мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

ES

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 78 жилийн ойн мэндийг дэвшүүлээд, тус улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.

Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргээд эдийн засаг, уул уурхай, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглээд ирэх 2025 онд болох Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Мэдээлэл технологийн сургалтын төв, Монгол-Энэтхэгийн хамтарсан найрамдлын сургуулийг ашиглалтад оруулах гэж буй талаар онцлов.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав

ES

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэв.

Элчин сайд Ричард Буанган Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол, АНУ-ын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.

Талууд Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000