2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Зеленский: Улаан талбайгаас тушаал өгдөг солиотой өвгөн үгүй болно

Орос, Украины дайн хоёр жил гаруйн хугацаанд зөвхөн Украины нутаг дэвсгэр дээр өрнөж байгаад энэ оны наймдугаар сарын эхээр Украины цэргүүд Оросын Курск муж руу нэвтэрснээр дайны нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Украин Оросын нутагт өгөх цохилт нь зөвхөн Курск мужаар хязгаарлагдахгүй, өөр олон газарт цохилт өгнө гэж Украины Ерөнхийлөгч Зеленский мэдэгджээ.

Тэрбээр Украины Тусгаар тогтнолын өдөрт зориулан ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ, Киев Оросын аль ч хэсэг рүү халдахад бэлэн гээд Путинийг “солиотой” өвгөн хэмээн нэрлэсэн талаар “Москва таймс” сонин дамжуулсан байна.

“Тэдний даргын гал цог нь буурсан нүдбүх дэлхийг саарал бүс болгож л хардаг. Гэхдээ цэнхэр шар өнгийн далбаа зүй ёсоор байх ёстой дэлхийг тэд саарал бүс болгон хувиргах санаархлыг нь бид зогсооно. Бүгдийг улаан товчлуураар сүрдүүлж, бидэнд өөрсдийн болзлыг байнга тулгаж байдаг Улаан талбайн солиотой өвгөн үгүй болно” хэмээн Зеленский мэдэгджээ.

Түүнчлэн Украины хариу Оросын аль ч өнцөг буланд хүрч чадна, Украин Орост дайныг нь эргүүлэн өгсөн хэмээн мэдэгдсэн байна.

“Харин манай газрыг буфер бүс болгохыг хүссэн тэр хүнөөрийнхөө улсыг буфер улс болгон хувиргахгүй байх талаар бодох л ёстой” хэмээн Зеленский онцолжээ.

Мөн Украин анх удаа байлдааны талбарт шинэ “Паляниця” пуужин дроныг ашигласан гэдгийг онцолсон байна. Энэ нь зэвсгийн шинэ төрөл хэмээн нэрлэсэн ч энэ зэвсгийг ямар объектын эсрэг хэрэглэж байгаа талаар мэдэгдсэнгүй.

“Энэ пуужин дрон бол манай алсын тусгалтай дроноос хавьгүй хурдтай, илүү хүчтэй. Одоогоор та бүхэнд хэлж болох зүйл энэ л байна” хэмээн Зеленский мэдэгджээ.

Эргэн сануулахад Украины Зэвсэгт хүчний цэргүүд наймдугаар сарын зургааны өглөө Курск муж руу нэвтрэн орсон юм. Одоогоор Украины тал 1300км.кв нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон гэсэн мэдээлэл байна. Цэргийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт Зеленский мэдэгдэл хийхдээ Украины цэргүүд өмнө нь эзлээд байсан 93 суурин дээр нэмээд дахин нэг суурин газар эзэлсний дээр цэргүүдийг нэмж олзолсон хэмээн онцолж байлаа.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам Курсъ муж дахь Украины цэргийн довтолгоог зогсоосон гэж мэдэгдэж байгаа. Гэсэн ч Оросын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн төлөөлөл Оросын нутаг дээрх байлдаан дахин хэдэн сар үргэлжилж болзошгүй гэж таамаглаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тиймдээ ч Курскт артиллерийн буудлагаас хамгаалах төмөр бетонон нуувч байгуулж эхэлсэн гэж тус мужийн захирагч мэдэгдсэн юм.

“Курск мужийг чөлөөлөх нь Оросын удирдлагын хувьд Донецк дахь давшилттай харьцуулахад хоёрдогч зорилго байж мэднэ, Украины ажиллагаатай холбоотойгоор төдийлөн цочирдохгүй байгаа нь илт” гэж Карнегийн сангийн Орос, Еврази судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Татьяна Становая үзэж байгаагаа “Москва таймс” сонинд ярьжээ.

Түүний үзэж байгаагаар, Путиний хувьд өөрийн орны нутаг дэвсгэр дээрх хүн амыг хамгаалахаас илүү Донецк мужийг бүхэлд нь эзлэн авч, эцэст нь Украины засгийн газрыг унагах нь стратегийн хувьд илүү чухал гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img