2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Оргил дээрх бодлын гүн…

Хүн хүнд оногдсон тавилан, зураг төөрөг гэж бий. Хүмүүний орчлонд үлдээсэн мөр, үлдээх буяныг нь он цагийн тоос дарж үл чадах нэгэн буурлын тохойг түшин, хорвоогийн шаргал наран дор төрсөн нутаг Говь гурван сайхан уулаар нь хоёр хоног хамт аялж, амнаас унах үг бүрийг нь алдалгүй тосч авах гэж хичээж явсан минь өчүүхэн миний хувьд яахын аргагүй хувь тавилан байлаа. Ус уух заяатай гэхэд багадах, уулчин болох том тавилантай тэрбээр хар нялхаасаа л эрсдэлтэй агаад эр зориг шаардсан өгсүүр замыг туулж иржээ. Энэ хүн бол цанын болон уулын Спортын мастер Д.Доржпалам гуай. Түүнийг шавь нар нь төдийгүй ерөөс монголын бүх уулчид Дожоо багш хэмээн хүндэлдэг юм.

Тэнгэр уулчдын клубынхэн Дожоо багшаар газарчлуулан Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уул, Хонгорын элс, Дуут манханаар аялж явахдаа Баяндалай сумын нутагт Дожоо багшийн худ Г.Дашийхүү эмээгийнд зочилсон юм. Бид аргалын галын илчинд дулаацаж, Дожоо багшийнхаа ярианд шимтэн, Дашийхүү эмээгийн чанаж өгсөн ингэний хоормогийг оочлон суухуй ёстой л ясны хөлс гарч байлаа.

…1940, 1950-иад он. Дожоо багшийн аав ээж нь тууврын мал тууж аж амьдралаа залгуулдаг байв. 1948 онд, түүнийг найм, есхөн сартай байхад аав нь ганцаараа мал туугаад, ээж нь нялх үрээ харахын сацуу айлын хонь хариулж үлдэв. Намар оройн цаг. Нэг орой ээж нь хонио хураагаад иртэл айлынх нь хүн “Цай уу” гээд дуудаж. Хажуу айлдаа дөнгөж ортол хүүхэд нь гэнэт чарлах сонсогджээ. Яаран барин халуун цай оочилчихоод гараад иртэл хүү нь тулга руугаа мөлхөж очоод, халуун нурманд ойччихсон байв. Азаар хүүгийнх нь буржгар үс тулганы тотгонд орооцолдоод, галд тэр чигээрээ биш, нэг талаараа ойчсон байлаа. Буржгар үс нь Дожоо багшийг ингэж аварчээ. Ээж нь сандрахдаа хүүгээ тэврэн худаг руу гүйж очоод усанд дүрчихэж. Тэгтэл жилбэн цохичихож. “Тэрнээс болоод би ийм шавилхан биетэй болчихсон юм уу, ерөөсөө төрөлхийн жижиг ч юм уу, бүү мэд. Би эхээс дөрвүүл, дороосоо хоёр дахь нь. Бид дөрвүүлээ Спортын мастер.

orgil deerh bodliin gunМанай хоёр ах цанын, би болохоор цана, уулын, дүү уулын Спортын мастер, хөнгөний дэд мастер. Манай гурав их биерхүү. Бас их сайхан дуулна, би байхгүй ээ” гээд түр дуугүй болсноо үргэлжлүүлэн “Би өөрөө бас дөрвөн охинтой. Том нь уулын ОУХМ, дараагийнх нь буудлагын дэд мастер, дараагийнх нь хөнгөний Спортын мастер, дөрөв дэх нь номын мөр хөөж яваа. Би зургаан зээтэй. Зээ нараас ууланд тохирох хүн алга шиг байна, тэгээд тэднийг уул руу чангаахаа ч больсон. Бие бялдраас эхлээд хүний зан араншин гээд ер нь мэдэгдэнэ л дээ” гэв.

Гурван нас хүрэв үү, үгүй юу аав ээж нь түүнийг нутгийн айлд орхиод, жил бүр улсын бэлтгэлийн мал туугаад явчихдаг байв. Арай том болоод хүү нь үлдсэн айлынхаа хонийг, мөн өөр хэд хэдэн айлын хонийг хамтад нь Хүрмэний урд говьд хариулдаг болжээ.

Аав ээж нь 12 дугаар сарын эхээр ирэхэд тэрбээр зуны ажлын хөлс гээд 5-6 төлөг, шүдлэнтэй угтана. “Аав ээж хоёр ёстой бөөн баяр болно. Миний муу хүү гавьяа байгууллаа гэсэн шинжтэй, би чинь үнэтэй амьтан” гэхэд нь хүүхэд насны гэгээн дурсамж сэтгэлд нь тодрох Дожоо багшийн царай инээмсэглэлээр гэрэлтэж байлаа.

Ийм байдлаар найман нас хүртлээ айлын мал маллажээ. Ухаан ч суугаад ирэв. Аав ээж нь удахгүй ахиад л явна, мөд ирэхгүй гэж бодохоос сэтгэлд нь хэд хоног бараан үүл нүүгэлтжээ. Нэг өдөр түүнийг хонио хариулаад явж байтал аав нь туувраа туугаад, ээж нь ачаатай тэмээгээ хөтлөөд гэрийнхээ гаднаас хөдөлж буй нь харагдав. Тэгтэл гэнэт л үлдмээргүй санагдаад араас нь дагаад гүйчихэж. Ааваасаа айж байгааг ч хэлээд юу гэх вэ.

Тэрбээр тууварчдыг бараадан 20 орчим километр холоос дагажээ. Харуй бүрий болох үед тууварчид Ногоон чулуут гэдэг газар буудаллав. Майхнаа барьж байгааг нь алсаас харж байгаад хүү гэнэт яваад очиход аав ээж нь гайхсан ч түүнийг өрөвдсөн бололтой, загнасангүй. Гэтэл маргааш өглөө нь хүүгээ орхисон айлын эзэн хөтөлгөө морьтой давхиж ирэв. Ингээд л буцаад явах нь гэж бодохоос хүүгийн гол харлана. Тэгтэл аав нь “За яах вэ дээ, миний муу хүү нэг удаа яваг, алийн болгон орхих вэ” гэхэд сэтгэлд нь жинхэнээсээ нар мандаад явчихжээ. Ийнхүү Дожоо багш наймхан настайдаа аав ээж хоёртойгоо хамт Өмнөговиос Сэлэнгийн Алтанбулаг хүртэл, Монголынхоо урд хилээс хойд хил хүртэл улирал дамжин мал туусан байна. Дараа жил нь аав ээж нь түүнийг ахиад л орхиод явчихав.

уулчидНэг өдөр хонио хураагаад иртэл гурван дугуйттай хүн давхиж ирсэн нь нэгдлийн нягтлан бодогч Шатар гэгч байлаа. Хүү гэрт орсонгүй. “Тэр үеийн хүүхдүүд тийм л хүмүүжилтэй байсан. Одоо бодоход хэтэрхий бүдүүлэг ч байсан юм уу. Гэрийн хаяанд сууж байтал миний тухай ярьж байна. Шатар гуай “Сургуульд орох нас нь болчихсон юм байна, энэ хүүхэд ес хүрчихсэн юм байна шүү дээ” гэхэд айлын эзэгтэй “Өө наадах чинь юм сурахгүй, мангар юм зайлуул. Тэгээд ч эх эцэг нь эзгүй. Ирэхээрээ юу ч гэх юм билээ. Наадахыг чинь манайд орхисон юм, манайд цагаа ууж байгаа юм” гэх нь тэр. Есөн настай хүүхэд чинь бас юм бодно оо доо. “Эд намайг зарах гээд сургуульд явуулахгүй байгаа юм байна” гэж дотроо бодсон” хэмээн дурслаа.

Ингэсээр нэг л мэдэхэд 10 нас хүрэв. Аав ээж нь ахиад л малаа туугаад явах болоход хүү нь “Би сургуульд явмаар байна” гэжээ. Аав нь “Тэгэлгүй яах вэ, миний хүү. Намар сургуульд ороорой” гээд өмд, цамц хийж өмсөх цагаан цууямбуу өгчихөөд яваад өгч. Тэгтэл зун нь аймгийн наадам болж, морь малаа харуулах гээд хүмүүс хүүг дагуулж явав. Тэд аймгийн төвийн хойхно шонгоо босгож, майхнаа барьжээ. “Би бас хэрэндээ гоёчихсоон, цагаан цууямбуугаар өмд цамц хийгээд өмсчихсөн, нэг тарвагачин шиг л юм” гэхэд нь бид бүгд нирхийтэл инээлдлээ.

Наадмын сүүлийн өдөр том ах Д.Цэрэндорж нь дугуй жийсээр хүрч ирэв.

-За миний дүү юу хийж байна?

-Наадмын морь хараад байж байна.

-Чи наадам үзээгүй юм уу?

-Үгүй ээ.

-За тэгвэл явна аа. Дугуйны араар сундал гэв.

Тэгээд л ахтайгаа сундлаад аймгийн төв рүү жийчихэж. Замдаа нөгөө наадамчидтай таараад ах нь “За би дүүгээ мэдье. Морь малыг чинь орхичихсон шүү. Тэртэй тэргүй наадам дуусч байна” гэжээ. “Анх аймгийн төвд орж ирэхэд өвдөг, тохой цул саарь. Муу бэр эгч минь л орой болгон усанд оруулж, саарьтай тохойнд хонины сүүл түрхэж өгнө. Тэгж тэгж С.Сумъяа эгч нэг өдөр арга нь барагдсан бололтой “Чиний саарь ерөөсөө арилахгүй юм байна, хоёулаа халуун усанд очиж оръё” гэсэн. Аймаг ганцхан халуун устай. Нэг жижигхэн цагаан байшин руу яваад очлоо, гурав дөрвөн өрөөтэй бололтой, хүмүүс ороод л байх юм. Тэгээд халуун шүршүүрт ортол зүрх давчдаад үхэх нь ээ, тэгээд л шалдан гараад зугтаачихсан. Эгч араас туулгаад, сүүлдээ аймгийн урд талын сондуул дотор гүйцэж очоод, барьж авч ноцолдоод… Үгүй мөн хөглөдөгсөн. Ингэж байж арай ядан саариа арилгаад 10 настайдаа нэгдүгээр ангид орж байлаа. Мөн ч бүдүүлэг байж дээ” гэж хуучлахад нь бидний инээд хөгжөөнд Дашийхүү эмээгийн бор гэр өргөгдчих шиг л болсон.

уулчидТэр үед сурагч хөвгүүд бүгд үсээ хусуулах журамтай байв. Харин манай гол баатар долдугаар анги төгссөн зунаа халимаг тавьчихаж. Өсвөр насны хөвгүүн гоёмоор санагдсан биз. Намар сургуульдаа ирэхэд ангийнх нь багш үсээ хусуулахыг шаардаж, манай хүн ч хусуулахгүй яваад л байв. Гэтэл багш нь сүүлдээ ангид орж ирмэгц шууд л муу дүн тавиад байх болов. Багш шавь хоёрын тэмцэл хэлбэрээ өөрчилсөн нь энэ. Тэгэх тусам хөвгүүн гөжүүдэлж “Асуугдаа ч үгүй байж хоёр аваад байхдаа яадаг юм, сургуулиас гарна аа” гээд хичээлдээ ч очихоо болив. Өглөө том ах, бэр эгч хоёрыгоо ажилд явах гээд бужигнахад зэрэгцэж босоод цүнхээ үүрээд гараад явчихна. Аймгийн спорт зааланд өдөржин теннис тоглочихоод, орой нь хичээлээсээ ирж байгаа юм шиг орж ирнэ.

Гэвч хэчнээн удаан ингэж явах билээ, нэг л өдөр ахдаа баригдаж, ах нь бараг хүчээр түүнийг хичээлд нь аваачаад суулгачихжээ. “Хэд хоног хичээлдээ суулаа. Тэгтэл нэг өдөр хоёр залуухан эрэгтэй багш завсарлагаанаар ороод ирэв. Би тоосон ч үгүй. Ангиас яг гарах гэж явтал нэг нь гэнэт араас тэвэрч аваад, нөгөө нь миний муу халимагийг урдаас нь машиндаад хаячих нь тэр. Би ч тийрч орхитол араас тэвэрч байсан багшийн эмзэг газар руу буучихсан бололтой, атираад явчихлаа шүү. Тэгтэл нөгөөх нь намайг цохиж унагаад, би босч ирэнгүүт эргэж зодолдоод, сандал ширээ унагаад бөөн юм боллоо. За тэгтэл намайг хоёр багштай зодоон хийсэн хэргээр хөөх туух юм боллоо. Яах вэ, одоохондоо хичээлдээ явж бай, шүүх сэргийлэхэд өгнө, гомдолтой л юм болоод явчихсан. Би ч гурав дөрөв хоног хичээлдээ сууснаа хаячихаад Хүрмэн сумын шууданд суугаад алга болсон. Арван нэгдүгээр сар л даа, аав ээж хоёр маань туувраас ирчихсэн байх үе.

уулчидТэд маань хөдөө, яг миний төрсөн бууцанд өвөлжиж байсан юм. Сургуулиа хаяад ирсэн гэдгээ тэдэндээ хэлсэнгүй. “Сургууль засвартай, хичээл орохгүй байгаа” гэчихлээ. Хэд хоног гэртээ сайхан байж байтал сумын захиргааны нарийн бичиг давхиж ирээд “Энэ нөхрийг гурав хоногийн дотор аймгийн шүүх дээр бэлэн бай гэсэн шүү” гэв. Ингээд шуудангаар аймагт ирлээ. Муу ах минь “За балрах нь ч баларлаа даа” л гэж байна. Маргааш нь сургууль дээр ахтайгаа хамт яваад очив. Тэгэхэд өөр нэг хүүхэд хулгайн хэргээр, би сурагчийн ёс зүй алдсан хэргээр сургуулиас хөөгдөх тушаал уншуулсан. Зүгээр хөөгдөхгүй бас 300 төгрөгөөр торгуулсан. Тэр үеийн 300 төгрөг чинь их мөнгө. Сургуулиас гарснаас хойш жилийн дараа ээжтэйгээ хамт дотоодын хэдэн бэлтгэлийн мал тушаах гээд аймагт хүрч иртэл Баян-Өлгийн уран бүтээлчид концерт тоглохоор ирсэн байхтай таарав.

Тоглолт үзтэл МУСГЗ Яасай гэдэг хүн хөгжмийг нь удирдаж байна. “Энэ хүн шиг боловсролтой хүн болохсон” гээд бодогдоод явчихлаа. Тэр тоглолтыг ахиад үзмээр санагдаад болдоггүй, өнөө Яасайг харах гээд байна л даа. Оросорхуу, монхор хамартай өндөр шар хүн байсан юм. Тэр хүн миний хувь заяаг бүрэн эргүүлсэн гэж боддог. Маргааш нь ахиад тоглолт үзчихээд тараад явж байтал тэр үеийн Гэгээрлийн хэлтсийн дарга н.Цэнд-Аюуштай таарлаа. 1964 он шүү дээ. Би чинь янз бүрийн тэмцээн уралдаанд ороод гайгүй танигдчихсан, УАШТ-ээс цанаар мөнгөн медаль, бүх ард түмний спартакиадаас бас мөнгөн медаль авчихсан байсан үе. Тэгтэл “Чи маргааш надтай нэг уулзаатах, өглөө конторт хүрээд ир” гэдэг юм байна. Маргааш нь яваад очтол “За чамайг сургуульд явуулна аа. ХАА-н техникум, багшийн сургууль хоёрын алинд явах вэ?” гэж байна. Би ч бөөн баяр, ээж рүүгээ давхиж ирээд хэлтэл “Галдан ахаасаа асуу” гэж байна. Галдан гэдэг нь малын бага эмч. Муу ээж минь өөрөө сайн мэдэхгүй болохоор боловсролтой хүнээс үг сонсгох гэж байгаа нь тэр. Тэгтэл Галдан ах “Сэлэнгийн Алтанбулаг руу ХАА-н техникумд явсан нь дээр” гэсэн.

Ингээд л тийш явсан. Гурван жил сурч төгсөж ирээд, үргэлжлүүлэн цэргийн алба хаав. Цэргээс ирсэн хүмүүсийг ийш тийш хуваарилж байна. Тэр үед техникум төгссөн хүн чинь нэлээд боловсролтойд тооцогдоно. Надаар бас л хоёр хуваарийн нэгийг сонгуулсан. “Гурвантэс суманд эвлэлийн үүрийн даргаар очих уу, ТМС-д мастер багш хийх үү?” гэж. Ингээд мастер багш боллоо. Нэг сар орчим мэдэх мэдэхгүйн дунд мастер багш хийж байтал Багшийн дээд сургуульд түргэвчилсэн сургалтаар биеийн тамирын мэргэжилтэн бэлтгэнэ гэх сураг дуулдав. Тэр үед биеийн тамирын багш их ховор байсан юм. Ингээд хотод очиж өнөөх түргэвчилсэн сургалтанд нь сууж, нийтийн биеийн тамирын зааварлагч, арга зүйч мэргэжлээр төгсөөд, эргэж ирээд ТМС-даа есөн жил багшилсан. Дараа нь аймгийн Батлан хамгаалахын нийгэмлэгт техник спортын дасгалжуулагчаар томилогдоод, тэр ажлыг 26 жил хийгээд тэтгэвэртээ гарсан даа” хэмээн хуучлав.

Дожоо багш буудлага, мотоцикл, зуны олон төрөлт, морин спорт, уул гэх мэт тав зургаан төрлийн спортоор хүүхдүүдийг дасгалжуулдаг байв. Тэрбээр ТМС-иас эхлээд Батлан хамгаалахын нийгэмлэгт ажиллах нийт хугацаандаа Олон улсын тэмцээн, дотоодын спартакиад, УАШТ-нд 88 удаа баг тамирчдаа ахалж оржээ. Үүнээс 47-д нь эхний гурван байрыг эзэлсэн байх юм. “Би сэтгүүлчдийн асуултанд “Би I байр ярьдаг дасгалжуулагч болохоос II, III байр ярьдаг дасгалжуулагч биш” гэж хариулдаг юм.

Манайх багаараа дөрвөн удаа буудлагын Улсын аварга болсон, буудлагын Нарантуяа гэдэг охин саяхан Солонгост болсон наадамд түрүүллээ, тэр чинь миний шавь байгаа юм. Уран уургач бугуйлчаар дөрвөн удаа, зуны олон төрөлтөөр хоёр удаа, мотоциклийн спортоор хоёр удаа, уулын спортоор гурван удаа гээд тамирчид маань нийт арван хэдэн удаа улсын аварга болчихсон байна. Ямар ч гэсэн ийм дасгалжуулагч хөдөө бол байхгүй л гэж боддог” хэмээн тэрбээр бардамхан үгүүлсэн юм. Арга ч үгүй биз, Дожоо багшийн бэлтгэсэн тамирчдаас МУГТ нэг, ОУХМ тав, мастер болон дэд мастер 33 төрсөн юм чинь.

уулчид“Тэмцээн дөхөөд ирэхээр “Багшаа би ормоор байна” гээд хүүхдүүд шалчихна, зарим нь бүр уйлна шүү дээ. Тэгээд л өрөвдөөд авна. Тэгсээр 20-иод хүүхэд болчихно. Гэтэл УАШТ-нд ердөө зургаахан хүүхэд орох ёстой. Улаанбаатарт болох тэмцээний төсөв гээд дарга надад хоногийн хоол, буудлагын сумны мөнгө, автобус, зочид буудлын мөнгийг тооцоолоод өгнө. Өгсөн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Өмнөговийн Доржпалам майхантай ирдэг, арай л траншейнд байрлахгүй гээд Батлан хамгаалахын нийгэмлэгийн буудлагын клубынхэн намайг мэддэг болчихсон. Яагаад гэхээр, өнөө муусайн бүлтийсэн хүүхдүүдийг чинь яах юм бэ, идэвхтэй байгаа амьтдыг хаяад явчихаж чадахгүй. Манай аймгаас гурван километрийн зайтай, яг хот явах зам дагуу Малчны хороолол гэж байдаг юм.

Явахынхаа өглөө хүүхдүүдээ тийш гүйлгэчихнэ, “Та нар тэнд очоод хүлээж бай. Багш нь араас нь очно” гээд. Тэгээд 69 машины бүх суудлыг авч зай гаргаад, тэмцээнд орох хүүхдүүд дээрээ нэмээд өнөө хэдэн жижгийгээ суулгаж аваад л явдаг байсан. Тэд очоод тэмцээн үзнэ, буудлагын спорт гэж ийм зүйл байдаг юм байна гэж мэдэрдэг байхгүй юу. Иймэрхүү байдлаар 2-3 жил явлаа. Ер нь амжилт гайгүй болчихлоо. Улсаас нэг алт, хоёр хүрэл медаль авчихлаа. Нэг удаа УАШТ-нд оролцож байтал хоёр цагдаа ороод ирэв.

-Өмнөговийн Доржпалам гэдэг хүн мөн үү. Та хэдэн хүүхэдтэй ирсэн бэ?

-15

-Тэмцээнд хэдэн хүүхэд орж байгаа юм бэ?

-Зургаа

-Бусад нь хаана байна?

-Байрандаа байгаа

 

-Энхтайван гэж хүүхэд бий юу?

-Байгаа.

-За тэгвэл та намайг дагаад яв гэж байна.

Тэгэхэд Батлан хамгаалахын нийгэмлэгийн Техник спортын төвийн оюутны байранд хүүхдүүдээ байрлуулчихсан байсан юм. Тэгтэл зургадугаар ангийн жаал хүү Туул голоос загас барьж байгаад усанд ойчоод, Онцгой байдлынхан нөгөөхийг чинь аварч. Яваад очтол хачин царайтай бөрзийсөн юм зогсож байна. Цагдаа “За энэ хүүхдийг аварсны хөлс 70 мянган төгрөг өгнө өө” гэж байна. Далан мянган цаас гэдэг чинь бараг миний тэмцээнд орох төсөв болчихож байгаа юм. Би ч зовлон тоочлоо, ийм ийм учиртай, үнэгүй байранд өөрөө галлаад, гамбир хайраад, хоолоо хийгээд байж байна гэхэд “Тэр хамаагүй, хууль бол хууль. Та энэ улсын хохирлыг арилгах ёстой хүн” гэсэн. Тэгээд л Өмнөговь руу ярьж байж, муу охиноосоо хэдэн төгрөг аваад нэг юм өрнөөс салсан” гэв. “Дасгалжуулагч хүн бусдын төлөө явж байдаг хэрнээ бусдын өмнөөс хариуцлага хүлээж байдаг, сонин юм шүү” гэж би бодлоо.

Дожоо багш 18-тайгаасаа цанаар хичээллэж, 21-хэн насандаа цанын Спортын мастер болжээ. Харин ууланд 30 наснаасаа явж эхлээд, 15 жилийн дараа уулын Спортын мастер болсон юм. Говьд мөнх цаст уул байдаггүй атал Өмнөговиос монголын өмнөө барьдаг уулчид яагаад төрснийг би нутагт нь, Говь гурван сайхан ууланд өөрийн биеэр очиж байж мэдэрсэн.

Говь гурван сайхан уулын өндөр 4000 метрт хүрдэггүй ч эгц цавчим хад асга, нуранги ихтэй, зундаа огт гэсдэггүй мөсөн хүрхрээтэй, маш их бартаатай үзэсгэлэнт уул юм билээ. Тийм уултай нутгийн, ийм багштай хүмүүс сайн уулчин болохгүй байх үндэслэлгүй ч юм шиг. “Ер нь уул өндөртөө байдаггүй. Далайн түвшнээс дээш 158 м өндрийг л уул гэдэг байхгүй юу. 200 м толгой байлаа гэж бодоход тэрний орой дээр хэн ч гарч болно. Харин тэр толгой дээрээс нэг машин ус асгаад хөлдөөчих юм бол гуталдаа мөсний тах зүүсэн уулчид л гарна уу гэхээс энгийн гуталтай хүн гарна гэж хэзээ ч байхгүй. Тиймээс уулыг басч болдоггүй. Толгой ч байсан уул, уул ч байсан уул” гэж ярих багшийн яриа миний бодлыг бүр ч батлаад өгсөн юм.

уулчидДожоо багш үргэлжлүүлэн “Жишээ нь, Өвөрхангай аймгийн нутаг дахь Их Богд 4000 м хүрэхгүй, амархан гарчих уул шиг санагдаж байгаа. Гэтэл хамгийн аваартай уул. Тэнд 1957 оноос хойш маш олон удаа газар хөдөлсөн. Тэгээд чулууг нь суллаад хаячихсан. Зүгээр л явж байхад гэнэт чулуу буучихдаг. Ийм ууланд өгсөхдөө хамгийн техниктэй уулчин нь хамгийн түрүүнд, харин буцаад буухдаа хамгийн сүүлд явах ёстой юм. Гишгэлтийн техникгүй хүнийг түрүүлээд явуулчихвал дээрээс чулуу буулгачихна шүү дээ. Энэ бол уулын дүрэм” гээд багахан бодолхийлснээ “Хятад, Төвөдийн 6250 м өндөртэй Дол-ма гэдэг оргилд авирч байхад надаас түрүүлээд 100-гаад метрийн зайд өгсөж явсан хүн чулуу буулгаад золтой алчихаагүй. Би араас нь явж байтал гэнэт чулуу нурах шиг боллоо. Дээш хартал данхны хэрийн дөрвөн том чулуу буучихлаа шүү. Гурав нь надаас нэлээд зайтай өнгөрөх чигтэй, нэг нь яг эгц өөдөөс нисч харагдана. Тэгэхээр нь нөгөөхөөс чинь булттал холуур өнгөрөх шинжтэй байсан гурван чулууны нэг нь том хадан дээр ойгоод яг над руу эгцэлчихсэн. Сандрахдаа хажуу тийш ойчтол толгой дээгүүр сүнгэнээд л өнгөрсөн. “Чи чинь хүн алах нь уу” гэхэд “Уучлаарай, санаандгүй явж байгаад гишгэчихлээ” гэж байгаа юм.

Мань хүн нэг чулуун дээр гишгэтэл тэр нь сул чулуу байж таараад, замаасаа гурван чулуу нэмж аваад буучихгүй юу…”. Багшийн яриаг сонсож суухдаа “Ийм эрсдэлтэй спорт гэдгийг мэдсээр байж хүн яагаад уул руу үхэн хатан тэмүүлдэг юм бол оо?” гэж ахиад л гайхширсан. “Ууланд авирахдаа хүн ерөөсөө л өөрийнхөө боломжийг, би аль түвшний хүн бэ гэдгээ мэдэж авдаг. Уулынхаа орой дээр гарч чадаж байвал “Би ямар ч гэсэн монголын нэг дундаж хүн”, тэг дунд нь хүрээд буух юм бол “За яах вэ, би нэг боломжийн л хүн”, гарч чадахгүй бэлээсээ буцах юм бол “За би ч гүйж харайдаг юм уу, эм тан уудаг юм уу, ямар нэгэн юм хийхээс өөр аргагүй болжээ” гэсэн үг. Уулчин хүн мөнхийн залуу явдаг. Нас яваад л байна, гэвч сэтгэл санаа нь хэзээд залуугаараа байдаг. Би одоо 67 хүрчихсэн хэрнээ та нартай үеийн юм шиг л хамт явж байна. “Ямар ч гэсэн энэ залуучууд миний үгийг хүлээж авч байна гэдэг чинь би эдэнд залуу л харагдаж байгаа юм байна” гэх сэтгэгдэл надад төрнө өө дөө.

Тэгэхээр би чинь сэтгэлээр их баян явах юм байгаа биз дээ? Өвчин зовлонгоо ч мартана. Уулчин хүн ертөнцийн тэр сайхан өндөрлөг дээр гарчихаад, доогуур хөвж байгаа үүлсийг харахад “Би ямар ч гэсэн энэ ертөнцөөс дээгүүр гарчихлаа” л гэж бодно шүү дээ. Жаргал нь тэр. Яг нарийн ярих юм бол уулчид хүн төрөлхтний соёл иргэншлээс бүр тасраад явчихдаг. Жишээ нь, 6000 метрт явж байтал мухар олгой тусвал яах вэ? Яах ч арга байхгүй. Доошоо бууж байтал хурц олгой бол хагараад, тэгээд л дуусаа шүү дээ. Бусад спорт бол өөр.

Тэр эрсдэлийг мэдсээр байж хүн тийшээ яваад байгаа нь сонин. “Цэцэн хүн уулын бэлээр явдаг, тэнэг хүн уулын оройгоор явдаг” гэж дорнын нэг зүйр үг байдаг юм билээ. Би тэр үгийг их сайн тогтоож авсан юм. Нээрэн бодоод байхад, өөр хэн үхэл рүүгээ тэгж явах юм бэ, тийм биз.

Гэтэл хүн гэдэг амьтан хэнд ч захирагдахгүйгээр, зөвхөн өөрийн хообийд захирагдаад л явчихдаг. Ууланд нэг явчихсан хүн хэзээ ч сална гэж байдаггүй. Нэг талаас энэ нь хообий, нөгөө талаас мэргэжлийн өвчин болоод явчихаж байгаа юм. Гэхдээ энэ бол хувь заяа. Хүн чаддаг юмандаа үхдэг юм. Хүн угаасаа л мөнх бус шүү дээ, хэзээ нэгэн цагт л үхнэ. Тийм болохоор чаддаг юмандаа л үхэх ёстой байхгүй юу. Усчин хүн усандаа, уулчин хүн ууландаа гэдэг. Энийг тавилан л мэднэ”.

Тэнгэр уулчдын клубынхэн Говь гурван сайхан уулын нэг, Зүүн сайхан уулын Мухар шивэртийн амны мөсөн хүрхрээнд авирахаар Улаанбаатараас зорьж очсон билээ. Дожоо багш маань биднийг Мухар шивэртийн ам руу замчилж очсон. Манайхан авиралтын бэхэлгээгээ хийж, эхнээсээ авирч эхлэхэд Дожоо багшийн сэтгэл ихэд хөдөлж, энэ хүрхрээнд авирч байсан тухайгаа хуучилсан юм: “Энэ амны мөсийг хүмүүс бага мөс гэж боддог байх. Тийм биш. Энэ аманд нар тусдаггүй болохоор 16 метрийн өндрөөс унадаг хүрхрээ зуны цагт ч гэсдэггүй. Бас ширүүн урсгалаар бус, дусал дуслаар нэмж хөлддөг учир маш нягт бүтэцтэй хатуу мөс. Энэ мөсөнд 1990 оны нэгдүгээр сарын 5-нд анх авирсан бичлэг маань МҮОНТ-ийн Алтан фондод бий. Тэр үед монголчууд мөсөнд ерөөсөө авираагүй байсан.

Тэгэхэд манай өмнөговийн уулчид бүгд явсан юм. Би дээшээ гарч, Л.Готовдорж /МУГТ уулчин Г.Өсөхбаярын аав/ миний олсыг бариад намайг хамгаалж байсан. Манай хэд намайг доороос хараад, доор байгаа мөсөн дээр техник хийж байсан. Тэгэхэд, дээрээс хамгаалалтын олс тавилгүйгээр найман гадас шааж мөсний сүхээр шат гаргаж өөрөө өөрийгөө зүүж байж дээш гарсан юм шүү. Ингэж дээш гарахад би 52 минут зарцуулсан. МУГТ Г.Өсөхбаяр тавдугаар ангид, манай том охин, ОУХМ Д.Эрдэнэтогтох наймдугаар ангид байсан. Хоёр жаахан юм хойд талын хөмөг хадны нөмөрт намайг хараад сууж байсан даа. Одоо тэрийгээ санадаг юм болов уу.

уулчидТүүнээс хойш 2010 онд уулчин Мөнх-Оргил, Мөнгөн бид гурав энэ мөсөнд авирах гэж жаахан оролдож байгаад гаралгүй орхичихсон юм. Өнөөдөр 2014 оны 11 дүгээр сарын 29-нд Тэнгэр уулчдын клубынхэн хотоос зорьж ирж авирч байна. Энэ бол Мухар шивэртийн амны мөсөн хүрхрээний гурав дахь авиралт, яг дээшээ авирч гарч чадсан хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Энэ чинь түүх шүү дээ. 1990 онд бид тэгж авирсан байхад 2003 онд Улаан цутгаланд Бат-Оронго, Өсөхбаяр, Болдбаатар, Баярням нар Монголд хамгийн анхны мөсөн авиралтыг хийсэн гэж ярьж байна. Баянцагаан нэг сэтгэгдэлдээ “Анхны мөсний авиралтыг өмнөговьчууд нэг оролдож байсан” гэж бичсэн байна билээ. Оролдсон биш, гарсан байхгүй юу. Түүх түүхээрээ байх ёстой”.

Дожоо багш монголынхоо бүх ууланд, үүнээс гадна Сибирийн 4000 метрээс дээш таван оргилд хоёр жил дараалан авирч, 10 оргил эзэлсэн байдаг. Төвөдийн 6252 м өндөрт нэг удаа явчихсан. Тэрбээр ууланд авирч эхэлснээсээ хойш 15 жилийн дараа, өөрийн охин Д.Эрдэнэтогтохоос нэг жилийн өмнө 1993 онд уулын Спортын мастер цол авсан юм билээ…

Эгэл гэхэд дэндүү эгэл, ирмүүн гэхэд мохошгүй ирмүүн энэ буурал биднийг Даланзадгадын төвөөс нулимстай үдсэн. “Уулчин хүн энд тэнд нь шалбарлаа гэхэд ямар ч гэсэн даавуу тавиад боочихдог, хөдөө явж байхад нэг тэмээ таарлаа гэхэд аятайхан барьж аваад уначих чадалтай, ХАА мэддэг, сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол, мэдлэгтэй байх ёстой. Түүнээс биш таяг тулсан, үүргэвч үүрсэн болгон уулчин биш” хэмээн аядуу зөөлөн хэрнээ зүрхэнд ортол захисан Дожоо багшийн минь алтан сургаал идэр залуу уулчдыг ямагт ирлэж байх биз ээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img