2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Америкийн тэнгисийн армийн түрүүч цолтой монгол морь

“Морьгүй монгол хүн жигүүргүй шувуутай адил” гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байх. Учир нь адуу хэмээх амьд эрдэнэ буурал түүхийн бүр эртийн улбаагаас өнөөг хүртэл монголчуудын амьдралын салшгүй хэсэг болсоор ирсэн юм. Адууны мөрийг мөшгөн шүүрдэж үзэхүйд өөрийн эрхгүй дайны түүхэнд хөтлөгдөн ороод явчихдаг жамтай. Тийм ч учир “дайны морьд” хэмээх нэр ангилал хүртэл гарсан билээ.

Mori

Отог омгийн хоорондын дайнаас эхлэн олон орныг хамарсан дэлхий дахины их дайнуудын хөлд үрэгдсэн адууны тоо толгойг үнэн зөв гаргана гэдэг хамгийн хэцүү. Энэ талаарх эрдэмтэн судлаачдын онцолж хэлсэн үгс бишгүй бий. Наад захын жишээ гэхэд л дэлхийн нэгдүгээр дайнд 8 сая, хоёрдугаар дайнд 5 сая гаруй адуу үрэгдсэн гэх багцаа тоо л дуулддаг.

Mori
Дайны шугам дээр

Дайны морьдын түүхнээ “баатар” болон мөнхөрч, өнөөг хүртэл хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсээр байгаа домогт монгол морины түүхийг танд сонирхуулъя. Түүний нэрийг “Реклесс” гэдэг. “Аймшиггүй, хатан зоригт ” гэсэн утга бүхий нэр л дээ. Солонгосын дайны хүнд хэцүү үед баатарлаг гавьяа байгуулсан морь байгаа юм.

Mori

Тухайн цаг үе буюу 1950-1953 онуудад өрнөсөн уг дайнд Хойд Солонгосыг Хятад, Оросууд дэмжиж байлаа. Харин Өмнөд Солонгосын талд АНУ-ын цэргүүд, НҮБ-ын зэвсэгт хүчин орлцож байв.

Mori

Дайны хүнд өдрүүдэд Өмнөд Солонгосын иргэн Ким Хук Мүүн гэдэг залуу хүү халзан, хул зүстэй хөөрхөн унагатай байж. Тэр унага нь 1948 онд төржээ. Ким хайртай унагандаа анх “Өглөөний нар”, “Үүрийн дөл” гэсэн нэр өгсөн аж. Бүр сүүлд нь “Дөл” хэмээн товчлон дууддаг болж. Солонгосын дайны хүнд жилүүдэд Ким хүү Америкийн тэнгисийн цэргийн адууны жүчээнд ажиллаж байсан гэдэг.

Mori

Mori
Дайны дараа ийм хүндэтгэлтэйгээр нутагтаа хүлээн байгаа Америкийн цэрэг арми

Гэтэл гай тохиож хүүгийн эгч газар доор булсан тэсрэх бөмбөгөнд өртөж хөлөө алдсан аймшигтай явдал болсон юмсанж. Тахир дутуу болсондоо зовон шаналж буй эгчийгээ харан өр нь эмтрэх Ким хүү хиймэл хөл авахын тулд 250 ам доллар олох шаардлагатай нүүр тулжээ. Ингээд л хүү хайртай морио зарчихаж.

Mori
Өмнөөс нь дайны медалийг хүлээн авч буй нь

Хүүгийн морийг дэслэгч цолтой Эрик Педерсэн гэх америк залуу, өөрийн мөнгөөр монгол шууд худалдаж авсан гэдэг. Мань эрд хурандаа нь морьтой байх зөвшөөрөл өгсөн юмсанж. Ким ч гэсэн хайртай морио сайн хүний хүүд өгсөндөө дотроо бэлгэшээж байж. Эрик Педерсэний аав Жон Педерсэн нь бууны шинэ загвар зохион бүтээгч алдартай хүн байсан аж. Тэрээр винтовыг хагас автомат, гар буу- калбир зэрэг галт зэвсэг дээр ажиллаж сайжруулсан төдийгүй спортын бууны шинэлэг модель загваруудыг гаргасан нэртэй нэгэн байсан түүхтэй.

Mori

Mori
Тэтгэвэртээ гарсан байлдагч, Монгол морь хоёр

Хайртай морийг нь Америкийн тэнгисийн явган цэргийн ачаа, зэвсэг зөөх чиргүүлийн салаа руу авч явахад Ким хамгийн сүүлчийн удаа морио хараад өөрийн эрхгүй уйлсан гэдэг. Жижиг биетэй ч тэвчээр хатуужилтай, зориг, шандастай монгол морь сургагч нарын зааж сургахыг төвөггүй сурч эхэллээ. Удсан ч үгүй олны анхаарлыг шууд татаж эхэлсэн гэдэг.

Mori

Пэслэгч Эрик Педерсэн морио тусгай сургалтанд хэд хоног байлгасны дараа уулын бэл нугачаанд байрласан цэргийн баазаас ширхэг нь 10 гаруй кг жинтэй 9 сум, танк, хуягтын эсрэг тэсэрч дэлбэрэх зэвсгүүдийг фронт руу зөөлгөж эхэлжээ. Тэнгисийн усан цэргүүдийн сум зэвсгийн нөөцийг нэг ч удаа таслалгүй хүргэдэг гайхамшигт монгол морь цэргүүдийн хайрыг татаж “Хатан зоригт” гэх шинэ нэртэй болсон байна.

Mori

Цэргүүдэд эрхэлж, дассан морь сүүлдээ цэргийн хуаран дундуур чөлөөтэй явж, майхан саваар эргэлдэж, хоол хошхон эргүүлдэг болжээ. Зэвэргэн шөнө майхны хаяа бараадан хүйтнийг огт ажрахгүй хононо. Сүүлдээ бүр байлдагч цэргүүдтэй зэрэгцэн шарсан өндөг, алим амтархаж, кока кола, шар айраг уудаг болж. Заримдаа хэрэг тарина. Цэргүүдийн нандигнаж байж ховорхон тоглодог, үнэтэй гэж жигтэйхэн покерын читоныг идэж, хучдаг байсан хөнжилөө тасдаж хаясан удаатай гэнэ.

Mori

Кёнги- ду мужаар хоёр Солонгосыг хооронд нь холбодог төмөр замын зурвас хэсэгт 1953 оны 3 дугаар сард хүнд ширүүн тулалдаан болсон юм. Цус ургасан ширүүн тулааны үед, унасан эзэнгүй монгол морь жинхэнэ гайхамшгаа харуулсан гэдэг. Нэг өдөрт 51 удаа, галын шугамд 386 ширхэг танк сөнөөх бууны сум нийлүүлж 56 гаруй км туулж байжээ. Танк устгах сумны нийт жин нь 9000 паунд буюу бараг 5000 кг. Ийм хүнд ачааг дүүрч фронтын галын шугаманд тулалдаж буй өөр өөр хэсэгт хүргээд буцахдаа шархадсан цэргүүдийг зөөж хээрийн эмнэлэгт хүргэн жинхэнэ хүч чандас, ухаан сургуулиараа гайхагдаж байв.

“Хатан зоригт” хэмээх монгол морины бас нэгэн гайхамшиг нь өдгөө домог болон дуурссаар байна. Тэсэрч дэлбэрсэн хөрс шороо агаарт шидэгдсэн орчинд, тэнгэр газар нийлэх мэт аймшигт тулалдаан дундуур өргөст торон доогуур тээглэж орооцолдохгүй, хэвтээгээрээ эвтэйхэн гарчихдаг нь цэргүүдийг ёстой л гайшируулдаг байж. Ийм гайхамшгуудыг үзүүлж мэдрүүлсэн монгол морио тэнгисийн цэргийнхэн ихэд хайрлах болсон гэдэг.

Mori

Ойролцоох сайхан талд аваачиж ногоо идүүлж, хүйтэн хахир цагт зуухтай дулаан майхандаа оруулдаг болсон аж. Хүнд ээлтэй номхон дөлгөөн зантай морио эрхлүүлсэн цэргүүд цөцгийтэй талх, газрын самартай хачир, хатуу чихэр, буталсан улаан буудай, нухсан төмс өгсөөр байгаад энэ мэт амттанд “нугасгүй” дуртай болгочихож. Гэхдээ бас журамтай. Өдөрт зөвхөн хоёр лонх кола уух зөвшөөрөлтэй байж.

Зоригт морь дайны туршид хоёр удаа шархадсан ч олон арван дайчдын алтан амыг аварсан тул Америкийн тэнгисийн армийн “түрүүч” цолоор шагнуулж, байлдааны цусан гавьяаны одон тэмдгээс эхлэн Америк, Молонгосын армиас нийт 15 одон медалиар шагнуулсан юм байна.

“Хатан зоригт” хэмээх монгол морийг Амеркийн бүх л үеийн гайхамшигт 100 морьдын тоонд албан ёсоор бичиж, улс даяар хэвлэлд онцлон алдаршуулж байжээ. Дайн дууссаны дараа Америкт аваачиж насных нь амралтанд “суулгасан” гэдэг. “Хатан зоригт”-ыг Калифорни мужид хүргэж эрх чөлөөтөй тавьж байгаа нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр америкчуудад хүрч байжээ.

Реклессийн эрүүл мэнд, хүнс тэжээлд эмч нар байнга хяналт тавин анхаарч арчилж байлаа. Дөрвөн унага төрүүлсэн сайхан гүү ёстой л салхи мэт чөлөөтэй дураараа амьдарч байгаад 1968 онд орчлонгоос буцжээ. Америкчууд дайны хэцүү цагт гайхамшгийг бүтээсэн монгол морины түүхт гавьяаг байнга хүндэтгэж дурсаж явсаар 2018 оны 5 дугаар сарын 12-нд “Хатан зоригт”-д зориулж сүрлэг хүрэл хөшөө босгосон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img