мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

WP: Курск руу хийсэн давшилт Орос, Украины энх тайвны нууц хэлэлцээрийг тасалдуулсан

WP: Курск руу хийсэн давшилт Орос, Украины энх тайвны нууц хэлэлцээрийг тасалдуулсан

Г.Мэргид

2024-08-19

war

Тодруулбал, нөхцөл байдалтай ойр дипломатуудаас авсан эх сурвалжтайгаар Вашингтон пост сонин бичихдээ “Орос, Украин улс эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох тухай нууц хэлэлцээ хийхээр Катар руу төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байсан ч Курск мужид Украины Зэвсэгт хүчний явуулсан ажиллагаа энэ төлөвлөгөөг тасалдуулсан” гэж онцолжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Катар улс зуучлагчийн үүрэг хүлээж байсан бөгөөд наймдугаар сард Украин болон Оросын төлөөлөгчидтэй тус тусад нь уулзахаар зэхэж байсан гэнэ. Ийм хэлэлцээр нь тодорхой нэг асуудлыг хөндөхөөр байсанг ч цаашлаад дайныг эцэслэн зогсоох шийдэлд хүрэхүйц хэлэлцээ болно гэж зарим оролцогчид үзэж байжээ.

Гэвч Курск муж руу довтолсны дараа ОХУ төлөөлөгчдөө илгээхээ хойшлуулсан, харин Курск руу дайрах гэж байгаа талаараа Украин Катарт урьдчилан мэдэгдээгүй гэж Вашингтон пост сонинд мэдээлэл өгсөн нэгэн дипломатч өгүүлсэн байна.

Катарын нэгэн эх сурвалжийн өгүүлснээр, Оросын тал зарчмын хувьд хэлэлцээрээс татгалзаагүй, хэлэлцээ хийх цаг ирнэ гэж үзэж байгаа гэнэ. Харин Украины тал хэлэлцээ хийлгэхээр төлөөлөгчдөө илгээхэд бэлэн байгаа ч нэг талт уулзалт хийгээд ямар ч үр дүнгүй гэж Катар мэдэгджээ.

Өөр нэг дипломатчийн өгүүлснээр, Орос, Украин хэлэлцээ хийхэд бэлэн байгааг илтгэх дохио өгч байгаа ч ийм хэлэлцээ үр дүнд хүрнэ гэдэгт Украин төдийлөн итгэлгүй байгаа гэнэ. Курск муж руу халдаагүй байсан ч гэсэн хэлэлцээ төдийлөн үр дүнд хүрэхгүй, Украины эрчим хүчний дэд бүтцийг өргөн цар хүрээтэй бөмбөгдөж байгаа нь Орост итгэхгүй байх нэг шалтгаан гэж Украины эрх баригчид үзэж байгаа гэнэ.

Украины тал Оросын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэж буй ажиллагаа нь зарим талаараа ирээдүйд болох аливаа хэлэлцээрт нөлөөлөх хөшүүрэг олж авахад чиглэгдсэн хэмээн онцолж байлаа. Харин Путин Курск муж руу халдсантай холбоотойгоор дайн дуусгах нөхцөлөө зөөлрүүлэхгүй гэж олны өмнө мэдэгдсэн юм.

Мөн Оросын өндөр албан тушаалын дипломатчидтай ойр харилцаатай нэгэн эрдэмтэн Вашингтон пост сонинд мэдээлэл өгөхдөө “Путин дарамт шахалтад ороод буулт хийдэг хүн биш”, эрчим хүчний дэд бүтэцтэй холбоотой хэлэлцээг гал зогсоох илүү өргөн цар хүрээтэй хэлэлцээ болгон ашиглах боломжтой гэж харж байгаа хэмээн онцолжээ.

Эргэн сануулахад, наймдугаар сарын зургааны өдөр агаараас эсэргүүцэн хамгаалах систем, дроны операторуудын хороогоор хүч нэмэгдүүлсэн Украины хэд хэдэн бригад Суджа хилээр Курск мужийн нутаг руу цөмрөн орсон юм. Дараа өдөр нь хилийн боомтыг эзлэн авч, олон хилчин бууж өгчээ.

Украины тусгайгийнхны халдлагаас хамгаалах зорилгоор 2023 онд өмнөд бүс нутгуудад байгуулсан, явган цэргийн хэсгүүдийн “хилийг хамгаалах хороо”-ны цэргийн алба хаагчид ч Украины цэргүүдийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Ийм хороог байгуулахдаа хугацаат цэргийн алба хаагчдыг ч багтаасан бөгөөд анхнаасаа хүнд техниктэй эсэргүүцэлтэй нүүр тулна гэж тооцоолоогүй байсан аж. Тиймээс л хүч нэмэгдүүлсэн Украины цэргүүдийн эсрэг тулалдаж чадалгүй ялагдаж, улмаар украинчууд эхний өдрөө л 10 гаруй км давшжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000