Орос, Украины дайны явцад эргэлт гарч, өмнө нь зөвхөн Украины нутаг дээр өрнөж байсан тулалдаан одоо Оросын нутгийг ч хамрах болсон юм.
Тодруулбал, наймдугаар сарын зургаанаас эхлэн Украины цэргүүд Оросын Курск муж руу халдаж, Курскийн гүн рүү давшсаар байна. Улмаар ердөө тавхан хоногийн дотор Украины цэргүүд гурав дахь бүс нутагтаа хяналтаа тогтоогоод байгаа юм.
Тулалдаан Оросын нутаг дээр өрнөх үеэр ОХУ-ын тал ихээхэн хохирол амсжээ. Наймдугаар сарын есөнд шилжих шөнө Курск муж дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн цувааг Украины тал устгасан гэж Орос болон Украины хэвлэлүүд мэдээлсэн байна.
Урьдчилсан мэдээллээр, Украины цэргийн алба хаагчид Америкт үйлдвэрлэгдсэн HIMARS шуурган галын тийрэлтэт системээр Оросын цэргийн цуваанд цохилт өгч, долоон нэгж техникийг устгажээ. Энэ цохилтын улмаас тухайн хэсгийн замыг бүрэн хааж, одоо хүртэл сум аюулгүй болгох ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.
Курск мужийн Рыльск орчимд явж байсан Оросын цэргийн цуваанд шуурган галын тийрэлтэт системээр цохилт өгсөний улмаас Оросын 490 цэрэг амиа алдсан гэж Украины үнэн сонин мэдээлжээ. Харин Украин болон ОХУ-ын албаны төлөөлөгчид энэ мэдээллийг нотлоогүй мөн няцаагаагүй байна.
ОХУ хугацаат цэргүүдээр хохирлоо нөхнө
Наймдугаар сарын зургааны өдөр агаараас эсэргүүцэн хамгаалах систем, дроны операторуудын хороогоор хүч нэмэгдүүлсэн Украины хэд хэдэн бригад Суджа хилээр Курск мужийн нутаг руу цөмрөн орсон юм. Дараа өдөр нь хилийн боомтыг эзлэн авч, олон хилчин бууж өгчээ.
Украины тусгайгийнхны халдлагаас хамгаалах зорилгоор 2023 онд өмнөд бүс нутгуудад байгуулсан, явган цэргийн хэсгүүдийн “хилийг хамгаалах хороо”-ны цэргийн алба хаагчид ч Украины цэргүүдийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй талаар хэвлэлүүд мэдээлж байна.Ийм хороог байгуулахдаа хугацаат цэргийн алба хаагчдыг ч багтаасан бөгөөд анхнаасаа хүнд техниктэй эсэргүүцэлтэй нүүр тулна гэж тооцоолоогүй байсан аж. Тиймээс л хүч нэмэгдүүлсэн Украины цэргүүдийн эсрэг тулалдаж чадалгүй ялагдаж, улмаар украинчууд эхний өдрөө л 10 гаруй км давшжээ.
Курск мужид Украины хүч нэмэгдүүлсэн цэргүүдийг эсэргүүцэх хэмжээний цэргийн хүч байхгүй гэдэг нь довтолгоо эхэлсэн эхний өдрөөс л тодорхой болсон юм. Энэ бүс нутаг Ленинградын цэргийн тойргийн бааз дээр тулгуурлан байгуулагдсан, ОХУ-ын Зэвсэгт хүчний “Север” бүлэглэлийн хяналтын бүсэд харьяалагддаг.
Энэ бүлэглэл 2024 оны тавдугаар сараас эхлэн Харьков мужийн хойд хэсэг дэх ширүүн тулалдаанд татагдан орсны улмаас ард үлдсэн цэргийн хүч суларсан юм. “Север” бүлэглэлд гэрээт цэргүүдийг элсүүлэх талаарх зар энэ зунжин явж байсан ч цэргийн хүчийг бүрэн дүүрэн нөхөж чадаагүй нь саяхны Украины халдлагаас харагдаж байна. Энэ алдаагаа залруулах үүднээс ОХУ Курск муж руу хугацаат цэргийн алба хаагчдыг илгээхээр болжээ.
Тодруулбал, Украинтай залгаа хил буюу Курск, Белгород муж руу Эрхүү мужаас татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг илгээхээр бэлтгэж байгаа талаар цэргүүдийн ар гэр мэдээлснийг “Люди Байкала” сонин дамжуулсан байна.
Нэг эх сурвалжийн өгүүлснээр, түүний ач болон бусад цэргүүдийг Эрхүү мужийн Шелехов дахь сургалтын хэсэг рүү илгээж, тэндээс нь Свердловск муж, Алтайн хязгаарын ангиуд руу явуулжээ. Одоо хугацаат цэргийн алба хаагчдыг гурван сарын курс төгсмөгц нь хилийн бүс рүү илгээж байгаа юм.
Үүнээс ч өмнө хугацаат цэргийн алба хаагчид Курск мужид алба хааж байсан бөгөөд Украины Зэвсэгт хүчний ажиллагаа эхэлсний дараа холбоо барилгүй, сураггүй алга болсон гэж ар гэрийнхэн нь “Верстка” сонинд мэдээлжээ.
Ар гэрийнхний төлөөлөл болсон Светлана гэх иргэн эмэгтэйн өгүүлснээр, түүний хүү нь Суджад хугацаат цэргийн алба хааж байсан, наймдугаар сарын зургаан буюу Украины цэргүүд халдсан тэр өдрийн орой ээждээ зурвас илгээсэн аж. Энэ зурваст “Бэхлэлт рүү явлаа. Бид сүүлд нь үлдчихсэн байсан юм, бусад нь бүгд тийш явсан. Шархадсан хүмүүс ч байгаа” хэмээсэн байжээ. Үүнээс хойш хүү нь холбоо бариагүй гэнэ.
Мөн үүнтэй адил түүхийг Новоалтайскийн оршин суугч Евгений ярьсан байна. Түүний үеэл 2023 оны намар хугацаат цэргийн албанд татагдсан бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сарын долооны өдөр гэрийнхэнтэйгээ ярьснаас хойш холбоо тасарчээ.
Тухайн үед цэрэг ярихдаа “амьд мэнд, олзлогдоогүй, гэхдээ олон хугацаат цэргийн алба хаагч олзлогдсон, зарим нь алуулсан” гэдгийг гэрийнхэндээ дуулгасан байна.
“Люди Байкала” сонины мэдээлснээр, сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагчдын ар гэр болох 52 хүн нэгдэн, ойр дотныхоо хүний талаар мэдээлэл олох, цаашлаад Батлан хамгаалах яаманд хандахаар зэхэж байгаа гэнэ.