Манай яруу найргийн түүхнээ 90-ээд оныхон хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийнхэн дотор томоохон байр суурь эзлэх нэгэн яруу найрагч бол Жадамбын Батцэцэг билээ.
Ж.Батцэцэг найрагчийн шүлгүүдийн талаар өнөөдөр бичиж байгаа нь харьцангуй оройтсон ч байхыг үгүйсгэхгүй, гэхдээ яруу найрагчийн бичих он цаг өмнө байгаа гэдэгт итгэнэ.
Яруу найрагч Жадамбын Батцэцэг “Хойд шугуйн жимс” (1991), “Намайг хүлээсэн он жилүүд” (2002), “Амирлан” (2014) яруу найргийн номууд хэвлүүлсэн.
“Хойд шугуйн жимс” ном хэвлэгдэж байх үеийн манай яруу найрагт чухам л Жадамбын Батцэцэгийн өнгө аяс үгүйлэгдэж байсан гэлтэй санагддаг.
Үзэл суртлын дөнгөнөөс дөнгөж салмар болж байсан тухайн үеийн яруу найрагт дараагийн бас нэгэн үзэл суртал буюу үндсэрхэг үзлийн гал дүрэлзэн байсан буй.
Тэр шуурган өдрүүдэд шавилхан цэнхэр хавтсан дээрээ:
Намар оройн цэцэрлэгээр
Надтай хамт алхаач амраг минь гэсэн таталбар бүхий бяцхан түүвэр хэвлэгдсэн нь түүний ном.
Тэр өдрүүдэд тийм ном хэвлэж суудаг тэнэг хүмүүс байдаг гэж бодохоор яруу найргийн ирээдүйд итгэл төрдөг юм. Алсын гуниг, далдхан баяр, хүлээлт, өнжилт, тунирхал, бодлогоширол, аальгүйтэл.., гээд ер хүүхэн хүнд байж л болох бүхэн байх нь “Хойд шугуйн жимс”.
Яруу найрагч Жадамбын Батцэцэгийн:
Энэ навчис
Юу гэж
Эрээ цээргүй шуугина вэ?
Газрын элэг дэвтэхэд
Тэнгэрийн нулимсанд ургадаг шүү дээ… гэх буюу
…Өвлийг мэдэхгүй ээ навч минь
Өдөн цасаар бүүр ч таалуулахгүй
Тэр тэнгэрийн цагаан дагинас
Чамайг орлож
Хоосон мөчрийн дээр шавж
Өлөн зэлмэн өвөлждөг шүү дээ… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 15) гэж уншихад бас:
…Найман сарын агаар нь царцаахайн шигширгээр дүүрнэ
Бийрээр таталмаар, бишсэн бол согтож унамаар
Ааг аархал нь хоолой, тархинд асна
Намар цагаа гэж
Намуун согтуу үдшүүд…
Бэх хатаж бийр минь хөшвөл
Би өөрөөсөө ч одмоор… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 35) гэснийг үзвээс чухам энэ найрагчийн өнгөн дээр манай яруу найраг эрийн цээнд хүрч байж шүү дээ гэж эрхгүй санагдана.
“Дээш харж тунгалаг сарыг ширтээд, Доош харж төрсөн нутгаа санав” гэх Тан улсын яруу найрагчийн, “Чиний минь үнэр есөн намрын сүмэн өвс адил” гэх эртний бичгийн яруу найргийн орон зайд “намар цагаа гэж намуун согтуу үдшүүд” хэмээн аваачнам бус уу.
“Царцаахайн час час гэх төмөрлөг дуун намрыг урин шагширна” гэж Гомбын Сэр-Од найрагч нэгэнтээ дуулсан билээ.
“Арвай буудай мэт”. Яруу найргаар, энгийнээр бас яруугаар философидож болдгийг энэ шүлгээс үзмү.
Арвай буудай мэт олон хүмүүний дунд
Арвай буудайн чинээ байнам.
Арвай буудай мэт
Чийгтэй хөрсөнд хөл хүндэрч
Арвай буудай мэт
Арван зүгтээ соёолном… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16)
Амь амьдралын үнэ цэнэ, ирэхүй одохуй хийгээд үлдэхүйн мөн чанар, бахархал, бардамнал, алсын гуниг, томоор үлдэхийн тайтгарал ер юм бүхнийг багтаасан энэ шүлгийг 1990 онд бичиж суужээ.
…Гашуун атал дарсанд хэн хүнгүй хөлчүүрч
Гашуун атал нулимс сэтгэлийг ариулж
Гашуун амт хорвоогийн үнэн байлаа ч
Гашуунд хэн балын зөгий мэт шунах вэ?… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) гэх буюу
…Судрын үсэг нэг л тийшээ утгаа гүйцээх лугаа адил
Сүмэн өвсний үлгэрээр дээшээ ургаж өөрийгөө бичнэ
Оршихуй үнэн байтал хуурамч
Оорцог бие минь үр ачдаа задарнам… (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) хэмээн шүлэглэж хүмүүний амьдрал ирж буцахын жам ёсыг нээсэн нь уг шүлгийн философи.
…Арвай буудай мэт
Арвай буудай мэт олон хүмүүний дунд
Арвай буудай мэт үр идээгээ орхиод
Арвай буудай мэт ишин дээрээ ганднам (Батцэцэг.Ж. Хойд шугуйн жимс. УБ. 1991. хуудас 16) гэсэн нь их Д.Нацагдоржийн “Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” гэсэн шүлгийн гүн ухааныг нэгэн хүмүүний амьдралаар нотлон илэрхийлсэн нь манай яруу найрагт шинэлэг юм.
Эхлэлүүдийн тухай шинжлэх ухаан хэмээгдэх метафизикийн асуудал нь хүний танин мэдэхүй, түүхийн, байгалийн ухаан хүрэхгүй, уусахгүй тунадас болсон тэдгээрт тулгуурлана гэдэг.
Тодруулбал ертөнцөд шалтгаан-үрийн холбоо байна гэж үзвэл анхдагч шалтгааныг олохыг шаардах ба тэр нь явсаар тодорхойгүй гэсэн дүгнэлтэд тулахуй юм.
Тэгж үзвэл амьд хүн нь таньж болохгүй гайхамшиг хэвээр үлдэнэ гэх үзэлд оршино. Арвай буудай мэт олон хүмүүн бие биедээ шүтэн барилдаж орших хийгээд ганц ганцаараа оршино.
Бас ганцаараа эс оршино. Тодорхой орон хийгээд цагт оршиж, арвай буудай мэт үр идээгээ мөн оршоогоод, арвай буудай мэт гандан хагдарна.
Энэ мөн чанар нь ороомог хэлбэрээр дахин давтагдсаар байхуйн тухай яруу найрагч Ж.Батцэцэг “Арвай буудай мэт” шүлэгтээ дээрх мэт хэлсэн нь содон буюу.
Яруу найраг бол шалтгаангүй цэвэр оршихуй, тэр бол өөрөө өөртөө шалтгаан, өөрөө л байхад хангалттай тийм мөн чанар хэмээн сэтгэгдэх нь “Арвай буудай мэт” шүлгийн оршихуй, мета түвшин нь юм.
Ингэж үзвэл Ж.Батцэцэг гэдэг арван зүгт соёолсон, нэгэн ишт буудайн оршихуй нь яруу найраг бөлгөө.
Харин яруу найргийн яруугаар оршихуйн шалтгаан нь Батцэцэг бөлгөө гэсэн гаргалгаанд хүрч тайтгарна.
“Хойд шугуйн жимс” номоос арван жилийн дараа хэвлүүлсэн “”Намайг хүлээсэн он жилүүд” түүвэр. Уг номоос ус үнэртэн хавар ирэхийн зөн хийгээд дулаахан мэдрэмж, бас өмдөөн хэтэрхий индүүдсэндээ өвдгөөн бохирч эс чадах гэх эрсхэн үг сонстовч:
Цаглашгүй их хүсэл мөрөөдөл
Цаанаа гунигтай байдгийг
Цагийн их орчил дунд
Санахгүй яасан юм бэ? гэх ухаарал нь түлхүү мөрүүд зонхилох нь ханатай.
Манай яруу найрагт тогтсон байдаг нэгэн бурангуй ч гэмээр гунигтай ойлголт нь яруу найрагч нас ахиад ирэхээрээ шүлэг бичихээ больдог, эсвэл муу бичдэг гэсэн гэнэн үзэл.
Гадныхныг анзаарвал нас нь ахих тусмаа шүлэг нь улам чамбайрдаг мэт. Энэ нь манай уран зохиолын үнэлэмжийн гажуудал байж болох талтай. Тодруулбал яруу найрагчийг шагналаар ачаалж, хоосон алдар нэрээр хөөргөдөг.
Тэр нь хувь хүн дээрээ буухдаа өөртөө ханах, уншихаа болих байдал уруу түлхэж мөхөлд хүргэдэг талтай болов уу.
Ер нь өөртөө бичихгүй алдар нэр, ашиг хонжооны төлөө бичдэг асан давхаргаас уламжлалтай, яруу найргийн өнцгийн хазайлт нийт уран зохиолд гажуудал авчирсан агаад тэр нь засралыг олтол нэлээд хугацаа орох бололтой юм.
90 оныхон хэмээгдэх холимог давалгаа эдүгээ ялгарч байгаа ч бүрэн тодрох арай болоогүй. Зарим яруу найрагч тартагтаа тулаад үргэлжилсэн үг үрүү ордог бол зарим нь угаасаа яруу найргийн авьяасгүйгээсээ үргэлжилсэн үрүү ордог.
Найрагч Ж.Батцэцэг тэгсэнгүй, гэхдээ яруу найрагч хүнд байж болох хамгийн төвөгтэй замаар буюу сэтгүүлчийн замаар замнасан нь уран бүтээлд нь зарим талаар нөлөөтөл авчирсныг нь “Амирлан” түүврээс нь үзэж сууна.
Учир нь сэтгүүл зүй бол хам цагийн шинжтэй, үргэлжилсэн үг цуваа цагийн шинжтэй байдаг бол яруу найраг нь ирээдүй цагийн шинжтэй юм.
Яруу найраг чухам тийм ирээдүй цагийн тухай байдаг болохоороо л эрхэм хийгээд таашгүй нандин. Түүний сэтгүүл зүйн нөлөө бүхий шүлгүүдийн жишээг нь:
Сэтгэл ханамжийн баталгаа
Ганц хүн
Таалан таашаагч хүн
Тоотой хэд
Харшил хөдөлгөгч хүн
Хэдэн арав
Холдон зугатмаар хүн
Хорь гуч мэтийн цөөн баримтаар дурдаад орхису.
Хүнд гэгээрэлд хүрэх олон зам байдаг байх. Харин яруу найрагч хүнд гэгээрэх нэг л зам байдаг болов уу, тэр нь шүлгээрээ гэгээрэлд хүрэх буй.
Их Д.Нямсүрэнгийн алдарт “Амитаба” шүлгийг нь шүлэг гэхээсээ илүү Д.Нямсүрэн гэх бодгалын гэгээрэлд хүрсэн зам гэлтэй. Их бичээд гэгээрэх, их бодоод гэгээрэх, насжихуйн хэрээр гэгээрэх, нэгэн дүрээр гэгээрэлд хүрэх, нэгэн шүлгээр гэгээрэлд хүрэх, нэгэн шадаар гэгээрэлд хүрэх.
Яруу найрагчийн бичихүйн гэгээрэл “Амирлан” шүлгээс нь тодорно.
…Цэнхэр торго дэлгээд ижий минь дээл эсгэх
Цэрд татаад түүнээ хайчлахад торго дуугарах… гэх буюу
…Хэн нэгэнд урам өгч мөрөөдөлд автуулах
Хэзээ ч бүтэхгүй байлаа ч хий хоосон зөгнөх
Хуур урлаж суугаа аав минь хөгийг нь шалган татах
Хүнгэнэн дуугарах чавхдас аавд минь талархахыг сонсох… гэх мөн
…Амирлан амирлан амар мэнд суухыг хүсэх
Амирлан амирлан адын шунал тачаалаас ангид байх
Амирлан амирлан цаг хугацаа нисэн одохыг хүлээн зөвшөөрөх
Амирлан амирлан жам зүйг хүлцэн хүлээн авах дээдийн дээд гэх мөрүүдээр Ж.Батцэцэг найрагч өөрийн гэгээрэхүйн хийгээд арвай буудай мэт үр идээгээ үлдээгээд гандан хагдрахуйн жам ёсыг тунхагласан нь том хийгээд бардам байхыг нь үзэх тусам, түүнийг яруу найрагчийн замд оруулсан Д.Мандахсан багш гэх эрхэм хүнд монголын яруу найраг талархах учиртайг санана.
Ийнхүү 90-ээд оныхны нэгэн болох яруу найрагч Ж.Батцэцэг өөрийн яруу найргийн ертөнцдөө:
Харанхуй түнэр орчныг лаа өөрөө шатан байж гийгүүлдэг шиг
Ханхлам бохир бүхнийг арц өөрөө уугиж байж ариулдаг шиг
Хаврын ногоог бороо өөрөө асгарч байж ургуулдаг шиг
Хачин энэ амьдралд хүн өөрөө үрэгдэж байж сайн сайхныг авчрах юм хэмээн бичсээр суугаа.
ХХ зууны сүүл үеийн суут найрагч Эрээнцавын Д.Нямсүрэн “Аясын салхи” хэмээх шүлэгтээ:
Хожид өнгөрүүлсэн өдрүүд минь баясгалант зүүдний мөнгөн шувууд бөлгөө
Баруунаас үлээх цасны салхинд бас нэгэн бээр гуниг ирэх ба,
Арваннэгдүгээр хорооллын цэнхэр байшингууд хаврын зэрэрглээнд хөвөлзөж
Алтанлянхувтай бүсгүй гол уруу алхах нь “Хойт шугуй”-н Батцэцэг ээ гэж бичсэн байдаг билээ. Яруу найрагч Жадамбын Батцэцэг.
2015-03-03