2024-09-16, Даваа
14 C
Ulaanbaatar

“Up” хүүхэлдэйн кино бүтээх сэдэл өгсөн бодит, сэтгэл хөдөлгөм түүх

Эхнэр нь нас барж, түүнтэй хамт үлдээсэн дурсамжаа хадгалахын тулд хамтдаа аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсэн байшингаа зарахыг хүсэлгүй, шинэ орон сууцны хороолол дунд байшингаа хадгалан үлдэж, эцэст нь агаарын бөмбөлгөөр байшингаа хөөргөн жаал хүүтэй хамт аялалд гардаг настны тухай өгүүлэх “Up” хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн цөөн.

Харин энэ киног бодит түүхээс сэдэвлэсэн гэдгийг төдийлөн олон хүн мэдэхгүй байх. Кино бүтээх сэдэл өгсөн түүх нь эхнэрээ дурсан байшингаа хадгалах хөгшний тухай биш харин ээжийнхээ дурсгалд зориулж байшингаа худалдаагүй эмэгтэйн тухай юм.

“Up” хүүхэлдэйн киноны баатрууд болох Карл, Рассел нар агаарын бөмбөлгөөр байшинтайгаа хөөрч, адал явдлын эрэлд гарахын өмнө жижигхэн байшин асар том орон сууцны хороолол дунд байсныг та бүхэн санаж байгаа байх. Яг ийм байшин Сиатлд байжээ. Энэ байшингийн эзнийг Эдит Мейсфилд гэнэ.

Up
Эдит Мейсфилд

Эдитийн байшин яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг гэнэт л орон сууц олноор баригдаж, тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэж эхэлсэн хороололд байжээ.

Эдитийн тухайд гэвэл, тэр 1921 онд төрсөн, дайн эхлэх үеэр насаа нэмж хэлэн, сайн дураар фронт руу явжээ. Тэр 18 нас хүрээгүй гэдэг нь тодорхой болсон ч Эдит Англид үлдэн өнчин хүүхдүүдэд туслахаар болсон байна. Ингээд ээж нь хүнд өвдсөн мэдээг авсныхаа дараа л АНУ руу буцан иржээ. Түүний дүү нь 13 настайдаа менингит өвчнөөр нас барсны дараа Эдит гэр бүлдээ цорын ганц хүүхэд нь болж хоцорсон байв.

Ингээд Эдит нутагтаа эргэн ирж, ээжийгээ асарч байгаад нөгөө ертөнц рүү үджээ. Цаг хугацаа урссаар л байлаа. 2006 онд Эдитийн байшин байх хороололд орон сууц барихаар болж, газар чөлөөлвөл шанд нь асар их мөнгө өгнө гэж амлав. Нэг сая доллар. Гэсэн ч Эдит татгалзжээ.

Сиатлд байх 108 жилийн настай байшингаасаа үхэн үхтлээ гарахыг хүссэнгүй.

“Энд миний ээж нас барсан. Яг энэ буйдан дээр. Би ээжийгээ асрахаар л Англиас эргэн ирсэн юм. Энэ байшинг хэзээ ч худалдахгүй, насан эцэс хүртлээ байшиндаа байна гэсэн амлалтыг ээж надаас авч байсан. Би амлалтдаа хүрсэн. Тиймээс одоо энэ байшиндаа л бие бармаар байна. Өөрийнхөө байшинд, яг л энэ буйдан дээр” хэмээн Эдит хариулж байв.

Up
Сиатл дахь байшин

Энэ түүх нийтэд ил болсны дараа Эдит ихээхэн алдаршиж, бараг л үндэсний баатар мэт хүндлэгдсэн гэдэг.

“Би нүүмээргүй байна. Надад мөнгө хэрэггүй. Мөнгө миний хувьд юу ч биш” хэмээн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Байшингийнх нь эргэн тойронд барилгын ажил эхэлж, тэнгэр баганадсан барилга ар араасаа сүндэрлэж, дуу чимээ тэсэхийн аргагүй болох үед Эдит ердөө л зурагтаа асаагаад суучихдаг байсан гэнэ.

“Би дэлхийн хоёрдугаар дайныг туулаад гарсан хүн. Намайг дуу чимээгээр айлгачихна гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт энэ барилгын ажил нь дуусаж л таарна” хэмээн Эдит ярьж байв.

Up
Барри Мартин

Эдитийн байшинг тойрон эхэлсэн барилгын ажлыг Барри Мартин гэх эр удирдаж байжээ. Тэр Эдиттэй танилцан, эр зориг, сэтгэл хөдөлгөм түүхийг нь биширч байсан гэдэг. Ингээд тэд удалгүй дотны найзууд болжээ. Эдит хорт хавдар гэсэн онош сонсоход Барри түүнийг асарч эхлэв. Хоёр жилийн хугацаанд Эдитийг дагуулан эмчид үзүүлж, хооллож, усанд оруулж, нацистуудаас хэрхэн зугтаж, холбоотнуудад хэрхэн тагнуулын мэдээ хүргэж байсан түүхийг нь дахин дахин сонсдог байсан гэдэг.

Эдит 2008 онд 86 насандаа таалал төгсжээ. Яг л хүссэн шигээ өөрийнхөө байшинд.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img