-Тун удахгүй дэлхийн шатрын титмийн төлөөх тэмцээн эхэлнэ. Ян Непомнящий хятад өрсөлдөгчөө түвэггүй дийлнэ гэж үзэх хүн олон байх шиг. Та тэдэнтэй санал нийлэх үү?
-Таамаг дэвшүүлэхээс түтгэлзмээр байна. Гэхдээ тулааны зарим микро агшинд Непомнящийд давуу тал үүсэх нь гарцаагүй. Юу гэвэл нэгдүгээрт, тэрээр хэдий хожигдсон ч дэлхийн аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд нүүж байсан туршлагатай хүн. Хоёрдугаарт, Непомнящий сүүлийн үеийн томоохон тэмцээнүүдэд тун дажгүй оролцсон.
-Тэгвэл түүний гол сул тал нь юу бол?
-Ян Непомнящий ч, түүний өрсөлдөгч Дин Лижен ч ялгаагүй адилхан нэг сул талтай. Аль аль нь онц ноцтой нөхцөл байдалд сэтгэл зүйн хувьд тогтворгүй нь ажиглагддаг. Гэнэт ямар нэг зүйл буруу болбол хоёулаа балмагддаг. Энэхүү сул талаа Ян ч, Дин ч засахыг оролддог боловч ямар нэг дэвшилд одоогоор хүрээгүй. Төрөлхийн зан чанараа өөрчилнө гэдэг угаасаа амаргүй шүү дээ.
-Дин Лижен юугаараа онцлог вэ?
-Хятадын шатарчдыг байнга л компьютертэй зүйрлэдэг. Энэ нь бараг л хэвшмэл ойлголт болсон юм уу даа. Үнэхээр ч Дин Лижений сонгодог арга барил, алдаа бага хийдэг зэрэг нь компьютертэй ямар нэг хэмжээгээр адилтгахад хүргэж болох юм. Иймээс ч заримдаа тэрээр сэтгэл зүйн дарамтыг дийлж чаддаггүй нь үнэн. Гэхдээ л Дин Лижен аюултай өрсөлдөгч.
-Норвегийн Магнус Карлсен дэлхийн аваргын титмээ хамгаалахаас татгалзсан. Иймээс ч Ян Непомнящий хятад шатарчинтай өрсөлдөх боллоо. Энэ нь дэлхийн аваргын нэр хүндийг үнэ цэнгүй болгох уу?
-Хэрхэвч үгүй. Ян Непомнящий, Дин Лижен нарын тулаан угаасаа дэлхийн аварга шатарчин хэн болохын төлөөх. Үүнээс гадна дэлхийн шатрын холбоо ФИДЕ Магнус Карлсенд титмээ хамгаалахад нь учир зүйгүй хүнд нөхцөл тавиагүй шүү дээ. Тэрээр өөрөө л татгалзсан. Иймээс ч дараагийн дэлхийн шатрын аваргаар Ян Непомнящий юм уу, Дин Лижен тодорно.
-Магнус Карлсен дэлхийн аваргын титмээ хамгаалахаас татгалзасныг анх сонсоод та хэрхсэн бэ?
-Би алмайраагүй ч үнэндээ гайхсан шүү. Угаасаа Магнус өвөрмөц хүн л дээ. Логикийн эсрэг үйлдэл хийх нь цөөнгүй. Дэлхийн шатрын ертөнц түүнд нь дасчихсан. Ийм ч учраас би Магнус Карлсены шийдвэрийг буруутгахгүй. Гэхдээ л дэлхийн шатрын аваргын титмийг тэмцэлгүйгээр өөр хэн нэгэн хүнд өгөхийг онцгүй үйлдэл гэж үзэж байна.
-Гэхдээ Магнус Карлсен хэзээ нэгэн цагт дэлхийн аваргын төлөө дахин өрсөлдөх үү? Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Би тэгэх байх л гэж бодох юм. Яагаад гэвэл Магнус их зөрүүд, бүх юм заавал ч үгүй өөрийнхөөр нь байхыг хүсдэг хэгжүүн ааштай залуу. Гэв гэнэт, хэн ч тэгнэ гэж төсөөлөөгүй байхад юу ч болоогүй юм шиг дэлхийн шатарт эргэн орж ирээд аваргын төлөө дахин өрсөлдөж болзошгүй.
-Их мастер С.Карякин дэлхийн шатрын түүхэнд анх 2900 оноонд хүрнэ гэснийг нь М.Карлсений хоосон мөрөөдөл гэсэн байна лээ?
-Би С.Карякинтэй энэ тал дээр санал нийлнэ. Маш хүнд зорилго л доо. Үүнд хүрэхийн тулд жилээс жилд тогтвортой амжилт үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ нэг юм хэлэхэд, Магнус бол Магнус. Онцгой өвөрмөц шатарчин шүү дээ! Нэгэнтээ л урдаа зорилго тавьсан бол түүндээ хүрэхээс нааш санаа нь амрахгүй.
-Та 15 жилийн өмнө Магнус Карлсен гэх хүүхдийг дэлхийн шатарт гавихгүй гэж хэлж байжээ?
-Тэр үед тэгж хэлснээ юу гэж ч тайлбарлах юм бэ дээ… Магнус Карлсен шатрын хөлөг дээр алдаатай нүүдэл хийдэггүй ч шатрын сонгодог боловсролгүй нь цаашид улам бүр чангарах боломж олгохгүй гэж би бодож байлаа. Гэтэл төд удалгүй би түүний авьяасын цар хүрээг ойлгосон юм. Энэ хорвоод шатрын хөлөг дээр ер бусын гайхалтай нүүдэл хийж байсан гуравхан хүн бий. Капабланка, Карпов, Карлсен. Гүйцээ. Энэ гурван “К” л хамгийн аугаа нь.
-Ингэхэд та Магнус Карлсентэй халз тоглож байв уу?
-Тийм завшаан надад ганцхан удаа тохиосон. Норвегид болсон олон улсын тэмцээний сүүлийн өрөгт нэлээд ядарсан би 13 настай Магнустай нэг ширээний ард сууж хайнцаж билээ.
-Английн хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч, “Манчестер Юнайтед”-ыг алтан үед нь удирдаж байсан Алекс Фергюсоны дурдатгалын номд, “Би хэрэв яг одоо эргээд дасгалжуулагч болбол тоглогч бүхнээ шатар тоглохыг үүрэгдэнэ” гэсэн өгүүлбэр байх аж. Яагаад тэгж хэлсэн юм бол?
-Хөлбөмбөгийн аугаа ноён Алекстэй хэн тэрсэлдэхийг хүсэх вэ дээ. Тэрээр шатар тоглох ач холбогдлыг үнэлсэн байлгүй дээ. Хүний тархины эд эсийг хамгийн ихээр идэвжүүлдэг нь шатар тоглох явдал шүү. Анхаарлаа төвлөрүүлэх, чухал зүйлийг хоёрдогчоос ялгахад, мөн шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлдэг юм.
-Эцэст нь таны гурван “дургүй” юу вэ гэж асуумаар байна?
-Нэгд би хэт ядрах дургүй. Үүнээс гадна хэт их амрахаас эмээдэг. Гуравт нь гэвэл, маш олон чалчаа хүмүүсийн дунд байх дургүй дээ.