2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

“Геологийн салбарын улсын зөвлөгөөн 2023” зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах томоохон зорилтууд тусгагдсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнөөдөр геологи, уул уурхайн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яам, агентлагаас санаачлан боловсруулж байгаа билээ.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 57 хувьд 1:50.000 масштабтай геологийн зураглалын ажил, цаашлаад нарийвчилсан эрэл, эрэл үнэлгээний шатны хайгуулын ажлууд үндсэндээ орхигдоод байгаа энэ цаг үед салбарын түвшинд хууль, эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Тиймээс Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр Геологийн салбарын улсын зөвлөгөөнийг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

Уул уурхайЗөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж үг хэлэхдээ “Геологи, хайгуулын салбар бол уул уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, улс орны хөгжлийг илтгэх суурь салбар бөгөөд 2022 онд уул уурхайн салбарын эдийн засагт оруулсан тоон үзүүлэлтийг дурдвал дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, аж үйлдвэрийн салбарын 69%, экспортын 93%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%-ийг дангаараа бүрдүүлсэн байна. Гэсэн хэдий ч улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах ажлын эрч саарах хандлагатай болж ирлээ. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалт буурсантай холбон авч үзэж болох боловч цаад агуулгаараа хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой юм” хэмээн тодотголоо.

Тэрээр мөн “Энэ нөхцөл байдлыг засаж залруулах үүднээс ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг хялбаршуулах, ил тод хүртээмжтэй болгох нь улс орны нийтлэг эрх ашигт нийцэх юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал бол манай Засгийн газрын бодлогын цөм нь бөгөөд салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, салбартаа “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна” гэлээ.

Уул уурхай

Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй: ”Хурал зөвлөгөөн хийгээд л асуудлыг шийдэх боломжгүй нь ойлгомжтой. Тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд гэвэл олон. Оносон зүйлс ч их бий. Энэ бүхнийг тунгааж үзээд энэ зөвлөгөөнөөр ил гаргаж тавья гэж зорьж байна. Хуралдаанаас тодорхой зөвлөмж гарна. Түүнийгээ хууль тогтоогчдодоо хүргэхэд анхаарна гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.

Геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллага болон орон нутгийн зэрэг 500 орчим төлөөлөгч оролцож байгаа уг зөвлөгөөний гол зорилго, ач холбогдол нь салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцэж, ЗӨВЛӨМЖ гаргахад оршиж байна. Уг ЗӨВЛӨМЖ-ийг төр, засгийн холбогдох бүх л шатанд хүргэн салбарын хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгуулах нь Зөвлөгөөнөөс гарах гол үр дүн юм.

Зөвлөгөөнд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Монгол Улсын Геологийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин”, Монголын Геологийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Тодбилэг “Монгол Улсын Геологийн салбарын өнөөгийн байдал”, Монгол Улсын Их Сургуулийн Геологи-Геофизикийн тэнхимийн дэд профессор Х.Уламбадрах “Геологийн салбарын хүний нөөц, геологичдын оюуны үнэлэмж”, Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй “Геологийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлгүүд өрнөх юм.

Өнөөдөр геологийн салбарт төр засгийн зүгээс онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болжээ. Түүнчлэн Үндэсний Геологийн албаа бэхжүүлж, геологийн суурь судалгаа, эрлийн хэтийн төлөвийг тодорхойлох нь манай улсын геополитикийн түлхүүр, суурь зарчмыг бий болгоход томоохон бааз суурь болох учиртай. Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагсдын нийтлэг, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн тус Зөвлөгөөн цаашид 5 жилд 1 удаа зохион байгуулагдаж байхаар төлөвлөгдөж байгаа юм.

Анх удаа зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөнөөр салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм геологич Ч.Хурц, Л.Лхамсүрэн нарт Геологийн салбарын дээд шагнал “Алтан-Од” анхны одонг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гардуулж өглөө.

Геологийн салбарын улсын зөвлөгөөний Мэдээллийн түншээр салбарын мэргэжлийн хэвлэл ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ сонин ажиллаж, геологийн салбарын шийдэл хүлээсэн асуудлуудын талаар геологичдын мэргэжлийн, үнэ цэнэтэй байр сууриудыг нэгтгэсэн дугаар бэлтгэн хүргэлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img