2024-10-17, Пүрэв
1 C
Ulaanbaatar

ISW: Кремль Европын зэвсгийн үйлдвэрийн удирдлагуудыг хөнөөхийг завдсан

ОХУ-ын эрх баригчид зэвсгийн үйлдвэрийн удирдлагыг хөнөөхөөр төлөвлөж байсныг Америкийн тагнуулынхан олж мэдэн, энэ талаар Германы Засгийн газарт анхааруулсан гэж Дайн судлалын хүрээлэн мэдэгджээ.

Тодруулбал, Германы зэвсэг үйлдвэрлэгч Rheinmetall компанийн ерөнхий захирал Аромин Паппергер болон Европын холбооны батлан хамгаалах, аж үйлдвэрийн цогцолборын өөр хэд хэдэн албан тушаалтныг Оросын эрх баригчид хөнөөхөөр төлөвлөж байсан гэнэ. Энэ төлөвлөгөөг АНУ-ын тагнуулынхан олж мэдсэнээр ХБНГУ-ын Засгийн газарт дуулгаж, улмаар аллага болохоос урьдчилан сэргийлж чадсан гэж Америкийн Дайн судлалын хүрээлэнгийн 2024 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан тайланд өгүүлжээ.

“Европын батлан хамгаалах, аж үйлдвэрийн цогцолборын тэргүүлэгч зүтгэлтнүүдийг Оросын эрх баригчид хөнөөхийг завдсан. Энэ нь Украинд үзүүлэх тусламжийг зогсоох, тогтоон барих, НАТО-ын гишүүн орнуудад тогтворгүй байдал үүсгэх гэсэн Оросын хүчин чармайлттай холбоотой байх магадлалтай” хэмээн Дайн судлалын хүрээлэнгийн тайланд онцолжээ.

Дайн судлалын хүрээлэнгийн судлаачид энэ тайландаа CNN агентлагийн мэдээллийг иш татсан байна. Тус суваг долдугаар сарын 11-ний өдөр дамжуулсан мэдээлэлд Германы зэвсгийн үйлдвэрийн ерөнхий захирал Армин Паппергерийг Кремль хөнөөхөөр төлөвлөж байсныг Америкийн тагнуул илрүүлснийг онцолж байсан юм.

Судлаачдын онцолсноор, энэ үйл явдал 2024 оны эхээр болсон бөгөөд АНУ-ын тусгай албаныхан Кремлийн төлөвлөгөөг мэдсэн даруйдаа Германы Засгийн газарт анхааруулснаар зэвсгийн үйлдвэрийн удирдлагуудын амь насанд халдах ажиллагаанаас урьдчилан сэргийлж чадсан байна.

CNN агентлагийн мэдээлснээр, Германы зэвсгийн үйлдвэрийн захирал Паппергерийг хөнөөх нь Европын батлан хамгаалахын аж үйлдвэрийн удирдлагуудыг хөнөөх олон төлөвлөгөөний нэг нь байсан бөгөөд Паппергерийг хөнөөх төлөвлөгөө хэдийнэ сайтар боловсруулагдсан байсан гэнэ.

Оросын субъектууд болон гар хөл бологсонд нь Украинд үзүүлэх барууны тусламжийг тогтоон барих, тасалдуулахад чиглэгдсэн хорлон сүйтгэх ажиллагаа, холимог дайны бусад ажиллагааг зохион байгуулж байна гэж Европын эрх баригчид өмнө нь мэдэгдэж байлаа. Түүнчлэн НАТО-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр Оросын холимог ажиллагаа идэвхжиж байгааг НАТО болон түүний гишүүн орнууд анхааруулж байсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img