“Asia times” сонин “Монгол улс авлигын зуршлаасаа сална гэв” гэсэн гарчигтай нийтлэл цацсан юм. Тус нийтлэлд “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатарын төв талбайд олон мянган хүн цугларч 1.8 тэрбум ам.долларын нүүрсний хулгайн хэргийг шалгахыг шаардан УИХ-ын танхим руу дайрч орохыг оролдсон юм. Монголын эрх баригчид тэрхүү хэргийг шалгахыг амлан эсэргүүцлийн жагсаалыг намжаасан билээ.
Тэгвэл тус улсын Авлигатай тэмцэх газар энэ сарын 12-ны өдөр төрийн албанд авлигатай тэмцэх үндэсний стратегийг танилцуулж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх 10 зорилт дэвшүүлснээ зарлалаа. Ашигт малтмалаар баялаг тус улс нийт экспортынхоо 80 гаруй хувийг гаргадаг Хятадаас авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтан, компанийн удирдлагуудын талаар мэдээлэл өгөхийг хүсчээ” хэмээн эхэлжээ.
Мөн “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа, нүүрсний хулгайн энэ хэрэг 200 гаруй хүнийг хамарсан маш том үйл явдал, эл гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн дотор УИХ-ын гишүүд, гааль, татварын албан тушаалтнуудаас эхлээд тээвэр, уул уурхайн компанийн удирдлагууд хүртэл бий.
Манай прокурорын ажилтнууд энэ хэргийг хянахдаа БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Бүх зүйлийг хянаж цэгцлэхэд багагүй хугацаа шаардагдах боловч энэ хэрэгт холбогдсон хэн бүхэн эцсийн эцэст хариуцлага хүлээх болно гэдгийг онцлон хэлмээр байна гэсэн юм” хэмээн онцолжээ.
Asia times сонины редакц ХЗДХ-ийн сайдын “Хятадын тал тодорхой хэргүүдийн талаар мэдээлэл өгөхөд нээлттэй хэвээр байгаа ч илүү өргөн цар хүрээтэй мэдээлэл өгөхөөс цааргалж байна” гэсэн үгийг ч онцолсон байна.
Монгол улс авлигын зуршлаасаа сална гэсэн манай эрх мэдэлтнүүдийн үгээр гарчигласан уг нийтлэлдээ Asia times сонин Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Ниний “Арванхоёрдугаар сарын 6-нд, манай найрсаг хөрш Монгол Улсын Засгийн газар энэ хэргийг зохих ёсоор хянан шалгаж, зөв шийдвэр гаргана гэдэгт манай улс итгэлтэй байна. Монгол Улсын зүгээс хүсэлт гаргавал Хятадын холбогдох байгууллагууд зохих хууль тогтоомжийн дагуу шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэсэн үгийг ч шигтгэжээ.