Оросоос эрчим хүчний хараат байдалтай, нийслэл хот, бүр аймгууд нь хүртэл агаарын бохирдолд автчихсан Монгол шиг улс метан хийн салбараа дэмжиж, хөгжүүлж байж эдгээр зовлонгоосоо ангижрах учиртай. Төр засаг, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжүүд бүгдээрээ л энэ тухай ярьдаг, бичдэг.
Гэтэл метан хийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогынхоо хүрээнд, өөрсдөө 100 хувь эрсдэлээ үүрээд, ном журмынх нь дагуу тусгай зөвшөөрлөө холбогдох байгууллагаас нь аваад, ашиг хуваах зарчимтай Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ байгуулсан аж ахуйн нэгжүүд рүү дайрах, үйл ажиллагааг нь зогсоох бусармаг үйлдэл орон нутагт амь бөхтэй байсаар. Бидний нэрлэдгээр “шантаажлагчид” тэдний дунд бий.
Саяхан, бүр тодруулж хэлбэл 7 дугаар сарын 24-нд “Тэлмэн Ресурс”-ийнхэн Нарийнсухайтын ордын “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн туршилтын олборлолтоо тун амжилттай гүйцэтгэж, анхны бамбараа асаалаа.
Тодорхой хэмжээний метан хий төслийн талбайд байх боломжтойг энэхүү туршилтаар нотлов. Энэ бол сайн мэдээ. Барууны мэдээллийн цахим хуудсууд, цөөнгүй хэвлэлд “Тэлмэн Ресурс”-ийн хаягтай туршилтын олборлолтын мэдээ нэлээд цацагджээ.
Монголд сайнаар хүлээж авахтай зэрэгцэн эсэргүүцэн будлиулагчдын сошиал “бөмбөгдөлт” ч багагүй байсныг хэлэх хэрэгтэй. Метан хийн талаар иргэд ойлголт муутай, сургийн мэдлэгтэй байж болно.
Гэхдээ төрийн бодлогоор, үндэсний суурь эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд саад учруулах, бүр зогсоох хэмжээний үйлдэл даамжирвал эндээс хэн ч хожихгүй, бүгд хохирно. Бүгд хохирох нь хэнд ашигтай вэ? Шантаажчингуудад уу, эсвэл тэдэнд нөлөөлөгчдөд үү?
Эрдэс баялгийн салбар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтгүй нам зогслоо, улсын эдийн засаг хэцүүдлээ гэцгээх атлаа гайгүй ажиллаж байгаа хэдийгээ орон нутагт нь элдэвлээд л байх бололтой. Ковидын үед ч зогсоогүй нь метан хийн салбарынхан байж ирсэн юм шүү.
Эрдэс баялгийн салбарыг мэргэжлийн үйл ажиллагаагаар хангаж, хөгжлийн бодит үр дүнг гаргахаар ажиллаж байгаа хэсэг байхад, зөвхөн мөнгө олох хэрэгсэл (нүүрсний хулгай гэх мэт) гэж хардаг бүлэг бий. Гэхдээ энэ нуршилгүй орхиё.
Монголын хөгжлийн ирээдүй болсон нүүрсний давхаргын метан хийн салбарт тулгамдсан цөөнгүй асуудал бий. Ганц хоёроос нь дурдая.
Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх үү?
2018 онд анх “Жи Өү Эйч” компани БХГэрээг байгуулсан. Түүнээс хойш 4 компани, 6 талбайд уг гэрээг байгуулан хайгуул, судалгаагаа эрчимтэй хийж байна. 2 компани БХГ байгуулах шатандаа яваа гэсэн. Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил өртөг өндөр, эрсдэл ихтэй. Хөрөнгө оруулагч хөрөнгө гаргаж, орд олбол Засагтай ашгаа хуваана, олохгүй бол эрсдэлээ үүрнэ. Ийм ачаа эрсдэл үүрч явахад нь “эх орончид” нэртэй эсэргүүцэгчид дээрээс нь дээрэлхэнэ, зовооно.
Түүн дээр одоогийн үйлчилж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) дээр ярих асуудал бас бий. Олборлосон хийг шууд борлуулах боломжгүй, шатаагаад бага хэмжээний цахилгаан үйлдвэрлээд түүнээсээ ашиг хуваах уу гэдэг төвөгтэй асуудал мөн. Тиймээс Бүтээгдэхүүн Хуваах Гэрээг өөрчиллье гэдэг эрдэмтэн, судлаачдын, аж ахуйн нэгжүүдийн саналыг төрийн байгууллагууд тусгаж авах хэрэгтэй.
Орон нутгийн иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулъя
Хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компани, орон нутгийн иргэдийн дунд үүсдэг тухайн төслийн талаарх ойлголтын зөрүү ямагт саад бэрхшээл учруулсаар байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт хайгуулын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай баримт бичгийн тодорхой зохицуулалт бий.
- Тусгай зөвшөөрлийн хуулбар,
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөө,
- Эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө.
Ганц метан ч гэлтгүй, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан байдаг.
Жишээ хэлье. Тухайн нөлөөллийн бүсийн иргэдэд (Багийн Иргэдийн нийтийн хурал) танилцуулж, санал зөвлөмж авах ажлыг орон нутгийн иргэд маань аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байна гэж эндүүрдэг. Энэ бол хуулийн хүрээнд л хийгдэж байгаа ажил. Иргэд, малчдын бас нэг буруу ойлголт бий.
Тайланг танилцуулсан тухайн өдрийн Иргэдийн нийтийн хуралд оролцсон хүмүүсийн бүртгэлийн жагсаалтын хувийг тайланд хавсаргасныг хүчээр нэрс авсан, хуурамчаар бүрдүүлсэн гэж гүтгэн компанийн үйл ажиллагааг удаашруулдаг юм билээ.
Компани, иргэд аль аль нь энэ тал дээр нэгдмэл сайн ойлголттой байх хэрэгтэй. Мэдлэг, мэдээлэлгүй байдлаас болж бусдын, бидний нэрлэдгээр шантаажчингуудын ятгалганд орж метан хий мэтчлэн улс орны эрх ашигт нийцсэн төслүүдийг гацааж удаашруулсаар байна шүү.
Метан хийн олборлолт уурхайтай адилгүй
Нүүрсний метан хийг олборлохгүй бол ямар хүндрэл үүсэх вэ? Нүүрсний метан хийгээр дагнасан судлаач эрдэмтэн З.Төмөрбаатар (Түлш, эрчим хүч, үйлдвэрийн дэд сайд асан) нийтлэлдээ:
Нүүрсний метан болон нүүрс хүчлийн давхар эсэл нь хамгийн хөнөөлтэй хүлэмжийн хийнд тооцогддог. Метан хий агаар мандалд цацагдан хаягдахаас эхлээд 20 жил хадгалагдаж,нүүрс хүчлийн хийнээс хэд дахин илүү дулаан ялгаруулж байдаг.
Энэ нь агаар мандалын геоатмосфер дэхь азоны давхаргыг нимгэлж, нарны хэт ягаан туяаг шүүж цэвэршүүлэх чадамжыг сулруулж,”Азоны цоорхой” үүсэхэд нөлөөлдөг. Энэ утгаараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулааралд онцгой нөлөө үзүүлдэг байна хэмээн өгүүлсэн.
Метан хийн олборлолт байгаль орчинд хоргүй. Ийм нэртэй нийтлэл “Эрдэс баялгийн тойм” сонинд миний бие мөн нийтэлсэн билээ. Ирээдүйд метан хийг боловсруулж ард иргэдийн амьдрал ахуйд нэвтрүүлэхээр зорьж байгаа ч олборлолтын явцад байгаль орчинд хор хөнөөлтэй байх вий гэсэн айдас болгоомжлол орон нутгийнханд байдгийг нуух аргагүй.
Аргагүй л дээ, зуун зуун жил мал аж ахуйн уламжлалт соёл, амьдралын хэв маягтай байж ирсэн монголчуудад яг л нүүрс, алтны уурхай шиг том талбайд олборлолт явуулж метан хий гаргаж авна гэсэн ерөнхий ойлголт байдаг.
Үнэндээ метан хийн олборлолт газрын тос, нүүрс, алтныхтай огт адилгүй. Шороо ухдаггүй гэсэн үг. Энгийнээр хэлбэл 20 орчим сантметрийн диаметрын амсартай ганцхан цооног өрөмдөж, тэр цооногоороо метан хийгээ олборлодог.
Монголд л метан хий олборлоно гэхээр уурхайн ам нээгээд байгаль орчинд хор хохирол учруулах юм шиг боддог. Австрали зэрэг улсад хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн талбайд хэдхэн метр хашаалаад цооногоор олборлолт явуулчихаж байна. Хавь орчин сүйдлээ, баларлаа гээд байгаа юм алга. Ийм л энгийн олборлолттой.
Метан хийн амжилттай яваа төслүүдээ эсэргүүцэж биш дэмжээд явах нь Монгол Улсын нийгэм эдийн засаг, иргэд та бидний амьдралд л хэрэгтэй, тустай.
(2023.08.05)