мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Хана хэрмээр тусгаарлагдсан германчуудын сайхан амьдралын төлөөх тэмцэл

Хана хэрмээр тусгаарлагдсан германчуудын сайхан амьдралын төлөөх тэмцэл

Г.Мэргид

2024-08-09

German

Германчууд 1961-1989 оны хооронд цементэн хана хэрмээр тусгаарлагдан амьдарч байлаа.

Энэ үед Зүүн Германы олон оршин суугчийн мөрөөдөл нь Берлиний ханыг давах байв.

Дээд зэргийн харуул хамгаалалттай энэ ханыг давах боломж бараг үгүй байсан ч энэ бүхнийг даван туулаад цаана нь гарчихсан хүмүүс бишгүй байв. Тэд эр зориг гарган, минижүүлсэн хэсгийг мэдсээр байж амь насаараа дэнчин тавин ханыг давж байлаа.

Тухайн үед энгийн иргэд төдийгүй хилчид ч оргож байсан гэдэг. Хилийн өргөст торон дээгүүр харайж байгаа цэргийн зураг дэлхий дахинаа алдаршсан юм. Энэ үед хүмүүс агаарын бөмбөлгөөр нисэж, ханан доогуур нүх ухах зэргээр олон арга хэрэглэдэг байжээ.

Сайхан амьдралд тэмүүлж Берлиний ханыг давах мөрөөдөл

Германыг Зүүн болон Баруун гэж заагласан хашаа босгосны дараа цагаачлал эрс өсжээ. Энэ хашааг эвдэн, Зүүн Германаас баруун руу 3,5 сая орчим хүн нүүдэллэсэн бол хана босгосны дараа харуул хамгаалалт нэн чангарсны улмаас хүмүүс Барууныг зорих боломжгүй болов.

Хүмүүсийн хувьд Барууныг зорих төрөл бүрийн шалтгаан байв. Зарим нь ар гэрийнхэн дээрээ очих, нөгөө хэсэг нь шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөлгүй эрх чөлөөнд тэмүүлж байсан бол өөр нэг хэсэг нь хавчлагын улмаас Баруун руу зугтахыг хүсдэг байжээ. Гэвч өөр Герман руу явах талаар бодохын ч хэрэггүй. Энэ талаараа ам нээвэл “улс төр, ёс суртахууны хувьд хоцрогдсон” гэж чичлүүлэх бол Баруун руу зугтсан хүмүүсийг урвагч гэж үздэг байв.

“Эрх чөлөө рүү үсэрсэн нь” буюу цэргүүд Баруун Герман руу хэрхэн зугтаж байв

German
Ханс Шуман эрх чөлөө рүү үсэрсэн нь

Берлиний ханыг 1961 онд барьж эхэлсэн юм. Үүнээс өмнө өргөст тор хоёр Германыг зааглаж байсан бөгөөд энэ өргөст торон дээгүүр үсрэн зугтсан анхны тохиолдлын түүх дэлхий даяар алдаршиж байлаа. 1961 оны наймдугаар сарын 15-ны өдөр залуу офицер Ханс Шуман ханын барилгын хамгаалалтын жижүүрээр гарчээ.

Харин Петер Ляйбинг ханын барилгын явцын гэрэл зургийг авахаар ирсэн бөгөөд тухайн үед тэдний зүг хачирхалтай харж байгаа цэргийн алба хаагчийг олж харсан байна. Түүнийг ажиглаж байх зуураа Баруун Германы оршин суугчид хилийн хажуугаар өнгөрч явахдаа түр саатан, шийдэмгий үйлдэл хийхэд нь зоригжуулж байгааг олж харсан аж. Тэр бүү хэл хажуугаар өнгөрч явсан цагдаагийнхан зогсож, машиныхаа хаалгыг онгойлгон, түүнд туслахад, хамгаалахад бэлэн гэдгээ үйлдлээрээ илэрхийлж байсан гэдэг.

Ингээд л Ханс хамтран зүтгэгчдээ анзаараагүй байхад нь өргөст тор руу ойртов, дараа нь түүнийг дэмжсэн олны “Үсрээрэй” гэж хашгирах дуунаар үсэрсэн нь түүхэн гэрэл зурагт мөнхөрчээ. Петер Ляйбингийн авсан Ханс Шуманы энэ зураг эрх чөлөөний бэлгэдэл болон түүхэнд үлдсэн юм.

Ханс ийнхүү зугтсанаараа ихээхэн эрсдэлтэй алхам хийсэн. Тухайн үед цэргүүд хил даван зугтсан хүмүүс рүү анхааруулгагүйгээр шууд буудах тушаалтай байжээ. Харин Хансыг нөгөө талд Баруун Германы цагдаагийнхан машинтайгаа хүлээж байв. Өргөст торыг даван үсэрмэгцээ, хилчдийг юу болсныг ойлгож амжаагүй байхад цагдаагийн машинд үсрэн сууж, зугтсан гэдэг. Энэ үйл явдал ердөө зургаахан секундын дотор өрнөжээ.

Цэргүүд Баруун руу зугтсан тохиолдол үүгээр дуусахгүй. Цэргийн алба хаагчид хяналт шалгалт, минатай хэсэг зэргийг хэрхэн даван гарахыг сайн мэддэг байсан тул зугтсан тохиолдол багагүй гардаг байсан гэнэ. Хилчид зугтсан өөр нэг сонирхолтой тохиолдол бий. Нэгэн цэрэг манаанд гарч байх үедээ хил даван зугтжээ. Харин түүнтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан Юрген Ланге цэргийн нөхрийнхөө араас буудаж төвдсөнгүй. Гэвч үүнийхээ төлөө хатуу шийтгэл хүлээнэ гэдгээ ойлгомогц 10 минутын дараа түүний араас зугтсан гэдэг.

Берлиний ханыг хуягтаар дайрсан нь

German
Вольфганг Баруун руу зугтсаныхаа дараа эмнэлэгт хэвтэж байгаа нь

1963 оны тавдугаар сарын нэгний баярын өдөр ХБНГУ руу зугтсан хэрэг гарсан нь ихээхэн дуулиан тарьсан юм. Зөвлөлтийн уламжлалын дагуу тавдугаар сарын нэгний өдрийг Зүүн Германд чухал баяр болгон тэмдэглэдэг байж. Энэ баярт бэлтгэх үеэр Вольфганг Энгельсид зугтах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж гарчээ.

Тэрбээр цэрэг байсан бөгөөд хана босгох барилгын ажилд оролцож, дараа нь хамгаалалтад гардаг байж. Тухайн үед хүмүүс хэрхэн эх орноосоо зугтахыг оролдож, үүнийх нь төлөө тэднийг хөнөөж байгааг олонтаа харжээ. Вольфганг зугтах талаар хараахан бодож байгаагүй үед түүнийг зугтахаар завдаж байгаа гэж сэжиглэн, дарамталж, хяхаж хавчдаг болжээ.

Энэ нь түүнийг жинхнээсээ зугтах төлөвлөгөө боловсруулахад түлхэц болсон гэдэг. Гэтэл азаар ч гэх үү баярын цэргийн жагсаалд зориулсан хуягт тээвэрлэгчтэй таарав. Түүний зугтах төлөвлөгөө тун энгийн, энэ хуягтыг жолоодон, ханыг дайран цааш гарах. Ажилчид явчихсан хойгуур Вольфганг хуягт тээвэрлэгч рүү үсрэн гараад, ханын зүг хөдлөв. Ийнхүү хөдлөхдөө хажуугаар яваа хүмүүст өөртэй нь хамт зугтах найрсаг санал тавьсан ч хэн ч зөвшөөрсөнгүй.

Вольфганг 100 метр зам туулж, ханыг эвдэн гарах ёстой байв. Гэсэн ч ханыг бүрэн нэвтэлж чадсангүй, хуягт тээвэрлэгч ханын талд ороод гацаж, харин хилийн харуулууд түүн рүү бууджээ. Нэг сум гарыг нь, нөгөө сум нурууг онов. Гэсэн ч Вольфганг хуягтаас бууж, цааш зугтаахаар тэмүүлэв. Баруун германы талаас харуулууд нөгөө талын буудаж байсан харуулууд руу гал нээснээр Вольфганг аюулгүй болжээ. Энэ үед ойролцоох баарнаас хэсэг залуус гүйлдэн гарч ирж, Вольфганг руу очин, түүнийг хуягтаас гарган авч, өргөөд баар руу оруулсан байна.

Вольфганг хожим энэ талаараа дурсахдаа, нүдээ нээгээд харахдаа хаана байгаагаа ойлгоогүй, гэхдээ барууны шошго бүхий шил хараад л зугтаж чадсанаа мэдсэн хэмээн ярьж байв. Баярласандаа болоод өвчнөө ч үл хайхрхан коньяк өгөхийг хүсчээ. Ингээд түүнийг эмнэлэгт хүргэн, гурван долоо хоногийн дараа эмнэлгээс гаргасан байна. Зугтах үед нь өөр рүү нь буудсан хилчинд талархаж явдаг, тэр буугаа автомат горим дээр тохируулаагүй байсан, үүний ачаар л амьд гарсан хэмээн хожим нь дурсаж байжээ.

Техник хулгайлан ХБНГУ руу зугтсан өөр нэг алдартай тохиолдол бий. Харри Детерлинг гэх эр бүхэл бүтэн галт тэрэг хулгайлан, 50 км/цагийн хурдтайгаар ханыг дайрчээ. Тэр болон бусад зорчигчдын хувьд бүх зүйл сайнаар дууссан юм. Тухайн үед галт тэргэнд зорчиж явсан зарим хүн Зүүн Герман руу буцсан гэдэг. Энэ галт тэргийг “эрх чөлөөнд хөтлөх сүүлчийн галт тэрэг” хэмээн нэрлэж байлаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000