МЯНГАТЫН СИСТЕМИЙГ ТОГТООСОН НЬ
Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
Монголын нууц товчооны 202-р зүйлд Чингис хаан зарлиг болруун: -“Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёнд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье” хэмээн өгүүлдэг билээ. Цэрэг-засаг захиргааны бүтцийг бий болгохдоо их эзэн Чингис хаан Хүн гүрний үеэс өвлөсөн нүүдэлчдийн төр ёсны уламжлал хийгээд тухайн үеийн дэвшилтэт үзэл төдийгүй туулсан зам, хуримтлуулсан туршлага дээрээ суурилан өөрийн суу заль, тэнгэрийн зарлигийн дээд оргиллыг гайхалтай хослуулж байсан нь дэлхийн эзэнт гүрнийг байгуулсны нэг нууц нь байлаа. Түүнд шаньюйгийн үеэс боловсорсон нүүдэлчдийн сонгодог төрийн тухай үзэл баримтлал, улстөрчийн бүс нутгаас хэтийдсэн боловсрол байсан нь төрөө эмхэлсэн өдрүүдээс нь тод харагдана.
Өөрийн үргэлжийн дайсан, мөнхийн анд байсан Гүр хаан Жамухын хамт тухайн үеийн төв Азийн өндөрлөгт нэр цуурайтсан Хэрэйдийн ханлигийн тэргүүн Тоорил ханы ордонд өрнө, дорнын соёл, сурталд боловсорч байсан нь ч нөлөөлсөн буй за. Их хаантан Их Монгол улсыг байгуулахдаа нэн тэргүүнээ дээр өгүүлсэн төр, захиргааны хийгээд цэрэг армийн зохион байгуулалтад эргэлт гаргасан өөрчлөлтүүдийг хийж, удирдахуйн дээд тогтолцоог бүрдүүлсний нэг нь Мянганы систем байв.
Аравтын систем буюу Мянганы зохион байгуулалт бол Монголчуудын дээд өвөг Хүн гүрний үед цэргийн зохион байгуулалт байсныг Чингис хаан цэрэг иргэний зохион байгуулалт болгон шинэчилсэн нь Их Монгол Улсын аварга том дүрийг урлаж эхэлсний илэрхийлэл болсон юм. Үүгээрээ улс төрийн тархай бутархай байдалд цэг тавьж, хагацсан улсаа хамтатгав. Талаар нэг цацсан шагай мэт оршиж, Алтан улс, Тангуд улс зэрэг суурин орны эрхшээлийн дор Монголчууд олон жил зүдэн байсан нь овог, аймгийн байгууллын сул тал байлаа. Мянганы систем нь жалга бүрт бие даан орших эрмэлзэлтэй овог, аймгийн удирдагч, толгойлогчдын нөлөөг устгаж, төвөөс зугтах хүчийг тас цохив. Чингис хааны бий болгосон мянганы системийг хэрэгжүүлснээр Байгаль нуураас Цагаан хэрэм, Алтай, Саянаас Хянганы нурууны хооронд орших олон овог аймаг, угсаатан ижилсэн нэгдэж, өөрөөр хэлбэл, шинэ угсаатан бий болон бүрэлдэж, Монгол үндстэн бий болсон нь ертөнцийг донсолгосон юм.
Манай түүхчдээс тухайлбал Д.Гонгор, Ш.Нацагдорж нар чингис хаан хэдийгээр мянганы системийг өмнөх уламжлалаас өвлөн авсан хэдий ч XIII зуун буюу Монголчуудын алтан зууны өрхийг татсан нийгмийн харилцааны хөгжлийн цоо шинэ өнгө будагтай нарийн бүтэц, өвөрмөц үүрэгтэй байсныг онцлон бичсэн нь бий билээ. Мянгатыг зохион байгуулахдаа ураг төрлийн шүтэлцээ, барилдлагад тулгуурласан овог аймгийн хуучин байгууллыг халсан нь газар нутгийн хуваарьт түшиглэсэн шинэ харьяаллыг бий болгосон хэрэг юм. Өөрөө хэлбэл, нийгмийн харилцаанд дэвшил гарч, эзэн харьяатын ёс төгөлдөржив.
Эзэндээ тогтсон газар нутгийн хүрээнд зүтгэх нь эх орондоо зүтгэж буй хэрэг, эзнээсээ урвана гэдэг эх орноосоо урвана гэсэн үг л дээ. Ийнхүү угсаатны цоо шинэ ухамсар бүрэлдсэн нь Монголчуудын дэлхийн эзэнт гүрнийг байгуулах урьдач нөхцөл болсон хэрэг. Гэхдээ засаг захиргааны үндсэн нэгж болж, төрийн нэгдсэн системийг бүрдүүлсэн мянганы зохион байгуулалтыг Чингис хаан гэнэт бодоод хийчихээгүй билээ. Түүний тааллаар мянганы ноёдыг томилохдоо урьдын туршлагатай овог, аймгийн тэргүүлэгчдийг тавих зарчмыг барьсангүй. Харин эсгий туургатныг нэгтгэж, нэгдсэн хаант улсыг байгуулахад унага бяруу мэт ижилсэн зүтгэж, шадарлан нөхөрлөсөн авьяаслаг, үнэнч анд нөхөд, эгэл ардыг томилон үе залгамжлах эрх олгосон юм. Энэ шинэчлэлтийг гаднын түүхчид, судлаачид гайхан шагширдаг. Үхэрчин, хоньчин, тэмээчин, мужаан, арьс элдэгч нөхдийг Мянгатын ноён болгосон нь түүнийг ардчилагч байсан гэж үзвээс зохино гэсэн нь ч бий.
Харин Монголд элэгсүү Л.Н.Гумилев эдгээр хүмүүсийг “Урт дур”-ын хүмүүс буюу авьяас билиг, хүч чадал нь оргилсон шинэ үеийнхний төлөөлөгчид гэж үздэг. Энэ нь ч үнэний хувьтай. Ийнхүү Боорчи, Мухулай, Зэлмэ, Борохул, Шихихутаг, Наяа, Зэв, Сүвээдэй нарын Чингис хаантай цуг халуунд халж, хүйтэнд хөрч явсан 95 мянганы ноён засаг захиргаа, цэргийн хосолмол шинжтэй Мянганыг захирч байсан юм. Өмнө дурдсанчлан их хаантан мянганы систем буюу төрийн гүйцэтгэх байгууллагыг хөгжүүлэх үйл явцыг гурван үе шатыг дамжсан гэж судлаачдын олонх үздэг. Энэ талаарх Ш.Нацагдорж абугай болон Өвөрмонголын Сайшаал гуайн үзэл бодол яльгүй зөрөх боловч үндсэндээ адил юм. Юуны урьд бид Чингис хаан овог аймгийн язгууртнуудын хүч нөлөөг сулруулах зорилгоор “жирийн” хүнээр мянгатын ноёдыг томилсныг даруй анхааран шинжих ёстой.
Мэдээж эл түүхэн үйл явцын анхдагч үе нь Тэмүжин 1189 онд Чингис цолтойгоор Хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн үеэс эхлэх нь лавтай. Сайшаал гуай 1204 онд Найман аймгийг буулган авсан “Наху гүний байлдаан” хүртэлх арван таван жилийн хугацаанд мянгатын системийг цэгцлэн бүрэлдүүлэх үүслийн үе гэж үзсэн нь дэмжүүштэй санаа мөн. Учир юун гэвээс эртий төрт Хэрэйд, Найманыг эзлэн авсан даруйдаа цэрэг-засаг захиргааны шинэчлэлтийг даруй хийхгүй аваас хураан авсан улс иргэнийг буцаан алдах аюул нүүрлэж байсанд оршино.
Өөрөөр хэлбэл, Хүн гүрний үеэс уламжилсан аравтын системийг 1204 онд цэргийн төдийгүй засаг захиргааны бүтцэд нэвтрүүлэв. Тал нутаг дахь Татар, Мэргэд, Хэрэйд, Найман, Тайчууд зэрэг томоохон аймаг, ханлигийг даруйхан задалж, Мянгатуудад тархаан захируулав. Энэ нь Их Монгол Улсыг байгуулахын урьдач бэлтгэл байлаа. Энэ талаар би “Хаадын хаан-Андгай” түүхэн туульсын жүжигтээ онцлон оруулсан билээ. Чингис хааны цагаан сүлдээ өргөсөн он жилүүдэд Мянганы ноёд өөрсдийн харьяат албат нарт газар нутаг, бэлчээрийг хуваарилан зааж өгөхөөс гадна алба татвар хураах эрхтэй байв. Мянганы ноён нь үе улиран залгамжлах тушаалтны хувьд цэрэг ч толгойлно, иргэдээ ч захирна. Зарим судлаач үүнийг нь салгаж ойлгох гээд байдаг. Ийнхүү Чингис хаан Найманыг эзэлсний дараа Мянганы системийг нэвтрүүлж эхэлсэн нь өөрийн хэмжээгүй эрхт хаан төрөө бататгах шинээр “бий болох” Монгол үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх чин санаа өвөрлөсөнд чиглэх нь эргэлзээгүй юм. Өгүүлэн буй арван таван жилийн хугацаанд Тэмүжин нь Хамаг Монгол улсын хааны хувьд Хэрэйдийн Тоорил хан болон талын язгууртнуудын дэмжлэгээр Гүр хаан болсон Жамух нарт засаг захиргааны шинэчлэлт, томилгоогоо дипломат үүднээс мэдэгдэж байсан эерүү түүх бий.
Төрийн ёсоор элч илгээж байсан нь үүний тод баримт. Мянганы систем бүрэлдэн тогтох хоёрдугаар үе шат нь 1204 оны Найманыг дарсан тулаанаас хойш 1206 онд Их Монгол улсыг байгуулан даян дэлхийд тунхаглах хүртэлх хоёр жилийн хугацаа юм. Эрдэмтэн Сайшаал үүнийг хаант улсын ирээдүйн дүр зургийг дотнын сайд, шадрууд нь зураглан төлөвлөсөн үе гэж дүгнэдэг. Үнэхээр тийм юм. Ялангуяа цэргийн болон иргэний засаг захиргааны зохион байгуулалтыг уялдуулан нэгтгсэн Мянатын системийг анхачлан тогтоосон үе л дээ.
Мөнхийн өрсөлдөгч ба анд байсаар ирсэн Гүр хаан Жамухыг энэ үед буулган авсан төдийгүй хамгийн сайн хамгаалалт бол урьдчилан довтлох явдал гэдэг цэргийн номлолын үүднээс энэ үед Тангуд улсыг анх удаа цэрэглэн довтолж хамжаа улс байх ам хэлийг нь авсан байдаг. Тал хээрийн аварга эзэнт гүрэн өндийн босох бэлтгэл ажил хоёр жилийн хугацаанд эрчимтэй явагдаж байлаа.
Арав гаруйхан наснаас дөч гаруй насыг элээтлээ хүчир гүжир дайнд ган төмөр мэт боловсорсон Чингис хаан нүүдэлчин Монголын шинэ улс, шинэ нийгэмд чухал ямархуу хэлбэртэй төрийн байгуулал тогтоовоос нийцтэй болохыг анх Чингис хаан цолоор өргөмжлөгдсөн (1189 он) үеэсээ л эхлэн мэдэрч байсан нь хожим нотлогдоно. Тэр суурьшмал Алтан, Сүн, Тангуд улсуудын төрийн хэв суртлыг шууд байтугай дам ч дуурайсангүй. Овог, аймгийн сэтгэмжээс хальсан бодлогын үр дүнд нэг Мянганы дотор хэд хэдэн овог, аймгийн иргэд холилдон оршиж, шинэ супер нэгдлийг бэлгэдэх болов.
Гуравдугаар үе шат нь түүх ч, судлаачдын нэгэн дуугаар уулга алддаг Их Монгол улсыг тунхагласан 1206 оны барс жил билээ.
Их эзэн Чингис хаан байлдан дагуулсан эсгий туургатны бүх нутгийг нэгтгэж, ерэн таван мянгатыг хааны зарлигаар зарлаж, “Их засаг” хуулиараа баталжээ. Хожим зуун хорин есөн мянгат болсон нь хаант төрийн тэлэлт гэхээсээ илүүтэй нэгдсэн төрийн төгөлдөржилт байлаа. Чингис хааны анд, шадар нөхөд мянгатын ноёноор үе улиран залгамжлах эрхтэйгээр томилогдсон боловч тухайн мянганы газар нутгийг бүрэн гүйцэд өмчлөгч бус, хагас эрхтэй өмчлөгч байв. Бусдад шилжүүлэх, наймаалах эрхгүй гэсэн үг л дээ. Үүнийг Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов хагас феодал, хагас албан хаагчийн шинжтэй гэж дүгнэсэн нь ононо. Их хаантны шинэчлэл нь энэхүү мянган гэгч Монголын хаант улсын нийгмийн үндсэн суурь дээр “Түм” гэгч засаг захиргаа, цэрэг дайны бодлогын нэгжийг зохион байгуулснаар үргэлжилдэг. Багын анд итгэлт жанжин Боорчи нь Алтайн нуруу орчмын баруун түмэн, Мухулайгаар захируулсан Хараун Жидун (Хянганы нуруу) орчмын зүүн түмэн, Наяа ноёноор захируулсан төвийн түмэнд хуваагдаж байв. Харин 1189 онд Тэмүжинийг хаан болоход ихээхэн дэмжлэг үзүүлсэн Хорчи ноён Эрчис мөрний дагуух Ойн иргэнийг захирч байв.
Түүхэнд үүнийг умард түмэн гэх нь ч бий. Энэхүү түмэн нь аравтын системээр зохион байгуулагддаг “зуут”, “мянгат”-тай адилаар нарийвчилсан тоогоор багцлагдахгүй. Ерөнхийдөө бүс нутгийн ерөнхий байдал дээр үндэслэсэн зохион байгуулалттай. Ер нь чөлөөтэй. Мухулай, Боорчи нар бүс нутгийн чанартай аливаа асуудлыг бие даан шийдэх эрхтэй байсан түүхэн баримт бий.
Нутгаа өөрөө хуваарилна, хамгаална. Өөр нэг онцлууштай зүйл болбоос хааны зарлигийн дагуу өөрийн харьяат иргэдээсээ мянган цэрэг гаргах үүрэгтэй мянган нь засаг захиргааны өвөрмөц нэгж байсан төдийгүй дотроо гадаад ба дотоод мянган хэмээн хоёр хуваагдаж байсан явдал билээ. Гадаад мянган нь дотоод мянганаасаа зэрэг дэвээр нэгэн хувь дор, Чингис хааны онцгой эрхтэй Хишигтний зэрэгт хүрэхгүй эрхтэй юм. Их хаантан өөрөө мянган захирч тэр нь голын улст багтдаг бөгөөд түүний дүү Бэлгүтэй, Отчигон, Өэлүн эх нар өөр өөрийн мянгантай байв. Мөн төрийн их хатан Бөртэгээс гарсан Зүчи, Цагадай, Өгөдэй, Толуй нар ч мянганыг захирна.
Ер нь Чингисийн төрөл садан болох Алтан ургийн гишүүд ийм мянгатуудыг захирахаас гадна тус тусдаа харьяалсан иргэдтэй байсан юм. Хувийн хамжлага гэсэн үг л дээ. Үүнийг МНТ-нд өмч иргэн гэж нэрлээд буй хэрэг.
Мянганы иргэн нь төрийн алба залгуулж, татвар төлдөг улсын иргэн бол Чингис хаанаас хувь болгон өгсөн өмч иргэн нь зөвхөн өөрсдийн эздэд татвар төлж, бүрэн үйлчилдгээрээ ялаатай ажгуу. Харин Чингис хаан шадар нөхдөдөө эзэлж авсан харь улс, овгоос олзны хүмүүс, гар урлал, газар тариалан эрхлэгчдийг соёрхол болгон өгдөг байсан нь “хувь”-иас ялгаатай юм. МНТ-нд өгүүлснээр бол Чингис хаан Отчигон, эх Өэлүн хоёрт түмэн өрх, Зүчид есөн мянга, Цагадайд найман мянга, Өгөдэйд таван мянга, Толуйд таван мянга, дүү Хасарт дөрвөн мянга, дүү Алчидайд хоёр мянга, Бэлгүтэйд 15000 өрхийг “хувь” болгон өгсөн байдаг. Эдгээр өрх нь зөвхөн талын Монголчуудаас бүрдэж байснаараа онцлог. Ийнхүү Чингис хаан Их Монгол Улсын хаанаар өргөмжлөгдөнгүүт ерэн таван мянганыг байгуулж, захирах ноёдоор нь хэн гээч итгэлт нөхдөө томилсныг нь шинжин судалж, харшуулан дүгнэвээс сонирхолтой олон зураглал харагддаг юм.