2024-07-01, Даваа
18 C
Ulaanbaatar

Мерилин Монро: Хорвоогийн нэг ч эмэгтэй хувцасгүйгээр над шиг харагдаж чадахгүй

Америкийн домогт жүжигчин, дуучин, загвар өмсөгч, 1950-иад оны секс бэлгэдэл Мерилин Монро нь Норма Жин Мортенсон нэртэйгээр Лос Анжелес хотноо 1926 оны зургадугаар сарын 1-нд төржээ. Америкийн кино урлаг төдийгүй дэлхий нийтийн соёлын культ, шүтээн дүр болж мөнхөрсөн түүний тоглосон 20 кино тухайн үеийн ханшаар асар их буюу 200 гаруй сая ам.долларын орлого олсон гэдэг. Мерилин Монро хэдийгээр 1950-иад оны хамгийн их хүсэн хүсээгдсэн жүжигчдийн нэг байсан ч карьерынхаа эхэнд “20th Century Fox” байгуулсан гэрээндээ баригдан Холливудын хамгийн бага цалинтай жүжигчдийн нэг байжээ. “Ниагара” (“Niagara”), “Ноёд шаргал үст бүсгүйчүүдийг илүүд үздэг” (“Gentlemen Prefer Blondes”), “Саятантай хэрхэн гэрлэх вэ” (“How to Marry a Millionaire”), “Долоон жилийн загатнаа” (“The Seven Year Itch”) зэрэг кинонд тоглосноор тэрээр олон нийтийн дунд нэр алдраа түгээсэн аж. Мерилин Монро “Зарим нь үүнийг халуухан байхад дуртай” (“Some Like It Hot”) киноны гол дүрд тоглон шилдэг эмэгтэй жүжигчний ангилалд “Алтан бөмбөрцөг” шагнал хүртжээ. Тэрээр олон жилийн турш маанагдуу шаргал үст бүсгүйн имиж дүр төрх, “20th Century Fox” кино студийн дарангуйлалаас салж, драмын жүжигчин болохыг эрмэлзсэн ч зорилгодоо бүрэн дүүрэн хүрч чадаагүй. Үүнээс гадна гурван гэрлэлт нь бүгд салалтаар төгсөж, олон удаагийн жирэмслэлт нь амжилтгүй болж зулбажээ. Алдарт жүжигчин бүсгүй байнга айдас, гутралд автан сэтгэл санааны гэнэтийн, таамаглашгүй өөрчлөлтөд өртдөг байжээ. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд архи, барбитурат, нойрны эм агуулсан бодист донтсон нэгэн. Мерилин Монрогийн амьдралын сүүлийн жилүүдэд түүний сэтгэл зүйн байдал туйлын тогтворгүй болжээ. “20th Century Fox”-ын “Ямар нэг юм болох учиртай” (“Something's Gotta Give”) киноны зураг авалт түүнийг байсхийгээд ирдэггүй байснаас үүдэн тасалдаж, студитэй томоохон дуулиан дэгдэж, эцэст нь “20th Century Fox” түүнтэй гэрээгээ цуцалсан юм. 1962 оны наймдугаар сарын 5-нд 36 настай Мерилин Монрог Лос Анжелес дахь гэртээ нас барсныг илрүүлжээ. Үхлийн албан ёсны шалтгааныг барбитурат бодисыг хэтрүүлэн хэрэглэж амиа хорлосон гэж зарласан боловч энэ талаар олон таамгийг өнөөг хүртэл дэвшүүлсээр. Тэдгээрээс хамгийн дуулиантай нь ах дүү Кеннедигийн улс төрийн аллага байсан, мөн жүжигчний сэтгэл зүйч эмч Ральф Гринсоны ноцтой алдаатай холбон тайлбарладаг... Домогт жүжигчин Мерилин Монрогийн бодрол, хэлсэн үгсийг ОХУ-ын “Правила жизни” сэтгүүлд эмхтгэснийг орчуулан хүргэж байна.

  • Би жинхэнэ утгаараа аугаа жүжигчин болж аль болох аз жаргалтай амьдрахыг хүссэн. Гэвч аз жаргал гэж яг юу юм бэ?
  • Ноход намайг хэзээ ч хаздаггүй. Хүмүүс л хаздаг.
  • Би хэзээ ч Мерилин байхыг хүсээгүй, хувь тавилангаараа л болсон хэрэг. Ард нь Норма Жин нуугдаж байдаг Мерилин нэр бол үнэндээ халхавч юм.

  • Нялх байхдаа би өрөөнд орж ирсэн эмэгтэй бүрийг “Ээж ээ” гэж дууддаг байв. Эр хүн бүрийг “Аав аа” гэнэ. Нэг өглөө гурван настай би биеийг минь угааж байсан асрагч эмэгтэйгээ “Ээж ээ” гэж дуудсан юм. Тэр эмэгтэй, “Би чиний ээж биш ээ. Намайг авга эгч ээ гэж дуудаж бай” гэж хариулсан. Тэгэхэд нь би түүний нөхөр рүү заагаад, “Тэгвэл тэр миний аав уу?” гэж асуусан юм. Асрагч эмэгтэй, “Биш ээ. Бид хоёр чиний эцэг эх биш. Чам дээр заримдаа ирдэг улаан шаргал үстэй эмэгтэй бол чиний ээж” гэж билээ. Тэгэхэд би үнэхээр цочирдсон. Ээж над дээр маш цөөхөн ирдэг байсан тул миний ой тоонд “улаан шаргал үстэй бүсгүй” хэмээн үүрд үлдсэн дээ.

Monro

  • Бие гэдэг боож бэгнэх бус сонжиж шагшрахад зориулагдсан зүйл.
  • Эмэгтэй хүн гэдэг утгаараа би шаардлага хангахгүй. Миний эрчүүд надаас хэтэрхий их зүйл хүлээсэн. Тэд ч, би өөрөө ч Мерилин Монрог секс бэлгэдэл болгосон учраас тэр. Тэд гэнэт хонх дуугарч, шүгэл үлээхийг хүлээсэн ч миний анатоми өөр эмэгтэйчүүдийнхээс ялгаагүй. Иймд би тэдгээр хэт их хүлээлтийг биелүүлж чадаагүй нь тодорхой.
  • Секс бэлгэдэл эд болсонд л хэргийн учир байгаа юм. Гэтэл би эд байхыг үзэн яддаг. Гэхдээ би ямар нэг юмны бэлгэдэл болох хувь тавилантай бол тэр нь секс байсан нь дээр.
  • Ганцаардал надад огтхон ч хүндрэл учруулдаггүй. Ганцаараа байхад сайхан санагддаг. Үүнд би дуртай, энэ бол амралт шүү дээ. Ийм байдал бүхнийг эргэцүүлэн өөрийгөө хянах, оюун ухаанаа сэргээх боломж олгодог.
  • Хүмүүс инээдтэй шүү. Баахан асуулт тавьчихаад, тэдгээрт нь үнэнээсээ хариулахад цочирддог. Нэг удаа надаас, “Та унтахдаа яг юу өмсдөг вэ? Унтлагын цамц, өмд үү? гэж асуухад би, “Chanel №5 үнэртэй ус” гэж хариулсан юм. Үнэн нь л тэр учраас. Чармай нүцгэн унтдаг гэж хэлэлтэй биш дээ.
  • Хөх, өгзөг хоёр юу хийж чадах вэ? Энэ хоёрынхоо ачаар л би усан сантай тансаг байшинтай болсон. Хорвоогийн нэг ч эмэгтэй хувцасгүйгээр над шиг харагдаж чадахгүй.

  • Надад нэг хүндрэлтэй асуудал бий. Юу гэвэл, би товлосон цагаасаа үргэлж хоцордог. Хүмүүс үүнийг ихэмсэг зангийн илрэл гэж бодох байх. Харин би энэ талаар огт өөр бодолтой. Хаа нэгтээ очих юм бол тэнд сайхан сэтгэгдэл төрүүлж, надаас шаардагдах хамгийн дээдийг үзүүлэхийг хүсдэг. Олон хүн цагтаа ирдэг ч юу ч хийдэггүй, зүгээр л тухлан сууж нийгмийн амьдралынхаа талаар чалчдаг. Гэйбл (1930, 1940-өөд оны Холливудын од жүжигчин Кларк Гэйбл) нэгэнтээ миний тухай хэлэхдээ, “Мерилин хаа ч очсон жинхэнээрээ байдаг. Эхнээсээ дуустал нь. Энэ чинь маш хүнд хөдөлмөр” гэсэн юм.

Monro

  • Алдартай хүмүүсийн сул талыг хэт хэтрүүлдэг талтай. Киноны аж үйлдвэрийн салбар машинд дайруулахаа шахсан хүүхдээ тайвшруулж тэврэх ээж шиг баймаар юм. Гэтэл тэгэхийн оронд шийтгэдэг. Үүнээс болж бид одоо ханиад ч тусах эрхгүй болсон. Продюсерууд өвдвөл гэрээсээ гаралгүй утсаар бүх ажлаа амжуулдаг бол жүжигчин хүн ямар ч өвчний халдвар авах эрхгүй.
  • Кинонд тоглох болгондоо би үргэлж хариуцлагатай байх ёстой гэдгийг мэдэрдэг байлаа. Хаа нэгтээ очоод “Сайн уу” гэж хэлэх төдий жижигхэн туслах дүртэй ч гэсэн. Хүмүүс кинотеатрын тасалбар авахад мөнгөө дэмий төлөөгүй гэдгээ мэдрэх нь чухал. Иймд би үзэгчдэд тийм сэтгэгдэл төрүүлэхийн тулд жүжигчнийхээ бүх чадвараа зориулах ёстой.

Monro

  • Жүжигчид та бүхний төсөөлснөөс хавьгүй их ичимхий. Бид бүхний дотор хэр зэрэг өөрийнхөөрөө байж болохыг заадаг хянагч суудаг гэлтэй. Олны өмнө гялалзан гарч ирэх нь бидний цорын ганц ажил гэдэгт эргэлздэггүй хүн цөөнгүй. Гэвч тэгэх нь үнэхээр хүнд шүү, маш их тэмцэх хэрэгтэй. Би дэлхий дээрх өөртөө хамгийн итгэлгүй хүмүүсийн нэг ч байж магад. Иймд өөрийгөө ялан дийлэх гэж байнга тэмцдэг дээ.
  • Зарим хүний ятгаж үнэмшүүлэхийг оролддогчлон жүжигчин гэдэг машин биш шүү.

  • Би “Ноёд шаргал үст бүсгүйчүүдийг илүүд үздэг” (“Gentlemen Prefer Blondes”) кинонд дүр авсныгаа санадаг. Жейн Рассел хар, харин би шаргал үстэй. Жейн Расселл тэр кинонд тоглоод 200000 доллар авсан бол надад долоо хоногт 500 доллар төлдөг байв. Энэ нь надад тийм ч муу цалин гэж бодогдоогүй. Би юунд дургүйцсэн гэхээр, надад хувцас солих өрөө гаргаж өгөөгүй юм. Тэгээд би нэг удаа тэсэлгүй, “Аан гээч, эцсийн эцэст би шаргал үстэй. Харин киноны нэр “Ноёд шаргал үст бүсгүйчүүдийг илүүд үздэг” нэртэй шүү” гэж уцаарлаж билээ. Учир нь хэн дуртай нь намайг од биш гэдгийг байнга сануулдаг байсан юм. Үүнд би, “Хэн ч байлаа гэсэн, би шаргал үстэй” гэж хэгжүүрхдэг байлаа.
  • Хэрэв би зүгээр л маанагдуу шаргал үст бүсгүй байсан бол Артур Миллер (Пулицерийн шагналт Америкийн алдарт зохиолч) надтай хэзээ ч гэрлэхгүй байсан нь тодорхой.

  • Хүүхдүүд гэдэг үргэлж миний хамгийн том айдас байсаар ирсэн. Би хүүхдээс айдаг шигээ хүүхэдтэй болохыг ихэд хүсдэг. Гэвч жирэмслэх тоолонд бие минь “Үгүй” гэж хэлээд, би зулбадаг байсан даа.

Monro

  • Заримдаа бүхий л амьдрал минь нэг тасралтгүй татгалзал юм шиг санагддаг.

Monro

Monro

Monro

Monro

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img