АНУ-ын томоохон хотуудын цагдаа нар экс eрөнхийлөгч Дональд Трампыг баривчилбал гарч болзошгүй үймээн самууныг зогсоох бэлтгэлээ базааж эхэлсэн тухай “CNN” телевиз мэдээлжээ. Түүнийг дэмжигчид 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолийн ордон руу дайрснаас хойш тус улсын эрх баригчид нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг болсон.
Нью-Йорк мужийн Прокурорын газар энэ долоо хоногт Д.Трампыг порно жүжигчин асан Сторми Даниэлст бэлгийн харилцааных нь тухай мэдээллийг дэлгэхгүй байхыг хүсэн 2016 онд их хэмжээний мөнгө өгч “амыг нь үдсэн” хэрэгт гэм буруутай гэж үзэх магадлал өндөр байгаа аж. Үүнтэй холбогдуулан Трамп өнгөрсөн бямба гаригт “Truth Social” цахим хуудсандаа өөрийг нь баривчилж болох тухай мэдэгдэж, түүнийг хамгаалахын тулд жагсаал хийхийг дэмжигчиддээ уриалжээ.
Д.Трампыг дэмжигчдийн зүгээс үймээн самуун өдөөх аюултайг харгалзан Нью-Йорк, Вашингтон, Лос Анжелесийн гудамжуудад эргүүл хийх цагдаа нар мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Нью-Йоркийн Манхэттэн дэх Прокурорын газар, шүүхийн барилгын эргэн тойронд хууль сахиулагчид төмөр хаалт босгожээ. Тус хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн аж. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлснээр шүүх болон төрийн албан хаагчдыг заналхийлэх, айлган сүрдүүлэх явдал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ.
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаасаа сарын өмнө буюу 2016 оны аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан порно од Сторми Дэниэлст 130 мянган ам.доллар өгч, өөртэй нь бэлгийн харьцаатай байснаа олон нийтэд цацахгүй байх амлалт авсан гэх мэдээллийг 2018 оноос шалгаж эхэлсэн юм. Нью-Йоркийн Прокурорын газар Доналд Трампыг сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөнийг нотолж чадвал эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж болох билээ.
Тэгсэн тохиолдолд 2024 оны ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч болохын төлөө өрсөлдөж буй тэрээр нэрээ татахаас өөр аргагүйд хүрэх нь үндсэндээ тодорхой.