2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

ЁЗДБХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 4 асуудлыг хэлэлцлээ
2024-08-20 — Байнгын хороо 239
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны /2024.08.20/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Мөн эцэст нь Байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг шийдвэрлэх хууль, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн дагуу шийдвэрлэх заалтын дагуу УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцэхээр болов.

Байнгын хорооны хуралдаан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ. Энэ асуудалтай холбогдуулан заалт бүрээр хэлэлцсэн юм. Харин тус байнгын хорооны дарга Б.Баярбаатар зарчмын санал гаргав.

Тэрбээр,”Ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулж, ёс зүйн хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.”, ”Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” /2024-2030 он/ дунд хугацааны хөгжлийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэх соёлыг хэвшүүлж, нийгмийн ёс суртахууны үнэт зүйл бүхий сэтгэл зүйг төлөвшүүлнэ.”

”Төрийн албан ёс зүйн индекс, ёс зүйн дэд бүтцийг олон улсын туршлагад суурилан хэрэгжүүлнэ” зэрэг заалтуудыг тогтоолын төслийн 2 дугаар хавсралтад 12,13,14-д нэмэх санал гаргаж, шалгуур үзүүлэлтийг танилцуулаа.

Зарчмын зөрүүтэй эдгээр саналыг заалт бүрээр хэлэлцэн, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахыг дэмжлээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуулийн хэрэгжилт хангах чиглэлийн дээрх нэмэлт заалтуудыг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж, дэмжигдлээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Мөн Байнгын хорооны хуралдаан дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатгах УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн горимын санал дэмжигдлээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсны дараа Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулаа.

Тэрбээр, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагыг бий болгосон байна.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголд тус байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт 11 тэрбум төгрөгийн өөрчлөлтийг оруулсан байна гэв.

Тус хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул санал хураалт явагдсангүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х. Баасанжаргал Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо. Түүний дараа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу энэхүү асуудалтай холбогдуулан байнгын хорооны даргын байгуулсан Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг танилцуулсан. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар сануулах арга хэмжээ авахаар болов.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img