2025-01-15, Лхагва
-11 C
Ulaanbaatar

Парис-2024-д ялалт байгуулсан тамирчдыг улс оронд нь ямар шагнал хүлээж байгаа вэ

Парис хотноо Зуны олимп үргэлжилж байна. Энэ удаагийн олимпоор 10 мянган тамирчин хоёр долоо хоногийн туршид медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Олон улсын олимпын хороо ялагчдад мөнгөн шагнал олгодоггүй, харин дэлхийн улс орнууд олимпод амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшуулдаг.

Харин энэ оноос спортын зарим байгууллагууд анх удаа тамирчдаа шагнах шийдвэр гаргасан.

Тодруулбал, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хөнгөн атлетикийн төрөлд алтан медаль хүртсэн тамирчин бүр 50 000 долларын шагнал хүртэнэ гэж зарласан юм. Харин Олон улсын боксын холбоо алтан медаль хүртсэн боксчдод 100 000 долларын шагнал өгөхөөр болжээ.

Улс орнууд ялагчдаа хэрхэн урамшуулдаг вэ?

Дэлхийн улс орнуудаас Хонконг тамирчдаа хамгийн өндөр шагналаар урамшуулдаг гэдгээрээ алдартай. Энэ жил Хонконгийг төлөөлөн оролцож буй тамирчид Парис-2024 олимпоос алтан медальтай буцвал тамирчдыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 770 мянга орчим долларын шагнал хүртэх аж.

Сингапурт ихэнх хувь нь улсын төсвөөс санхүүждэг Major Games Award гэх хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд ганцаарчилсан төрөлд оролцон алтан медаль хүртсэн тамирчид нэг сая сингапур доллар буюу 700 мянга орчим ам доллар, харин багийн төрлийн спортоор алтан медаль хүртсэн тамирчид хоёр сая сингапур доллар буюу 1,6 сая ам.долларын шагнал хүртэх юм байна. Мөнгөн медальтнууд дээрх үнийн дүнгийн 50 хувь, харин хүрэл медальтнууд 25 хувьтай тэнцэх мөнгөн шагнал хүртэх аж.

Одоогоор ийм шагналыг Сингапурын ганцхан тамирчин хүртээд байгаа юм. Усанд сэлэлтийн тамирчин Жозеф Скулинг 2016 оны Олимпоос эрвээхий сэлэлтээр 100 метрийн сэлэлтийн аварга болсноор Сингапурын анхны бөгөөд цорын ганц алтан медальтанд тооцогдож байна.

Тайванийн хувьд мөн л тамирчдаа дэмжих улсын хөтөлбөр бий. Энэ хүрээнд Тайванийн тамирчид алтан медаль хүртвэл 600 мянган ам.долларын шагнал авахын зэрэгцээ насан туршдаа сар бүр 4000 ам.долларын тэтгэмж авах аж.

Индонези, Казахстан, Малайз, Марокко, Итали, Филиппин, Таиланд, Унгар, Косово, Эстони, Египеит зэрэг орнууд ч Парисын олимпоос тамирчид нь медаль хүртвэл 112 000-365 000 ам.долларын шагнал хүртээнэ гэж амлажээ.

Зарим оронд төрөөс шагнал хүртээхийн зэрэгцээ спортын холбоод нь ч шагнаж урамшуулдаг аж. Тухайлбал, Энэтхэгийн засгийн газар алтан медаль хүртсэн тамирчдаа 7,5 сая рупий буюу 90 мянган ам.доллараар шагнах бол Энэтхэгийн олимпын хороо 10 сая рупий буюу 120 мянган ам.доллараар шагнахаар болжээ.

АНУ-ын хувьд Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчид 37500 ам.доллар, мөнгөн медальтан 22 500, харин хүрэл медальтан 15 000 ам.долларын шагнал хүртдэг аж. Мөн тус улсын спортын байгууллагууд тамирчдыг дэмжих хөтөлбөртэй.

Эдгээрийн нэг болох Living The Dream Medal Fund сан бөхийн төрлөөр алтан медаль хүртсэн тамирчдад 250 000 ам доллар, харин усанд сэлэлтийн холбоо тамирчдаа алтан медаль хүртвэл 75 000 доллараар шагнана гэж амлажээ.

Амжилтын төлөө байр, машин

Зарим улс орнууд амжилт гаргасан тамирчдаа мөнгөөр урамшуулахаас гадна байр, машин ч бэлэглэдэг.

Тухайлбал, Малайзийн эрх баригчид тамирчид нь Парисаас медальтай ирвэл премиум ангиллын машин өгнө гэж амлажээ.

Харин Казахстаны тамирчид Олимпын наадамд ялагч болвол хуулийн дагуу байр авах эрхтэй болох бөгөөд медалийн өнгөнөөс хамаарч байрны талбай өөр өөр байдаг гэнэ.

2012 оны олимпоор хийн буудлагын төрөлд алтан медаль авсан Ий Силинг Хятадын Гуандан мужийн эрх баригчид нэг сая орчим доллартай тэнцэх мөнгөөр шагнаж байв. Харин бусад тамирчдыг үл хөдлөх хөрөнгийн компани шинэ байраар урамшуулж байжээ.

Хамгийн өндөр шагнал

Дэлхийн улс орнууд дундаас тамирчдаа медаль хүртсэнийх нь төлөө хамгийн өндрөөр шагнасан тохиолдол 2021 онд гарсан юм. Тухайн үед Саудын Арабын эрх баригчид каратэчин Тарег Хамедид 5 сая риал буюу 1,33 сая долларын шагнал олгож байлаа. 2021 оны олимпын үеэр Хамеди алтан медальд тун ойрхон байсан ч ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ. Гэсэн ч түүний хичээл зүтгэлийг эрх баригчид нь зохих ёсоор үнэлсэн аж.

Персийн булангийн бусад чинээлэг орнууд алтан медалийн төлөө өндөр шагнал амлан гадаадын тамирчдыг өөртөө татдаг. 2005 онд Катар улс Өмнөд Африкийн сэлэлтийн тамирчин Ролан Шуманд олимпын медаль бүрийнх нь төлөө 50 мянган доллар амлах зэргээр олон саяын гэрээ хийх санал болгосон ч Ролан татгалзаж байв.

Зөвхөн оролцсоных нь төлөө

Зарим орны хувьд тамирчин нь олимпод орох нь л чухал байдаг. Тухайлбал Ирак. Энэ улсын хүндийг өргөгч Али Аммар Ясир Парис-2024 олимпод оролцох эрхээ авсных нь дараа эрх баригчид шийдвэр гарган түүнд газар, сар бүр урамшуулал олгохоор болсны дээр 7000 долларын шагнал олгожээ.

Харин Их Британи, Норвеги, Швед гэсэн орнууд олимпоос медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулдаггүй байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img