2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Дагестан дахь алан хядах ажиллагаа: 17 хүн амиа алдаж, халдлага үйлдсэн таван хүнийг устгажээ

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах Бүгд Найрамдах Дагестан Улсад ням гарагт халдлага болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Дагестаны Дербент, Махачкала дахь үнэн алдартны сүм, мөргөлийн газар, хянан шалгах цэг рүү халдсаны улмаас 17 хүн амиа алдсаны 15 нь цагдаагийн алба хаагч байгаа аж.

Улмаар Дагестанд алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагааны горим тогтоосон бөгөөд Дербент, Махачкалад ням гарагийн шөнө хүртэл тулалдаан үргэлжилсэн байна. Мөн өдрийн 23.00 цаг орчимд Терроризмын эсрэг үндэсний хороо тусгай ажиллагааны идэвхтэй үе Дербентэд дууссан хэмээн мэдээлжээ. Энэ ажиллагааны үеэр халдлага үйлдсэн таван хүнийг устгасан байна.

“Дербентэд явуулсан тусгай ажиллагааны үеэр халдлага үйлдсэн хоёр хүн, Махачкалад гурван хүнийг устгасан” хэмээн Терроризмын эсрэг үндэсний хороо мэдээлжээ.

Халдлага үйлдсэн хүмүүс чухам хэдүүлээ байсныг хараахан тогтоогоогүй. Алан хядагчдад дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа гэж холбогдох албаныхан мэдээлсэн байна.

Халдлагын улмаас амиа алдсан, шархадсан хүмүүсийн ихэнх нь цагдаагийн алба хаагчид байгаа аж. Сүүлийн үеийн мэдээллээр, 15 цагдаагийн алба хаагч, хоёр энгийн иргэн амиа алдсан байна. Эмнэлэгт 16 хүн хүргэгджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Оросын мөрдөн байцаах хороо “алан хядах ажиллагаа” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээсэн байна.

Үйл явдал хэрхэн өрнөв?

халдлага

Дербент болон Махачкалад буун дуу гарч байгаа талаарх мэдээлэл ням гарагийн үдэш гарч эхэлжээ. Тодруулбал, Дербентэд үл мэдэгдэх этгээдүүд үнэн алдартны сүм болон мөргөлийн газар руу халдсан байна. Гэмт этгээдүүд сүм болон мөргөлийн газар руу автомат буугаар буудсан бөгөөд улмаар мөргөлийн газарт гал гарчээ. Энэ хэрэг үдшийн мөргөл болохоос өмнөхөн болсон байна.

Яг энэ үеэр Махачкалад мөн үл мэдэгдэх этгээдүүд гал нээжээ. Энэ хотод замын хяналтын цэг болон ойролцоо орших мөргөлийн газар халдлагад өртсөн байна. Түүнчлэн өөр нэг сүмийн ойролцоо буудалцаан болжээ.

Халдлага гарах үеэр сүмд санваартнууд болон сүсэгтнүүд нийлсэн нийт 19 хүн гарах гарцгүй болсныг Дотоод хэргийн яамны ажилтнууд аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний зэрэгцээ, Махачкала хотоос 65 км зайд орших Сергокала сууринд ч буун дуу гарчээ. Энэ сууринд үл мэдэгдэх этгээдүүд цагдаагийн машин руу буудсаны улмаас нэг цагдаа шархадсан байна.

Амиа алдсан хүмүүс хэн байв?

Дагестанд 17 хүн амиа алдсаны 15 нь цагдаагийн алба хаагч байжээ. Тэдний нэг нь Дагестанские Огни хотын цагдаагийн хэлтсийн дарга байсан бөгөөд тэрээр хамтран зүтгэгчдэдээ тусламж үзүүлэхээр ирэх үедээ хүнд шархдаж, улмаар нас барсан байна. Дербентэд сүм рүү халдах үеэр санваартан болон сүмийн харуулыг хөнөөжээ. Санваартан энэ сүмд 40 гаруй жил ажилласан бөгөөд түүний хоолойг хэрчиж хөнөөсөн байсан гэж Дагестаны хууль сахиулагчид мэдээлсэн байна.

халдлага

Харин халдлага үйлдэж улмаар хууль сахиулагчдын гарт амиа алдсан этгээдүүдийн талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, тусгайгийнхан устгасан дөрвөн дайчны гурав нь Дагестаны Сергокалинскийн районы даргын хөвгүүд болон хамаатан байсан аж. Улмаар Сергокалинскийн районы дарга Магомед Омаровыг баривчлан саатуулж, мэдүүлэг авч эхэлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img