2025-01-15, Лхагва
-11 C
Ulaanbaatar

Дүрвэгчдийн шигшээгийн түүхэнд анхны медалийг авчирсан Синди

Парис-2024 зуны олимп урьд өмнөх олимпын наадмуудын адилаар онцгой, ховор мөчөөр дүүрэн байна. Түүхэн олон үйл явдал энэ зуны олимпын үеэр бүртгэгдсэний нэг нь Дүрвэгчдийн шигшээ багийн төлөөлөгч хүрэл медалийн болзол хангаснаар энэ багийн түүхэн дэх анхны медалийг авчирахаар болсон явдал юм.

Тодруулбал, 75 хүртэлх кг жинд тулалддаг Синди Нгамба наймдугаар сарын дөрөвний өдөр Францын боксчин Давина Мишелийг ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Тэр бээр наймдугаар сарын наймны өдөр Панамын тамирчинтай тулалдах бөгөөд энэ тулаанд ялсан ч Синди хүрэл медальтан болох юм.

Өдгөө 25 настай Синди Камерун гаралтай ч Их Британид амьдарч, бэлтгэл сургуулилалт хийдэг. Эх оронд нь гарсан, засгийн газрын эсрэг зэвсэгт бослогын улмаас тэр бээр 11 настайдаа эцэг эхийн хамт Их Британид иржээ. Чухамхүү энд ирээд л боксын спорттой танилцсан байна. Түүнчлэн Болтоны их сургуульд криминологчоор суралцжээ.

Синдигийн өгүүлснээр, эх орноо орхин Британид ирэхэд тун хүнд байсан гэнэ. Хэлний бэрхшээлээс болж үе тэнгийнхэндээ байнга дээрэлхүүлдэг байсан аж.

Боксоор амжилттай хичээллэж, хүлээн зөвшөөрөгдөх болсон Сидни Британийн боксын багтай хамт бэлтгэл хийдэг ч Британийн иргэншил байхгүй тул энэ улсыг төлөөлөх боломжгүй юм байна. Тэр бүү хэл 2019 онд Синдиг ахынх нь хамт албадан нутаг буцаахаар тусгаарлах өрөөнд өдөржин хорьж байсан ч азаар тэднийг хөөн гаргалгүй, Британид үлдээжээ.

Sindy

Сидни 18 настайдаа өөрийгөө ижил хүйстэн гэж зарлаж байв. Камерунд ижил хүйстэн байх нь эрүүгийн хэрэгт тооцогддог, тиймээс тэр эх орон руугаа буцвал ял үүрэх аюултай. Их Британид ирээд тэдний гэр бүл олон жил дүрвэгчийн статус горилсон ч 2021 онд л албан ёсны зөвшөөрөл авчээ. Ингээд дүрвэгчийн хувиар Дүрвэгчдийн шигшээ багт орж, энэ багийн тугч болон алхсан юм.

Хэдийгээр тэр Британийн паспортгүй, олон улсын түвшинд энэ улсыг төлөөлөх, Британид мэргэжлийн түвшний тэмцээн уралдаанд оролцох боломжгүй ч сонирхогчийн тэмцээнд удаа дараа оролцож, хэн болохоо харуулж байв. Синди Английн сонирхогчийн боксын аварга шалгаруулах тэмцээний гурван өөр жингийн ангилалд гурвантаа ялагч болж байжээ.

“Медаль хүртсэн анхны дүрвэгч болно гэдэг миний хувьд ихээхэн ач холбогдолтой. Дэлхий даяарх дүрвэгчдэд хандан хэлэхэд, хичээнгүйлэн ажиллаад л бай, өөртөө итгэсэн хэвээр бай” хэмээн Синди сэтгүүлчдэд ярьжээ.

Энд дуулгахад, өмнө нь дүрвэгчдийн баг Олимпын цагариг бүхий цагаан туган дор оролцдог байсан бол энэ удаагийн олимпоор өнгө өнгийн сумаар хүрээлэгдсэн зүрх бүхий бэлгэдэлтэй оролцож байгаа юм. Мөн энэ удаагийн олимпод дүрвэгчдийн шигшээ баг түүхэндээ анх удаа хамгийн их төлөөлөгч оролцуулж байгаа бөгөөд 11 орны 37 тамирчин дүрвэгчдийн шигшээ багт багтсаны 14 нь Иран, 5 нь Афганистан, 5 нь Сири, бусад тамирчид Куб, Эритрей, Этиоп, Судан, Өмнөд Судан, Венесуэл, Камерун, Конгогийн иргэд байгаа аж.

Дүрвэгчдийн шигшээ баг анх 2015 онд байгуулагдсан юм. Ийм баг байгуулахаар болсноо Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах НҮБ-ын Ерөнхий чуулганы үеэр мэдэгдэж байлаа. Энэ багт олон улсын эсвэл дотоодын зэвсэгт сөргөлдөөн, эсвэл хавчлагын улмаас эх орноо орхихоос аргагүй болсон чадварлаг тамирчдыг багтаана гэж тэр бээр мэдэгдэж байлаа. Дүрвэгчдийн шигшээ багийн бэлтгэлийн бүхий л зардлыг ОУОХ-ны “Олимпын эв нэгдэл” хөтөлбөр хариуцдаг юм байна.

Ингээд Дүрвэгчдийн шигшээ баг анх удаа Рио-2016 олимпод 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байв. Тухайн үед энэ багийн санхүүжилтэд хоёр сая доллар зарцуулж байжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img