2024-12-19, Пүрэв
-19 C
Ulaanbaatar

Академич Ж.Болдбаатар: Хубилай хаан бол Чингис хаантай адил дэлхийн хэмжээний түүхэн хүн

Монголын эзэнт гүрний их хаан эзэн Тэмүжин-Чингисийн отгон хүү Тулуйн хүү Хубилай сэцэн хаан Юань гүрнийг байгуулсан. Түүхэнд нэрээ дуурсгасан дэлхийн хэмжээний их хааны талаар Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.

-Хубилай хааны дэлхийд үлдээсэн өвийн талаар тантай ярилцъя гэж бодлоо?

-Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хэд хэдэн зүтгэлтнүүд байдаг. Тэр дотроо Монголын хаадын түүхэнд дэлхийн хэмжээний хэмээн алдаршсан хоёр агуу их хүн төрсөн.

Эхнийх нь Чингис хаан, хоёрдахь нь түүний ач хүү Хубилай хаан юм. Хүн хичнээн оюун ухаантай байлаа ч оюун ухаанд нь эерэг, сөрөг цэнэг хуримтлагдсан байдаг. Гэхдээ аль нь давуу байна вэ гэдгээр төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гавьяаг үнэлнэ.

Мэдээж төрийн зүтгэлтэн гээд огт алддаггүй, Бурхан багш шиг өө сэвгүй байдаггүй л дээ. Хубилай хаан одоогийн ярьж байгаагаар бол дэлхийн хэмжээний менежмэнт хийж чадсан хүн.

-Ямар менежмэнт хийсэн бол?

-Хубилай хаан гайхамшигтай төрөлх ухаан, авьяас билэг, өргөн боловсрол, өгөөмөр сэтгэлээрээ алдартай. Дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөг нь хураангуйлан ярьж болно л доо. Түүнийг дорно дахиныг эзэгнэсэн Монголын Юань гүрнийг төдийгүй Ази-Европыг дамнан тогтож байсан Алтан ордон улс, Цагаадайн улс, Зэл хаант улсыг захирч хамгийн өргөн уудам нутагт ноёрхлоо тогтоосон дэлхийн хэмжээний хаан.

Төрийн хоёр ёсны үзэл санаагаараа дэлхий дахины төр ёсны сэтгэлгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголын төрийн зүтгэлтнээс төр ёсны сэтгэлгээнд Хубилай хаан шиг байр эзлэх хүн нэг ч гараагүй. Хятадын өнөөгийн их Хан үндэстэн цэцэглэн хөгжиж, нэгдмэл том Хятад улс байгуулагдах үндсийг тавьсан. Өрнө дорныг холбосон Торгоны замын аюулгүй байдлыг хангаж дэлхийн худалдааны замыг нээсэн гавьяатан хүн юм.

Өнөөдөр энэ Торгоны замын асуудлыг онцгой шинэ байрнаас тавьж байна шүү дээ. Хятадын удирдагч Ши Жинпин өнөөгийн торгоны агаарын зам, торгоны төмөр зам, торгоны автозам гээд маш өргөн хэмжээгээр энэ асуудлыг авч үзэж Европ, Азийг холбосон худалдаа эдийн засгийн бүс байгуулахаар төлөвлөсөн. Энэ үндсийг анх Хубилай хаан тавьсан түүхтэй.

Хубилай дэлхий дахинд анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан. Цаасан мөнгө Евроазийн өргөн уудам нутаг дэвсгэрт үйлчилж байлаа. Л.Түдэв гуай долларыг “Маршал мөнгө” гэж хэлсэн байдаг. Түүн шиг тухайн үед Хубилай хааны гаргасан цаасан мөнгө яг өнөөгийн америк доллар шиг хэмжээнд үйлчилж байжээ.

Мөн дэлхийд анх удаа усан флот байгуулж, далайн аялал хөгжих эх суурийг тавьсан хүн. Их том усан флот байгуулаад Япон руу довтолж байсан. Номхон далайн арлуудад байгаа жижиг орнууд тухайлбал, Индонез руу довтолж нөлөөндөө оруулж байв. Дэлхийн улс орнуудыг өрнө, дорно хэмээх нэг сүлжээнд багтаан дэлхийн дахины хөгжлийг түргэтгэж хөгжлийн шинэ шатанд гаргасан хүн бол Хубилай хаан байсан.

-Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлснийг нь их шүүмжилдэг дээ?

-Хуучин тогтолцооны үед Монголын төвийг Бээжинд шилжүүлсэн, Монголын түүхэнд сөрөг үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг байсан. Гэтэл Юань улс 100 гаруй жил оршин тогтносон шүү дээ. Хархорумаас дорно дахины хэмжээний улсыг удирдах боломж байгаагүй. Урагшаа явахад асар их нутаг, цөлийг давах болно.

Тэр үед ямар одоо шиг шуудан харилцаа гэж байгаагүйг ойлгох хэрэгтэй. Тиймээс эртний нүүдэлчид, эртний Хятадын суурьшмал иргэд хоёрын зааг дээр очиж байж энэ том гүрнийг удирдах ёстой гэж үзсэн. Цагаан хэрмийн цаана Бээжин байгаа шүү дээ. Наана нь байгаа Шанду бол Өвөрмонголын нутаг. Үүнийг дээд нийслэл гэдэг байсан. Зун цагт Шандудаа ирдэг байж. Өвөл Бээжинд байдаг байсан. Үндсэндээ Монголоо хөсөр хаясан биш харин ч дорно дахиныг бүхэлд нь захирч байсан ийм хүн.

“Их засаг” хуулийн үзэл санаа зарчмыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан түшмэл томилж түүний дагуу тухайн нийгмийн харилцаа, нөхцөл байдлыг тусгасан арав гаруй хуулийг шинэчлэн тогтоосон төрийн тэргүүн. Хаан ширээ залгамжлах хөвгүүнийг заавал Монголд төрөлх нутагтаа боловсруулан өргөмжлөх ёсыг журамласан байдаг. Хубилай хааны дараа эхэн үед заавал төрөлх нутаг Хархорумаас дамжуулж ирж байж эзэн хаан өргөмжлөх байдалтай байсан.

-Дүү Аригбөхтэйгөө хаан ширээний төлөө тулалдсан байдаг. Таныхаар хэн нь хаан болох ёстой байсан бол?

-Хубилай хааныг хууль бус хаан ширээнд заларсан гэдэг. Гэвч энэ үндэслэл муутай. Мөнх хаан дүү Хубилайдаа цэрэг өгч Сүн улсыг байлдан дагуулахаар явуулсан. Сүн улсыг эзэлж аваад байсан 1259 оны наймдугаар сард Мөнх хааныг тэнгэрт хальсныг мэдсэн байдаг.

Их хуралдайд орж гол асуудлыг шийддэг жанжид ноёд нь Сүн улсыг эзлэхээр явсан байсан үе. Ингээд хоёр талд зэрэг 1260 оны тав болон зургадугаар сарын заагаар Аригбөх Хархорумд их хуралдайг хуралдуулааад өөрийгөө Монголын их хаан гэж зарласан. Хубилай хаан Шандуд хүрч ирээд Кайпин хотод мөн өөрийгөө Монголын хаан гэж зарласан байдаг. Ихэнх жанжид ноёд Хубилайтай цуг явсан болохоор Аригбөхийн хуралдай үндэслэлгүй гэсэн үг.

Гэхдээ энэ хоёрын хооронд асуудал байсан ч эцсийн эцэст тулалдаж Хубилайн ялалтаар төгссөн. Тухайн цагийн тоглоомын дүрэм нь тийм. Нэг ёсондоо улс төрийн өрсөлдөөн тэгж л явагддаг байсан хэрэг. Уг өрсөлдөөнд Хубилай хаан ялж их хаан болсон. Үүнийг тэгж нөгөө тал руу гуйвуулах шаардлагагүй.

-Хубилай хаан газар нутгаа өргөжүүлэх тал дээр өвөг дээдсийнхээ төрийн алтан аргамжны бодлогыг барьжээ дээ?

-Хубилай хааны том гавьяа бол эхэн үедээ өрнө, дорныг бүхэлд нь хамарсан Чингис хааны байгуулсан Монголын эзэнт улсыг бүхэлд нь гартаа барьж байсан. Түүний дээр нутаг дэвсгэрээ өргөжүүлсэн. Өвөг Чингис хааныхаа бодлогыг маш тууштай үргэлжүүлсэн. Жишээ нь, тухайн байлдан эзэлсэн орныхоо шашин суртлыг хүлээн зөвшөөрч байсан. Ромын пап ламтай хүртэл харилцаж байсан.

Түүнчлэн каталик шашны лам нарыг Бээжинд урин уулзаж шашных нь үйл ажиллагааг хангаж л байсан. Энэ бүхэн асар том монгол хүлцэл юм даа. Их тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй ханддаг энэ чанар нь дэлхийг эзлэхэд том үүрэг гүйцэтгэсэн.

-Монголчууд бөө мөргөлтэй байсан ч олон шашныг хүлээн зөвшөөрдөг байсан нь хүн бүхэн эцэг, өвгөдийнхөө сүнсийг шүтдэг болохоор бусдын шашинд хүндэтгэлтэй ханддагийн илрэл байв уу?

-Монгол хүлцэл бол монгол хүний төрөлх чанар. Тэрнээс аль нэг шашинтай холбоогүй. Эртний монголчууд юманд тэвчээртэй ханддаг, хүлээцтэй хандаж, тунгааж бодож, олон ургальч үзлийн голч тэнхлэгийг олж байсан учраас дэлхий дахиныг гартаа оруулсан байгаа юм.

Нэг зүйлд туйлшрах ёсгүй. Туйлширсан хүн агуу байдаггүй. Туйлшралыг огоорсон хүн ухаалаг байдаг. Хубилай хаан энэ ухааныг эзэмшиж Монгол хүлцэмжийг эзэмшсэн аугаа ухаантан байж.

-Хубилай хааны бага болон идэр насны талаар түүх сурвалжид хэрхэн өгүүлсэн байдаг бол?

-Чингис хаан Дундад Ази руу 1219 онд дайрах үед Хубилай хаан таван настай байсан. Чингис хааныг баруун этгээдийг дайлаар мордоод буцаж ирэхэд Хубилай хаан 11 настай болсон байлаа. Тийм атлаа нум сумаар хэд хэдэн ан агнаж өвөг эцгийгээ ангийн махаар дайлан угтаж байсан гэдэг. Сэргэлэн, сайн дайчин болох шинжийг Чингис хаан таашаан хүлээн авч ач хүүгээ цааш нь их хаан болгохоор бэлтгэсэн байх.

Дорно дахины амьдралтай танилцуулна гэдэг Чингис хааны холын бодол байсан байгаа шүү дээ. Ер нь бол дорно дахиныг судалсан хүн хаадын дотор байж дорно дахиныг өрнөдын гарт оруулна гэдгийг олж харсан. Иймээс Бээжинд боловсрол олгосон. Энэ бол энгийн санамсаргүй тохиолдол биш. Хятадын тэр нөхцөл байдлыг ойлгуулж байна гэдэг алсын бодлоготой холбоотой.

Хубилай хаан одон орон, математикийн ухаанд гарамгай, их сонирхдог хүн байсан. Одон орныг маш их дэмжсэн. Хубилай хааныг байхад Дундад Ази болон Хятадад одон орны том төвүүд байгуулагдсан байдаг.

-Хубилай хааныг ихэд гэгээрсэн хүн байсан учраас “Сэцэн” хэмээх цолтой байсан гэдэг дээ?

-Тэрээр улсын хөвгүүдийн сургуулийг байгуулсан. Үүнийг Германы нэрт монголч эрдэмтэн Хайссиг “Билгийн далай буюу Эзэн хааны академи” гэж нэрлэсэн. Энэ бол дорно дахинд нээгдсэн анхны сургууль юм. Тэгж боловсрол олгож байсан.

Мөн Пагва ламаар дөрвөлжин үсэг зохиолгон, дэлгэрүүлэх гэж оролдож байлаа. Харамсалтай нь дөрвөлжин үсэг эзэнт гүрний хэмжээнд дэлгэрч чадаагүй. Мөн Судар бичгийн хүрээлэн байгуулсан. Монголын түүхийн нэрт эрдэмтэн Тогтох Юань улсын түүхийг эртнээс судалж түүхийн хэдэн боть ном гаргаж байсан. Түүхийг өнгөрснийг хөөж өнөөдрийг дүгнэж, ирээдүйг төлөвлөх бурхан ухаан гэж үзэж байсан.

Тиймээс түүхийг судалж, сургамж авч байж урагшилна гэдгийг мэддэг хүн байж. Түүнчлэн Хубилай хааны ордонд 360 гаруй хүмүүс нийлсэн хөгжмийн оркесторууд, бүжгийн том чуулга ажиллаж байсан. Төрийн шинжтэй уртын дуу маягийн цоор дууг сонсдог байжээ. Хубилай хааны ордон урлагийн том тайз байсан. Гоо сайхны мэдрэмжийг ойлгож чаддаг байсан хүн гэдэг нь олон зүйлээр батлагдаж байдаг даа.

-Далайн усан цэргийн флот байгуулж арлын Япон руу хүртэл хоёр ч удаа дайлаар илгээсэн гэдэг дээ?

-Усан флот байгуулахдаа далайн орнуудаар явсан хүмүүсийг их дайчилсан. Усан флотыг байгуулаад армийнхаа нэг чиглэл болгосон шүү дээ. Ингээд Япон руу хэд хэдэн удаа довтолж байсан. Гэвч далайн шуурганаас шалтгаалаад амжилт олоогүй. Одоо Япончууд хоёр хөлөг онгоцыг нь малтаж гаргаад музей байгуулчихсан байна.

Харин хоёр дахь довтолгооноор далайн эрэг дээр цөөн хэдэн хүмүүс гарсан байдаг. Тэр эрэгт гарсан цөөхөн хүн Японыг өөрийн хараат болгож чадаагүй. Усан флотоор хол аялж болох юм байна гэдгийг Хубилай хаан мэдээд өөрийн онгоцуудаа Номхон далай руу явуулж байсан. Усан замаар хол аялж болдог гэдгийг дэлхий дахинд ойлгуулсан хүмүүс бол Хубилай хааны усан цэргүүд юм.

-Улсынхаа хүн амыг дөрвөн ангилалд хуваадаг байсан нь ямар учиртай юм бол?

-Эзэнт гүрний хүн амыг дөрвөн зэрэгт хувааж байсан. Эхний дээд зэрэглэлийн хүн бол монгол хүн, хоёрдугаар хэсэгт Дундад Ази гаралтай Китан, Уйгар зэрэг буюу шар нүдтэн гэж нэрлэсэн байдаг.

Гуравдугаарт Хойд Хятадын хүн. Дөрөвдүгээрт нанхиад гэж ярьдаг Өмнөд Сүн улсын хүн гэж зэрэглэж ангилсан. Хуулинд энэ ангиллыг хатуу тусгаж байсан гэдэг. Тэгж ангилж байж зуун сая хүн амтай Хятадыг нэг сая орчим монголчууд захирна шүү дээ.

-Ангилал дээгүүр хүн илүү давуу эрх эдэлдэг байсан байх даа?

-Тэгнэ. “Юань улсын нэвтэрхий толь бичиг”-т хэд хэдэн хууль бий. Тухайлбал, монгол хүн шоронд суувал улсаас хоол ундыг нь гаргана. Монгол хүний нүүрэн дээр шивээс гаргаж болохгүй. Харин хятад хүн шоронд суувал гэрээс нь хоол ундыг гаргуулна. Хятад хүний нүүрэн дээр шивээс хийж болно. Түүнчлэн хятад хүн биедээ зэвсэг авч явж болохгүй. Тэр бүү хэл бор шувуу харвах чавхтай байж болохгүй. Олноороо цугларахыг хориглосон байдаг.

Мөн тухайн цагт хүний худалдаа байжээ. Гэвч монгол хүнийг гадагш нь худалдсан бол хамгийн дээд зэргийн хууль зөрчигч гэж үздэг байсан байгаа юм. Боолын худалдаанд монгол хүнийг худалдаж болохгүй гэсэн үг. Эргэн тойрны хараат улс орны хүн ам нийлээд өчнөөн зуун сая болно шүү дээ.

Тиймээс л ийм арга хэмжээ авч байж. Хятад хүнээр засаг захиргааны нэгжийг толгойлуулдаггүй байж. Засаг захиргааны үй олон нэгжид орлогчийн зиндаанд цөөхөн хятад хүнийг тавьж байсан. Ер нь хятад хүн хамгийн томдоо л зуун айл, тавин айлын дарга болон гацааны дарга болж байсан.

-Хубилай хааныг хувь хүн талаас нь хэрхэн тэмдэглэж үлдээсэн байх юм?

-Марко Поло Хубилай хааныг “Намхан ч биш, өндөр ч биш, царай зүс төвшин сайхан, маш ухаалаг хүн байсан. Гэхдээ насныхаа сүүл рүү жаахан бор дарсанд дуртай болсон. Их саруул ухаантай. Юмыг алс хол харж чаддаг, ер нь бол төвшин хүн” гэж бичиж үлдээсэн. Мөн нэг зүйл сонирхуулахад саяхныг хүртэл Европын сурах бичгүүд дээр Хубилай хаан гэдэг шүлэг олон жил байсан.

Намайг Бельгийн нэг сургуульд лекц уншаад явж байхдаа лицейн хүүхдүүдтэй уулзахад нэг хүүхэд надад уншиж өгч байлаа. Би “Ямар утгатай шүлэг байна” гэж орчуулагчаар дамжуулж асуухад “Хубилай хааны хурц ухаан, цэцэн цэлмэг, алсын харааг нь магтсан шүлэг байна” гэж хэлсэн.

-Их хаан маань хэдэн хатан, хүүхэдтэй байсан бол?

-Монголын их хаад албан ёсны дөрвөн том хатантай байсан. Хубилай хаан ч мөн адил. Олон татвар эмтэй байсан. Татвар эмээс эрэгтэй хүүхэд гарвал дагавар хатан гэж дэвших жишээний. Эрэгтэй хүүхэд гарахгүй бол татвар эм хэвээрээ байдаг. Хубилай хаан 25 хүүтэй хүн байжээ. Хорин таван хүү нь муж, том хотын дарга нар байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Монголын хаадаас хамгийн олон хүүтэй хааныг Зүч хаан гэдэг. Зүч хаан 116 хүүтэй байсан. Дан хүүг нь хэлж байгаа шүү дээ. Цаана нь тэр дайны охин байж таарах нь дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img