Эдийн засгийн хороо нь хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох, Монгол, Германы аж ахуйн нэгж, байгууллагуудыг холбох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг бизнес эрхлэгчдэд танилцуулах, улмаар хоёр орны эдийн засаг, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд үүрэг хүлээж ажилладаг.
Уг хороог Монголын талаас “Эрдэнэс Монгол” нэгдэл, Германы талаас “WPD Asia solutions” GmbH ахалдаг бөгөөд 10 дугаар хуралдааныг “WPD Asia solutions” GmbH-ийн Гүйцэтгэх захирал Ханс Кристоф Брумберг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон нар нээж үг хэллээ.
Энэ удаагийн хуралдаан уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч болон тээвэр, логистик гэсэн 3 чиглэлийн хүрээнд зохиогдсон ба Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд, ТББ, хувийн хэвшлийн нийт 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож, Монголын талаас 9 компани, Германы талаас 5 ААН илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хоёр орны аж ахуй нэгж, байгууллагуудын төсөл хөтөлбөрийн танилцуулгын үеэр Эрдэнэс Монгол нэгдэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслөөс тус нэгдэлд хамаарах Зэс боловсруулах цогцолбор, Гангийн цогцолбор, Нүүрс-хими, кокс-химийн цогцолборын төслүүдээ танилцуулсан юм.
Хуралдаанаар Германы түүхий эдийн стратеги, Монголын хөрөнгө оруулалтын орчин, Монголын газрын ховор элементийн зах зээлийн судалгаа болон хоёр орны ААНБ-ууд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдээ ярилцсанаас хуралдаан даргалагч нар шийдвэрлэх шаардлагатай санал, хүсэлтүүдийг аж ахуйн нэгжүүдээ төлөөлөн Засгийн газрын Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулах юм.
Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 9-р хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдана.