Манай хойд их хөршид буурал настнуудаас эхлээд балчир хүүхэд хүртэл андахгүй сайн мэддэг цорын ганц дуучин бол яах аргагүй Алла Пугачёва. Жаран жилийн турш тайзнаа гялалзахдаа ард түмнийхээ хайртай 500 гаруй дууг амилуулсан учир арга ч үгүй. “Оросын эстрадын хатан хаан хэн бэ?” гэж асуувал Орос даяар огт эргэлзэлгүй нэгэн дуугаар “Алла Пугачёва” л гэнэ. Орост түүнтэй эн зэрэгцэх дуучин урьд хожид төрөхгүй гэдэгтэй ч хэн хүнгүй санаа нийлдэг.
Гэвч өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин “Цэргийн тусгай ажиллагаа” гэх учир битүүлэг нэр дор Украины газар нутагт өргөн фронтоор халдаж түрэмгийллийн дайн өдөөсөн цагаас хойш Оросын цензуртэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эстрадын хатан хаанаа “мартаж”, хааяа нэг дурдвал харлуулж л мэдээлэх болжээ. Учир нь түрэмгий дайны эхний өдрүүдэд дарангуй дэглэмээс эмээлгүй адал балмад халдлагыг эсэргүүцэн дуу хоолойгоо өргөсөн хүн хуруу дарам цөөн байсны нэг нь Алла Пугачёвагийн нөхөр Максим Галкин билээ.
Төд удалгүй Оросын дэглэм Максим Галкиныг “Гадаадын тагнуулчдын жагсаалт”-даа оруулж, домогт дуучин эмэгтэй нөхрөө даган хүүхдүүдийнхээ хамт эх орноо орхин Израиль руу дайжихад хүрчээ. Түүнээс хойш Алла Пугачёва Оросын хэвлэл мэдээллийнхтэй харилцаагаа бүрмөсөн тасалсан юм.
Харин хэдэн сарын өмнө ”Московский комсомолец” сонин түүнтэй холбогдож чадсан аж.
Алла Пугачёва ”Московский комсомолец”-ийн сурвалжлагчид ярихдаа, “Оросын нэг сонин дэлгэхэд, миний амьдардаг Израилийн Кесари дахь тансаг эдлэнд хулгайчид нэвтрэн орж хяналтын камерыг эвдлээд 38 сая рублийн эд зүйл авч зугтсан гэж бичжээ.
Гэтэл би гэр бүлтэйгээ Кесари бус, Израилийн огт өөр хотод амьдардаг. Иймээс ч тэгж бичсэнийг уншаад, “Кесари дахь Алла Пугачёвагийн гэсэн тодотголтой баян тансаг орд харшаас хулгайлсан эд хөрөнгийн үнэлгээг ямар мундаг нарийн тооцож гаргаа вэ?” гэж бодоод өөрийн эрхгүй нулимсаа гартал инээсэн шүү.
Өөр нэг сонинд намайг хаанахын ч юм стилист Жорж Ровалстай бэлгийн холбоо харилцаатайг “илчилжээ”. Жорж Ровалс гээч миний дотны найз, сэтгэл санаа болон биеийн байдалд минь ихэд түгшин санаа зовдог нэгэн юм байх. Гэтэл би ийм нэртэй хүн байдгийг тэр сониноос л мэдсэн. Жорж Ровалс гээчийг би юу боллоо гэж таних вэ дээ.
Мөн Изралийн эрх бүхий албад намайг тус улсын иргэншлээс хассан гэх худал мэдээлэлтэй ч нэг бус удаа таарч байв.
Цагийн юм цагтаа гэдэг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ч гэдэг дээ. Тиймээс ч миний тухай элдэв юм зохиож бичдэгт би бүр дөжирчихсөөн. Харин нөхрийнхөө нэгэн адил эгзэгтэй үед үзэл бодол, итгэл үнэмшлээсээ ухраагүйдээ баярладаг гэжээ…
Энэ бүхнийг үл өгүүлэн бүтэн жарны турш эх орныхоо тайзнаас буулгүй ард олондоо баяр бэлэглэсээр ирсэн хуурамч жинхэнэ од Алла Пугачёвагийн амьдралын алтан агшнуудыг эргэн нэг дурсъя.
Москвад жирийн нэг инженер, нягтлан бодогчийн гэр бүлд 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн цовоо охин Алла бага балчраасаа л дуу хөгжимд татагджээ. Үүнийг эцэг эх нь анзаараад Аллаг таван нас хүрэнгүүт хөгжмийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтад хөтлөн очиход түгдрэлгүй тэнцсэн гэнэ. Анхны хичээлийн жилдээ л бяцхан охин Москва дахь алдарт Зөвлөлүүдийн ордонд тус улсын өнцөг булан бүрээс нарийн шаалгуураар шилж сонгосон сурагчдын нэгдсэн концертэд амжилттай оролцжээ.
Алла дунд сургуульд байхдаа өдөр бүр гурван цаг төгөлдөр хуур дээр тасралтгүй хичээллэсэн нь талаар өнгөрөөгүй аж. Тэрээр 1964 онд М.М.Ипполитовын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн удирдаач, найрал дууны ангид элсчээ. Багш нартаа шууд л ирээдүйтэй оюутан хэмээн сайшаагдаж эхэлсэн Алла Пугачёва хоёрдугаар курст байхдаа “Мос-Эстрад” хэмээх Москвагийн мэргэжлийн уран бүтээлчдийн байгууллагын ЗХУ-аар аялан тоглох багийн бүрэлдэхүүнд шалгараад Киров, Пермь, Свердловск, Тюмень, Омскийн мужуудаар ая дуугаа өргөжээ.
Оуютан бүсгүй аялан тоглолтоосоо Москвад эргэж ирээд “Робот” хэмээх анхны дуугаа студид бичүүлж, тэр нь ЗХУ-ын радиогийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгээр эгшиглэсэн байна.
1966 онд дипломоо дөнгөж өвөртлөөд мэргэжлийн карьераа эхлүүлж байсан залуухан хөгжмийн зохиолч Владимир Шаиньский өвөрмөц төдийгүй өргөн цар хүрээтэй дуу хоолойтой Алла Пугачёваг анзаарч хамтран ажиллахыг санал болгожээ. Тэгээд “Как бы мне влюбиться” (“ Би яаж би дурлах вэ”), “Не спорь со мной” (“Надтай маргасны хэрэггүй”) дуунуудаа түүнээр дуулуулжээ.
Алла Пугачёва мөн жилдээ эл хоёр дуугаар ЗХУ-ын радиогоос зохион байгуулдаг Бүх холбоотын залуу дуулаачдын “Анхны дуу” уралдаант нэвтрүүлэгт түрүүлснээр дуу хөгжмийн Олимпийн оргилд хүрэх замналаа эхлүүлсэн түүхтэй.
1967 онд тэрээр Ялалтын баярт зориулсан хүүхдийн “Сэрүүлэг” хэмээх телевизийн шууд нэвтрүүлэгт оролцон “Иду из кино” (“Киноноос ирж явна”) дуугаа өргөн барьж, мөн “Юность” радиостанцын уран бүтээлчдийн бригадад уригдан Сибириэр аялан тоглолтод оролцов.
Удаан үргэлжилсэн аялан тоглолтоос болж Алла Пугачёва төгсөлтийн шалгалтаасаа хочорч дипломгүй үлджээ. Үүссэн нөхцөл байдалд сургуулийнх нь удирдлага чадалтай оюутнаа хөгжмийн багшийн дадлагад явуулахаас өөрөөр тусалж чадсангүй. Ингээд, авьяаслаг бүсгүй залуу хөгжимчдөд хоёр жилийн турш дууны хичээл заасны эцэст 1969 оны хавар шалтгалтаа амжилттай өгч дуу, хөгжмийн багшийн мэргэжлээр дипломоо гарджээ. Гэхдээ мэргэжлээрээ ажиллалгүй ЗХУ-ын Цирк, эстрадын урлагийн сургуулийн урилгаар гоцлол дуучин нь болсон байна.
Өнөөг хүртэл алдартай “Арлекин” дуугаараа Бүх Холбоотын “Алтан Орфей” наадмын Гран при шагнал хүртэж ЗХУ даяар нэр нь түгсэн 1975 он бол Алла Пугачёвагийн карьер дахь чухал эргэлтийн үе байлаа. Үүнээс хойш түүний “Зеркало души» (“Сэтгэлийн толь”) нэртэй анхны, араас нь “Поднимись над суетой” (“Үймээн бужигнаанаас дээгүүр бай”), “То ли ещё будет” (“Юм юм л болдог хорвоо”), “Как тревожен этот путь” (“Ямар түгшүүртэй зам бэ”) гээд Зөвлөлтийн үе үеийнхний сонсох дуртай цомгууд нь гарчээ.
1980-аад онд Алла Пугачёва хөгжмийн дууны яруу найрагч Илья Резник, хөгжмийн зохиолч Раймонд Паулс нартай танилцаж, энэ гурвалын гар нийлсэн, үр бүтээлээр туйлын арвин олон жилийн хамтын ажиллагаа эхэлжээ. Чухам тэр үеэс л дуучин эмэгтэй “Миллион алых роз”(“Сая сая сарнай), “Маэстро”, “Старинные часы” (“Хуучны цаг”), “Возвращение” (“Эргэн ирсэн нь), “Без меня” (“Надгүйгээр”) зэрэг мөнхийн хит дуунуудаа олны хүртээл болгожээ.
Алла Борисовна түүнчлэн “Рецитал” хамтлаг үүсгэн байгуулж 1980 оны Москвагийн Олимпийн наадамд оролцохоор ирсэн гадаадын зочид төлөөлөгчдөд ая дуугаа өргөн барьж талархлыг нь хүлээж байсан нь бас сонирхолтой. Болгар, Чехсловак, Польш, БНАГУ, Унгар гээд Зүүн Европын социалист орнуудаар удаа дараа амжилттай аялан тоглосон нь мөн л 1980-аад оны үе билээ.
1984 онд тэрээр хөгжмийн зохиолчийн гараагаа дөнгөж эхэлсэн авьяаслаг залуу Игорь Николаевтэй танилцсан. Хожим ЗХУ-ын алтан фондод хадгалагдан үлдэх “Айсберг” (“Мөсөн уул”) гээд олон сайхан дууг чухам Игорь Николаев түүнд зориулж бичжээ. Үүнээс гадна алдарт дуучин 1980 онд ЗСБНХОУ-ын гавьяат жүжигчин, 1985 онд ЗСБНХОУ-ын ардын жүжигчин, задран нурахаас нь өмнөхөн буюу 1991 онд ЗХУ-ын ардын жүжигчин цол хүртсэн юм. Энэ бүхнээс үзэхэд, Алла Пугачёвагийн оргил үе 1980 онд тохиожээ.
Харин ЗХУ-ын залгамжлагч ОХУ үүсч байгуулагдсан дараа эстрадын хатан хаан тайзан дээр тэр бүр гарахаа больсон юм. Харин Европын шилдэг дуучдыг шалгаруулдаг “Eurovison” тэмцээнд 1997 онд улсаа төлөөлөн оролцох байсан Валерийн Мелазе гэнэт өвдөхөд түүнийг орлох завшаан Алла Борисовнад олдсон юм.
Тэрээр Ирландын Дублин хотын тайзнаа “Примадонна” (италиар эмэгтэй гоцлол дуучин гэсэн утгатай үг) дуугаа өргөсөн ч 25 оролцогчоос ердөө 15-д жагссан. Олон арван жилээр капиталист, социалист гэж талцсан Европын баруун хэсгийнхэн, нэн ялангуяа тэндхийн залуучууд Алла Пугачёвагийн нэр алдрын талаар яаж ч мэдэх билээ. Хэдий тийм ч “Eurovison”-д оролцсоных нь дараа Орос даяар түүнийг Примадонна гэж хүндлэн өргөмжилж эхэлжээ.
Үүний дараа хэзээ ч гандан буурдаггүй тэрээр “Да! (“Тийм!”) нэртэй концертын хөтөлбөр боловсруулж, 1998 онд эхэлж гурван жилийн турш үргэлжилсэн нүсэр аялан тоглолтоороо ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд төдийгүй АНУ, Герман, Грек, Израиль, Их Британид 150 гаруй концерт тоглосон юм.
Зуун солигдсоны дараа Алла Пугачёва дуучдын хамтарсан концерт, телевизийн шоунд идэвхтэй оролцох болж, “Оны дуу” наадмын продюссер, хөтлөгчөөр давхар ажиллаж эхэлснээс гадна авьяастай олон залуу дуучдыг шоу бизнест хөл тавихад нь сэтгэл харамгүй тусалсан юм. Тэдний нэг болох Сосо Павлиашвили хожим дурсахдаа, ямар ч FM радиод хандахад дуунуудыг минь нэвтрүүлэх сонирхолгүй байсан хүнд хэцүү үед Алла Пугачёва тусламжийн гараа сунган миний дуунуудыг өөрийн радиодоо тогтмол эгшиглүүлж олны хүртээл болгоод зогсохгүй нэг дууны минь аянд нь гайхалтай сайхан үг бичиж өгснийг хэзээ ч мартахгүй хэмээжээ…
Эцэст нь тэмдэглэхэд, энэ оны хавар 74 насны төрсөн өдрөө Израиль дахь гэртээ даруухан тэмдэглэсэн хэзээний шулуун шударга зантай, насыг ердөө тоо гэж үздэг Алла Пугачёвагийн орон орны (үүний дотор манай Монголын) үй олон шүтэн бишрэгч түүнийг тайзнаа дахин гарна гэдэгт огтхон ч эргэлздэггүй юм билээ.