2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Швейцарын дээд хэмжээний уулзалт: Энхийн төлөөх нэг алхам

Зургадугаар сарын 16-ны өдөр Швейцарт Украины асуудлаарх дээд хэмжээний уулзалт өндөрлөж, оролцогчид сөргөлдөөний бүхий л талуудыг хэлэлцээрт уриалсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Зургадугаар сарын 15-ны бямба гарагт Швейцарын Бюргенштокд Украины санаачилгаар, Орос, Украины дайныг дуусгахад шаардлагатай 10 зүйл заалтаас бүрдэх дипломат баримт бичгийг хэлэлцэх хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт эхэлсэн юм. Гэхдээ дээд хэмжээний уулзалт дээр цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал болон олзны хүмүүсийг солилцох, Украины хүүхдүүдийг буцаах гэсэн гурван заалтыг л хэлэлцжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн өгүүлснээр, үлдсэн асуудлууд нь “хүнд” , дээд хэмжээний оролцогчдыг талцуулж мэдэх тул хэлэлцүүлэгт оруулаагүй аж.

Энэ дээд хэмжээний уулзалтад 90 гаруй орны төлөөлөгчид оролцлоо. Харин Оросын талыг уриагүй, гэхдээ дараагийн удаад ийм бага хурал болвол Оросын талыг урих боломжтой гэж Зеленский мэдэгдэж байв.

Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Ройтерс агентлаг баөга хурлын мэдэгдлийн төслийг нийтлэж байлаа. Улмаар ням гарагийн өглөө Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хамтарсан тунхаглалыг боловсруулж дууссан хэмээн мэдэгдэж байв.
Түүнчлэн “Оростой ярих шаардлагатай цаг мөч ирнэ. Гэхдээ Оросын талаас тулган шаардалт тавихыг бид зөвшөөрөхгүй” хэмээн Кулеба мэдэгдэж байв.

Харин Словенийн Ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар мэдэгдэл хийхдээ “Орос тэмцэхээ зогсоовол дайн зогсоно, харин Украин тэмцэхээ зогсоовол Украины төгсгөл ирнэ” хэмээн онцолсон байна.

Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Украин дахь дайныг дзуусгах урт замын ердөө эхлэл хэдий ч өнөөгийн сөргөлдөөн нь “дэлхий дахины асуудал болсон гэдгийг харуулж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн, дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо зураг авахуулах үеэр “Украины алдар бадраг!” хэмээн хашгирсан байна. Үүний хариуд хэд хэдэн улс төрчид “Баатруудын алдар бадраг” хэмээн хариулжээ.

Дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан баримт бичгийг 92 орноос 80, найман байгууллагаас дөрөв нь дэмжсэн байна. Харин Армени, Бахрейн, Энэтхэг, Индонези, Ливи, Мексик, АНЭУ_ Саудын Араб, Таиланд, ӨАБНУ улс болон дээд хэмжээний уулзалтад ажиглагчийн хувиар оролцсон Бразил, Ватикан нар талуудыг мэдэгдэлд гарын үсэг зураагүй байна.

Дээд хэмжээний уулзалтын төгсгөлөөр гаргасан баримт бичигт гарын үсэг зурсан оролцогчид “Украин зэрэг дэлхийн бүхий л улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон улс төрийн хараат бус байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэх аюул заналаас зайлсхийхийг тууштай дэмжинэ” хэмээн заажээ.

“Энх тайвны томъёолол”-оос дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн гурван заалт:

  • Украины атомын станцууд, тэр дундаа Запорожийн атомын цахилгаан станц нь Украины хяналт, МАГАТЭ-ийн ажиглалт дор ажиллах ёстой. Украины дайнтай холбоотойгоор цөмийн зэвсгээр сүрдүүлэх эсвэл ашиглах явдал байж болохгүй.
  • Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн аюулгүй байж, сонирхогч гуравдагч орнууд руу чөлөөтэй нийлүүлэгдэх ёстой. Хүнсний аюулгүй байдлыг зэвсэг болгон ашиглаж болохгүй. Хар тэнгис болон Азовын тэнгист Украины тал хүрэх гарцыг сэргээх ёстой.
  • Олзлогдсон цэргүүдийг бүрэнх солилцох замаар чөлөөлөх шаардлагатай. Нүүлгэсэн болон хууль бусаар авч явсан украин хүүхдүүд болон бусад энгийн иргэд Украинд эргэн ирэх ёстой.

Түүнчлэн энэ мэдэгдэлд зэвсэгт сөргөлдөөний бүхий л талуудын хооронд хэлэлцээ хийж байж л энх тайван тогтоно гэж заасан байна. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлөөр Зеленский мэдэгдэл хийхдээ энэ уулзалт нь Украины хувьд том амжилт болсны дээр уулзалтын төгсгөлөөр гарсан мэдэгдэл Украины байр суурийг бүрэн илэрхийлж байгаа гэж онцолжээ. Түүнчлэн дараагийн дээд хэмжээний уулзалт “хэдэн жилийн дараа биш хэдэн сарын дараа болно” хэмээгээд “цэргээ манай нутгаас гаргачихвал Оросын тал маргааш ч бидэнтэй хэлэлцэж болно” хэмээн мэдэгджээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img