2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

“Нойрсож буй гоо бүсгүй” буюу гүн нойрноосоо 20 жилийн дараа сэрсэн Надеждагийн түүх

Хүн үл мэдэгдэх шалтгаанаар олон өдөр, тэр бүү хэл сар жилээр гүн нойронд автсан тохиолдол анагаах ухааны түүхэнд цөөнгүй. Гэхдээ эдгээрээс дээд амжилт тогтоосон буюу 20 жил гүн нойронд автсан ганц л тохиолдол бий. Тэр бол Надежда Лебедина. Энэ явдал ЗХУ оршин тогтнож байх үед болжээ.

Днепропетровск мужийн Могилев сууринд 34 настай Надежда Артемовна Лебедина нөхөр, охины хамт амьдардаг байжээ. Тэднийх энгийн нэгэн гэр бүл байв. Айл бүрт л хэрүүл маргаан гардаг. Лебединийхийг ч хэрүүл тойрсонгүй. 1954 онд Надежда нөхөртэйгээ ширүүхэн муудалцсаныхаа дараа унтахаар хэвтжээ. Гэвч орой нь ч, маргааш өглөө нь ч сэрсэнгүй. Нөхөр нь түүнийг сэрээх гэж хичээн оролдоод ч тусыг эс олов. Ингээд нөхөр нь эмнэлгийн түргэн тусламж дууджээ.

Эмч нар онош тогтоож чадаагүй тул Надеждаг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэв. Днепропетровскийн анагаах ухааны хүрээлэнгийн Сэтгэцийн эмнэлгийн эмч нар Надеждад чухам юу тохиолдсон талаар олж мэдэх гэж их л удаан эргэцүүлж, хэлэлцсэн гэдэг. Тэд Надеждагийн биеийн байдлыг тогтмол ажиглаж, өвчтөн шизофренийн улмаас нойронд автсан гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

Надежда сэтгэцийн эмнэлэгт дөрвөн жилийг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд түүнийг тогтмол ажиглаж, эмчилгээ, сувилгаа хийж байсан ч ямар ч өөрчлөлт гарсангүй. Ингээд түүнийг эмнэлгээс гаргахаар шийдэв. Надеждагийн ээж охиноо асрахаар болж, тосгон руу авч явжээ. Үүнээс жилийн дараа Надеждагийн нөхөр таалал төгсөв. Охин Валентинаг эмээ нь асрах боломжгүй байсан тул охиныг хүүхдийн асрах газарт шилжүүлсэн аж.

Надежда гүн нойронд автаад хэдийнэ 20 жил өнгөрчээ. Харин 1974 онд гэнэтхэн л сэрсэн гэнэ. Тэр үед түүнийг асарч байсан ээж нь нас барчихсан байж. Надеждаг сэрдэг өдөр охин Валентина нь ээж, эмээгээ эргэхээр тосгонд байх гэрт нь очжээ.

Гэрийн босго алхав уу үгүй юу ээжийнхээ араас гашуудан суух Надеждаг олж харсан гэнэ. Валентина ээж рүүгээ ойртон очиход Надежда “Ээж нас барчихсан юм уу?” гэж асуусан аж.

Ийнхүү гэнэт л сэрсэн Надежда амьдралаа дахин шинээр эхлэхээс аргагүй болов. Хэсэг хугацаанд сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, тэндээ бие даан алхах, ахуйд зохицон амьдрах дадлуудыг сурсан аж.

Хачирхалтай нь сэрснийхээ дараа 54 настай Лебедина яг л 34-тэй үеийнх шигээ залуу төрхтэй байжээ. Гэхдээ зөвхөн эхэн үед. Гэвч удалгүй нүүрэнд нь үрчлээ сууж, үс нь цайрсан бөгөөд Надежда “нүдэн дээр л өдрөөр биш цагаар хөгширсөн” гэж эмч нар ярьж байв.

Nadya

Надежда унтаж байх үедээ ойр тойронд нь болж буй бүхнийг сайн сонсдог байсан гэнэ. Охин нь түүнийг эргэж ирж, ээж нь өдөр шөнөгүй орны хажуунаас нь салахгүй асарч байгааг сайтар санаж байгаагаа Надежда ярьжээ. Хэдийгээр орчны бүх зүйлийг мэдэрдэг байсан ч бие нь тийм гэхийн аргагүйгээр хүнд байсан тул хуруугаа хөдөлгөх, нүдээ нээх ч тэнхээгүй байсан гэнэ.

Удалгүй Надеждагийн биеийн байдал бодит настайгаа ойртон очсон байна. Өмнө нь Зөвлөлтөд Иван Качалин гэх эр мөн л он удаан жил нойрсож байгаад сэрснээсээ хойш зургаахан сар насалсан бол Надежда Лебедина дахин хорин жил энгийн амьдралаар амьдарч, 74 насандаа таалал төгсжээ. Түүнээс хойш ийм удаан нойрссон тохиолдол бүртгэгдээгүй гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img