Дэлхийн киноны алдартай төдийгүй хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийн нэг гэгдсээр удаж буй Моника Анна Мария Беллуччи өдгөө 60 настай бөгөөд 1964 оны есдүгээр сарын 30-нд Италийн Умбриа мужийн Ситта ди Кастеллод төржээ. “The Talks” сэтгүүл дээр гарсан түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Хатагтай Беллуччи, та үзэсгэлэнтэй учраас кинонд дүр бүтээх илүү их захиалга авдаг уу?
-Гоо сайхан тодорхой сониучирхал төрүүлдэг гэдгийг би мэднэ. Гэхдээ нэрт зохиолч Оскар Вайлдийн нэгэнтээ хэлсэнчлэн, тэрхүү сониучирхлыг тэтгэх өөр зүйл байхгүй бол гоо үзэсгэлэнд татагдах явдал тавхан минут л үргэлжилнэ. Би ердөө л сайхан эмэгтэй байсан бол кино урлагт ийм карьер хийж чадна гэдэг юу л бол. Киноны найруулагчид гоо үзэсгэлэн бус харин авьяас чадварыг үнэлэн дүр бүтээнэ үү гэж санал тавьдаг юм шүү дээ.
-Гадаад төрх байдал тань танд саад болж байсан удаа бий юу?
-Мэдээж байлгүй яах вэ. Тэгээд ч би кинонд моод, загварын ертөнцөөс ирсэн хүн шүү дээ. Ер нь гоо сайхан, загварын ертөнц гэдэг бүсгүй хүний кино урлаг дахь карьерт туйлын их саад тотгор болдог зүйл гэдгийг би хожим мэдэрсэн. Учир нь чи хөөрхөн хүүхэн л бол бүгд чамайг тэнэг гэж боддог юм. Иймд тэрхүү өнгөц төсөөлөл ердөө баг төдий зүйл гэдгийг харуулж чадаж байж л амжилтад хүрнэ шүү. Бусдад хэн гэдгээ жинхэнэ утгаар нь харуулах л хамгаас чухал.
-Тийм ч учраас та ихэвчлэн хэт туйлширсан гэмээр дэндүү этгээд дүрүүдийг сонгодог байв уу? -Тийм ч байж магадгүй.
-Та хэн гэдгээ бусдад одоо ч гэсэн батлах ёстой гэж боддог уу? -Бусдад биш, харин өөртөө батлах ёстой гэж боддог доо.
-Үнэхээр тийм гэж үү?
-Мэдээж! Үргэлж л өөрийгөө судлан шинжлэх хэрэг гардаг шүү дээ. Хэрэв хэн нэгэн над дээр ирээд шинэ соргогоос гадна нэлээд эрсдэлтэй санал тавьбал би ихэд сонирхдог. Тэгээд үнэхээр таалагдвал хүлээн авдаг юм. Ер нь би нийгэмд өргөн хэлэлцүүлэг, бүр маргаан дэгдээдэг этгээд гэмээр кинонд тоглох хэзээний л дуртай. Эргээд харахад, намайг дүр бүтээх бүрийд киноныхон тийм нөхцөл байдлыг бий болгодог байсан гэлтэй. Жишээ нь, “Эргэж буцалтгүй”, “Христийн хүсэл тэмүүлэл”, “Малена” зэрэгт тоглох ихэд сонирхолтой байлаа. Би хүн төрөлхтний хар бараан талыг судлах дуртай. Тийм учраас л би жүжигчин болсон биз ээ.
-Та дээр дурдсан кинонуудыг үе үе эргэн үзэх дуртай юу?
-Үгүй дээ. Би ямар ч киног давтан үзэж чаддаггүй. Эсвэл нэлээд хугацаа өнгөрсний дараа л дахин сониучирхан хардаг гэх үү. Саяхан л гэхэд “Малена”-г дахин үзэхэд зугаатай байлаа. Ер нь киног дахин үзэхийн тулд надад олон жил шаардагддаг. Учир нь аливаа кинонд бүтээсэн дүрдээ бодитоор, объектив байдлаар хандах амаргүй байдаг юм. Тэгээд л өөрийгөө дэлэцнээс хараад уйддаг гэх үү дээ.
-Тэгвэл таны нөхөр асан Винсент Кассель мөн л жүжигчин. Түүнийг дэлгэцнээ дүр бүтээхийг харах ямар байсан бол?
-Мериний дүрд тоглохыг хараад үнэхээр цочирдож гайхширсан шүү. Би түүнийг таниагүй. Винсентийг хорих ангид хүүхдүүдтэй ярилцаж байхад л би түүнийг яг л өөрийнхөө хүүхэдтэй ингэж харьцдаг даа гэж цухас бодсон доо… Өөрөөр бол үнэхээр гайхалтай, сэтгэл хөдлөм жүжиглэжээ гэдгийг мэдэрч билээ.
-Та хоёр нэг нэгнийхээ уран бүтээлийн талаар ярьж хэлэлцдэг байв уу?
-Ер үгүй. Би хоёр тэс өөр ертөнцөд хамаардаг байсан учраас. Би түүний, тэр миний найз нөхдийг мэдэхгүй, заримдаа би өөрийнхөө, тэр бас өөрийнхөө ертөнцөөс бууж ирээд л хоорондоо харилцдаг байжээ. Би хувийн эрх чөлөөндөө хэнийг ч оролцохыг хүсдэггүй. Тэр ч мөн тийм бүн байлаа.
-Алдарт жүжигчид хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх хэцүү байх даа?
-Үгүй дээ. Гэхдээ нэг охин маань багадаа, “Ээж ээ, би тань шиг л болмоор байна. Би ажил хийхийг хүсэхгүй. Яг л тань шиг ээж баймаар байна. Харин миний охин том болоод ажил хийвэл хийнэ биз” гэж билээ. Үнэхээр өхөөрдөм. Намайг ажил ер хийдэггүй гэж бодсон хэрэг шүү дээ.
-Хэзээ нэгэн цагт охин тань ээж шигээ жүжигчин болохыг хүсэх болов уу?
-Үгүй гэдэгт найднам.
-Яагаад тэр вэ?
-Учир нь жүжигчний мэргэжил эгэл биш. Гэхдээ үнэхээр тэгж шийдвэл би цааргалаад нэмэргүй шүү дээ. Өөрийн гэсэн зорилготой, түүндээ тэмүүлж явах нь хүнийг чимдэг бус уу?
-Тэгээд ч хүн бүр онцгой шүү дээ?
-Таньтай зуун хувь санал нийлж байна. Иймд хүүхдүүдэд чи ингэ тэг, тийм мэргэжилтэй бол хэмээн чичлэн зааж ер болохгүй. Тэгвэл өөрийг тань дарангуйлагч л гэж төсөөлөн бодох биз ээ…