2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

Израилд эсэргүүцэгчид ХАМАС-тай хэлэлцээр хийхийг шаардаж, зам хаажээ

Өнгөрсөн оны 10 дугаар сарын эхээр Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, 1200 хүний аминд хүрч, 200 гаруй хүн барьцаалан одсоноор Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн. Энэ хугацаанд Израил Газын зурвас руу өдөр алгасахгүй цохилт өгч байгаа ч Палестины энгийн иргэд л үй олноор амиа алдахаас биш барьцаалагдсан хүмүүсийг бүрэн суллаж чадахгүй л байгаа юм. Тиймдээ ч израилчууд сөргөлдөөн эхэлснээс хойш хэдэнтээ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулаад байна.

Хамгийн сүүлд, Израилын иргэд долдугаар сарын долооны 06:29 цагт эсэргүүцлийн жагсаал эхлүүлжээ. Энэ өдөр, цагийг сонгосон нь санаандгүй тохиолдол биш. Одоогоос есөн сарын өмнө яг энэ цагт ХАМАС Израил руу халдсан юм. Израилын эсэргүүцэгчид Засгийн газраа барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрийг ХАМАС-тай хийхийг шаардан, автозамуудыг хаасан байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, жагсагчид автозамуудыг хааж, тээврийн гол зангилаа болох нэгэн хэсэгт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр нийгмийн дэг журам зөрчсөн хэргээр таван хүн баривчлагдаж, зам хаахын тулд өөрсдийн тээврийн хэрэгслээ ашигласан 12 хүнд торгууль оноожээ.

Түүнчлэн зарим жагсагчид Тель-Авив-Иерусалимыг холбох гол зам дээр дугуй шатаасан байна. Энэ жагсаалыг Израилын хууль сахиулагчид хууль бус гэж үзсэний улмаас зохион байгуулагч хэд хэдэн хүнийг саатуулсан аж.

Жагсагчдын зарим хэсэг нь уриа лоозон барьж, зарим сайд, хууль тогтоогчдын гэрийн гадаа жагссан бол нэг хэсэг нь Газын зурвастай хиллэх хилийн ойролцоогоос хар өнгийн бөмбөлөг хөөргөжээ. Хар өнгийн бөмбөлгийг Газын зурваст хоригдсон хэвээр байгаа барьцааны хүн бүрийн тоогоор хөөргөсөн байна. ХАМАС бүлэглэл 120 барьцааны хүнийг үргэлжлүүлэн хорьж байгаа юм.

Талууд гал зогсоох хэлэлцээг идвэхжүүлэх үеэр ийнхүү эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна. Одоогоос сар гаруйн өмнө, тавдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ Израил Газын зурвас дахь барьцааны хүмүүсийг сулласны хариуд гал зогсоох төлөвлөгөөгөө танилцуулж, ХАМАС-т хандан шинэ саналыг зөвшөөрөхийг уриалсан гэдгийг онцолж байлаа.

Энэ төлөвлөгөө нь гурван үе шаттай, эхний шатанд Газын суурин газруудаас Израилын цэргүүдийг гаргах, ХАМАС-ын барьцаанд байгаа эмэгтэйчүүд, ахмад настнуудыг Палестины хоригдлуудаар солих талаар тусгасан байна. Төлөвлөгөөний хоёр дахь шатанд ХАМАС, Израил хоёр байлдааны ажиллагааг эцэслэн дуусгах нөхцөлийг хэлэлцэх аж. Харин гуравдугаар шатанд Газыг сэргээн босгох өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг тусгажээ.

Харин үүний дараа, зургадугаар сарын гуравны өдөр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь байлдааны ажиллагааг зургаан долоо хоногийн хугацаагаар зогсоох боломжтой, харин нэг мөр зогсоохгүй хэмээн онцолж байлаа.

Үүний араас, нэрээ нууцалсан албан тушаалтан The Times of Israel сонинд мэдээлэл өгөхдөө, Израил гурван зорилгодоо хүрэхээс нааш Газын зурвас дахь дайныг зогсоохгүй хэмээн онцолсон юм. Энэ гурван зорилгод ХАМАС-ын цэргийн болон иргэний удирдлагыг устгах, бүхий л барьцааны хүнийг чөлөөлөх, Газ цаашид Израилд аюул занад болохгүй байх нөхцөлийг хангах явдал багтаж байгаа аж.

Харин энэ сарын эхээр, CNN, Bloomberg агентлагуудын эх сурвалж Израил, ХАМАС гал зогсоох хэлэлцээ байгуулахад ойртсон хэмээж байв. Харин долгдугаар сарын зургаанд гарсан мэдээллээр, ХАМАС хэлэлцээрий нөхцөлөөс татгалзаж, гал зогсоох горимын эхний үе хэрэгжиж эхэлмэгц байнгын гал зогсоох хэлэлцээг үргэлжлүүлнэ гэсэн баталгааг Израилын талаас бичгээр авахыг хүсжээ. Одоо ХАМАС-ын тал Израилаас хариугаа хүлээж байгаа гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Эргэн сануулахад, ХАМАС бүлэглэл 2023 оны 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдсан юм. Энэ халдлагын улмаас 1200 орчим хүн амиа алдаж, 253 хүн барьцаалагдсан. Үүний хариуд Израилын тал Газын зурвас руу цөмрөн орж, байлдааны ажиллагаа эхлүүлснээр өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш Газын зурваст 38 150 хүн амиа алджээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img