2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Мафийнхны эсрэг зогсох эрдэмтэн буюу Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Клаудия гэж хэн бэ

Зургадугаар сарын хоёрны өдөр болсон сонгуулиар Клаудия Шейнбаум өрсөлдөгчдөөсөө илүүрхээд зогсохгүй энэ улсад ардчилал тогтсоноос хойших түүхэн дэх хамгийн өндөр санал авсан юм.

Шейнбаум болон түүнийг нэр дэвшүүлсэн Морена нам ялалт байгуулснаас хэдхэн цагийн дараа Мексикийн песогийн ханш дөрвөн хувиар унаж байв. Конгресст дийлэнх олонх суудал авсан нам үндсэн хуульд өөрчлөлт оруулж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэн нь ийнхүү ханш унахад нөлөөлжээ.

Шейнбаум ялалт байгуулснаар эрсдэлүүд гарна гэж зарим нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь тусгаар Мексик Улсын 200 гаруй жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн төр барих болсонд талархаж байна. Түүнчлэн, Шейнбаум ногоон эрчим хүчний салбарт мэргэшсэн эрдэмтэн тул цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэх ажиглагчид ч цөөнгүй.

Эрдэмтэн ба улстөрч

Клаудия шинжлэх ухаанч хандлага, баримт дээр тулгуурлах зуршилтай тул түүнийг La Doctora гэж дууддаг. Тэр бээр 1962 онд эрдэмтний гэр бүлд төржээ. Мексикийн Үндэсний их сургуульд байгалийн шинжлэх ухаан, инженерийн факультетад суралцан төгссөн Клаудия АНУ-д Берклигийн лабораторид судалгаа хийн, эрдмийн ажлаа бичжээ. 1995 онд доктор цол хүртэн, багшилж эхэлсэн байна.

Клаудия Шейнбаум эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр, ногоон эрчим хүч, аж үйлдвэрийн эрчим хүчний үр ашигтай байдлыг судалдаг. Тэр бээр 2007 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн, цаг уурын өөрчлөлтийг судлах Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлэгт багтаж байлаа.

Шинжлэх ухааны зэрэгцээ Клаудия бага залуугаасаа л улс төр сонирхож эхэлсэн аж. Тэр бээр өөрийгөө “68 оны охин” хэмээн нэрлэдэг байсан юм. Учир нь 1960-аад оны сүүлээр түүний эцэг эх оюутны эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байжээ. Улмаар 1980-аад онд эцэг эхийнхээ мөрөөр замнаж, их сургуулийн төлбөр нэмэхийг эсэргүүцсэн хөдөлгөөнд нэгдэж, ядуу гэр бүлээс гаралтай суралцагчдад боловсролыг хүртээмжтэй болгохыг шаардаж байжээ.

2000 онд Мехикогийн Засгийн газрын тэргүүн Андрес Мануэль Лопес Обрадор түүнд байгаль орчны сайдын алба хаших санал тавив. Тэр үеэс хойш Лопес Обрадор Клаудиягийн улс төрийн чиглүүлэгч болсон бол Клаудия түүний хувьд үнэнч хамтран зүтгэгч нь болжээ. Тэд гар гараа барилцан албан тушаалын шатаар өгсөж байлаа.

2006 онд Лопес Обрадор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, сонгуулийг луйвардсан хэмээн мэдэгдсэний дараа Клаудия Шейнбаум эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлж байжээ. 2018 онд Лопес Обрадор Ерөнхийлөгч болоход Шейнбаум Мехико хотын даргаар сонгогдсон байна.

Клаудия Шейнбаум энэ албан тушаалыг хашиж байх үедээ тээврийн дэд бүтэц, хог хаягдлын удирдлагын системийг сайжруулах, аюулгүй байдал болон экологийн асуудлуудыг шийдэж байлаа.

Харин цар тахлын үеэр түүний захиргааг ковидоос үүдэлтэй нас баралтын тоог дарсан хэмээн буруутгаж байсан бол 2021 онд метроны шугам нурж, 26 хүн амиа алдсаны дараа Шейнбаумын хэрэгжүүлсэн тээврийн сүлжээний шинэчлэлийн ажил үр дүнгүй гэх шүүмжлэлийн эхлэлийг тавьжээ.

2023 онд тэр бээр эрх баригч Морена намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд хотын даргын албан тушаалаасаа буув. Гэвч түүнийг бие даасан улс төрч биш харин Лопес Обрадорын хамтран зүтгэгч гэсэн байдлаар л хүмүүс хандаж байлаа. Клаудия Шейнбаум мөрийн хөтөлбөрөө танилцуулахын тулд уулзалт зохион байгуулах үеэр хүмүүс түүн рүү ойртон ирж, Ерөнхийлөгчид захидал дамжуулан өгөхийг гуйдаг байжээ.

Шейнбаум өөрөө ч Лопесын хамтран зүтгэгч гэдгээ нуудаггүй, “Ноён Лопес Обрадорын зарчмыг баримтлан улс орноо удирдана” хэмээн мэдэгдэж байв. Тиймээс түүнийг ялалт байгуулсны дараа Шейнбаум өөрөө биш харин Лопесын үүрэг даалгаврыг биелүүлэх хүн гараад ирчихэв үү гэсэн эргэлзээ хүмүүст төрж байлаа.

Гэхдээ Шейнбаум, Обрадор хоёр огт өөр хүмүүс. Лопес Обрадорын эцэг эх католик шашинтэй, хөдөө аж ахуй эрхэлдэг Табаско мужид дэлгүүр ажиллуулдаг байв. Харин Клаудия Шейнбаум еврей гаралт профессорын гэр бүлийн гишүүн, бүхий л амьдралынхаа туршид нийслэлд амьдарсан. Лопес Обрадор олон нийтийн өмнө үг хэлэх чадвартай, бусдыг өөртөө татдаг улс төрч.

Харин Клаудия хүснэгт, график үзүүлж, их сургуулийн тэнхимийнхэнтэй ярьж л сурсан. Лопес Обрадор хүндхэн замыг туулж, гурав дахь удаагийнхаа оролдлогоор л ялалт байгуулсан бол Клаудия анхнаасаа л эрх баригч намын дэмжлэгийг хүртэж байлаа.

Эрдэмтнийг хүлээх хүндхэн сорилт

Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч, эрдэмтэн Клаудия Шейнбаумыг олон сорилт хүлээж байгаа. Үүний нэг нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт. Мексикт эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү төдийлөн их биш, 13,5 хувьтай байдаг аж. Гэхдээ Дэлхийн банзны мэдээллээр, Мексикийн эмэгтэйчүүдийн ердөө 46 хувь нь ажил эрхэлдэг бөгөөд үлдсэн талаас илүү хувь нь орлогогүй амьдардаг гэнэ. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад 2,5 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг гэх тоо баримт бий.

Түүнчлэн энэ улсад өсвөр насныхны жирэмслэлтийн асуудал хурцаар тавигдаж байна. Дэлхий дээр дунджаар 15-19 насны 1000 охинд 42 жирэмслэлт ногдож байгаа бол Мексикт энэ үзүүлэлт 54-т хүрчээ.

2023 онд Мексикийн шүүх үр хөндөлтийг зөвшөөрсөн ч дурын эмэгтэй энэ ажиллагаанд орох боломжгүй. Үр хөндөлт хийлгэсний төлөөх шийтгэлийг хүчингүй болгосон ч католик шашинтай энэ оронд хуучны ёс заншил хадгалагдсан хэвээр. Шейнбаум ч сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр энэ асуудлыг хөндөж байсан юм.

Шейнбаум хүчирхийллийн талаар ч дугарч байв. Мексикт эмэгтэйчүүд бусдын гарт амиа алдах явдал газар авсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сараас 2022 оны гуравдугаар сарын хооронд энэ улсад 5759 эмэгтэй цаг бусаар амиа алдсаны дээр ийм гэмт хэргийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж. Тиймээс хүчирхийллийн шалтгааныг устгаж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг таслан зогсооно гэж Шейнбаум амлаж байв.

Аллага, газрын тос, хөршүүд

2024 оны хавар Клаудия Шейнбаум сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлын ээлжит цуглаанаасаа буцаж явах үед нь түүнийг маск зүүсэн үл таних бүлэг хүмүүс зогсоожээ. Тэд өөрсдийгөө иргэний харуулууд хэмээн нэрлээд, зохион байгуулалттай гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулахыг хүссэн байна.

“Төрийн эрхэнд гарахаараа уул ус, ядуу зүдүү хүмүүсийг санаж яваарай” гэж тэд хэлжээ. Энэ уулзалтыг зориудаар зохион байгуулсан байх гэж Шейнбаум хожим нь таамагласан юм. Учир нь тухайн үед түүнтэй уулзсан хүмүүсийн хийсэн бичлэгийг өрсөлдөгчдийг нь дэмждэг хэвлэл мэдээлэл хамгийн түрүүнд цацжээ.

Шейнбаумыг зогсоож уулзсан хүмүүс өөрсдийгөө “иргэний харуулууд” гэж танилцуулсан. Мексикт иргэний харуул, замын пост олон. Энэ нь зарим мужид хар тамхины бүлэглэл болон хууль сахиулагчдын хооронд дэгдсэн дайны үр дүн бөгөөд энэ тэмцлийн улмаас энгийн иргэд ч амиа алддаг байна.

Мексикт жил бүр 30 000 хүн аллагын золиос болдог бол 100 мянга гаруй хүн ор сураггүй болсонд тооцогддог аж. 2024 онд гэхэд л хотын даргад нэр дэвшиж байсан олон хүн халдлагад өртөж, тэдний 16 нь амиа алдсан юм.

Шейнбаум Мехико хотын даргаар ажиллаж байхдаа хүн амины хэргийн гаралтыг 50 хувиар бууруулж чаджээ. Тэр бээр хүч хэрэглэх арга үр дүн багатай гэж үздэг бөгөөд ядууралтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байгаа юм. Гэхдээ нийслэлд тохирсон арга алслагдмал мужуудад үйлчилэхгүй байж мэднэ.

Шейнбаумаас дорвитой үйлдэл хүлээж буй өөр нэг салбар нь ногоон эрчим хүч юм. Тэр бээр сонгуулийн 100 амлалтдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, салхин, нарны, геотермаль цахилгаан станцуудыг байгуулах ажлыг урагшлуулна гэж тусгажээ. Гэхдээ Мексикийн ДНБ-ий 8 хувьтай тэнцэх хэмжээний 100 тэрбум доллар давсан өртэй, улсын Пемекс газрын тосны компанид цааш үргэлжлүүлэн мөнгө цутгаад байх уу гэдгийг тэр шийдэх хэрэгтэй болно.

Үүний зэрэгцээ Шейнбаумын өмнө АНУ-тай хамтран ажиллах , тэр дундаа хууль бус цагаачлалын асуудлыг шийдэх сорилт тулгарч байна. 2024 оны сонгуулиар Дональд Трамп ялвал хоёр орны харилцаа муудаж мэдэх юм. Учир нь Дональд Трамп Мексизт үйлдвэрлэж буй Хятадын машинуудад 100 хувийн татвар ногдуулна, хар тамхины наймаачидтай тэмцэх үүднээс Мексик рүү тусгайгийн отрядуудыг илгээнэ гэж сүрдүүлж байв.

Энэ бүх асуудлыг шийдэхэд Клаудия Шейнбаумд зургаан жил бий. Мексикийн Ерөнхийлөгчид нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгогддог юм. Клаудия Шейнбаумын бүрэн эрхэт хугацаа 10 дугаар сарын нэгний өдрөөс эхэлнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img