Наймдугаар сарын эхээр Орос, Украины дайны явцад өөрчлөлт гарч, өмнө нь талууд гагцхүү Украины нутаг дэвсгэр дээр байлдаж байсан бол энэ удаад Украины цэргүүд Оросын нутаг руу орж, Курск мужийн хэд хэдэн суурин газарт хяналтаа тогтоогоод байгаа юм.
Тухайн үед Курск мужийг хамгаалах, Украины цэргүүдийн давшилтыг торгоон эсэргүүцэл үзүүлэх хангалттай хэмжээний цэргийн хүчин чадал байгаагүй гэх бөгөөд энд хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн хэсгүүд хилийг хамгаалж байсан гэх мэдээлэл бий. Мөн Курск мужид хугацаат цэргийн алба хааж байсан ойр дотныхон нь сураггүй болсон талаар Эрхүү мужийн оршин суугчид гомдол гаргаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байлаа. Тэд ойр дотныхоо хүмүүсийг амиа алдсан, эсвэл олзлогдсон байж магадгүй хэмээн хэвлэлд ярьж байв.
Энэ мэдээллийг баталсан сурвалжлага Вашингтон Пост сонинд нийтлэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Курск мужид байлдааны ажиллагаа явагдах үеэр Украины Зэвсэгт хүчин 250 хугацаат цэргийн алба олзлогджээ. Вашингтон пост сонины сурвалжлагч Оросын цэргүүдийг байлгаж байгаа тусгаарлах байранд биечлэн очиж сурвалжлага бэлтгэсэн аж.
Тусгаарлах байрны даргын өгүүлснээр, сүүлийн 10 хоногийн дотор энэ шоронгоор Оросын 320 иргэн дамжсан, тэднийг цааш Украин дахь бусад засан хүмүүжүүлэх газар руу илгээсэн гэнэ. Тэдгээрийн ихэнх нь хугацаат цэргийн алба хаагчид байсан бол ердөө 20 орчим хувь нь гэрээт цэргүүд, дайчлагдсан хүмүүс байсан гэдгийг тусгаарлах байрны дарга онцолжээ.
Оросын цэргүүд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө тэдэнтэй сайн харилцаж байгаа, зайлшгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн, шоронд Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгчид ажиллаж байгааг онцолсон байна. Мөн хоригдлуудыг ар гэртээ захиа бичих нөхцлөөр хангаж, цаас үзэг бал өгчээ.
Олзлогдсон нэгэн хугацаат цэргийн алба хаагч Вашингтон пост сонины сурвалжлагчид ярихдаа , олзонд орохгүйн тулд амиа хорлохоор гранат тэсэлсэн гэдгээ хэлжээ. Харин Украины цэргийнхэн түүнд анхан шатны тусламж үзүүлж, дараа нь эмнэлэгт хүргээд, рентген зураг авч, шархнаас гранатын хэлтэрхийнүүдийг авах мэс засал хийсэн гэнэ.
“Бид дайтахыг хүсээгүй. Биднийг байлдааны ажиллагаанд оролцуулахгүй гэж амлаж байсан. Гэвч бүх зүйл буруугаар эргэлээ” хэмээн Челябинскаас цэрэгт татагдсан 22 настай Николай Вашингтон пост сонинд ярьжээ.
Түүний өгүүлснээр, Украины цэргүүд наймдугаар сарын зургаанд тэдний штаб руу халдах үеэр командлагчид нь цаашид юу хийх заавар тушаал ч өгөлгүй цэргүүдээ хаяад зугтаасан гэнэ. Штаб дээрээ үлдвэл амиа алдана гэж эмээсэн залуус гурав хоногийн туршид ой, намгаар явж, хээр хоноглож байгаад Украины бүлэг цэрэгтэй таарч, олзлогджээ.
Хугацаат цэргийн алба хаагчид олноор олзлогдсон талаарх мэдээллийг “Верстка” хэвлэл ч мэдээлж байлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Брянск мужийн Клинцы хотод байрлах №12721 ангиас олон хүн олзлогдсон гэж эх сурвалж мэдээлж байв. Тухайн ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албанд татагдсан 102 хүний ар гэрийнхэн тэднийг сураггүй болсон гэж мэдээлжээ.
Украины цэргүүд Курск муж руу довтолсноос хойш Оросын хичнээн цэргийн алба хаагч олзлогдсон нь одоогоор тодорхойгүй. Independent сонин Украины цэргийн алба хаагчдаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ, Оросын талаас 2000 орчим цэрэг олзлогдсон, тэдний дунд хугацаат цэргийн алба хаагчид ч байгаа гэдгийг онцолж байлаа.
Financial Times сонин наймдугаар сарын 13-ны өдрийн мэдээндээ “хэдэн зуун хүн” олзлогдсон гэсэн бол Sky News агентлаг Украины Олзныхонтой ажиллах төвийн ажилтнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ олзны цэргүүдийн дунд 19-21 насныхан байгааг онцолж байв.
Курск мужид ОХУ-ын цэргийн алба хаагчид олноор олзлогдсоны дараа хугацаат цэргийн алба хаагчид Владимид Путинд хандан Украины талтай хэлэлцэж, олзныхныг нэн даруй солимлцохыг шаардсан юм. Мөн зохих өргөдлийг Change.org дээр нийтэлжээ.