2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

ХӨӨРХӨН ТӨРӨХ АЛБАГҮЙГ БАТАЛСАН РОССИ ДЕ ПАЛЬМАГИЙН ТҮҮХ

Испанийн энэ жүжигчнийг “Пикассогийн амилсан зураг”, “урлагийн бүтээл”, “царай муутай сайхан хүүхэн”, “Ла Пикасса” гээд л янз бүрээр нэрлэнэ. Харин Росси де Пальма элдэв үгэнд огт анхаарал хандуулдаггүй нэгэн.

Түүнийг өөнтөглөх хүн захаас авахуулаад мундахгүй ч өдгөө 59 настай, Европын киноны од Росси де Пальма алдарт найруулагч, загвар зохион бүтээгчдийн муза хэвээр л байна.

Түүний жинхэнэ нэрийг Роза Элена Гарсия Эчаве гэнэ. Тэр 1964 оны есдүгээр сарын 16-ны өдөр Испанийн Пальма-де-Майорка хотод төржээ. Багаасаа л царай төрхнөөсөө болж хүүхдүүдийн доог тохуу болж байв. Тэр дундаа түүний хамрыг ихэд гоочлон шоолдог байжээ.

Өсвөр насанд ирсэн хойноо Роза Элена царайнаасаа ичиж, зураг авахуулах, үе тэнгийнхэнтэйгээ гадуур зугаалахаас зайлсхийдэг байв. Мөн байнга доромжлуулж, дээрэлхүүлж байсны улмаас сургуулиа ч хаяж байсан удаатай.

Хоёр өөр нүдтэй, тэгш бус хэмтэй нүүртэй хэдий ч урам зоригтой амьдрах хүсэл нь унтарсангүй. Роза Элена 20 настайдаа Peor Imposible буюу “Үүнээс дор гэж үгүй” нэртэй панк хамтлаг байгуулан, жижиг кафе, зоогийн газруудаар дуулж эхэлжээ.

Розагийн өгүүлснээр, хамтлагийн нэр тун санаандгүй орж ирсэн гэнэ. “Бидний уран бүтээл хэн нэгэнд таалагдахгүй байлаа гэхэд гомдоллож, шүүмжилж чадахааргүй байдалд оруулахын тулд бид өөрсдийгөө ингэж нэрлэсэн. Бид бол муугийн муу гэж хэлсэн шүү дээ” хэмээн Роза өгүүлж байв.

Энэ хамтлагийн нэгэн тоглолтын үеэр өвөрмөц төрхтэй дуучныг найруулагч Педро Альмодавар олж харжээ. Хожим нь энэ найруулагч Розаг “нугасны муухай дэгдээхий”-ээс супер од болгосон юм.

Альмодовар бүсгүйн өвөрмөц чадварт хэзээ ч эргэлзэж байсангүй. “Хүслийн хууль” киноны зураг авалтын үеэр найруулагч “Түүнийг битгий буд, тэр өөрөө л энэ бүгдийг хийг” гэж нүүр будагчид хэлсэн гэдэг. Мөн ийм зааврыг үсчин болон стилистэд өгсөн аж, жүжигчнийг бүхий л давуу болон сул талуудтай нь харуулахыг хүссэн нь энэ.

Аугаа кино найруулагчийн муза болсон бүсгүй анх “Хүслийн хууль” кинонд туслах дүр бүтээсэн бол дараа нь “Тэсрэх шахсан эмэгтэйчүүд” кинонд тогложээ. Энэ инээдмийн кино Роза Эленагийн хувьд эргэлтийн цэг байсан бөгөөд нээлтээ хийсний дараа л бүсгүй алдартай болов.

Ингээд олны танил болсон Роза аз жаргалгүй өнгөрсөн үеэсээ салахын тулд нэрээ өөрчлөхөөр болжээ. Үүнд нь Испанийн загвар зохион бүтээгч Мануэль Пинья тусалсан бөгөөд бүсгүйн төрөлх хотын нэрээр Росси де Пальма нэрийг өгчээ.

Кинонд амжилттай дүр бүтээснээр Россигийн алдар нэр Испаниас ч халив. Софи Лорен, Жулия Робертстой хамтран тоглосон “Загвар” кино нь гараагаа дөнгөж эхлэж буй жүжигчнийг жинхэнэ алдартан болгожээ.

Кинонд амжилт гаргасныхаа дараа бүсгүй дууны клип, тэр бүү хэл загварын бизнест ч өөрийгөө сорьсон аж.

“Хамгийн дур булаам биш сайхан бүсгүй”-г Жан-Поль Готье ч үзүүлбэртээ оролцуулахыг хүсэж байлаа.

Росси де Пальма уран бүтээлийн амжилтын сацуу хувийн амьдралдаа ч анхаарч байв. Тэр бээр Испанийн жүжигчин, загвар өмсөгч Сантьяго Лахустисятай олон жилийн туршид хувийн харилцаатай байсан ч амар тайван гэр бүлийг цогцлоож чадсангүй. Нөхөртэйгээ тааламжгүй харилцаатай байсны улмаас Росси 1996 онд гэрээсээ явжээ. Гэвч нэг их удалгүй куб эртэй дотносож, хоёр хүүхэдтэй болсон гэдэг.

“Би анх 18 настайдаа найз залуутай болсон. Дараа нь Мадридад ирж, нэгэн эр хүнд дурлан, есөн жилийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Энэ харилцааны дараа би өөртөө хос олох гэж хичээсэн ч одоо тийм хүсэл алга. Бидний хажууд хэн нэгэн байгаа нь биднийг үнэ цэнтэй гэж мэдрүүлдэг гэсэн бодол бид хайрлуулах эрхтэй гэж итгэхэд хүргэдэг. Үүнээс л токсик харилцаа үүсэж байгаа юм” хэмээн Росси ярьж байв.

Росси де Пальмаг Пабло Пикассогийн бүтээлтэй жиших нь элбэг. Жүжигчин өөрөө ч суут зураачийн бүтээлээс өөрийгөө олж хардгаа нуудаггүй.

“Саяхан Нью-Йорк яваад ирлээ. Тэр үед бүх хүн л “Хөөх, чи чинь Пикассогийн амилсан зураг, амьд урлаг байна” гэдэг байсан. Би юу хэлэх вэ дээ, би улагийн бүтээл. Бид бүгд л арьс, цуснаас бүрдсэн урлагийн бүтээл шүү дээ” хэмээн Росси де Пальма өгүүлж байлаа.

Жүжигчин бүсгүйг бага байхад нь дүр төрх нь бусдын элэг доог болдог байсан бол өнөөдөр царай төрх нь орлого авчирах төдийгүй дэлхий даяар алдаршуулсан түүний брэнд болжээ. Ийм амжилтад хүрсэн нууц нь өөртөө итгэх итгэл гэж тэр хэлдэг. Тэр бусдын үгэнд автаж, гоо сайхны мэс засалд орсонсон бол дэлхий дахин энэ хосгүй эмэгтэйг мэдэх ч үгүй, харин бүсгүй Росси де Пальма болон алдарших биш бусдын нэгэн адил даруу амьдрах байсан биз.

“Нэн тэргүүнд өөрийгөө хайрлаж сурах ёстой. Хайрлуулах хүнээ олохоос ч өмнө өөрийгөө хайрлаж сурах ёстой. Өөрийгөө жинхнээсээ хайрлаж чадахгүй бол өөр хэн ч чамайг хайрлаж чадахгүй. Харамсалтай нь энэ бол амьдралын үнэн” хэмээн Росси де Пальма өгүүлжээ.

Росси де Пальма дотуур хувцас үйлдвэрлэж, хосгүй үнэртэн бүтээсний дээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг.

“Нэг удаа гудамжинд явж байтал нэгэн ажилчин таараад миний амьдралдаа сонссон хамгийн сайхан үгийг хэлсэн юм. “Цэцэгс явж чаддаг гэж би бодож байсангүй” хэмээн тэр хэлсэн. Энэ үгс миний уран бүтээл, эсвэл зураачдын бүтээлтэй адилхан байдагтай минь огт холбоогүй байсан тул ихэд таалагдсан. Тэр гайхамшигтай үг бодож хэлж байлаа” хэмээн Росси де Пальма өгүүлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img