2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Багадаа барьцаалагдан, 3 сарыг нүхэнд өнгөрүүлэн сэтгэлийн дарамтад орж байсан ч олимпын аварга болж чадсан Гено Петриашвили

Гүржийн бөх Гено Петриашвилитэй тохиолдсон шиг түүхээр ихэвчлэн кино хийдэг, учир нь ийм тохиолдол тун ховрын дээр гайхалтай. 2005 онд Геног 11-хэн настай байхад нь Гүржийн нэгэн суурингаас үл мэдэгдэх этгээдүүд хулгайлж, хэдэн сарын турш түүний хувь заяа хэрхэснийг ар гэрийнхэн нь мэдэхгүй өдөр хоногийг шаналан өнгөрүүлж байлаа. Харин 19 жилийн дараа Олимпын аварга болж хайртай хүмүүсээ, Гүржийн ард түмнийг баярлуулсан юм.

Гено Петриашвили бол Гүржийн чөлөөт бөхийн тамирчин, 30 настай. Олон тэмцээн уралдаанаас шагнал түүж байсан тэр гурван олимпт оролцсон. Анхны олимпдоо гуравдугаарт, хоёр дахьд нь хоёрдугаар байранд орсон Гено энэ удаагийн Парисын олимпоос удаан хүлээсэн алтан медалиа авч чадсан юм.

Тэр зөвхөн спортын дэвжээн дээр л тэмцэж байсангүй. Өсвөр насандаа барьцаалагдаж, амьд үлдэхийн төлөө тэмцэж байлаа.

Үйл явдлыг эргэн сөхвөл, 2005 оны наймдугаар сарын 19-ний өдөр Гено Петриашвилиг Гүржийн Цхинвальск бүсийн Гори хотоос холгүйхэн байх Нули суурингаас үл мэдэгдэх хоёр этгээд хулгайлжээ. 2008 оны дайн гарах хүртэл дахин гурван жилийн хугацаа байгаа ч 2005 онд л тус бүс нутгийн нөхцөл байдал түгшүүртэй байсан гэдэг.

Гено бол бүс нутагтаа алдартай Спартак Петриашвили гэх бизнесмений хүү. Тиймдээ ч чухамхүү түүний хүүг хулгайлах ажлыг нарийвчлан төлөвлөсөн байжээ. Хэрэг болсон өдрийн үдэш Гено найзуудынхаа хамт гол руу явсан аж. Хамт явж байсан хүүхдүүдийн өгүүлснээр, тэдэн дээр цагаан өнгийн Нива машин ирж зогсоод, дотроос нь хоёр эр бууж иржээ. Тэд хүүхдүүдээс хэн нь Гено Петриашвили болохыг асуусан гэнэ. Хүү ямар ч ажиг сэжиггүйгээр тэдэнрүү дөхөн очив. Харин эрчүүд хүүг барьж аваад, хүчээр машинд суулгажээ.

“Нива” машин Өмнөд Осетийн нэгэн сууринг чиглэн хөдлөв. Энэ явдлыг мэдсэн даруйд ар гэрийнхэн нь араас нь машинаар хөөсөн ч тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан энхийг сахиулах хүчний нэгэн хяналтын пост Гүржийн машиныг Осети рүү нэвтрүүлээгүй аж.

Ингээд гурван сарын туршид Гено Петриашвилигийн хувь тавилан хэрхсэн талаар ямар ч мэдээлэл байсангүй. Геног 11 дүгээр сарын 25-ны өдөр л тусгай ажиллагаа явуулж суллажээ.

Gano
Гено суллагдан, гэртээ ирж буй нь

Хүүгийн өгүүлснээр, энэ хугацаанд хүүгийн гарыг хананаас хүлж, нүхэнд байлгаж байсан гэдэг.

“Тэд бол чеченьчүүд, бидний байгаа газар Панкиссийн хавцал гэж барьцаалагчид хэлж байсан. Гэхдээ тэд надад үнэнээ хэлсэн гэдэгт би итгэхгүй л байна” хэмээн Гено суллагдсаныхаа параа ярьж байв.

Барьцаалагч этгээдүүд хүүг хооллож байсны дээр ганц л удаа гар хүрсэн талаар Гено ярьж байжээ.

“Тэд өөрсдөө идэж байгаа хоол хүнсээр намайг хооллож байсан. Намайг зодож байгаагүй. Нэг л удаа зодсон. Нэг барьцаалагч бүх гүржүүд, загалмайтны шашинтнууд гахай гэсэн. Тэгэхээр нь би бүдүүлэг хариулт өгчихсөн юм. Үүний дараа намайг цохисон” хэмээн Гено өгүүлж байв.

Түүнийг 11 дүгээр сарын 23-ны өдөр эхлүүлсэн тусгай ажиллагааны явцад сулласан бөгөөд Гүржийн Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, чинээлэг эцэг эхээс нь мөнгө нэхэхийн тулд хүүг барьцаалсан байжээ. Хүү суллагдсаныхаа дараа барьцаалагчдын нэрийг хууль сахиулагчдад хэлж өгсөн аж. Барьцаалагчдын дунд хүүгийн хамаатан садан ч байсан гэнэ.

Гено 11-хэн настайдаа барьцаанд байхдаа юу туулсныг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ сэтгэлзүйн энэ цочрол түүнийг улам хүчтэй болгож, Гено 19 настайдаа Дэлхий, Европын аварга шалгаруулах тэмцээнд орж шагнал хүртэж байлаа. Харин гучин насандаа Парисын олимпоос алтан медаль хүртсэн нь Гүржийн шигшээ багийнхны хувьд гурав дахь алтан медаль болсон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img