мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Кино шиг амьдрал туулсан кино жүжигчин Сидни Пуатье

Кино шиг амьдрал туулсан кино жүжигчин Сидни Пуатье

Г.Мэргид

2024-05-29

Сидни Пуатье

Өнгөт арьст жүжигчин Сидни Пуатье гагцхүү өөртөө л найдан амьдрахын дээр арьсны өнгөнөөс болж олонд адлуулах мэдрэмжийг даван туулж байв. Багадаа тэр машин, цахилгаан эрчим хүч гэж юу болохыг ч мэддэггүй, харин соёл иргэншилтэй нүүр тулан ирэх үедээ бусдад уруу татагдан, хулгай ч хийж байв.

Кино урлагт орох зам нь урт удаан байлаа. Шинэ хотод суурьшиж, өнгөт арьст америк хүн гэдгээрээ дорд үзэгдэн, арминд алба хааж, театрын бүлгэмд элсэх гэсэн ч бүтэлгүйтэж байв. Сидни 15 насандаа бичиг үсэг тайлагдаагүй нэгэн байжээ. Гэсэн ч тэр асар их амжилтад хүрэн, Оскар хүртэж, найруулагч болохын дээр дипломатч болж байсан түүхтэй.

Буруу замаар орсон нь

Жүжигчин Сиднигийн амьдрал үлгэртэй төстэй. Хорьдугаар зууны эхээр бусдад адлагдаж байсан өнгөт арьстнуудын төлөөлөл, ядуу гэр бүлээс гаралтай хүү алдартай жүжигчин болж, хэдэн сая долларын хөрөнгө чинээтэй болсон нь бодит амьдралаас илүү үлгэр, киног санагдуулам.

Тун санамсаргүй тохиолдлоор Сидни Америкийн иргэн болжээ. Тодруулбал, тэдний гэр бүл Багамад амьдардаг байсан бөгөөд ээж аав нь Флоридад ажлаар очин, улаан лооль нийлүүлэх гэрээ хийхээр очсон байх үед Сиднигийн ээж Эвелин хөл хүнд байсан аж. Төрөх хугацаа болоогүй байсан ч хүү цагаасаа өмнө энэ ертөнцөд мэндлэхээр яарсан нь тэдний гэр бүл Америкт гурван сар амьдрах шалтгаан болсон гэнэ.

Сидни хүүхэд ахуйдаа арал дээр өөрөө хийсэн тоглоомоор тоглож, хүүхэлдэй бүтээн, тэдэнд дүр оноож, тоглуулдаг байж. Тэр гэр ахуйн цахилгаан бараа гэж мэддэггүй, тэднийхний амьдралын нөхцөл тав тухтай байгаагүй ч амьдралыг Сидни төгс гэж боддог байсан гэдэг. Цаашлаад Багамаас Флорида руу бараа зөөвөрлөхийг хориглох хууль гарснаар Пуатьегийн гэр бүл орлогоо алдаж, өөр хот руу нүүжээ.

Нассау хот Сиднигийн хувьд тун хачирхалтай санагддаг байв. Тэр энд л анх удаа автомашин, цахилгаан эрчим хүч гээчийг олж харан, соёл иргэншилтэй танилцсан аж. Сургуульд явах ч боломжтой болов. Гэвч түүнийг бусад хүүхдүүд дээрэлхэж ад үзжээ. Эрх чөлөөнд дассан хүү энэ дарамт, дээрэлхэлтийг жил хагасын хугацаанд тэсээд уншиж, бичиж ч сураагүй үедээ сургуулиа хаясан гэнэ.

Сидни Пуатье

Сургуулиа хаясан хүү бусдын нөлөөнд автжээ. Найзуудтай болсон ч тэдгээр нь үл бүтэх хүүхдүүд байв. Тэд Сиднид хулгай хийхийг зааж өгчээ. Сидни хожим энэ талаар дурсахдаа, юу таарснаа л хулгайлдаг байсан, мэдээж үүний үр дүнд баривчлагдаж байсан хэмээн ярьж байв.

Тэрээр 13 настайдаа ачигч хийдэг болжээ. Хэдий ийм бага настай ч үеийнхнээсээ насаар ахимаг харагддаг байсан тул ачигчаар ажилд орсон аж. Үүгээр үл барам 14 настайдаа эмсийн хүрээлэнгээр үйлчлүүлдэг болсон гэдэг.

Амьдралыг нь өөрчилсөн кино үзвэр

Сидни нэгэн удаа найзуудтайгаа хамт кино үзэхээр болов. Энэ нь түүний амьдралдаа анх удаа үзсэн кино байлаа. Өрнөдийнхний амьдралын талаар үзүүлсэн энэ кино хүүд кино урлагийн ертөнцийг нээж өгчээ. Киноны үйл явдал бүгд л бодит мэд, морьтон эрс яг л өөрийг нь чиглэн давхиж байгаа мэт санагдаж байсан гэдэг. Гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн энэ киноны дараа Сидни кинонд бүрэн автаж, ганцаараа ч кино үзэхээр явдаг байлаа, тэр бараг нэг ч үзвэр алгассангүй.

Үүний дараахан Сиднин найз дугуй хулгайлж, тэд хамтдаа энэ дугуйгаар зугаалж яваад цагдаагийнханд баригдсан аж. Түүний найз дөрвөн жилийн хорих ял авав. Хүү нь мөн ийм шийтгэл амсана гэж эмээсэн аав нь Сидниг хэдэн доллар халаасанд нь хийж өгөөд хотоос явуулав. Ингээд Сидни Майами руу ахыгаа зорьжээ.

Бүтэлгүйтэл

Майамид Сидни улам их ялгаварлан гадуурхалтай нүүр тулжээ. Хүмүүсийн хувьд арьсны өнгө тийм чухал байдаг гэдгийг Сидни огтхон ч төсөөлж байсангүй. Учир нь түүний амьдарч байсан Багамын арал дээр цагаан арьстан хоёр хүн байдаг байсан ч тэд хэзээ ч өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаггүй байж.

Ахындаа амьдарч байхдаа Сидни хүргэлтийн ажилтан болов, ажлаа хийх үеэрээ цагаан арьстан баячууд амьдардаг байшинд илгээмж хүргэх болжээ. Хаалгыг нь тогших үед цагаан арьстан эмэгтэй гарч ирээд түүнийг буруу хаалга тогшсон хэмээн загнаж гарсан байна. Ингээд залуу хүү хатагтайн хэлсэн ёсоор байшинг тойрч, хар өнгийн хаалгаар илгээмжийг өгсөн аж. Үнэндээ түүнийг өнгөт арьстан учраас ийнхүү хар өнгийн хаалганд илгээмж авчирахыг шаардсан нь энэ.

Энэ явдал үүгээр дууссангүй, баян цагаан арьст эмэгтэй Сиднигийн ажлын газар руу утасдан, хаягийг нь өгөхийг шаардаж, улмаар ку-клукс-клан бүлэглэлийнхэнд ханджээ. Ингээд өнгөт арьстнуудыг үзэн ядагч энэ бүлэглэлийнхэн “цагаан арьстнуудын эсрэг аймшигт хэрэг үйлдсэн” өнгөт арьст өсвөр насны хүүг харуулдан зогссон гэдэг. Тухайн үед ах нь угтан ирж, хүүг мэдэгдэлгүй авч нууснаар цус урсалгүй өнгөрчээ.

Удалгүй Сидни Майамигаас нүүж, Жоржия оров. Ачигч, тэвэрлэгч хийж, амин зуулгаа залгуулж байсан ч гэр нь хулгайчдын халдлагад өртөж, улмаар түрээсийн байрныхаа мөнгийг төлж чадахгүй болсон тул хөхөө өвлийн хүйтэнд байрнаасаа хөөгдөн гарчээ.

Дүн өвлийн хүйтнээр сохор зоос ч үгүй үлдсэн Сидни цэрэгт явахаар шийдэв. Ингээд тэрээр цэргийн эмнэлгийн сэтгэцийн тасагт албаа хаажээ. Энд алба хааж байх хугацаандаа цэргээс халагдахын тулд сэтгэцийн өвчтөнүүдийн ааш аягийг дуурайн, өвчинтэй мэт жүжиглэсэн аж.

Түүний жүжиглэлтэд итгэсэн эмч нар сэтгэцийн өвчинтэй тул алба хаах боломжгүй хэмээн дүгнэжээ. Энэ бүхэн нь зүгээр л жүжиглэлт байсан гэж Сидни хэлсэн ч түүнийг цэргээс халж, гэр рүү нь буцаасан аж.

Цэргээс халагдсан Сидни Нассау руу буцлаа. Энэ үеэр Америкийн негрийн театрт хүн элсүүлнэ гэсэн зарлал уншсан Сидни шалгуулахаар очиход түүнийг аялгатай ярьдаг гэсэн шалтгаанаар авсангүй. Найруулагч Фредерик О’Нил түүнийг сав угаагчаар л ажиллавал таарна, үүнээс дээш алба хашиж чадахгүй хэмээн өгүүлж байсан гэдэг.

Тухайн үед сав угаагчаар ажиллаж байсан Сиднид энэ үгийг сонсох шиг гомдмоор мөч байсангүй. Харин түүнтэй хамт ажиллаж байсан, зоогийн газрын зөөгч еврей түүний гомдлыг ойлгон. Сиднид туслах болсноор хагас жилийн дараа гэхэд л Сидни багамын аялгагүйгээр ярьдаг болжээ. Мөн Сидни уншиж, бичдэг ч болов. Ингээд анх гологдсон театртаа Сидни дахин очлоо. Энэ удаа түүнийг авав, учир нь эрэгтэй жүжигчин хангалтгүй байснаас тэр. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл.

Өөрийн үнэт зүйл мөнгөнөөс дээгүүр

Сиднигийн хувьд жүжиглэлтдээ африк гаралтай америкчуудыг бусдаас доогуур хүмүүс биш, цагаан арьстнуудын адил л эрхтэй хүн гэдгийг харуулах нь нэн чухал байв. Тиймдээ ч эрхээ хамгаалж чаддаггүй өнгөт арьст эрийн дүр санал болгоход татгалзаж, өлөн зэлмэн хоосон байсан ч хамаагүй дүрийг голж шилдэг байжээ. Өнгөт арьстнуудыг бусдын л адил хүн гэж харуулахын тулд. Мөн түүнийг овгоо өөрчлөх санал тавихад эцэг эхийнхээ өгсөн овгийг эрхэмлэж, энэ саналаас эрс татгалзаж байсан гэдэг.

Тэрээр зарц, муу санаатан, эсвэл цэвэрлэгчийн дүрд тоглолгүй, анхны кинондоо эмчийн дүр бүтээжээ. Үүний дараа мөрдөгч, гэгээнтэн, шерифийн дүрд тоглов. Түүнчлэн цагаан арьст эмэгтэйн найз залуугийн дүр бүтээсэн анхны өнгөт арьст жүжигчин болжээ. Тухайн үедээ энэ үнэхээр бодит асуудал байлаа, учир нь өнгөт арьстнуудтай хувийн харилцаа тогтоох хууль үйлчилдэг байсан юм. Харин Сиднин тоглосон кино дэлгэцнээ гарснаас хагас жилийн дараа хууль цуцлагдаж, кино ч ихээхэн амжилтад хүрчээ.

Сиднин “Оскар”

Сиднин үзсэн анхны кино түүнийг кино урлагийн замд хөтөлсөн бол “Хээрийн лиш цэцэг” кино нь удаан хүлээсэн амжилтыг түүнд авчиржээ. Тэрээр 1963 онд шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч, Оскар хүртсэн нь өнгөт арьст эр энэ шагналыг хүртсэн анхны тохиолдол байлаа.

Сидни Пуатье найруулагч хийн өөрийгөө сорьсны дээр Япон дахь Багамын арлуудын элчин сайдын албаг 10 жил залгуулсан нэгэн. Тэрээр 50 гаруй кинонд тоглож, Оскараас гадна Грэмми, Алтан бөмбөрцөг, Британийн кино академийн шагнал болон өөр олон шагнал хүртэж байлаа.
Хөдөлмөрөөр олсон хөрөнгө

Хэдхэн доллар, хулгайн замаас амьдрал нь эхэлж байсан Сидни Пуатье олон сая долларын хөрөнгийг хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ олж чадсан юм. Тэрээр амьд ахуйдаа 20 сая долларын хөрөнгөтэй болсон бөгөөд Беверли Хиллзд тансаг харштай байв. Анхны кинондоо тоглохдоо 3000 долларын цалин авч байсан бол жил ирэх тусам түүний үнэ цэн нэмэгдэж, “Оройн зоог дээр хэн ирэхийг таа даа” кинонд тоглохдоо 200 мянган долларын шагнал авч байжээ.

Тэр үр хүүхдээр ч баян байв. Анхны эхнэр Хуаните Харди нь түүнд дөрвөн охин төрүүлж өгсөн бол хоёр дахь эхнэр нь хоёр хүүхэд төрүүлжээ. Кино шиг амьдралтай кино жүжигчин 2022 онд 95 насандаа таалал төгссөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000