мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

“Сүйрэл” дагуулсан 100 грамм буюу алтан медалиа алдсан энэтхэг бөх Винешийн түүх

“Сүйрэл” дагуулсан 100 грамм буюу алтан медалиа алдсан энэтхэг бөх Винешийн түүх

Г.Мэргид

2024-08-14

oLIMP

Наймдугаар сарын зургааны өдөр Винеш Пхогат Олимпын финалд орсон Энэтхэгийн анхны эмэгтэй бөх гэдгээрээ түүхэнд бичигдэж байв. Өдгөө 29 настай тамирчин бүсгүйн хувьд энэ нь гурав дахь олимп юм. Гэхдээ хамгийн дээд тал нь л есдүгээр байранд орж байлаа.

Харин Парисын дэвжээн дээр тэр шуугиулсан юм. Финалд Винеш шалгарсан нь энэ спортыг дэмжигчдийн хувьд дуулиан тарьсан үзэгдэл байсан бөгөөд учир нь Винеш нэг өдрийн дотор гурван чансаатай бөхийг давсанаас тэр.

“Би Энэтхэгийн төлөө медаль авмааргүй байна”

2023 оны нэгдүгээр сард Винеш Энэтхэгийн Бөхийн холбооны тухайн үеийн Ерөнхийлөгч Бриж Бхушан Шараны эсрэг нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн гурван бөхийн нэг болсон юм. Бөх эмэгтэйчүүд түүнийг бэлгийн дарамтад буруутгаж байлаа. Винеш Пхогат Олимпын хүрэл медальт Сакши Малик болон эрэгтэй бөх Бажранг Пунитэй хамтран Бөхийн холбооны ерөнхийлөгчийн эсрэг олон нийтийн эсэргүүцэл удаа дараа зохион байгуулсан аж. Тэд долоон эмэгтэйн өмнөөс ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд тэдний дунд насанд хүрээгүй тамирчин ч байсан гэдэг.

Тамирчид Нью-Дели дэх парламентын ордны хажуухан талд хуаран байгуулж, Энэтхэгийн Бөхийн холбооны ерөнхийлөгчийг огцруулахыг шаардаж байв.

“Бороо ороод хаа сайгүй ус, шалбааг байсан. Унтах газаргүй. Тиймээс бид дэвсгэр авчирж тавьцгаая гэж ярилцаад дэвсгэрээ авчирмагц цагдаагийнхан бидэн рүү халдсан. Үүнийг хараад үнэхээр урам хугарч байлаа. Тэд бидэнтэй хэрхэн харьцаж байгааг харсны дараа ийм улс орны төлөө медаль авчирмааргүй юм байна гэдгийг би ойлгосон” хэмээн Винеш сэтгүүлчдэд ярьж байлаа.

Харин Бөхийн холбооны ерөнхийлөгч өөрийг нь албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгааг үл тоон, өөрийнх нь эсрэг гомдол шаардлагыг няцаан, нэр хүндийг нь унагах, парламентаас зайлуулах зорилготой үгсэн хуйвалдаан гэж нэрлэж байв. Түүнчлэн гэм буруу нь батлагдвал амиа хорлоно гэж ч сүрдүүлж байлаа.

Асуудал зөвхөн Бөхийн холбооны ерөнхийлөгчид байгаа юм биш, хэд хэдэн дасгалжуулагч эмэгтэй бөхчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэж Винеш Пхогат онцлоод, Энэтхэгийн Спортын сайд энэ хэргийг замхруулаад өнгөрөөх гэж байна хэмээн буруутгаж байв. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлнэ гэж амлаж байсан Нарендра Модигийн засгийн газар ч энэ асуудал дээр чимээгүй байсныхаа төлөө ихээхэн шүүмжлэлд өртсөн юм.

Бөхчүүд Энэтхэгийн Дээд шүүхэд хандан, улмаар шүүх Бөхийн холбооны ерөнхийлөгч Сингхийн эсрэг хэрэг бүртгэхийг даалгажээ. Спортын яам хэргийг цаашид мөрдөн шалгах явцыг хянах хороо байгуулна гэж амласан аж. Харин Винеш тэмцээндээ үргэлжлүүлэн бэлтгэж эхлэв. Гэвч Бөхийн холбооны ерөнхийлөгчийн суудалд дахин Сингхийг сонгосныг баталсан шийдвэр гаргасны дараа Винеш Азийн наадам, Дэлхийн аваргын өмнөх төлөвлөгөөгөө өөрчлөхөөс аргагүй болжээ.

oLIMP

Бөхчүүд Жантар-Мантар руу эргэн ирж, тэмцлээ үргэлжлүүлэв. Тавдугаар сард Винеш, Малик, Пуния болон бусад эсэргүүцэгчдийг баривчилж, харин тэд суллагдсаныхаа дараа медалиа олны өмнө Ганг мөрөн рүү шидэхээр болов. Гэвч тэдний энэ шийдэмгий алхам, золиос талаар болж, Сингх Бөхийн холбооны ерөнхийлөгч хэвээр үлджээ. Энэ хэрэгт Олон улсын холбоо ч оролцож, Энэтхэгийн Бөхийн үндэсний холбоог түр хугацаагаар гишүүнчлэлээс хасаж байлаа.

Ингээд Энэтхэгийн Бөхийн холбоо буулт хийхээр шийдэж, 2023 оны 12 дугаар сард шинэ ерөнхийлөгчийн сонгууль зарлав. Гэсэн ч энэ сонгуулийн дүнд Сингхийн бизнес түнш, түүнийг дэмжигч фракцийн гишүүн Санжай Сингх ялагчаар тодорчээ. Тэр бээр ялалт байгуулсныхаа дараа “Улс төрд орох гээд байгаа тамирчид улс төрд орж болно, харин бөх барилдмаар байгаа бол бөхөө л барилд” гэж мэдэгдэж байв.

Сингхийг огцруулахын төлөө тэмцэгчдийн нэг болох тамирчин Малик шинэ ерөнхийлөгчтэй болсны дараа зодог тайлж, холбооныхон болон засгийн газрыг шүүмжилсээр байлаа. 2024 онд Таим сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтаасан юм. Харин Винеш болон Пуния нар спортын ололтын төлөө олгодог үндэсний медалиудаа засгийн газарт эргүүлэн өгсөн ч бөхөө барилдсаар байв.

Ингээд хоёрдугаар сард Винеш Энэтхэгийн аварга шалгаруулах тэмцээнээр 55 хүртэлх килограммын жинд ялагч болж, дөрөвдүгээр сард олимпын эрх олгох Азийн наадмын финалд шалгаран Парис явах эрхээ олж авчээ.

Ердөө жил гаруйхны өмнө гудамжинд цагдаа нарт чирүүлж байсан Винеш Парисын олимпын финалд шалгарсан юм.

“Винеш Пхогат бол бүхий л өрсөлдөөндөө ялсан Энэтхэгийн эрслэн. Дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпын аваргыг ч ялсан. Гэхдээ энд өөр зүйл хэлэх гэсэн юм. Энэ бүсгүйг эх орондоо байхад нь зодож байсан. Эх орондоо байхад нь гудамжинд хүчирхийлж байсан. Энэ бүсгүй дэлхийг бишрүүлэх гэж байгаа ч эх оронд нь байх системд ялагдсан” хэмээн Энэтхэгийн бөх Пуния өгүүлж байв.

Тэмцээний сүүлийн өдрийн өмнөхөн Винеш ээжтэйгээ утсаар ярьсныхаа дараа ярилцлага авахар түүн дээр ирсэн сэтгүүлчдэд “Маргааш чухал өдөр болно, дараа ярьцгаая” хэмээн хэлж байв. Алтан медаль хүртсэнийхээ дараа хүн бүртэй ярилцана гэж амлаж байлаа.

Гэтэл маргааш өглөө нь л Энэтхэгийн тамирчин алт, мөнгө, хүрэл медалийн алиныг нь ч хүртэж чадахгүй нь тодорхой болсон юм.

Дэвжээнд гарахаас хэдхэн цагийн өмнө түүнийг жиндээ ороогүйн улмаас тэмцээнээс хассан юм. Журам ёсоор, тэмцээний өмнө жин үзэхэд тамирчин тогтоосон хязгаараас давсан бол тэмцээнээс хасаж, хамгийн сүүлийн байранд бичигддэг.

Финалын өмнөх шөнө Винеш нэг килограмм жин нэмснээ мэджээ. Тиймээс л жингээ хасахын тулд шөнөжин нойргүй зүтгэж, дасгалын дугуй жийж, хөлсөө гартал гүйж, бусад олон дасгалыг ч хийв.

Аргаа барсан дасгалжуулагчид эцсийн аргаа хэрэглэж, үсийг нь тайрсны дээр цусыг нь ханах гэж ч оролдов. Винеш тэмцээний өмнө жиндээ орчихно гэж найдан шөнийн турш цурам хийгээгүй ч үр дүн талаар болов, зөвшөөрөгдсөн жингээс 100-хан грамм илүү байлаа. Винешийн карьер дахь хамгийн шилдэг байсан олимп сүйрлээр дуусах нь тэр.

“Улс даяараа нулимсаа барьж чадахгүй нь”

Парисаас дамжуулсан мэдээ Энэтхэгийн ард түмнийг цочирдуулав. Тун удалгүй Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Винешийг “аваргуудын аварга” хэмээн нэрлээд “Надад мэдрэгдэж буй харууслын мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй нь харамсалтай” хэмээж байв.

Бөхчүүдийн эсэргүүцэлд оролцож байсан Малик ч мөн сэтгэгдлээ илэрхийлж, “Болдогсон бол би Винешт өөрийнхөө медалийг өгөхсөн” хэмээсэн бол Пуния “Улс даяараа нулимсаа барьж чадахгүй нь” хэмээж байв.

Харин Бөхийн холбооны ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ дасгалжуулагчдыг буруутгаж, “Винеш буруутай гэж бодохгүй байна. Энэ асуудлыг шалгах хэрэгтэй. Дасгалжуулагч болон туслах мэргэжилтнийг хатуу шийтгэхийг засгийн газарт уриалж байна” гэж мэдэгджээ.

Жиндээ орох гэж үйлээ барсан шөнийн дараа Винеш эмнэлэгт хэвтэв. Түүний тэмцэж олж авах байсан алтан медаль өөр тамирчны энгэрт гялалзсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000