2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

Төрийн тэргүүн болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн амь насанд халдсан, завдсан тохиолдлууд

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ирэх 11 дүгээр сард болох Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сурталчилгааны ажлаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд долдугаар сарын 14-ний өдөр сонгогчидтойгоо уулзах үеэр нь түүний амь насанд халдахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, долдугаар сарын 14-ний өдөр Пенсильвани мужид сонгогчидтойгоо уулзах үеэр нь түүний зүг буудсан байна.Буун дуу гарсны дараа тэр бээр чихээ тэмтэрч үзээд удалгүй доош суужээ. Үүний дараа АНУ-ын тусгай албаныхан Трампыг тайзнаас буулгаж, яаралтай авч явсан байна. Трампыг чиглэсэн сумны улмаас нэг хүн амиа алдаж, өөр нэг хүн хүнд шархадсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Трампыг буудсан хүн цуглаан дээр байгаагүй, харин цуглаан болох газрын ойролцоох барилгын дээвэр дээр байсан байх магадлалтай аж. Түүнийг Нууц албаныхан хөнөөсөн бөгөөд Трамп руу гал нээсэн этгээд чухам хэн байсан талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. Трампыг өмнө нь нэр дэвшиж байхад ч амь насанд нь халдахыг завдсан удаатай.

2016 оны зургадугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп Лас-Вегаст уулзалт хийх үеэр Майкл Сэндфорд гэх залуу цагдаагийн бууг булаахыг завджээ. Түүнийг баривчилсны дараа мэдүүлэг авахад Трампын амь насанд халдах талаар нэг жилийн турш бодож тунгаасан гэж мэдүүлсэн аж. Саатуулагдсан этгээд гэм буруугаа хүлээсэн бөгөөд түүнд нэг жилийн ял оноож байв.

Энэ мэтчилэн, сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийг хөнөөх, амь насанд нь халдахыг завдах үйлдэл жил бүр гардаг гэхэд хилсдэхгүй. Эдгээрээс, сүүлийн 10 жилд гарсан тохиолдлуудыг эргэн сануулж байна.

Эквадорын Ерөнхийлөгчид нэр дэвшигч рүү халдсан нь

2023 оны 08 дугаар сарын 09. Энэ өдөр Кито хотод Фернандо Вильявисеньсо буудуулсан юм. Тэр бээр Эквадорын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан бөгөөд Кито хотод сонгогчидтойгоо уулзах үеэрээ ийнхүү буудуулжээ. Үүнээс өмнө Фернандо заналхийлсэн мэдэгдэл удаа дараа хүлээн авч байсан аж. Халдлага үйлдсэн этгээд аюулгүй байдлын албаныхантай буудалцах үеэрээ шархдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн хойноо нас баржээ. Энэ хэргийн улмаас нийт есөн хүн шархадсан байна.

Аргентины Ерөнхийлөгчийг хөнөөхөөр завдав

2022 оны 09 дүгээр сарын 01. Аргентины дэд Ерөнхийлөгч Кристина Киршнер машинаасаа бууж, цугласан олон дэмжигчийнхээ дундуур гарч, гэр рүүгээ явах үеэр зэвсэгт этгээд түүнийг хөнөөхийг завджээ. Киршнерийг чиглүүлсэн буу цэнэгтэй байсан ч тухайн үед гох дарахад гацсан байна. Дэд ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан этгээд нь 35 настай Бразилын иргэн байсан аж.

Шинзо Абэгийн аминд хүрэв

2022 оны 07 дугаар сарын 08. Ерөнхий сайдын албаа хэдийнэ өгсөн Шинзо Абэ дээд танхимын гишүүнээр дахин сонгогдохоор нэр дэвшсэн Кэй Сатогийн зөвлөхийн хувиар сонгогчидтой хийх уулзалтад оролцжээ.

Ингээд Нара мужийн Ямато-Сайдази төмөр замын өртөөний орчимд үг хэлж байх үед нь ар нуруунаас нь хоёронтаа бууджээ. Эхний сум түүнийг оноогүй, Шинзо Абэ эргэн харах үед сум хүзүүн тус газар нь оносон байна.

Хэргийг үйлдсэн этгээд болох Тэця Ямагамиг хэргийн газар дээр нь баривчилж, Абэг эмнэлгийн нисдэг тэргээр Нарагийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт хүргэжээ. Эмнэлэг хүрэх замд ухаангүй, клиник үхлийн байдалтай байсан Шинзо Абэ мөн өдрийнхөө 17.03 цагт эмнэлэгт таалал төгссөн юм.

Малигийн тэргүүн золоор амьд гарав

2021 оны 07 дугаар сарын 20. Мали Улсын түр Ерөнхийлөгч Ассими Гоитигийн амь насанд халдах оролдлого гарчээ. Тэр бээр Курбан-байрам баярыг тохиолдуулан нийслэлийн сүмд мөргөл үйлдэх үеэр зэвсэглэсэн хоёр этгээд халдсан байна. Малигийн тэргүүн энэ үеэр бэртэж гэмтээгүй. Тусгай албаныхан халдлага үйлдсэн этгээдүүдийг устгажээ.

Гаитигийн Ерөнхийлөгчийг хөнөөв

2021 оны 07 дугаар сарын 07. Энэ өдрийн шөнө Гаитигийн төрийн тэргүүний байр руу үл мэдэгдэх этгээдүүд халджээ. Халдлагын улмаас Ерөнхийлөгч Жовенель Моиз хүнд шархдан амиа алдсан байна. Мөн тэргүүн хатагтай ч шархаджээ. Хууль сахиулагчид халдлагын сэжигтэн болох 28 хүнийг тогтоон, 23 хүнийг баривчилсан байна. Эдгээр хүмүүсийн 26 нь Колумбийн иргэд байжээ.

Энэ хэргээс гурван жилийн өмнө Жовенель Моизын амь насанд халдах орлдлого гарч байлаа. Түүнийг тусгаар Гаити улсыг үндэслэгч Жан Жакийн хөшөөнд цэцэг өргөх үеэр үл мэдэгдэх этгээд гал нээсэн ч Жовенель эсэн мэнд үлдэж байв. Харин гурван жилийн дараа гэртээ бусдын гарт амиа алдсан байна.

Суданы Ерөнхий сайд руу халдсан нь

2020 оны 03 дугаар сарын 09. Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдокын цуваа халдлага өртөв. Цуваа дайран өнгөрөх зам дээр тэсрэх төхөөрөмж дэлбэлж, дараа нь гал нээсэн байна. Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй, түүнийг дагалдан явсан нэг хүн хөнгөн шархаджээ.

Болсонару руу халдав

2018 оны 09 дүгээр сарын 06. Бразилын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жаир Болсонару сонгуулиас нэг сарын өмнө Жуиз-ди-Фору хотод сонгуулийн сурталчилгааныхаа ажлыг хийж байх үедээ шархаджээ. Халдлага үйлдсэн этгээдийг Болсонаругийн дэмжигчид аюулгүй болгож, дараа нь хууль сахиулагчид түүнийг баривчилсан байна.

Болсонару руу халдах болсон нь үзэл баримтлалын зөрүүнээс үүдэлтэй гэж гэмт этгээд мэдүүлжээ. 2019 оны тавдугаар сард түүнийг хэрэг хүлээх чадваргүй гэж үзэн, эмчилгээнд явуулсан байна.

Дрон ашиглан Венесуэлийн Ерөнхийлөгч рүү халдсан нь

2018 оны 08 дугаар сарын 04. Үндэсний Боливарын гвадр байгуулагдсаны ойд зориулсан жагсаалын үеэр Николас Мадурогийн амь насанд халдахыг завдсан юм. Тухайн үед тэсрэх төхөөрөмж суурилуулсан хэд хэдэн дроныг Ерөнхийлөгчийн зүг нисгэжээ. Энэ хэргийн улмаас долоон цэргийн алба хаагч шархадсан бол төрийн тэргүүн бэртэж гэмтээгүй байна.

Зимбабвегийн Ерөнхийлөгч рүү халдав

2018 оны 06 дугаар сарын 03. Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлынхаа хүрээнд Булавайо хотын цэнгэлдэх хүрээлэнд уулалт хийж байх үеэр дэлбэрэлт болжээ. Энэ хэргийн улмаас төрийн тэргүүн бэртэж гэмтээгүй, харин албан тушаалтнууд, цагдаагийн алба хаагчид гээд нийт 49 хүн шархадсан байна.

Эрдоган руу халдахыг завдсан нь

2016 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө. Энэ үед Турк улсад цэргийн эргэлт хийх оролдлого гарсан бөгөөд бослого гаргагч цэргийнхэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байрлаж байсан Мармарис дахь зочид буудал руу халджээ. Халдлага Эрдоган буудлыг орхин гарснаас хэдхэн минутын дараа болсон байна. Амь насанд халдах үйлдлийг таслан зогсоохоор ажилласан хоёр цагдаагийн алба хаагч амиа алджээ.

Мальдивын арлуудын Ерөнхийлөгч рүү халдав

2015 оны 09 дүгээр сарын 28. Ерөнхийлөгч Абдулла Ямина хаж мөргөлийн дараа Саудын Арабаас буцаж явах үед нь түүний завин усан онгоцон дээр дэлбэрэлт болжээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн гэргий болон туслах нь хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ливийн Ерөнхий сайд руу халдсан нь

2015 оны 05 дугаар сарын 26. Ливийн Ерөнхий сайд Абдалла ат-Тани Парламентын байрнаас гарч машин руугаа суух үеэр үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд түүний машин руу гал нээжээ. Ерөнхий сайд гэмтээгүй, харин нэг хамгаалагч нь шархадсан байна.

Абдуллаг онилсон дэлбэрэлт

2014 оны 06 дугаар сарын 06. Афганистаны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Абдулла Абдуллагийн амь насанд халдах оролдлого энэ өдөр гарчээ. Түүний сонгуулийн өмнөх уулзалт болсон зочид буудлын хажууд дэлбэрэлт болсон байна. Түүнийг цуглааны дараа гарч ирэх үед бөмбөг дэлбэрч, түүний машиныг гэмтээжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 17 хүн шархадсан бол улс төрч бэртэж гэмтээгүй байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img