2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Морин Каллахан: Мэрилин Монрог ах дүү Кеннеди хөнөөсөн

Британийн Daily Mail сонины тоймч Морин Каллаханы бичсэн, Ерөнхийлөгч Жон Кеннеди болон түүний дүүгийн хайр дурлалын тухай ном худалдаанд гарчээ. Энэ ном “Бүү асуу: Кеннеди болон тэдний гарт амиа алдсан эмэгтэйчүүд” нэртэй аж. Номонд ах дүү хоёртой хоёулантай нь учир ургуулж байсан, Холливудын домог Мэрилин Монрогийн тухай бүлэг томоохон байр суурийг эзлэж байгаа гэнэ. Мөн Монро амиа егүүтгэсэн нь ах дүү Кеннедитэй шууд холбоотой гэж зохиогч бичжээ.

Мэрилин Монро 1954 онд анх Жон Кеннедитэй учиржээ. Тухайн үед Кеннеди хэдийнэ гэрлэсэн байсан юм. Монро, Кеннеди хоёр Холливудад болсон нэгэн үдэшлэгийн үеэр танилцаж, улмаар хормын төдийх уулзалт нь найман жил үргэлжилсэн амрагийн харилцаа болсон гэдэг. Үүний зэрэгцээ, Монро Ерөнхийлөгч Кеннедигийн дүү Роберт Кеннедитэй ч амрагууд болов.

Тухайн үед Монротой ажилладаг байсан сэтгэцийн эмч жүжигчин бүсгүйн хувийн амьдралд өрнөж буй үйл явдалд ихээхэн санаа зовнидог байсан гэнэ.

“Би түүнийг ганцаардахгүй, өөрт нь садомазохист хандлага гаргадаг бүтэхгүй хүмүүстэй холбогдохгүй байлгах гэж их хичээдэг байсан” хэмээн сэтгэцийн эмч бичсэнийг Морин Каллахан номондоо оруулжээ.

Гэвч Монро эргэн тойрныхоо хүмүүсийн зөвлөгөөг сонссонгүй.

1962 оны тавдугаар сарын 19-ний өдөр Жон Кеннедийн төрсөн өдөрт зориулсан Madison Square Garden дахь концертын үеэр Монро урин тачаангуй хоолойгоор “Ноён ерөнхийлөгч өө, төрсөн өдрийн мэнд хүргэе! Хийсэн бүхэнд тань баярлалаа” хэмээн дуулсан юм.

Энэ үед Монро тайзнаа хоцорч гарч ирэхдээ нүүр нь улайсан байсан гэдэг. Ийнхүү хоцорч, нүүр нь улайсан шалтгаан нь ердөө гучин минутын өмнө Монро нүүр будалтынхаа өрөөнд Ерөнхийлөгчийн дүүтэй янаг амрагийн харилцаанд орсонтой холбоотой гэж номонд бичжээ.

“Тэд 15 минутын турш хамт байсан. Монро тайзан дээр гарч ирэхдээ согтуу, Боббитой /Роберт/ дөнгөж саяхан энгэр зөрүүлсний улмаас нүүр нь улайсан байсан. Түүний даашинз хэт бариу, тиймдээ ч тэр арай ядан явж байлаа” хэмээн Морин Каллахан номондоо бичжээ. Энэ дууг дуулсан үеийг гэрчлэх хар цагаан дүрс бичлэг байдаг юм.

Хожим нь Монрогийн домогт үзүүлбэр болсон энэ дуу тухайн үедээ үзэгчдийг ихэд цочирдуулсан гэдэг.

Монрогийн хэт задгай , зоргоороо байдал олныг гайхшруулсан нь энэ. Тэдний дундаас хамгийн ихээр эвгүйцсэн нь Ерөнхийлөгч Кеннеди байсан бол тэргүүн хатагтай Жаклин Кеннеди Монрогийн энэ эрээ цээргүй байдлаас болж ихэд уурссан гэдэг. Улмаар Жаклин нөхөртөө болзол тулгав, Монрогоос харилцаагаа тасла үгүй бол гэрлэлтээ цуцлуулна. Тухайн үед Ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор төлөвлөж байсан Жон эхнэрийнхээ шаардлагыг зөвшөөрөхөөс өөр арга байсангүй.

Монрогийн хувьд энэ салалт хүндээр тусав. Харин тухайн үед мөн л эхнэртэй байсан Бобби Кеннеди Мэрилин Монротой амрагласан хэвээр байжээ. Ингээд 1962 оны наймдугаар сарын дөрвөн буюу Монро нас бардаг тэр өдрийн шөнө Бобби /Роберт/Монро дээр очсон гэж Каллаханы номонд бичсэн байна.

Merilen Monro

Тухайн үед Мэрилин Монрогийн гэр болон утсанд нь чагнах төхөөрөмж суулган, Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын ерөнхий газар чагнадаг байсан гэдгийг ах дүү Кеннеди олж мэдсэн аж. Монро үүнийг мэдэж байгаа гэж бодсон Бобби чагнах төхөөрөмжийг гаргаж өгөхийн бүсгүйгээс шаарджээ. Гэвч Ерөнхийлөгчийн дүү Монрогийн гэрээс гар хоосон буцав, харин хэдэн цагийн дараа гэрийн үйлчлэгч унтлагын өрөөнөөс Мэрилин Монрогийн амьгүй цогцосыг олжээ. Хожим нь тугсай албаныхан Монро нас барсны дараа түүний гэрт хийсэн утасны бичлэгүүдийг устгах тушаал авсан байна.

Роберт Кеннеди Монрогийн үхэлд буруутай гэдгийг батлах өөр нэг дам нотолгоог Каллахан номондоо оруулжээ. Тодруулбал, зургадугаар сарын 25-30-ны хооронд Монро Роберттой ярих гэж залгасан байна. Тухайн үед Монро нууц амраг руугаа найман удаа залгасан ч Роберт хариу өгөөгүй аж. Харин долдугаар сарын 20-ны өдөр Монро үр хөндөлт хийлгүүлсэн бөгөөд эндээс харахад Монро Робертоос жирэмсэн болсон нь илт гэж Каллаханы номонд бичжээ.

Монрог нас барсны дараа түүний хуучин нөхрүүд /Монро гурван удаа гэрлэж байсан/ ах дүү Кеннедиг Монрогийн оршуулганд ирэхийг хориглосон аж.

“Монрог хэн хөнөөснийг би мэддэг байсан. Гэхдээ энэ улсад хувьсгал гараасай гэж би хүсээгүй. Тэр өөрийг нь хэн нэгэн хөнөөнө гэж амьд ахуйдаа надад хэлж байсан, тухайн үед би үүнд нь ямар ч хариу өгөөгүй. Кеннеди овгийн бүхий л эрчүүд эмэгтэйчүүдийг тарчилгадаг байсан, тэдний хувьд гарын үзүүрийн л ажил” хэмээн Монрогийн хоёр дахь нөхөр, бейсболчин Жо Ди Мажио хожим өгүүлж байв.

Ах дүү Кеннеди Монрогийн үхэлд буруутай гэсэн яриа олон жилийн туршид хөвөрсөөр л ирсэн. Гэхдээ нотолгоо гарч байсангүй. Тохиолдлоор ч гэх үү, Монрогийн үхэлд ах дүү Кеннеди буруутай байж болзошгүй талаар өгүүлэх баримтат кино АВС суваг 1985 онд бүтээсэн ч энэ киног гаргахыг хориглож байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img