2024-11-30, Бямба
-9 C
Ulaanbaatar

Б.Батчулуун: Буддизмыг философийн ухааны талаас харахад шууд философи гэхэд хэцүү

Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа.

-Хүн төрөлхтний түүхэнд эергээр нөлөөлсөн философич таныхаар хэн бэ?

-Локкийг нэрлэнэ. Философи маш олон салбартай. Энэ дундаас танин мэдэхүйн гэх мэт онолоор явсан нь нэг их алдаршдаггүй онцлогтой. Уг нь нь мундаг философичид л доо. Хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн гэвэл эдний нэр тод сонсогддоггүй. Харин нийгэм улс төрийн философиор занималддаг байсан хүмүүс хүн төрөлхтний түүхэнд алдаршиж үлдсэн. Жан Жак Руссо, Маркс гэх мэтээр дурдвал олон хүн бий. Хүн төрөлхтний түүхэнд эерэг нөлөө үзүүлсэн нь гэвэл гарцаа байхгүй Жон Локк л доо.

-Жон Локк яг ямар үзэл хандлагаараа хүний түүхэнд сайн нөлөө үзүүлсэн бол?

-Амьдарч буй нийгмийн орчиндоо бол хүний санаанд оромгүй зүйл сэдэж гаргаж ирсэн хүн байгаа юм. Тухайн үед улс орны удирдлага гэхээр хаан гэж байлаа.Хаан бол тэнгэрлэг гаралтай гэж нийтээрээ үзэж хүндэтгэж биширч, дагаж явсан цаг.Тэр хүнд бултаараа захирагдах ёстой гэсэн үзэл хандлага нийгэм даяараа байсан үе шүү дээ.Тийм цагт л “Бүгдээрээ захирах хүнээ өөрсдөө сонгодог болъё, сонгохдоо хязгааргүй цаг хугацаатайгаар сонгохгүй. Хугацаатайгаар эрх мэдэл өгье. Ийм ийм хүмүүс сонголтод оролцох ёстой” гэсэн санааг гаргасан хун. Өнөөдрийн тухайд бол үүн шиг жирийн санаа байхгүй. Харин Локкийн үед бол энэ санаанд оромгүй зүйл байсан. Локк хүн эхээс мэндлэхдээ л, улаан нялзрай юм эхийн хэвлийгээс унаж энэ дэлхийд ирэхдээ л гурван зүйлтэйгээ ирсэн гэж үзсэн. Хуульд заасан заагааг>0 хамаагүй, төрөлхийн, салшгүй гурван эрхтэйгээ энэ орчлонд ирдэг хэмээсэн. Амьдрах, өмчтэй байх, эрх чөлөө гэсэн гурван эрх л хүнд төрөлхийн байх ёстой гэж тунхагласан. Яг өнөөгийн, бидний амьдарч яваа нийгэмд хүн бүр хэлсээр байгаад энэ гурван эрхийн цаад утгыг нь ойлгож ухахаа больчихсон нь харамсалтай санагддаг. Дэлхий дээр хамгийн эрх чөлөөтэй улс Үндсэн хуулиа Локкийн тунхагласан энэ гурван эрхээр эхэлсэн байдаг.

-Америкийг хэлж байна уу?

-Тийм ээ, Америкийг байгуулсан хүмүүсийн түүх их энгийн шүү дээ. Европчууд Америкийг зорьсон нь шалтгаантай. Хамжлага гэх мэт элдэв шалтгаанаар дарлагдсан, шахагдсан хүмүүс эрх чөлөөг эрж Америкт очоод эрх чөлөөт анхны улсыг байгуулсан түүхийг дэлхий мэднэ. Тийм учраас Үндсэн хуульдаа асуух ёсгүй, эргэлзэж болохгүй гурван зүйлийг тусгасан нь Локкийн гаргаж ирсэн зүйл. АНУ-ын Үндсэн хууль миний сая онцолсон төрмөл гурван эрхээр эхэлдэг юм. Ингээд харахаар Локкийг мундаг сэтгэгч гэхээс аргагүй. Либертари онолын үндэслэгчдийн нэг л дээ. Эдийн засгийн талаас нь Адам Смит, философи талаас нь Жон Локк либертари үзлийг бий болгосон, бүтээсэн гэж дэлхий үнэлдэг. Жон Стюарт Милль бас сайхан нөлөө үзүүлсэн. Эрх чөлөө гэдгийг маш олон үндэслэлтэйгээр тайлбарласан хүн. Миллийн үзэл хүн ямар нэг зүйл хийхэд ямар нэгэн саад байх ёсгүй гэж эхлэх жишээний. Тийм үед л хүний үйл ажиллагаа эрх чөлөөтэй байна гэдгийг гаргаж ирсэн философич. Хуулийн саад байх ёсгүй. Байгалийн саад байх учиргүй. Хүний саад ч байх ёсгүй. Ямар саад байх ёстой вэ гээд ахиулаад ухахаар “Яг өөр шигээ эрх чөлөөнд дурладаг хүнд хор хохирол учруулж болохгүй” гээд хэлчихсэн. Хэрвээ хор хохирол учруулбал таны эрх чөлөөг хасаж болно гэчихсэн. Гэх мэтчилэнгээр яривал олон зүйл бий л дээ.

-Философи гэж үүнийг хэлнэ гэсэн тодорхойлолт өчнөөнөөрөө бий байх. Таны санаанд шууд буусан, үнэхээр үүнийг л философи гэнэ дээ гэж дуу алдуулсан тодорхойлолт байна биз?

-Байлгүй яахав. Германы нэг философичийн “Философич бол үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан гэсэн үг бий. Би энэ үгийг уншаад л дуу алдсан.

-Өрнийн философийн түүх бол ойлгомжтой. Дорнын философичид гэвэл дэлхийн ямар хүмүүсийг онцолдог вэ?

-Дэлхийн философийн түүх нэртэйгээр баруунд хэвлэгдсэн номнуудыг харахад гарцаа байхгүй ордог хүмүүс гэвэл Сиддхарта, Күнз, Минз, Лаозы нар. Зарим номд Богд Зонховыг дурдсан нь бий.

-Буддын гүн ухаанаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Буддизмыг философийн ухааны талаас харахад шууд философи гэхэд хэцүү. Баахан ёс суртахууны сургаалууд байх жишээний. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-ийг төвөдөөр уншаад хэр ойлгогддогийг мэдэхгүй. Лав кирил үсэгт буулгасан нь ойлгогддоггүй. Харин англи руу буулгасан нь хачин ойлгомжтой. “Гэгээрэлд хүрэх зам” гэсэн утгаар орчуулсан байдаг юм. Англиар орчуулсныг нь уншихаар философийн зарим элементүүд харагддаг шүү. Мэдлэгийн харьцангуй шинж, туйлын шинж гэх мэт асуудал ярьж байх жишээтэй. Мэдэрч таньж мэдэхүй болон сэтгэж танин мэдэхүйн асуудлыг хөндсөн байх жишээний. Гэхдээ энэ нь хэт шашинлаг болсон учраас уншаад харах гэхээр философи харагдахаасаа өмнө теософи давамгайлж харагдаад байдаг. Теос гэдэг чинь бурхан гэсэн үг шүү Дээ.

-Монголчуудад сайн тал бий ч муухай чанаруудыг нь жагсаавал багагүй урт жагсаалт гарна. Амиа бодсон, шуугиан дагаж бодлогогүйгээр шуугьж ханардаг, ёс зүйгүй гээд олон чанар анзаарагддаг. Энэ бүхний суурь шалтгаан нь мэдлэггүй, философи уншдаггүй, ойлгохыг хичээдэггүй, цэгцтэй сэтгэдэггүйтэй холбоотой гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Таны хэлсэнд үнэний ор байна. Байгаа байдлынхаа талаар нухацтай боддоггүй тал их тод анзаарагддаг. “Чиний тэр үйлдлийн талаар хүмүүс ингэж дүгнэдэг шүү”, “Энэ хандлагыг чинь Аристотель ингэж дүгнэсэн” ч гэдэг юм уу, ийм агуулгатай яриа хөөрөө өрнүүлэх чадвар тун тааруу. Хүний араншинтай нэлээд ойрхон холбогдох философийн салбар бол этик. Сократ этикийн асуудлаар маш их ярьж байсан. Аристотель ч гэсэн. “Никомахын этик” гэж мундаг том зохиол бичсэн хүн. Никомах нь Аристотелийн аав байгаа юм. Ер нь бидний сайн муугийн талаарх ойлголт тун бүдүүлэг шүү дээ. Бид их тархай, бутархай аж төрж ирсэн онцлог хэв маягтай үндэстэн. Суурин амьдралд тун хожуу орсон. Суурин амьдралд хүний мөн чанар их тод илэрдэг. Суурин улсын амьдралын хэв маяг л хүний мөн чанарыг ил гаргадаг. Өөрөөр хэлбэл, суурин амьдралд хүний жинхэнэ чанар илэрдэг. Нэг зүйлийг онцолмоор байна. Жишээ нь, сайн гэсэн ойлголт маш гүнзгий агуулгатай. Зүгээр л хүн рүү харж инээчхээд явдаг хүнийг сайн гэхэд хэцүү. Зөвлөлтийн сансрын нисгэгчид олноороо хагас жил хүртэлх хугацаагаар сансарт хамт явдаг байсан. Хоёулхнаа хагас жилийн хугацаанд сансарт байх үед хажуугийн хүнээ илүү тод таньж мэддэг. Тийм жишээ олон бий. Ийм нөхцөлд орохгүй байгаа учраас хүмүүс өөрийнхөө аутентик мөн чанарыг нуугаад байж чаддаг.

-Бид саяхныг хүртэл нүүдэлчин ахуйгаасаа салаагүй байсан нь үнэн л дээ. Тэгэхээр таны ярианаас анзаарахад мөн чанараа нуусаар ирсэн ард түмэн болж таарах нь. Монголчуудыг зовлон үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн гэх мэтээр тодотгодог. Муухай монгол араншинд энэ онцлог маань хэр нөлөөлдөг бол?

-Гарцаа байхгүй нөлөөлж байна. Өөрийгөө хэн бэ гэдгийг бодож байгаагүй, тийм сэхээ чөлөөгүй аж төрсөөр ирсэн үндэстэн шүү дээ. Зүй нь “би” гэдэг ойлголтын талаар бодох л хэрэгтэй. Би гэдэг бие махбод, ёс суртахуун, боловсрол цугаараа багтана. Ингэхээр яах аргагүй философи руу орохоос аргагүй болдог л доо. Жон Стюарт Миллийн аавынх нь найз Жереми Бентам гэж хүн “Сайн нь өчнөөн олон зэрэглэлтэй” гэсэн байдаг Мундаг боловсруулсан хэрэг шүү дээ. Ютилитари үзэлд “Аль болох олон хүнд аль болох их хишиг өгвөл сайн” гэнгүүт өнөө онолыг эсэргүүцэгчид нь “Олон хүний төлөө нэг хүнийг золигт гаргаж болох нь ээ дээ” гэж сөргөх жишээний. Эндээс философи харагдаж байгаа юм. Анагаахын этик их сонирхолтой. Үр хөндөлт зөв буруу эсэх, хүнд өвчтөнийг өөрийнх нь хүслээр үхүүлж болох эсэх гээд ухвал маш олон талаас нь харж тайлбарласан байдаг.

-Та нэг ярилцлагадаа Жан Жак Руссог айх ёстой, үзэл санааг нь шууд авбал аюултай философич гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Руссо яагаад аюултай гэж?

-XVIII зууны төгсгөл үеийн францчууд мундаг л даа. Вольтер, Дидро, Руссо гээд. Насны зөрүү байгаа ч эднийг оросоор “ровесник” буюу “нэг үеийнхэн” гэдэг юм. Руссо философичдоос нэг зүйлээрээ их алдаршсан хүн. Тэгш ёсны санаагаараа. Нийгэмд амьдрах улс ойролцоо амьжиргаатай байх гэх мэт яриа, санаагаараа олонд их таалагдсан философич л доо. Францын хувьсгалын оюун санааны угтал болсон хүн. Тэгш ёс, тэгш эрх, тэгш байдлыг тунхагласан учраас Маркст маш их таалагдсан. Гэтэл хүн гэдэг амьтан уг чанараараа тэгш биш улс шүү дээ. Сэтгэн бодох, хөдөлмөрлөх чадвар, авьяас гээд бүх талаараа тэгш биш. Нэгэнт өөрийнхөө уугуул шинжээр ондоо юм бол үр дүн нь өөр өөр байх ёстой. Өөрөөр хэлбэл амьдрал нь өөрөөр байхаас аргагүй. Ямар ч авьяасгүй, сэтгэн бодох чадвар нь хэт сул, залхуу хүнийг авьяастай, сэтгэн бодохдоо гойд, хөдөлмөрч нэгэнтэй адил байлгах ёстой гэхээр танд ямар санагдаж байна.

-Тэгэх аргагүй л дээ.

-Тийм шүү дээ. Хэрвээ тэгвэл залхуу, хойрго, тэнэг нь хөдөлмөрч, ухаалаг, боловсролтойгоо монждог, хождог, мөлждөг нийгэм бий болно.

-Товчхондоо Руссогийнхоор аж төрвөл социализм, коммунизмын замаар алхах нь ээ?

-Тэгнэ. Тэр утгаараа тэгш ёс бол тун халгаатай үзэл, хандлага. Бололцооны тэгш байдлыг олгох, гарааны тэгш байдал гэж яривал өөр хэрэг.

-Яруу найрагчдаас гэхэд л шүлгийг нь давтаж унших бүртээ өмнөхөөсөө илүү дурлаж, илүү гүн сайхныг нь олж хардаг найрагч гэж байдаг даа. Яг үүн шиг номыг нь ахин дахин сөхөж, үзэл, хандлагыг нь ухах тусам илүү гүн гүнзгий учир утгыг мэдэрдэг гүн ухаанч гэвэл та хэнийг онцлох вэ?

-Сократыг онцолно. Даанч Сократын өөрийнх нь зохиол хүн төрөлхтөнд үлдээгүй. Платоны диалогуудаар дамжиж ирсэн. Платон зохиол бичихдээ багшийнхаа санаануудыг бичиж үлдээсэн байдаг юм. Сократ амьдралын хэв маягаараа ч жинхэнэ философич хүн. Бидэн шиг их сургуульд очихоороо хэдэн оюутанд философи ярьчихаад, тэндээс гарахаараа олныг дагасан, олонд таалагдах гэсэн амьдралын хэв маягаар аж төрөөгүй. Гэрт, гадаа хаана ч философичоороо аж төрсөн.

-Сократын үгнээс санаанд чинь байдаг ганц өгүүлбэр хэлээч?

-“Би юу ч мэдэхгүйгээ мэдэж байна” гэсэн үг нь онцгой. Сократын ээж нь эх баригч байсан гэдэг. Мань эр өөрийнхөө диалогийн маргааны аргыг эх барих гэсэн агуулгаар нэрлэсэн байдаг юм. Хар багцаагаар зүйрлэвэл нөгөө хүн нь нэг юм ярихаар хариуд нь өнөөхийг нь ухдаг арга гэмээр юм уу. Ингэсээр байгаад нөгөө хүнээ ялдаг арга. “Би үүнийг баттай мэднэ” гэж баттай ноттой ойлгож байсан зүйлийг нь эргүүлчихдэг арга. Маргагч тал нь “Надад үнэхээр энэ чигийн мэдлэг алга” гэсэн бодолтой үлддэг байсан хэрэг л дээ. Эсвэл цоо шинэ мэдлэг гаргаж иртэл нь яриа өрнүүлдэг.

-Хүн төрөлхтөнд философи юу өгөв, философичид үгүй бол дэлхий яах байсан бол гэж ирээд яривал урт яриа өрнөх байх шүү…?

-(Инээв). Тэгнэ л дээ. Ер нь хүн философидохгүй амьдарч чадахгүй амьтан гэдгээс эхэлнэ. Ямар ч түвшний мэдлэгтэй хүн философиддог. Сэтгэдэг хүний үндсэн шинж бол өөрийн эрхгүй философидох шүү дээ. Тариачин хүн бие нь муудаад хэвтэрт ороход толгойд нь есөн зүйлийн бодол эргэлдэнэ ээ дээ. “Би энэ ертөнцөд амьдрахдаа ямар үйл хийлээ” гэдгээс эхлээд бодол хөврүүлнэ. Метафизик гэж ярьдаг даа. Мета шинжтэй болох тусмаа аливаа мэдлэг философилог болдог. Физик, астрономийн мэдлэг мета шинжтэй болох тусмаа философилог болж байна гэсэн үг. Философи гэдэг үгийг анх хэрэглээнд оруулсан хүн нь Пифагор. Пифагорийн теорем гэхээр хүн бүр мэднэ.

Математикийн мэдлэг чинь өөрөө софи мэдлэг. Бүр тодруулж хэлбэл зөвхөн философийн мэдлэг софи мэдлэг байдаггүй. Дөрөв гэхээр дөрвөн хүн ч байж болно, дөрвөн алим ч байж болно. Гэхдээ алимны тухай, хүний тухай ярихгүй. Дөрөв гээд хийсвэрлэ, тэгээд л болоо. Заавал бодитоор барьж үзэх гээд байх юм үгүй. Энэ чинь өөрөө софи мэдлэгийн шинж Пифагороос нэг хүн “Та ер нь яадаг хүн бэ” гэж асууж л дээ. Мань эр хариуд нь “Би софи мэдлэгээр занималддаг, софи мэдлэгтэй ноцолдож суудаг хүн” гэсэн байдаг. Саявтар Францын хоёр автор философи гэж юу вэ гэсэн асуултыг хөндсөн ном бичсэн байсан. Модтой ноцолдоод суудаг хүнийг мужаан гэж хэлнэ, тэр хүнийг модны найз хэмээн үзэж болно гэсэн өгүүлбэр тэр номонд бий.Тэр номонд “ойлголт”гэж хийсвэр зүйлтэй ноцолддог хүнийг философич гэж тодорхойлсон байдаг. Ширээ гэдэг бол софи ойлголт биш, баригдаж харагдаж байгаа учраас. Харин өртөг, хувьсгал гэдгийг харж үзэж чадахгүй. Тэгэхээр софи мэдлэг гэдэг цаанаа заавал материаллаг зүйл байх албагүй гэж ойлгож болно.Гэхдээ би их бүдүүвчилж ярьж байгаа шүү. Баригдаж харагддаггүй учраас хүнд шууд ойлгогдохгүй байх тал бий.

-Таны ярилцлагуудаас нэг санаа тод анзаарагдсан. Нийгмийг цөөнх түүчээлдэг, тэр цөөнх философийн мэдлэгтэй байж улс хөгждөг гэсэн санаа. Философийн суурь мэдлэгтэй улсын тухайд иргэдийнх нь сэтгэлгээ цэгцэрчихдэг, сэтгэлгээ нь цэгцэрсэн хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө юу ч хамаагүй ярьж, үйлддэггүй гэдэг утгаар хэлсэн гэж ойлгосон…?

-Тэгж ойлгож болно л доо. Барууны өндөр хөгжилтэй улсууд физик, химийн шинжлэх ухаантай үүсэхээс нь танилцсан бол бид хорьдугаар зуунд л шинжлэх ухааны энэ салбаруудтай танилцсан. Философи ч ялгаагүй. Бид энэ ухаантай хорьдугаар зуунд л танилцсан улс. Философи гэж юу вэ гэхээр хүн бүр өөр өөрөөр тодорхойлдог л доо. Нэг тодорхойлолтыг нь онцолъё. “Философи бол рефлекс мөн” гэсэн барууны тодорхойлолт бий. Психологийн рефлекс гэсэн ойлголт биш шүү. Болзолт, болзолт бус рефлекс биш.

Өөрийнхөө бодож байгааг олон дахин янз бүрээр эргэцүүлсэн эргэцүүллийг рефлекс гээд байгаа юм. Философи яг энэ л дээ. Ярьж хэлж буй үг болгон чинь чиний оюун ухааны шүүлтүүрээр орсон байх ёстой гэсэн санаа. Шатрыг оросоор “Трагедия одного хода” гэж тодорхойлдог. Утгачилж буулгавал “Нэг л буруу нүүвэл эмгэнэлтэй төгсгөлд хүрнэ” гэсэн санаа бүхий үг. Тийм учраас шатарчин хүн нүүдэл хийхийн тулд асар их боддог. Яг түүнтэй адил философийн термин категори хэрэглэдэг хүн тэр категорио маш олон талаас эргэцүүлдэг. Насаараа философи уншсан хүн аман дээр гарсан үгээ хэлээд, санасан зүйлээ шууд үйлдээд явдаггүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img