Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулантай ярилцлаа. Жааз хөгжмийн хатан хаан хэмээн түүнийг өргөмжилдөг билээ. Энэ удаа түүнтэй өнгөрсөн онд эхлүүлсэн “Гэрэлт” хувцасны брэндийнх нь талаар болон пянзны ажил эхлүүлснээс эхлээд уран бүтээлийнх тухай яриа дэлгэлээ.
-Өнгөрсөн жил цар тахлын дараа, хүмүүс ураг уран сайхнаар дутагдсан үе таарлаа. Тэр утгаараа урлагийнханд завгүй жил болсон. Миний мэдэхийн та найз, дуучин Дэйситэй хамтраад тоглолтоо хийсэн. Төлөвлөж, бодсон ажлуудаа амжуулж чадсан уу?
-Өнгөрсөн жил ажилласаар байгаад л таарлаа. Урлагийн ажлаас гадна хөвсгөр эмэгтэйчүүдэд зориулсан “Гэрэлт” брэндээ нээсэн. М размераас дээш өмсгөлтэй бүсгүйчүүддээ зориулсан гоёлын хувцаснууд хийж эхэлсэн юм. Байгуулагдаад удаагүй ч сайтын холбооноос тодруулдаг ирээдүйтэй аж ахуйн нэгжүүдийн шилдгээр шалгарсан шүү.
-Таны хувьд өөрөө тийм ч хөвсгөр биш. Яагаад “Гэрэлт” брэндээ хөвсгөр бүсгүйчүүдэд зориулах болсон юм бэ?
-Коронагийн үед хүмүүс хоёр жилийн турш гэртээ суусан. Тэр хугацаанд эмээгээр дээл оёулахыг заалгаж хүүдээ дээл оёж үзсэн юм. “Гэрэлт” брэндийн санаа тэр үеэс төрсөн. Туранхай бүсгүйчүүд угаасаа л хувцасны асуудалгүй. Харин хөвсгөр бүсгүйчүүдэд тэр бүр загварлаг гоёл олоход бэрх. Манай “Гэрэлт” брэнд бусад шиг үйлдвэрлэл явуулдаггүй. Маш их хэмжээгээр үйлдвэрлэж хийдэггүй учраас нэг загварыг 2-3 хүн л өмсдөг.
-Шинэ оны гараад удаагүй байна. Энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Пянзны ажил эхэлсэн ч санхүүгийн асуудлаас болоод зогсчихсон. Түүнийгээ үргэлжлүүлнэ. Нэгэнт эхэлсэн учраас “Гэрэлт” брэнддээ анхаарна. Цар тахлын дараа шууд юм эхлүүлэх хэцүү л байсан. Гэхдээ яах вэ, суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэгчлэн зүгээр байхаар нэг юм хийгээд үзье гэж бодсоныхоо дагуу зүтгэж л явна.
-“Гэрэлт” брэндийн дизайнер нь хэн юм бэ. Их гоё өнгөлөг хувцаснууд байсан?
-Би өөрөө дизайнер нь. Материалаа ч өөрөө сонгодог. Аль болох үрчийдэггүй, угаагаад дахин дахин хэрэглээд байхаар, өдөр тутам өмсөхөд биед эвтэйхэн, тэгсэн мөртлөө гоёлынх байхаар бодож сонгодог.
-Дуучин болохоосоо өмнө Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн нь нөлөөлсөн байх…?
-Тийм. Гэхдээ охид бүр л хүүхэлдэйндээ хувцас хийхээс л эхлээд авьяас нь илэрч эхэлдэг шүү дээ. Миний хувьд бусад брэндээс өнгөний зоримог шийдэлтэй, энгийн орчин үеийн хувцаснууд хийе гэж бодож яваа. Манай монгол эмэгтэйчүүд тарган ч бай, туранхай ч бай ерөөсөө л хар хувцас сонгоод байдаг. Гол нь өөртөө зохисон шийдэлтэй хувцас сонгох нь чухал.
-Пянзны ажил эхлүүлсэн гээд ярилаа. Анхны цомог нь мэндлээд 18 жил болчихжээ…
-2005 онд анхны цомог гарч байсан. Тэрнээс өмнө хамтлагтай хамтарсан гэвэл зөндөө бий. Өөрөө бие даасан гурван цомог хийсэн. Бусад уран бүтээлчтэй харьцуулахад жааз хөгжимд дуртай болохоор ч тэр үү, шинэ дууны сонголт дээр их гацдаг.
-Пянз нь ямар дуунуудтай байх вэ?
-Зөвхөн нэг төрөл биш жааз, блюз, поп, поп блюз хэлбэрийн дуунууд орсон. 2012 оноос өмнөх дуунуудаа цомог болгоод гаргаж байсан болохоор тэрнээс хойших дуунууд орж байгаа. Ер нь, шинэ дуунууд.
-Нэг хэсэг пянз хэрэглээнээс гарсан бол одоо эргээд дурлаж сонсох хүмүүс их болжээ…
-Моод эргэдэг. Пянз эргээд моодонд орж байгаа шиг хувцасны загвар ч яг тийм. Нэг хэсэг 60, 70-аад оны хувцас моодонд орж байсан бол одоо 2000-аад оны хувцас, энэ хоёрыг хольсон загварууд моодонд орж байна. Хувцасны загвартай адил хүмүүсийн сонсдог хөгжим ч өөрчлөгдөж байдаг. Жишээ нь, модерн жааз хөгжим 2004, 2005 онд эрч хүчээ авч байсан бол одоо эргээд классик жааз дуунуудыг илүү их сонсдог болсон.
-Монгол дуунуудыг жааз урсгалд оруулан коверлож дуулж байгаа. Тухайлбал, “Аав ээж хоёр минь” дууг өмнө нь дандаа л дуурийн дуучид дуулдаг байсан. Гэтэл Хулан гэдэг дуучин бүсгүй тэс өөр стилээр дуулчихсан. Хөгжмийн найруулгыг нь хэн хийсэн билээ?
-Хөгжмийн найруулгыг нь Байдраг маань хийсэн. “Аав ээж хоёр минь” дуу Шарав гуайн хайртай уран бүтээлүүдийн нэг байсан байх гэж бодож байна. Энэ дууг SBN телевизийн “Манай аялгуу” нэвтрүүлэгт оролцох үеэрээ найруулгыг нь өөрчилж сонгож дуулж байсан юм.
-Уран бүтээл хийх зардал өндөртэй, зөвхөн уран бүтээлчээрээ амьдрах хэцүү. “Гэрэлт” брэндээсээ өмнө өөр бизнес хийж байв уу?
-Хүн л юм чинь болохоос нь болохгүй хүртэл зүтгэнэ. Гоо сайхны VIP салон ажиллуулж үзээд, шатсан. Өөрөө гоо сайханч хийх эсвэл тэндээ байнга л байхгүй бол хэцүү юм билээ. Хүнд хариуцуулсан юмнаас ашиг олно гэдэг хэцүү. Яг л өөрөө гар бие оролцоод, хамт хийгээд явахгүй бол хэчнээн мөнгө гаргаад хэцүү. Дуулахынхаа хажуугаар ямар нэг юм оролдоод л явдаг юм. Пиво бар хүртэл ажиллуулж үзсэн шүү. Урлагийн салбар маш хэцүү санагддаг, надад лав. Дан ганц дуугаа дуулаад сайхан амьдардаг дуучинг мэдэхгүй. Манай урлагийнхан уран бүтээл хийхийнхээ хажуугаар заавал нэг юм давхар хийдэг. Өөрөө хийдэггүй юм аа гэхэд эхнэр нь мөнгөтэй баян, эсвэл нөхөр нь ивээн тэтгэдэг гэх мэт ямар нэг нөхцөл заавал байдаг. Чи бараг мэдэж байгаа байлгүй дээ.
-Нэг нэвтрүүлэгт оролцох үеэрээ 1999 оноос эхлээд дуулж эхэлсэн гэж байсан. Одоо эргээд харахад танд 25 жилийн хугацаа урт юм шиг санагддаг уу. Эсвэл нүд ирмэх зуурт л өнгөрчихсөн үү?
-Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрдөг. Тэр хугацаанд хийх гэж хүсэж мөрөөдөж байсан зүйл нь замхарна, унтарна. Энэ хугацаанд үнэхээр оносон үе ч бий. Яг зогсонги өнгөрүүлсэн үе ч бий. Ямар ч уран бүтээл хийх сонирхолгүй болсон үе ч бий. Ер нь уран бүтээлч болгонд л тохиолддог зүйл.
-Яг тийм зогсонги, уран бүтээл хиймээргүй санагдсан үеүдийг хэрхэн даван туулан бэ?
-18, 19-тэйгөөсөө эхлээд л дуулж эхэлсэн. Тэр үеэс хойш огт амарч үзээгүй. Урлагаас шантрах, сэтгэл зүйн хувьд гунихралд автах, сэтгэл гутралд орох үе байдаг. Зарим уран бүтээлч ийм үеэ давж чадаагүйгээс архинд орсон тохиолдол ч бий. Миний хувьд өөрөө эх хүн болохоор, хоёр хүүхдийн ээж болохоор сэтгэл зүйдээ автаад зүгээр суугаад байх аргагүй. Тийм болохоор өөр зүйлд анхаарч, өөр ажил хийж л даван туулдаг.
-Монгол Улсын Филармони бол Монголын урлагт өөрийн өнгөтэй, өөрийн нэг үнэлэмжтэй, бахархам түүхтэй их айл. Анх энэ их айлын босгыг давсан түүхээ хуваалцаач?
-Надад 2010 оноос хойш санал тавьсан. “Баян Монгол” чуулга дуучинтай болох шаардлагатай байна, манайд орооч гэж санал тавьсны дагуу 2012 онд орсон. Филармонид дуучнаар ажиллах нь нэр хүндийн хэрэг. Тэнд маш олон уран бүтээлчтэй хамтран ажиллах Симфони оркестр, Морин хуурын чуулга, Баян Монгол чуулгатай хамтарч дуулна гэдэг бол ямар ч уран бүтээлчийн хувьд мөрөөдөл нь байдаг болов уу гэж боддог. Миний хувьд өөрийгөө маш азтай л гэж боддог. Тэнд орж ажилласан ч урт хугацаанд ажиллаад яваад байх бас хэцүү. Манайх урлагийн байгууллага учраас байн байн аттестатчилал явагддаг. Дуучид халагдана, нэмэгдэнэ. Янз бүр л байдаг.
-Баян Монгол чуулга бол эстрад урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Морин хуурын чуулга дэлхийд Монголын урлагийг гайхуулж, бишрүүлдэг. Амьд хөгжим тэр дундаа симфони оркестртой дуулна гэдэг мэдээж дуучны чадвар, чансааг илтгэдэг. Энэ гурван чуулгатай дуулахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Дан фонограммтай дуулах, дандаа амьд хөгжимтэй дуулах тэнгэр газар шиг өөр зүйл. Амьд хөгжимтэй дуулахаар чанга дуулах хэсэгтээ чанга, зөөлөн дуулах хэсэгтээ зөөлөн гээд дууг хамтдаа бүтээдэг болохоор маш гайхамшигтай санагддаг.
-Филармонийн дуучин жилдээ хэдэн тоглолтод оролцдог юм бэ?
-Багцлаад үзвэл 10 гаруй тоглолтод оролцдог. Хэзээ ч тоглолтод оролцож магадгүй учраас байнгын бэлтгэлтэй байдаг.
-Тэр их бэлтгэл, тоглолтуудын дундуур өөр зүйлд цаг гаргах хэцүү л юм байна даа…
-Яаж ийгээд л гаргана. Жаахан цаг завтай үедээ юмаа хийгээд л.
-Одоо таныг “жааз дуучин Хулан уу” гэж таньдаг хүмүүс их болсон юм шиг санагддаг. Ингэж овоглуултлаа жааз дууг дуулж, олонд хүргэсэн гэсэн үг л дээ. Анх яагаад энэ урсгалыг сонгосон юм бэ?
-Монголчууд нийтлэг поп дууг сонсдог. Намайг энэ урсгал руу анх хөтөлж оруулж, жааз хөгжим сонсгож мэдрүүлсэн хүн бол Мөрдорж гуайн хүү Экү багш. Бүр 2002 онд. Анх бараг жааз хөгжмөө сонсоогүй мөртлөө дуунуудаа нотоор нь сурчихсан, дараа нь дуучдынхаа цомгийг хүнээс олж сонсох удаа цөөнгүй байсан шүү. Монголд жааз урсгал байсан ч сонсогч цөөтэй учраас хөгжиж чадаагүй. Тийм үед нь жааз урсгалыг сонгож, дуулж байсан. Миний мэдэхээр талийгаач Эрдэнэцэцэг эгч Баян Монгол чуулгатай жааз дуулах мэдрэмжтэй дуучин байсан юм билээ. Бас “Паус” хамтлагийн Хишигээ гэж супер дуучин бий. Үе үеийн уран бүтээлчдийг хүндэлж явдаг.
Анх Экү багштайгаа хамтарч дуулж байснаас хойш маш олон уран бүтээлчтэй хамтран жааз дуулсан. Хөгжмийн зохиолч Пүрэвдорж ах, Ганхуяг ахтайгаа нийлээд дуулж байлаа. Хамтарч гаргасан цомог ч бий.
-Бас л яагаад гээд нэг зүйл асууя. Та анх яагаад Дүрслэх урлагийн сургуулийг сонгож сурсан юм бэ?
-Манай аав Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэгмэд гэж хүн байсан. Хүмүүсийн сайн мэдэхээр Дандар баатрын хөшөөг урласан хүн. Суриковын академийг төгссөн мундаг хүн байсан л даа. Аав, ээжүүдэд хүүхдэдээ мэргэжлээ өвлүүлэх хүсэл байдаг даа. Тийм л юм болсон. Намайг аравдугаар ангиа төгсдөг жил Дүрслэх урлагийн сургууль дээд сургууль болж байсан юм. Аав минь тэр жил Нарангэрэл багш дээр дагуулж очоод л монументал уран зургийн ангид оруулчихсан. Монголд нэг их хөгжиж чадаагүй л дээ.
-Танд мэргэжлээрээ хийсэн уран бүтээл байдаг уу?
-Байхгүй. Сургуулиа төгсөөд л СУИС-ийн дуулаачийн ангид ороод гуравдугаар курсээсээ дуулаад явчихсан.
-Таны охин зураач юм билээ. Сонирхлоороо сонгосон уу, эсвэл таны нөлөө байсан уу?
-Манай охин сонирхлоороо мэргэжлээрээ сонгосон. Гэхдээ би Дүрслэх урлагийн дээдийг төгссөнөө буруу гэж огт боддоггүй. Дуулах илүү сонирхолтой байсан байхгүй юу. Ер нь бол нас явахын хэрээр хоолой ч сууна. Монголд рок поп урлагт үнэнч үлдсэн цөөхөн дуучин байдаг. Тэдэн шиг үнэнч явж чадах уу үгүй юу, хэлж мэдэхгүй байна. Маггадгүй өөр юм хийгээд явахыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Тантай ярилцахын өмнө судалгаа хийх зорилгоор фэйсбүүкийн постуудыг чинь уншлаа л даа. Нэг бол хүүхдүүдээрээ бахарсан, эсвэл янз бүрийн хоол хийснээ сонирхуулсан постууд жин дарж байна лээ. Бас аавыгаа санан дурссан постууд цөөнгүй байсан. Сүүлийн үед хувцас загварын чигийн постууд нэлээд анзаарагдсан шүү.
-Хоолны тухайд коронагийн хоёр жилийг хоол хийгээд л, хоол идээд л өнгөрөөсөн учраас чамд тэгж анзаарагдсан байх. Аавыгаа санана, үгүйлнэ. Аав минь байсан бол ингэх байсан гэж бодно. Миний аав маш мундаг хүн байсан. Ардчиллын алтан хараацайнуудын нэг шүү дээ. Аавтайгаа өнгөрүүлсэн бүх л мөчийг санадаг. Аавынхаа сонгож өгсөн мэргэжлээр сураад ажиллаж чадаагүй ч охиноо зураг зурах сонирхол, авьяасаа дагаад зураач болсонд сэтгэл өег амьдардаг. Одоо миний хажууд ээж минь бий. Гавьяат эмч цолтой, олон хүүхэд эх барьж авсан алтан гартай хүн дээ.
-Урлагийг нэг оргил гэж үзвэл олон жилийн турш мацаад, тэмүүлээд явж байтал ямар нэг цаг мөчид гэнэт крандуулаад гараад ирсэн залуустай зэрэгцэх гэдэг ч юм уу тиймэрхүү үе танд тохиолдож байсан уу?
-Аз таараад сайн продюсертой уран бүтээл хийгээд олон танигдаад хурдан хугацаанд гараад ирж болно. Гэлээ гээд тэдэнтэй өөрийгөө харьцуулж бодоод байх нь утгагүй. Залуу уран бүтээлчдийг аль болох дэмжээд л явдаг. Миний хувьд аль болох олон жилийн настай, сүнслэг уран бүтээл хийх нь хурдан олонд танигдаж, нэр хүндэд хүрэхээс илүү гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.