Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өнөөдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74-р чуулганаар Др.Сайа Мау Пиукала нь Бүсийн захирлын албан тушаалд сонгогдсон бөгөөд Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм.
Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, ноён Сайа Мау Пиукалаг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирлаар сонгогдсонд баяр хүргэв. Тэрбээр уулзалтын эхэнд, парламентын зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэлтийг сайжруулахад чиглэсэн хууль, тогтоомж, бодлогын шийдвэрүүдээс товч танилцууллаа.
Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг баталж, салбар дундын хамтын ажиллагаа, нэгдсэн тогтолцоог тодорхой болгосон төдийгүй цогц шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар дурдсан юм. НББХ-ны дарга П.Анужин үргэлжлүүлэн, хүний эрүүл мэндийн суурь хүчин зүйл нь шим тэжээлтэй хоол хүнс тул цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа тэмдэглээд, мөн электрон тамхины хуулийн хүрээн дэх зохицуулалтын талаар харилцан санал солилцов. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос Нээлттэй сонсголыг зохион байгуулсны үр дүнд эм хангамжийн салбарт бодлогын болон тогтолцооны өөрчлөлт шаардлагатайг хэлэлцэж, эмийн үнэ, чанарын асуудлыг хөндсөн талаар тодотголоо.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала, ажлаа авсан эхний 100 хоногтоо багтаан Монгол Улсад ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу эрүүл мэндийн салбарын суурь тогтолцоо, системийн онцлог болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохыг эрмэлзэж буйгаа хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа дурдаж, оношилгоо, үйлчилгээнд нэвтэрсэн шинэ технологи, цахимжилт болон чанар, стандартын түвшинг сайшаагаад эдгээр нь ДЭМБ-аас дэвшүүлсэн эрхэм зорилготой нийцэж байгааг тэмдэглэв. Мөн энэ үеэр Монгол Улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд идэвхтэй хамруулж байгааг онцолсон юм.
Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалагийн дурдсанаар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, тогтолцоог дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон цар тахлын дараах нөхцөл байдлыг сайжруулж, цаашдын эрсдэлээс хамгаалах нь ДЭМБ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд гэж байлаа. Энэ удаагийн уулзалтаар талууд Монгол Улс болон ДЭМБ хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, ялангуяа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зан үйлийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт санал нэгдсэн юм