2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

Испанийн шигшээ Еврогийн түүхэнд хамгийн олон аваргалсан баг боллоо

Евро-2024.

Финалын тоглолт.

Долдугаар сарын 14. “Olympiastadion” цэнгэлдэх хүрээлэн (Берлин).
Испани – Англи – 2:1.
Гоолууд: 47` Вильямс Н., 86` Ойярсабаль М. (хоёул Испани), 73` Палмер К. (Англи).

Европын аваргыг тодруулах финалын тоглолтод хоёр эсрэг тэсрэг баг шалгарч үлдсэн гэж хэлж болно. Эрч хүчтэй довтолж, яруу тод романтик тоглолт үзүүлдэг Испани олон сайн хөлбөмбөгчинтэй ч хэт прагматик, бүр уйтгартай гэмээр тоглолттой Англитай хүч үзсэн билээ.

“Улаан фурия” гэгддэг Испанийн баг нэгдүгээр үе дундаа ороход бөмбөг эзэмшилтээр өрсөлдөгчөө 70:30 харьцаатай давамгайлсан ч арлын Английн алдаагүй найдвартай хамгаалалтад ямар нэг ноцтой аюул учруулж дөнгөөгүй.

Испаниудад хурдан довтолгоо хийх өчүүхэн ч боломж гараагүй дээ. Тэд нэгдүгээр үеийн сүүл хэсэгт аргаа барсандаа Английн торгуулийн талбай руу удаа дараа бөмбөг цөлөвч энэ нь үр дүнгүйн дээр утгагүй харагдаж байв.

Нэгдүгээр үеийн тоглолтыг товч дүгнэвэл чанартай хөлбөмбөг үзүүлсэн ч гоол оруулахуйц аюултай мөч үндсэндээ байсангүй.

Харин хоёрдугаар үеийн эхнээс л Испанийн тоглолт задарч багууд амралтын дараа дахин талбайд гарснаас хойш хоёр минут өнгөрсөн үү, үгүй юу залуу тоглогчдынхоо ачаар Английн хамгаалалтыг сэтлэн гоол оруулсан юм.

Ямалийн дамжуулалтын дараа Вильямсын цохьсон бөмбөгийг Английн хаалгач Пикфорд хааж чадаагүй.

Англиуд юу болсныг ойлгож ч амжаагүй байхдаа дахин нэг гоол алдахаа шахсан.

Гэвч ашигтай байрлалаас Ольмо “Гурван арслан”-гийн хаалгыг оноогүй. Английн хувьд хоёрдугаар үеийн эхний минутууд ийнхүү хүндхэн өнгөрсөн ч Еврод яаж ийгээд тооны харьцааг тэнцүүлээд зогсохгүй бүр хождог “заншилтай” болсон баг яах аргагүй тэднийх.

Иймд “будант Альбион”-ы хөгжөөн дэмжигчид багтаа итгэл алдралгүй улам ихээр дэмжин Испанийн тоглогчид бөмбөг авах тоолонд исгэрч байлаа.

Хэдий тийм ч Испанийн довтолгоо улам ширүүссэн. Английн дасгалжуулагч Саутгейт 60 дахь минутад олигтой тоглоогүй шилдэг довтлогч Харри Кейнээ солих шийдвэр гаргасан юм. Үүний дараа Беллингемийн цохилтын дараа бөмбөг Испанийн хаалганы шонгийн хажуухнаар өнгөрөв.

Төдөлгүй испаниуд тоглолтын санаачилгыг дахин гартаа авч, Ямаль гоолдох дөхсөн ч түүний цохьсон бөмбөгийг Пикфорд сунаж үсрэн хааж багаа ээлжит удаагаа аварсан юм.

Гэхдээ энэ Еврод Англи яаж ч муу тоглолоо, ганц бөмбөгийн зөрүүг тэнцүүлсээр ирсэн. Энэхүү “хууль” финалд ч мөн үйлчлэв. Саутгейт дахин нэг оновчтой сэлгээ хийж, Беллингемийн дамжуулалтаар талбайд гарсан Палмер Испанийн хаалганд бөмбөг оруулан тооны харьцааг тэнцүүллээ.

Харин “Улаан фурия” нэмэлт цаг хүлээн тоглолтын үндсэн цагийн төгсгөлд болгоомжилдог баг биш. Испаниуд бүхнийг 90 минутын дотор шийдэхийн тулд довтолсоор. Ямаль гоолдох шахсан ч Пикфорд хаалгаа хамгаалж чадсан. Гэвч тэд эцэстээ зорьсондоо хүрсэн дээ.

Кукурельягийн дамжуулалтаар Ойярсабаль гоолдсоноор тооны харьцаа 2:1 болов.

Тэглээ гээд Англи бууж өгөөгүй. Үндсэн цагийн сүүлийн минутад Испанийн Ольмо хаалгачийнх нь хажуугаар өнгөрөх бөмбөгийг хааж багаа авраагүйсэн бол Англи тооны харьцааг баараггүй тэнцүүлэх байлаа.

Европын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд Испани түрүүлсэн нь үнэхээр шударга явдал гэдэгтэй хөлбөмбөгийн хорхойтнууд санал нийлэх биз ээ.

Де ла Фуэнтегийн баг тэмцээний турш жигдхэн байж, тоглолт бүртээ ялалт байгуулсан юм. Үүгээр зогсохгүй испаниуд бараг бүх хүчтэй, тэмцээнд түрүүлэх таамагт байсан багуудтай таарч, замаасаа зайлуулсан билээ.

Тэдгээрийг жагсаавал, Хорват, Итали, Герман, Франц, Англи байна. “Хуучин” тивийн шилдэг багууд яах аргагүй мөн.

Ер нь Испанийн шигшээ баг энэ тэмцээний хамгийн шилдэг нь байсан гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Довтолгоонд илүү тулгуурласан тэнцвэртэй тоглолтууд нь хөлбөмбөгийн тив тивийн хөгжөөн дэмжигчдийн нүдийг баясгасны дээр үр дүнд ч хүрлээ.

Де ла Фуэнте Испанийн шигшээ багийн ялалтын дараа үг хэлэхдээ, “Үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ. Манай хөгжөөн дэмжигчид, манай тоглогчид ямар их хөөрөн баярлаж байна вэ…

Үнэхээр гайхалтай өдөр байлаа. Баг маань Европын аварга шалгаруулах тэмцээнд бүгдийг давамгайлан шударгаар түрүүллээ. Үүгээр би хамгийн ихээр бахархаж байна. Энэхүү ялалт манай багт түлхэц өгөн өдөр бүр ахиц дэвшил гаргахад хүргэнэ гэдэгт найдаж байна.

Үүнд ч бидний зорилго оршсоор ирсэн. Энэ бол манай багийн давуу талын нэг юм” гэжээ.

“Opta Sports” порталын мэдээлснээр, Испанийн шигшээ баг Евро-2024-т хоёр дээд амжилт тогтоосон байна. Де ла Фуэнтегийн баг оролцсон бүх долоон тоглолтдоо хожиж, 15 гоол оруулжээ.

Үүнээс өмнө томоохон тэмцээнүүдэд ийм амжилтад Бразилийн шигшээ баг л хүрч байсан аж. Бразил 2002 онд Япон, Өмнөд Солонгост болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоон тоглолтын долоод нь мөн ялалт байгуулж түрүүлсэн түүхтэй.

Түүнчлэн Европын түүхэнд хамгийн олон буюу дөрвөн удаа аваргалсан баг боллоо.

Ингээд, Еврод урьд өмнө аль улсын шигшээ баг хэдэн удаа түрүүлж байсныг дор жагсаахаас гадна Испанийн шигшээ багийн Еврогийн финалд түрүүлж байсан тоглолтуудын статистикийг хүргэж байна.

Еврод түрүүлж байсан багууд:

1.Испани – 4 (1964, 2008, 2012, 2024)
2.Герман – 3 (1972, 1980, 1996)
3.Итали – 2 (1968, 2020)
4.Франц – 2 (1984, 2000)
5.ЗХУ – 1 (1960)
6.Португал – 1 (2016)
7.Чехословак – 1 (1976)
8.Нидерланд – 1 (1988)
9.Дани-1 (1992)
10.Грек – 1 (2004)

Испанийн шигшээ багийн Еврогийн финалд түрүүлж байсан тоглолтууд:

1964: Испани — ЗХУ — 2:1 (Хесус Мария Переда, Мартинес Марселино — Галимзян Хусаинов)
2008: Испани — Герман — 1:0 (Фернандо Торрес)
2012: Испани — Итали — 4:0 (Давид Сильва, Жорди Альба, Фернандо Торрес, Хуан Мата)
2024: Испани — Англи — 2:1 (Нико, Микель Ойярсабаль — Коул Палмер)

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img