“Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг ирэх дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулахаар төлөвлөөд буй. Анх 2013 онд “Хөгжлийн төлөө түншлэл” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн уг форум 2019 оноос “Улаанбаатар хотын эдийн засгийн форум” нэртэйгээр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаагийн арга хэмжээ дэлхий дахинд дэгдсэн “Ковид-19” цар тахлын дараах буюу эдийн засаг дахин сэргэх үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог болох юм.
“Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн уг форумд нийслэл хот ойрын 1-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, баримтлах бодлогоо дэлгэрэнгүй танилцуулах нь чухлыг онцолсон юм.
Түүнчлэн эдгээр төсөл, арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах боломжийн талаар танилцуулах юм. Энэ удаагийн форумд дотоодын аж ахуйн нэгжүүд төдийгүй олон улсын түнш, хамтын ажиллагаатай улс орнууд, байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулахаар төлөвлөж байна.