлэх гэсэн юм. Амжилтад хүрэхийн тулд өөрийгөө, мөрөөдлүүдээ, дотор байгаа потенциалуудаа золиослох хэрэгтэй.

Нэг зүйлийг мэдрэл муутай юм шигээр хийгээд явахад амжилтад хүрдэг юм. Энэ бол байгалийн дүрэм. Жишээлбэл, би өнгөрсөн гурван жилийн хугацаанд 1142 контент хийсэн байна. Фэйсбүүктэй нийлээд харах юм бол энэ тоо 1500 орчим болно. Хуваах юм бол гурван жилийн хугацаанд би өдөрт нэгээс дээш тооны контент хийсэн байна. Өдөр бүр нэг контент хийхээр гурван жилийн хугацаанд угаасаа сайжрах нь тодорхой зүйл. Энэ ч бас золиос. Би энэ он жилүүдэд өөр зүйл хийх боломжтой байсан. Компютер тоглоом тоглож, найзуудтайгаа архидах, тухтай байх боломжтой байсан. Энэ бүгдийг золиосолсон.

Би бараг оффисиосоо гардаггүй. Хүмүүст гадуур явж уулзалт зэргийг хийдэггүй. Өглөө 07 цагт оффистоо ирээд ажлаа эхэлж, оройн 21-22 цагт дуусгадаг. Учир нь би сонголтоо хийсэн тул бусад зүйлсийг хийхгүй байна. Хааяа дотроо компютер тоглоом тоглох тухай боддог. Учир нь би өсвөр насандаа дуртай байсан. Одоо бол түүнийг золиослоод шатаачихсан. Нийгмийн харилцаанд нэг их сүртэй оролцдоггүй. Тэр хэрээр найзууд ч цөөрсөн. Бараг хоббигүй болсон. Нэг талаар их өрөвдөлтэй амьдрал харагдаж байж магадгүй. Гэхдээ энэ бүгдийг золиосолсон юм. Тиймдээ ч энэ жилд гурван ном бичсэн.

-Ямар гурван ном бичсэн бэ?

-Fucking money-2 гэхдээ түүнийг Time to die буюу “Үхэх цаг болсон шүү” гэж нэрлэсэн. Үхээд шинээр төрөх цаг чинь болсон шүү гэсэн утгатай юм. “Power” номыг жилийн өмнө бичээд гаргасан. Энэ номыг бичих нь миний хувьд “хатуу самар” байсан. Маш өндөр түвшиний ном бичсэн нь амжилт олоогүй. Энэ нь буруу байсан. Энэ алдаагаа засаад хүртээмжэйгээр борлуулалт, маркетинг, ятгах чадварын тухай ном бичсэн. Одоогоор ёс суртахуун, үнэт зүйлсийг өөрчлөх тухай номоо бичээд дууссан байна. Энэ бүгдийг ярьж байгаа нь би бусдаас илүү ухаантай ерөөсөө ч биш. Бас амар, хялбар аргыг сонгоогүй. Би өөрийн сонголтоо хийсэн.

Тэр замаараа л явж байна. Би гадуур өдрийн хоол ч иддэггүй. Оффисоосоо гардаггүй нэг амьтан. Амралтын өдрүүдээр ч ажилладаг. Хүүхдүүдээ оффистоо авчраад үр бүтээлтэй цагийг нь өнгөрүүлдэг. Жишээлбэл, би 7 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэддээ орчныг нь бүрдүүлж өгөөд дасгал, үсэг зэргийг нэмж зааж байна. Том хүү маань мөн video editing хийнэ гэх мэтээр амьдарч байна. Заримдаа өөрийгөө “мэдрэл муутай юм уу хаашаа юм бэ” гэж хэлмээр харагддаг ч, энэ амьдрал маань надад таалагдаж байна л даа. Гоё байна.

-Чиний ярианаас маш сайн төвлөрч чаддаг хүн болохыг чинь олж мэдлээ. Бидний одоогийн амьдралын хэв маягт цаг, хугацаанаас илүү төвлөрөл хамгийн чухал нь болсон юм шиг…

-Тийм. Тийм учраас өглөө 6.15 гээд л түгжрэлгүй үед гэрээсээ гараад хүүдээ сургууль дээр нь буулгаад оффис руугаа хүрээд ирнэ. Тэгээд л ажлаа эхэлнэ.

-Залууст хандаж золиос гаргаж зорилгоо олох тухай өөрийнхөө жишээгээр ярьсанд баярлалаа. Хамгийн эхэнд ярьсан сэдэв дээрээ дахиад л очиж асуухыг хүсч байна. Чи хувьдаа үнэт зүйл, ёс суртахууныг яаж олж авав?

-Би төгс хүн биш ээ. Амьдрал, ажил дээр ч хийсэн буруу зүйлс олон бий. Уулын оргил дээр гарчихсан хүн шиг зүйл би ерөөсөө яриагүй. Мэдрэл муутай Идэрээ хэвээрээ л байна. Сонин,шашины текстүүд дотор. Шинэ номоо бичихдээ хүнийг өөрчлөх тухай зүйлс бичихээр зорилго тавьсан. Тэгээд буддизм, муслим, еврей, христийн шашины номуудыг уншсан.

Философи Нищше, Callum, Jordan Peterson, Carl Rogers зэрэг хүмүүсийн олон номыгиуншиж үзээд тэндээсээ луужингаа олж харж маш сайн засаж чадсан. Англи хэлтэй хүмүүст санал болгох миний зөвлөгөө бол Jordan Peterson. “12 Rules of life” ном нь монгол хэл дээр орчуулагдсан байдаг ч, ямар чанартай орчуулсныг би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бүгд хүн бүрийн унших ёстой зүйл ерөөсөө биш гэмээр байна. Бүгдийг унших ерөөсөө ч шаардлагагүй. Би өөрийгөө олох гэж энэ бүгдийг уншаагүй. Яагаад уншсан бэ гэвэл шашин гэдэг зүйл хүнийг өөрчилж чаддаг юм байна гэдгийг ойлгох гэж л уншсан. Бид өөрийгөө өөрчилж чаддагүй мөртлөө гуравдагч хэн нэгнийг өөрчлөх гэж оролддог.

Хүүхдүүдээ өөрчлөх гэж оролддог мөртлөө яг үнэндээ өөрийгөө ч өөрчилж чаддаггүй. Хаа сайгүй л өөрийгөө өөрчлөх тухай номууд байна шүү дээ. Интерномын бэстселлерүүд бүгд л өөрийгөө өөрчлөх сэдэвтэй номууд байдаг. Гэхдээ турах тухай ном уншаад туранхай хүн ч алга, баян аав ч алга, ядуу аав ч алга, Fucking money-тай ч хүн алга. Тийм учраас өөрийгөө өөрчлөх нь материаллаг ертөнцийн асуудал ерөөсөө биш ээ. Чиний сэтгэлзүй, үнэт зүйлс, ёс суртахуунтай холбоотой. Өөрийгөө өөрчилмөөр байгаа бол энэ төрлийн номыг уншаарай. Миний энэ төрлийн ном ч удахгүй худалдаанд гарна.

-Уучлаарай, нийгмийн сүлжээнд харагддаг нэг шүүмжлэлт асуулт асуучихъя. “Нийгмийн Инфлюнсер гэж нэрлэсэн залуучууд гарч ирээд өөрсдөө амьдрал үзээгүй юм байж амьдрал зааж ярьсан юмнууд байх юм”гэж ярьдаг. Чи бол яах аргагүй нийгмийн сүлжээн дэх нөлөөлөгчдийн нэг мөн. Ийм байр суурьтай байдаг хүмүүст чи юу гэж хэлэх вэ?

-Чаддаг юм бол өөрөө хийгээч дээ. Тийм амархан ярьж байгаа чи өөрөө хэн юм бэ? Чи хэн ч биш ээ. (инээв).

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img