Хойд Солонгосын иргэд “ВВС” агентлагт ярилцлага өгөхдөө, тус улсад хүнсний бүтээгдэхүүн ихээр дутагдаж, хөршүүд нь өлсгөлөнгийн улмаас үхэх болсон тухай дуулгажээ. Дэлхийн хамгийн тусгаарлагдмал улсын иргэдээс авсан ярилцлагуудаас харвал, Хойд Солонгост 1990-ээд оноос хойш хоол хүнсний хангамж дахин эрс хомсдон өлсгөлөн нүүрлэх болсон байна.
БНАСАУ-ын иргэдийн ярьснаар, 2020 онд тус улсын удирдлага хилээ бүрэн хааж, үүнээс үүдэн амин чухал хоол хүнсний нийлүүлэлт зогсоход хүрчээ. Мөн ард иргэдийнхээ амьдралыг илүү хатуу чанд хянах болсон аж. “ВВС” энэ талаар БНАСАУ-ын Засгийн газрын зохих түшмэдээс тодруулахад, тус улсын удирдлага юуны түрүүнд иргэдийнхээ ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг гэх албан ёсны улиг болсон жижүүрийн үгээр л товч хариулсан байна.
“ВВС”-гийн сурвалжлагчид Хойд Солонгост өөрийн эх сурвалжийн сүлжээтэй “Daily NK” байгууллагын тусламжтайгаар тус улсын гурван энгийн иргэнээс нууцаар ярилцлага авч чадсан аж. Тэд хил хаасны дараагаар эсвэл өлсч үхэх, эсвэл хууль зөрчсөн хэргээр цаазлуулахаас өөр сонголтгүй болсон гэжээ. Хойд Солонгосын энгийн иргэдийн санаа бодлыг сонсоно гэдэг туйлын ховор гэдгийг энэ онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Хойд Солонгосоос оргон зугтагсдад тусламж үзүүлдэг “Хойд Солонгосын эрх чөлөө” (“LiNK”) байгууллагын Пак Сокил, “эдгээр ярилцлага улс оронд өргөн цар хүрээтэй сүйрэлд хүргэх эмгэнэлт явдал эхэлж буйг харуулж байна” гэж дүгнэсэн билээ.
Пёньяны оршин суугч эмэгтэй Жи Ён “ВВС”-д ярихдаа, “Гурван ам бүлтэй манай хөрш айлынхан хоол хүнсээр маш их гачигддаг байлаа. Цэнгэг ус өгөх гээд хаалгыг нь тогшиход тайлж өгөөгүй юм. Тэгээд цагдаа нар гэрт нь нэвтрэхэд гурвуулаа өлсч нас барсныг тогтоосон доо” гэжээ. Эмэгтэйн жинхэнэ нэр Жи Ён биш. “ВВС” ярилцлага өгсөн бусад хүнийхээ ч жинхэнэ нэрийг өөрчилжээ. Мэдээж хэрэг, тэдний аюулгүй байдлыг бодолцсон учраас л тэр.
Хятадын хилээс холгүй орших тосгонд амьдардаг барилгачин Чхан Хо ярилцлагадаа, “Манай тосгонд хоол хүнс маш ихээр дутагдах болсон. Иймээс ч хэдийн таван хүн өлсч үхлээ. Эхэндээ би ковидоор нас барахаас эмээдэг байсан бол одоо өлсч үхэхээс болгоомжилж байна” гэсэн байна.
Хойд Солонгос 26 сая хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангах хэмжээний хоол хүнс хэзээ ч үйлдвэрлэж чаддаггүй байв. Тэгсэн хэрнээ тус улсын удирдлага 2020 оны нэгдүгээр сард хилээ хааж, Хятадаас үр тариа, газар тариаланд шаардлагатай бордоо, техник тоног төхөөрөмж оруулж ирэхээ больжээ.
Үүнтэй зэрэгцэн хашаа хайс босгон хилээ бэхжүүлж, зарим мэдээллээр хил давахыг завдсан хүн бүрийг шууд буудахыг хилчдэд тушаажээ. Ингэснээр, Хойд Солонгосын иргэдийн дийлэнх нь хар захаас худалдан авдаг байсан хилийн чанадаас ганзагын наймаачдын оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний худалдаа ч зогссон аж.
“ВВС”-гийн сурвалжлагчдын Мён Сук гэж нэрлэсэн Хойд Солонгосын хойд зүгийн нэгэн хотын хар захын наймаачин эмэгтэй ийн ярьжээ.
“Манай хотын хар захын хүнс гээд ер нь бүх бараа бүтээгдэхүүний 70 шахам хувийг Хятадаас оруулж ирдэг байв. Одоо лангуунууд бараг бүгд хоосорчээ. Би Хятадын хүнс, бараа худалдан гэр бүлээ тэжээдэг байсан юм. Энэ захын бусад наймаачин ч мөн ялгаагүй. Манай гэр бүл урьд өмнө ингэтлээ хоол хүнсээр гачигдаж байсангүй. Сүүлийн үед өлсгөлөн хүмүүс үүд тогшин бага боловч идэх юм өгөхийг гуйдаг боллоо. Амьдрал улам л амаргүй болох шинжтэй”.
Пёньяны Жи Ён удаан хугацаанд өлссөн хүмүүс гэртээ амиа хорлож, эсвэл ууланд гарч нас барсан тухай ярихыг нэг бус удаа сонсч байснаа мөн ярьсан юм. Тэрээр одоо өөрийн хүүхдүүдээ арай гэж хооллож буйгаа ч өчсөн. Хоёр хоног дараалан юу ч идээгүй тэрээр зүүдэндээ нас барахаасаа айж байснаа ч дурсчээ.
1990-ээд оны сүүлээр Хойд Солонгос тэр аяараа их өлсгөлөнд нэрвэгдэхэд гурван сая шахам хүн амь насаа алдсан гэдэг. Тэгвэл өдгөө тус улс шинэ аймшигт сүйрлийн босгон дээр иржээ.
Хойд Солонгосын эдийн засгийг төлөв байдлыг судалдаг мэргэжилтэн Питер Ворд, “Хойд Солонгосын жирийн дундаж амьдралтай иргэд хөршүүд нь өлсгөлөнд нэрвэгдэж буйг харан сэтгэл нь ихэд түгшиж буй нь тодорхой. Одоогоор нийгэм даяар хямрал үүссэн, хүмүүс үй олноороо хоол тэжээлийн хомсдолд орсон тухай ярих хараахан эртдэх ч цаашдын төлөв байдал тун муу харагдаж байна” гэсэн юм.
Түүнтэй Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчлийг баримтжуулдаг “NKDB” байгууллагын Ханна Сон санал нэг байна. Тэрээр, “Сүүлийн 10-15 жилд бид олныг хамарсан өлсгөлөнгийн талаар мэдээлэл бараг бүртгэж байсангүй. Харин одооноос Хойд Солонгосын ард түмний түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт он жилүүд эргэн ирж байх шиг” гэжээ.
Хөдөө аж ахуйн салбарыг сэргээх янз бүрийн оролдлого хийх болсон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрөө ч нэгэнтээ хэлэхдээ, “хоол хүнсний хямрал” нүүрлэж болох тухай шууд дурдсан нь бий. Хэдий тийм ч тэрээр улс орныхоо мөнгөний нөөцийн дийлэнхийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулсаар. Ганцхан жишээ хэлэхэд, 2022 онд баллистик пуужингийн урьд өмнө байгаагүй хамгийн их буюу 63 удаагийн туршилт хийжээ. Тэдгээр туршилтын нийт зардал 500 сая доллараас давсан аж. Энэ нь Хойд Солонгосын үр тарианы жилийн дутагдлыг хангалттай нөхөхөд шаардлагатай хөрөнгөөс хавьгүй их юм гэнэ.
“ВВС”-тэй ярилцсан хүмүүс түүнчлэн тус улсын засаг захиргаа сүүлийн гурван жилд иргэдийнхээ амьдралыг илүү ихээр хянах болж, шийтгэлийг урьдаас чанд хатуу болгож, үүнтэй холбоотой шинэ хуулиудыг батлан гаргажээ.
Өмнөд Солонгосын Засгийн газрын мэдээлснээр, цар тахлын өмнө Хойд Солонгосоос Ялузян голыг гатлан Хятад руу жил бүр мянгаас дээш хүн оргон зугтдаг байжээ. Тэгвэл хар захын наймаачин эмэгтэй Мён Сук ярихдаа, “Одоо тэгж зугтах болж үндсэндээ үгүй болсон. Ялузян голын эрэгт ойртоход л хатуу шийтгэл хүлээнэ. Иймд Ялузяныг ямар нэг аргаар гатлах эрсдэл хийх хүн тун ховор үлдсэн шүү” гэжээ.
Тэгвэл тосгоны барилгачин Чхан Хо “ВВС” агентлагт ярилцлага өгөхдөө, “Миний найзын хүү хаалттай хаалганы ард хэд хэдэн удаа олон хүнийг нэгэн зэрэг цаазлахын гэрч болсон юм. Эх орноосоо зугтан гарахыг оролдсон гурав, дөрвөн хүнийг нэг дор буудан хороосон гэсэн. Өдрөөс өдөрт амьдрах хэцүү болж байна даа. Нэг л буруу алхам хийвэл цаазлуулах аюултай. Бид энд үхлээ хүлээж л суух шиг” гэж өчсөн байна.
“ВВС” Хойд Солонгосын Засгийн газарт хандан иймэрхүү мэдээллүүдийг тайлбарлахыг хүсэхэд, “Бид ард түмний сайн сайхны төлөө ямар ч хүнд үед зүтгэсээр ирсэн, цаашид ч энэ тал дээр хамгийн ихээр мэрийх болно. Солонгосын эсрэг хүчин манай баатарлаг ард түмний амьдралын бодит баримтуудыг үргэлж гажуудуулсаар ирсэн. Одоо ч тэгсээр” гэсэн юм.
Харин “Хойд Солонгосын эрх чөлөө” (“LiNK”) байгууллагын Пак Сокилийн үзэж буйгаар, тус улсын Засгийн газар иргэдийнхээ эсрэг “гурамсан цохилт” хийжээ. Тэрээр, “Нэгдүгээрт, хоол хүнсний хангамж эрс хүндэрлээ. Хоёрдугаарт, иргэдийн эрх чөлөөг улам ихээр хязгаарлав. Эцэст нь, Хойд Солонгосоос оргон зугтах боломж үндсэндээ үлдсэнгүй” гэж байв.
Пёньяны оршин суугч эмэгтэй Чи Ён энэ талаар ийн ярьсан юм.
“Тандалт, хяналт шалгалт хэрээс хэтэрч, маш хэрцгий болсон. Үүнээс болж дотны хүмүүс хүртэл бие биедээ итгэхээ больсон доо. 2020 оны арванхоёрдугаар сард батлагдсан шинэ хуулийн дагуу гадаадын кино, телевизийн нэвтрүүлэг, дуу хөгжмийг үзэх, сонсох болон түгээхийг хориглосон. Тэр хуулийн дагуу намайг ч дуудан байцааж байлаа”.
“Харийн дайсагнагч үзэл суртал, соёлыг үгүйсгэх тухай” хэмээх тэр хуулийн гол зорилго нь Хойд Солонгосын иргэдийн гадаадын аливаа мэдээлэлд нэвтрэх эрхийг боомилох явдал ба уг хуулийн дагуу Өмнөд Солонгосын аливаа контентыг тараасан нь нотлогдвол хэнийг ч гэсэн цаазын тавцан хүлээдэг аж.
Хойд Солонгосын дипломатч асан, 2019 онд эх орноосоо оргон зугтсан Рю Хён Угийн хэлснээр, Ким Жон Ун ард иргэд нь ямар нөхцөл байдалд амьдардгаа, тэдэнтэй харьцуулахад Өмнөд Солонгос ямар их баян тансаг, амар амгалан болохыг мэдвэл өөрийнх нь дэглэмийн эсрэг бослого гаргаж болзошгүйг ойлгон хууль дүрмээ улам бүр чангатгаж байгаа нь энэ ажээ.
Эцэст нь хар захын наймаачин эмэгтэй Мён Сукийн хэлснийг эшлэе.
“Ковидын цар тахлаас өмнө манай улсын иргэдийн дийлэнх нь удирдагчаа маш ихээр хүндэтгэдэг байсан бол сүүлийн гурван жилд төр засагтаа итгэх итгэл нь улам бүр алдрах болсон. Энэ нь мэдээж өлсгөлөнтэй ч мөн холбоотой”.