2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Энтони Хопкинс: Элдэв төлөвлөсөн зүйлээрээ бурхны инээдийг бүү хүргэ

BAFTA буюу Британийн кино, телевизийн урлагийн академийн шагналыг тав (1973, 1992, 1994, 2008, 2021), “Оскар”-ын хоёр (1992, 2021), “Эмми”-гийн мөн хоёр (1976, 1981), кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлдэг “Алтан бөмбөрцөг”-ийн тусгай шагнал (2006), “Сатурн” (1992) шагнал тус тус хүртэж, 2003 онд Холливудын алдрын гудамжинд өөрийн одтой болсны дээр 2008 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн гишүүн болсон хүн бол алдарт жүжигчин, найруулагч, кино зохиолч, продюсер, киноны хөгжмийн зохиолч, Сэр хэргэмтэй Филип Энтони Хопкинс. Шагнал, цол хэргэмийн жинхэнэ “цуглуулга” болсон тэрээр Их Британийн Вэйлс дэх Порт Толбот хотод 1937 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн ба өдгөө 87 настай. 100 гаруй кинонд тоглосон тэрээр юуны түрүүнд “Хурга майлахгүй” (“The Silence of the Lambs”), “Ханнибал” (“Hannibal”), “Улаан луу” (“Red Dragon”) кинонуудад хүн идэгч цуврал алуурчин доктор Ханнибал Лектерийн дүрээрээ хамгийн ихээр алдаршсан билээ. Энтони Хопкинсийн бодролууд, хэлсэн үгсийг ОХУ-ын “Правила жизни” сэтгүүлд эмхтгэн нийтэлснийг орчуулан хүргэе.

  • Тайван бай, хэзээ ч бүү яар. Элдэв төлөвлөсөн зүйлээрээ бурхны инээдийг бүү хүргэ. Амнаасаа хөөс савируулан бусдад үнэний тухай өөрийн ойлголтоо тулгасны ч хэрэггүй. Баяр баясгалан, мөн үхэл чинь цаг нь болонгуут ирнэ гэдгийг л санаж яв. Чи тэр бүхэнд яаж ч нөлөөлж чадахгүй.
  • Нэг удаа би 70 насны босгыг дөнгөж давсан нэгэн мэргэн найзаасаа, “Сэтгэл дотроо ямар өөрчлөлтийг мэдэрч байна даа?” гэж асуусан юм. Тэр хариулахдаа, “Эцэг эх, ах дүүс, эхнэр хүүхэд, найз нөхдөө хайрлаж явсны эцэст би одоо өөрийгөө хайрлаж эхэллээ. Би түүнчлэн өдөр бүрийг сүүлчийнх юм шиг амьдарч сурлаа. Аль ч өдөр үнэхээр сүүлчийнх байж болно шүү дээ” гэж билээ.
  • Биднээс шилдгүүд нь хожуу хөгждөг гэлтэй. Би дунд сургуульд тэнэг сурагч байлаа. Нийтэч биш,

    бусад хүүхдийг сонирхоно гэж үгүй. Үүнийг одоо дислекси буюу анхаарлын хямрал гэдэг байх аа. Би зүгээр л мулгуу амьтан байжээ. Гэхдээ тийм учраас л жүжигчин болж чадсан ч байж болох шүү.

  • Би эхэндээ тайзан дээр бусдад аюултай байсан. Манчестерт тоглож байхдаа нэг жүжигчний нурууг нь хугалах шахсан гээд найруулагч намайг халсан юм. Тэр найруулагч намайг тайзан дээр гаргах нь дэндүү аюултай гэж хэлсэн дээ. Гэвч эцэст нь намайг аз дайрсан. Юу гэвэл тэр намайг өөрийнхөө хүлээн зөвшөөрдөггүй “моод хөөсөн театрын сургуулиуд”-ын нэг рүү орохыг зөвлөсөн юм. Тэгээд би RADA (Эзэн хааны драмын урлагийн академи)-руу очиж, тэнд л жинхэнэ карьер минь эхэлсэн билээ.

Entoni hopkins

  • Жүжигчдийн дийлэнх нь өөрсдийгөө содон гэж төсөөлдөг ч нэлээд энгийн хүмүүс шүү. Би “Догшин бух” (“Raging Bull”) кинонд Роберт Де Ниро хэрхэн тоглосон тухай сонсонгуутаа, “Тэр киног заавал үзэх хэрэгтэй юм байна” гэж бодсоноо санадаг. Тэгээд шээсний үнэр ханхалсан Нью-Йоркийн жижиг кинотеатрт үзэхээр очсон юм. Тэнд хэн нэгэн шээж, нэлээд хэдэн хүн унтаж байсан. Жүжигчид бид юуны төлөө хичээдгийг цочирдож ойлгосон ухаарлын мөч бол тэр байсан гэх үү дээ.
  • Одоо надад хонхны өндөр цамхгаас театр руу нулимсан ч хамаагүй. Үнэнийг хэлэхэд зарим хүн яагаад театрт тэгтлээ хүндэтгэлтэй ханддагийг ер ойлгодоггүй. Дөрвөн зуун жилийн тэртээх энэ театр гээч бидэнд ямар хамаа байна аа? Хэнд хэрэгтэй юм. Булшлаач ээ. Тэглээ гэхэд гамшиг болов л гэж! Театр угаасаа үхдэл шүү дээ. Аль Лир ван нь илүү вэ, ийм нь үү, тийм нь үү гэх хэнд хамаатай юм бэ? Өмнө нь арван таван мянган жүжигчний хийж байсныг л чи дахин давтаж байгаа шүү дээ.
  • Барын аманд гараа хийхээс буцахгүй галзуу насандаа жүжигчин бүр Хамлетад тоглохыг хүсдэг. Би ч бас хүссэн. Тэгэх нь амиа хорлохтой адил зүйл байсан гэж одоо бодох юм. Одоо би Шекспир болон Британийн иймэрхүү бүх утгагүй зүйлийг огт сонирхдоггүй. Сонирхож явсан үе маань цэвэр амбиц, алдаршихыг хүссэнтэй минь л холбоотой.

Entoni hopkins

  • Хурдан хөдөлгөөнтэй, тодоор гялалзсан, эрч хүч ихтэй хувь хүн илүүц сэтгэлийн долгион, хэлбэлзлийг хүсдэггүй олон хүнд аюултай. Дасч дадсан суурь ухагдахуунуудыг ганхуулахыг эрмэлздэг хүмүүсийн тухай бод доо. Мөн бүхнийг өдөөн бужигнуулагчдын тухай. Оливер Стоун шиг үнэхээр ямар нэг жинхэнэ юм хийж хүмүүсийг, эрх баригчдыг яриа хэлэлцээнд өдөөн турхирдаг хүмүүсийн тухай. Жирийн хүн өөрийг нь найдвартай хүмүүс хүрээлэхийг хүсдэг. Миний бодлоор энэ нь зөв зүйтэй зүйл. Гэхдээ хүн бүр тийм байвал дэлхийд жаахан уйтгартай болно доо.
  • Надад дуртай дүр гэж байхгүй. Би зүгээр л ажлаа хийдэг. Би дүрээ сурдаг, хэлэх үгээ мэддэг, ямар нэг дүр хүлээж авбал зохих ёсоор нь гүйцэтгэдэг хүн. Би хийх ёстой ажлаа гүйцэтгээд гэртээ харьдаг. Дараа нь би мөнгөний чек хүлээн авдаг, гүйцээ. Хүмүүс ингэхийг увайгүй явдал гэж хэлдэг ч тэд эндүүрч байна. Энэ чинь амьдралыг бодитоор хүлээн авсан үр ашигтай прагматик үйлдэл.

Entoni hopkins

  • Чамайг худалдагдсан гэж буруутгах хүмүүс үнэндээ зүгээр л атаархаж байгаа юм. Саяхан миний дотны найз Лондонд Үндэсний театрын жүжигчид сонгодог кастингийн агент эмэгтэйтэй уулзаж л дээ. Тэр эмэгтэй, “Тони ямаршуу байна?” гэж асуухад найз маань, “Холливудад туйлын сэтгэл хангалуун байгаа” гэжээ. Эмэгтэй, “Худалдагджээ” хэмээхэд найз, “Тийм ээ. Дээр нь тэр маш их баяжиж, бас алдаршсан” гэсэн аж. Тэгэнгүүт эмэгтэйн царай бараг ногоорсон гэсэн шүү.
  • Ач буян, өндөр ёс суртахуун шиг ядаргаатай зүйл байхгүй. Би өөрийгөө хуурамч биш гэж хэлэхгүй ээ. Бусдын л адил хуурамч. Ер нь хүмүүс бүгд хуурамч юм даа. Бүгд луйварчин, бүгд худалдагдсан, бас бүгд худалч.

  • Ханнибал Лектер үнэндээ ихэд сонирхолтой дүр юм. Хүн бүр түүнийг нууцхан биширдэг гэж боддог шүү. Тэрээр хүний далд хүсэл, уран зөгнөл, сэтгэлийн харанхуй тал гээд хэн хүний илэрхийлэхийн аргагүй хэсгийг төлөөлдөг гэлтэй. Дээр хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л бид жинхэнэ утгаараа эрүүл саруул ухаан, биетэй байх боломжтой. Магадгүй бид мөн Ханнибал Лектер шиг юу ч болсон яахаас ч буцахгүй байхыг хүсдэг биз ээ.
  • Би ганцаардалдаа дуртай. Би өөртөө хэнийг ч ойртуулдаггүй. Үүний тулд хуурч бултсаар ирсэн. Мэдээж би дулаахан сэтгэлтэй, найрсаг хүн шиг дүр эсгэдэг. Гэхдээ миний сэтгэл үргэлж хоосон байсаар ирсэн. Амьдралынхаа турш энэрэн нигүүлсэл гэж огт үгүй, аливаад хөндий хайхрамжгүй хандсаар явжээ.
  • Согтууруулах ундаа л бол юу хамаагүй ууж байсан үе бий. Өнөө үед хэн ч архи уудаггүй, тамхи татдаггүй, нүүрс ус хэрэглэдэггүй болсон мэт. Хачирхалтай нь би архичин байсандаа баярладаг юм. Мэдээжийн хэрэг, олон хүн архидалтаас болж зовж шаналж байгаад харамсдаг. Гэхдээ архичны “арьсанд” орж үзэх нь амьдралын гайхалтай баялаг туршлага шүү. Зарим өдөр би бүтэн шил текила ууж, амьдрах, үхэхээ ч тоодоггүй байлаа. Тэр үед би ёстой л далайд живэн ёроолд нь хүрч, бүх утгаараа хоосорч, сэтгэл санааны хувьд бүрэн дампуурсан даа. Би текилад их дуртай байсан юм.

Entoni hopkins

  • Би хэзээ ч хар тамхи хэрэглэж үзээгүй. Гэхдээ миний ходоодонд маш их текила агуулагддаг байсан тул хүчиллэгийн хямрал гэж юу болохыг бүрэн төсөөлж чадна.
  • Сайн кино зохиол эхний таван хуудаснаас нь мэдэгддэг. Хэрэв би дөрвөн хуудаснаас илүү уншиж чадахгүй бол энэ нь надад тохирохгүй кино гэдэг нь тодорхой болдог юм. Арын фон, чимэглэлийг нарийвчлан дүрсэлсэн зохиолууд надад ихээхэн сэжигтэй санагддаг. “Цөлийн дээгүүр нар мандаж, тэнгэрийн хаяанд…” Диалог, харилцан ярианд хүрэх гэж бүхэл бүтэн эссе уншина гээч. Тийм юм дэмий.
  • Аав маань нарийн боовчин байсан тул соёл урлагийг үл тоомсорлодог байв. Намайг төгөлдөр хуур тоглох үед тэр орж ирээд үсэрхэг гараасаа гурилын нунтгийг сэгсэрчихээд, “Чи юун хөгийн юм тоглож байгаа юм бэ?” гэдэг байсан нь бий. Намайг “Бетховеныг” гэхэд, “Дүлийрсэнд нь гайхах юм алга. Гадагшаа гарч ямар нэг юм хийгээч, бурхны нэрийг барин гуйя” гэнэ. Одоо би түүний тиймэрхүү эрээгүй занг ерөнхийдөө ойлгодог болсон.
  • Надад Спилберг таалагддаг. Тэр өөрөө үзэхийг хүсдэг тийм л киног хийдэг. Найзууддаа зориулж кино бүтээдэг “сэхээтэнлэг”, пээдгэр найруулагчид түүний дэргэд хэн ч биш. Тэдний киног найзуудаас нь өөр хэн ч үзэх билээ дээ. Зураг авалтын үеэр Спилберг үргэлж хүсэл тэмүүлэл, урам зоригоор дүүрэн байдаг бөгөөд маш хурдан ажилладаг. Тэр маяглаж, цаг үрэх дургүй хүн дээ.

Entoni hopkins

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img