2024-07-08, Даваа
25 C
Ulaanbaatar

Жүжигчин Мэгги Смитийн хайрын түүх

“Харри Поттер”, “Даунтаун эдлэн”, “Жейн Остин”… Мэгги Смит ямар ч дүр оногдлоо ч дүрээ дээд зэргээр гаргадаг нэгэн. Өдгөө 50 гаруй төслийн ард гарсан тэр бээр нэн алдартай. Гэхдээ хувийн амьдрал нь тийм ч дардан байсангүй. Кино шиг амьдралыг тэр туулжээ.

Хайрын түүх

Мэгги Смит анх жүжгийн зохиолч Беверли Кросстой учирахдаа ердөө 18 настай байлаа. 1952 онд Оксфордын оюутны ревюд оролцсон бөгөөд энэ сургуульд Кросс сурч байсан юм. Тэдний хооронд хормын төдийд л хайрын оч үсэрсэн гэдэг. Энэ бол анхны харцаар ирсэн хайр байлаа. Гэхдээ Беверли ч Мэгги ч хувь тавилан тэдэнд өөр төлөвлөгөө товлож байсныг мэдсэнгүй.

Учир нь Беверли тэр үед эхнэртэй байжээ. Хэдийгээр гэр бүлтэй ч тэр Мэггиг тавьж явуулахыг хүссэнгүй, эхнэрээсээ удахгүй сална гэж Мэггид амлан, түүнд гэрлэх санал тавьжээ. Гэвч гэрлэлт цуцлуулах явц Беверлигийн төсөөлж байсан шиг хялбар байсангүй. Урт удаан үргэлжилсэн гэрлэлт цуцлах явц арай хийн дуусаж, Беверли хүсэн хүлээснээрээ гоонь эр болсон ч Мэгги жүжигчин Роберт Стивенстэй гэрлэсэн байв. Тэд 1967 онд гэрлэжээ.

Хүндхэн харилцаа

Мэгги, Роберт хоёрын гэрлэлт аз жаргалтай байлаа. Ямартай ч эхний хэдэн жилдээ. Түүнчлэн, тэд хоёр хүүтэй болж, хожим нь хөвгүүд эцэг эхийнхээ замаар замнасан юм.

Анхандаа аз жаргалтай байсан хосын харилцаа найман жил үргэлжилж, улмаар харилцаа нь эрс муудсан тул тэд нэгнээ шаналган зовоохгүйн тулд 1975 онд хоёр тийш болжээ. Тэд хамтын амьдралынхаа сүүлийн жилүүдэд ихээхэн хэрэлдэж муудалцдаг байв. Шалтгаан нь Робертоос эхтэй. Роберт эхнэр нь жүжигчний замналдаа амжилт гаргаж байгааг тэсэж чаддаггүй байсны дээр согтууруулах ундаанд толгойгоо мэдүүлж, Мэггиг араар тавьдаг байв. Тэд анхандаа хөвгүүдийнхээ төлөө гэрлэлтээ хадгалж үлдэх гэж хичээж, тэр бүү хэл эмчид ч хандаж байжээ.

“Эмч түүнийг үзээд “гипермания” гэсэн онош тавьсан. Юу гэж байгаа талаар Роберт эмчээс лавлан асуухад “энэ нь сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх, замбараагүй бэлгийн идэвхтэй харилцаа” гэж эмч тайлбарласан юм.

Тухайн үед би “нээрээ л тийм дээ” гэж бодож байлаа” хэмээн Мэгги The Guardian -д өгсөн ярилцлагадаа өгүүлж байв. Тэр үүнийг ярихдаа хошигнож, инээж байлаа. Үнэндээ энэ дурсамж нь түүнд хөгжилтэй санагддагтаа биш харин хошин шогийн мэдрэмж сайтай тул өөрт тохиолдсон эмгэнэлт явдлыг хошигнон ярьж чаддаг байсан юм.

Аз жаргалд хөтлөх хоёр дахь боломж

Мэгги анхны хайртайгаа дахин учрав. Мэгги гэрлэлтээ цуцлуулснаас хэдхэн долоо хоногийн дараа Беверли Кросстой дахин учиржээ. Энэ удаад тэд гал халуун хайраа зүгээр нэг тавиад явуулчихыг хүссэнгүй. Ингээд сарын дараа тэд гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэхдээ тухайн үед Беверли мөн л эхнэртэй байв. Түүний эхнэр нь загвар өмсөгч Коллинз байсан бөгөөд харин энэ удаад Беверли гэрлэлтээ цуцлуулах явц урьдынхаас хурдан болж өнгөрлөө.

Беверли, Мэгги хоёрын аль аль нь хоёр дахь боломжоо алдахыг хүсэхгүй байсан юм. Тэд тус тусдаа ардаа амьдралтай байсан он жилүүдэд нэгнээ дэмжиж, найдвартай ар тал байсаар иржээ. Мэгги Смит Беверлитэй учирсан хайрын түүхээ кино зохиолтой адилтган ярьж байсан юм.

“Би үнэхээрийн их азтай хүн. Гэрлэх л ёстой байсан тэр хүнтэйгээ дахин учирна гэдэг яг л кино шиг. Ийм аз тохионо гэдэг хосгүй хэрэг” хэмээн Мэгги нэгэн ярилцлагынхаа үеэр өгүүлж байв.

Үл мартагдах хагацал

Тэдний аз жаргал 23 жил үргэлжилжээ. 1998 онд Беверли таалал төгсөв. Энэ хагацал Мэггигийн хувьд хүнд цохилт болсон юм. Гэхдээ Беверлитэй хамт өнгөрүүлсэн аз жаргалтай өдрүүд, тэдний хайр Беверлигийн үгүйд тайтгарал, хүнд үеийн дэмжлэг болж байлаа.

Мэгги дахин гэрлэсэнгүй, туйлын ихээр хайрлаж байсан Беверлидээ үнэнч үлдэхээр шийдсэн нь тэр.

Беверлиг таалал төгссөнөөс хойш 26 жил өнгөрсөн ч Мэгги нөхрөө мартаж чадсангүй.

Одоо ч түүнийг санан гансардаг хэвээр.

“Цаг хугацаа бүхнийг анагаана л гэдэг. Үнэндээ тийм биш. Зүгээр л бүх зүйл өөр болдог. Ингээд л боллоо” хэмээн Мэгги Смит өгүүлж байв.

Сэтгэлд нь үүссэн хоосон орон зайг өдөр шөнөгүй үргэлжлэх ажил ч нөхөж чадсангүй.

“Завгүй ажил ганцаардлаас түр сатааруулдаг. Гэхдээ өдөр дуусмагц өнөөх л хоосон нам гүм орон зай угтана” хэмээн Мэгги өгүүлж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img